Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, ы

               Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: Д.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох 1829001710137 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Д.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 01-ний орой иргэн Э.Дагвадоржийн зүүн даланд шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: Э.Дагвадорж нь манай ахыг Хятад улсад байхад зодсон байсан. Ахтай маргалдаад байх шиг байхаар нь би дахиад зодох гэж байна гэж бодоод өмөөрөөд цохисон гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Дагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Энхбаясгалангийн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Алагаагийн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

   - Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/,

- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

    Шүүгдэгч Д.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 01-ний орой иргэн Э.Дагвадоржийн зүүн даланд шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 - Хохирогч Э.Дагвадоржийн “...Би Энхбаясгаланд “Би чамд мөнгө төгрөг өгөөд байхад битгий давраад байгаарай” гэхэд “Чи муу яах гээд байгаа юм” гээд бид маргалдсан. Тэгсэн чинь намайг гараараа түлхсэн. Тэр үед би бага зэрэг хойшоо ухарсан. Тэгтэл гэнэт миний араас зүүн далан дээр М ямар нэг зүйлээр цохих шиг болсон. Эргээд хартал М гартаа 1 ширхэг архины шилний хагархай барьчихсан зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

- гэрч Д.Энхбаясгалангийн “...би Дагвадоржоос найздаа 100 юань зээлчих гэхэд Дагвадорж надад үгүй чи цаашаа гэж хэлээд намайг түлхсэн. Тэр үед манай дүү М бид хоёрыг муудалцлаа гэж бодоод шилээр ар нурууг нь зүссэн” мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

- гэрч Н.Алагаагийн “...Дагвадорж, Баясаа, М нар гэрийн баруун талд хоорондоо маргалдсан байдалтай Баясаа нь Дагвадоржийг гараараа цээж рүү нь түлхэх үйлдэл хийгээд хоорондоо маргалдсан. Тэгтэл М алхаж очоод Дагвадоржийн зүүн мөрөн цохих шиг болсон. Би машинаас бууж очоод Мөнх-Эрдэнийн 2 гарыг бариад авахад гарт нь архины шилний хагархай байсан.” мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

- гэрч Ю.Болормаагийн “...гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал Дагвадоржийн зүүн талын дал хэсгийг зүссэн, түүнээс нь цус гарч байсан.  М Дагвадоржийн биеийг зүссэн гэж Алагаа Дагвадорж нараас сүүлд сонссон.” мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №130 дугаартай шинжээчийн: Э.Дагвадоржийн биед зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

            - Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Э.Дагвадоржийн “санал, гомдол, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, шүүгдэгч Д.М хохиролд 1 800 000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Д.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Мөнх-Эрдэнийг 1 200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан  1 200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА