| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0136/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 147
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 1804002180151 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч *******- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оршин суух ******* овгийн *******
Прокурорын яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч *******- нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18-19 цагийн орчимд өөрийн гэртээ буюу Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.*******ын нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, хэвлийн хэсэгт нь өшиглөж зодсоны улмаас биед нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны задрал, зулай, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун хацар, баруун гарын шуунд зулгаралт гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манайд архи ууж байхад манай найз У- намайг жоохон магтаад манай найз энэ бүхнийг өөрийн гараар барьсан гэх зэргээр ярьж байхад ******* ах дургүйцэж “чи яасан баян юм” гэж үг хаяад байсан. У- ******* ах руу уурлаж айлд байж аятайхан суу гэж хэлээд тэр хоёр маргалдаж барилцаад авсан. Тэгэхээр нь би тэр хоёрт уурлаж манай гэрт муудалцаж зодолдохгүй шүү гэж хэлээд тэр хоёрыг салгах гэтэл ******* ах намайг заамдаж миний хоолойг боосон. Тухайн үед миний толгой манараад байхаар нь ******* ахын гар луу гараараа цохиод боосон гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байсан. Тэгэхээр нь нүүр рүү нь 2-3 удаа цохиж тавиулаад гэрээс гартал ******* ах араас гүйж ирээд бид хоёр дахин зодолдож газар унасан. Энэ үед У- бид хоёрыг салгасан ба бид хоёр салах үедээ бие биенийгээ хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед ******* ахын биеийн аль хэсэг рүү нь өшиглөснөө санахгүй байна. Миний хувьд эмчилгээний зардалд 1.244.750 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-104 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч В.******* мөрдөн байцаалтын шатанд: “...Бид нар *******ийн гэрт очиж архи уух хүртлээ маргалдаж муудалцаагүй. Харин *******ийн гэрт очоод архи ууж байхад У-, ******* хоёр хоорондоо маргалдаад байсан бөгөөд ******* тэр хоёрыг боль гээд болиулж байсан. Тэгээд хэсэг нам гүм байсан бөгөөд ******* өмсөж яваа савхин куртикээ самарт явж ирээд авсан гэж ярьтал ******* чи баярхаад байгаа юм уу гэж хэлээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Гэтэл ******* босож ирээд *******ийг замдаад авсан бөгөөд ******* зөрүүлж заамдаад тэр хоёр зодолдсон. У- бид хоёр *******, ******* хоёрыг арай гэж салгаад хоёр тийш болготол, тэр хоёр гэрээс гарч хашаан дотор зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-80 хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ******* манай ажил дээр 11 цагийн үед ирсэн бөгөөд би гадагшаа гарч 0.75 литрийн 1 шил архи авчраад ******* ах, түүний эхнэр Янжмаа, ******* нартай хамт ******* ахын хашааны гадаа машин дотор нь хувааж уусан. Тэгээд тэндээс хөдөлж “Мами” төвийн дэлгүүр орж дахин 0.75 литрийн 1 шил архи, 2 том савтай пиво аваад *******ийн гэр рүү очсон. *******ийн гэрт очоод юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд *******, ******* хоёр зодолдож байсан. Би Янжмаа эгчийн хамт тэр хоёрыг салгаж байснаа санаж байна. Миний хувьд нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байж байсан. Би маргааш өглөө нь ажилдаа явах гээд ******* ахын гэрт очиход аав эмнэлэгт хэвтчихсэн, өчигдөр архи ууж байгаад ******* гэдэг хүнд зодуулсан гэж хүүхэд нь хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/
Гэрч Т.******* мөрдөн байцаалтын шатанд: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн үед гэртээ байж байхад манай аав гэдсээ дараад атрилдсан байдалтай бие өвдөөд байна түргэн дууд гэж хэлснээр түргэн тусламж дуудсан. Аав гаднаас орж ирэхдээ архи уучихсан байдалтай зүүн нүдний хөмсөг хавьцаа цус болоод хатчихсан мөн толгойн зүүн хэсэгт цус гараад хатчихсан нүүр ам нь шороо болчихсон байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/
Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэг болсон өдөр би Багануурт байгаагүй. Манай нөхрийн хувьд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй амархан баярлаж, амархан гомддог, сэтгэлээр унахдаа маш хурдан. Гэхдээ цагаан цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Мөн их хөдөлмөрч аж ахуйч хүн бөгөөд үр хүүхэд, хань ижилдээ халамж сайтай. Би нөхрийгөө хүний биед халдаж гэмтэл учруулсанд маш их харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцна, одоогоор эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийг төлөөд байна....” гэсэн мэдүүлэг /хх-н 89-90-р хуудас/
Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09шэ/345 дугаартай “...О.*******ын хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагний задрал, зулай, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун хацар, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн өгсөн “…Хохирогч *******ын биед үзлэг хийхэд зүүн хөмсөгний гадна хэсэгт 4х0.2см мэс заслын 3 ширхэг оёдолтой шарх, баруун хацарт 3х2см, 1х0.5см, баруун гарын шууны дотор хэсэгт 4х3см улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгаралттай. Хэвлийн дунд доод хэсэгт хагалгааны дараах ариун боолттой байсан. Өвчний түүхээс үзэхэд хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал гэсэн үндсэн оноштой. Мэс заслын эмч хэвлийн голын зүслэгээр нээж давсаг оёх, хэвлий угааж гуурс тавьсан. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэвлийн битүү гэмтэл буюу давсагны задрал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна. …Пүүзэн загварын гуталтай хөлөөр 1 удаа өшиглөсөн тохиолдолд задрах боломжтой. Давсаг задарч мэс заслын аргаар боолгож эмчилгээ хийлгэсэн байдал нь цаашид эмчилгээ болон тухайн хүний эдгэрэлтээс хамаарна. Тухайн хүний биологийн онцлог, нас, эмчилгээний дэглэмтэйгээр холбоотой 2-3 сард бүрэн эдгэрэх боломжтой.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/
Согтолтын зэргийг драгер багажаар шалгахад “...*******- 1.21 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...*******, ******* нарын барилцаж аваад газарт унасан гэх газрыг гэрч В.******* заалгахад гарах хаалганы баруун хэсэгт давхралдаж унасан гэж заав. Уг газрын баруун хананд 40смх2м харьцаатай хар өнгийн чулуун тавцан түшүүлээд тавьсан гэх ба *******- гэрч В.Янжмаа нарын тайлбараар *******- газарт унахдаа уг чулуун хавтанг мөргөж хөмсөг болон толгойн тус газартаа язарсан шарх бүхий гэмтэл авсан байх магадлалтай гэв. Мөн *******, ******* нар нь 2 биетэйгээ заамдалцаад байшингаас гарч гадаа хаалганаас 3-4 м зайнд дахин барилцаж зодолдсон гэснийг мэргэжилтэн Цэнхэр-Онон гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан болно...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-15 хуудас/
Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн “...Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд шугам хазайлтгүй. Өнчин тархи хэвийн, Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Суурь болон гавлын ясанд гэмтлийн болон бүтцийн өөрчлөлтгүй...” гэсэн шинжилгээ /хх-н 27-р хуудас/
№18791 дугаартай “...Хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал гэсэн үндсэн оноштой...” гэсэн өвчний түүх /хх-н 39-р хуудас/
Яаралтай тусламжийн “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 42 минутад Оюуны ******* яаралтай тусламжид ирсэн. Хэвлийгээр хүчтэй өвдөнө. Шээс гарахгүй байна гэх онош анхны үзлэгээр тогтоогдсон...” гэсэн хуудас /хх-н 40-р хуудас/, Мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хх-н 50-51 хуудас/, Мэс заслын өмнөх дүгнэлт болон эмнэлэгийн бусад баримтууд /хх-н 52-69-р хуудас/
Шүүгдэгч *******-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар хуудас/ зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болно.
Улсын яллагч дүгнэлтдээ “…Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, үйлдсэн хэрэг нь нотлогдсон тул 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах саналтай…” гэв.
Шүүгдэгч дүгнэлтдээ “…Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. 10.000.000 төгрөгийн торгуулийг төлөхөөр прокурор дээр тохиролцсон…” гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч *******- нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18-19 цагийн орчимд өөрийн гэртээ буюу Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.*******ын нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, хэвлийн хэсэгт нь өшиглөж зодсоны улмаас биед нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны задрал, зулай, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун хацар, баруун гарын шуунд зулгаралт гэмтлүүд учруулсан болох нь шүүгдэгчийн “...нүүр лүү нь 2-3 удаа цохиж тавиулаад гэрээс гартал ******* ах араас гүйж ирээд бид хоёр дахин зодолдож газар унасан. У- бид хоёрыг салгасан ба бид хоёр салах үедээ бие биенийгээ хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…тэр өдөр ******* намайг цохисноос болж миний давсаг задарч эмнэлэгт мэс засал хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээч эмчийн 09шэ/345 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчид учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хүнд хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Шүүгдэгч хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.******* нь шүүгдэгч *******-ийг барьж авч заамдан маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн нь шүүгдэгч *******-ь хохирогчид хүч хэрэглэх сэдэлт болжээ. Энэ сэдэлтийн улмаас О.*******ын биед халдан, хүч хэрэглэсэн үйлдэлдээ санаатай ханджээ. *******-ийн О.*******ыг зодсон санаатай үйлдэл нь хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэлд хүргэжээ.
Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.
Иймд *******-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээ нь хоёр жилээс найман жил байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.
Шүүгдэгч *******-ь нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.244.750 төгрөгийг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болох нь шүүгдэгчийн “…эмчилгээний зардалд 1.244.750 төгрөгийг төлсөн…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…*******иас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар эвлэрсэн, гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *******-ь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарах зардал төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-ьт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын санал, дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1; 4; 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ