Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,  

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч С.М, Ш.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын  прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэд овогт Санжаахандын М, Буурчин овогт Шаравнямбуугийн А нарт холбогдох 1829000640127 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Мөнх Төгөл Од” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 50-93 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий 02-28 УНЗ улсын дугаартай BEIBIN маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун Сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор оруулж ирэн, шунахай зорилгоор мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу уурхайн амны ойролцоо бусдад худалдаж завшин, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр их хэмжээний буюу 59,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ш.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын нутаг дэвсгэрт С.Мгаас “Мөнх Төгөл Од” ХХК-ийн эзэмшлийн 59,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 50-93 АЧ улсын дугаартай чиргүүлтэй 02-28 УНЗ улсын дугаартай BEIBIN маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсныг нь мэдсээр байж 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авч, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор чирэгч болон чиргүүлийн арлын дугааруудыг хусч арилган, чирэгч тээврийн хэрэгсэлд 09-53 УНБ улсын дугаар зүүж, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Т.Хүслэнд шилжүүлэн, 20,000,000 төгрөгийг авч ашигласан, чиргүүлийн өнгийг өөрчлөн,42-08 БЧ улсын дугаар зүүж, өөртөө авч ашиглах буюу мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М, Ш.А нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийлг хүлээн авсан тэмдэглэл /xx-ийн 16-р хуудас /

Эд мөрийн баримт хураан авах, эд мөрийн баримтаар тооцох мөрдөн шалгах ажиллагааны санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 18-29-р хуудас /

Хохирогч Б.Бямбасүрэнгийн өгсөн: “...Би мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Би “Мөнх төгөл од” ХХК-д тээвэр зохицуулагч хийгээд 1 жил болж байна. Манай компани нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай “Мөнх төгөл од” ХХК-ийн эзэмшлийн 02-28 УНЗ улсын дугаартай BEIBIN маркийн нүүрс тээврийн автомашиныг жолоодож явсан Санжааханд овогтой М нь БНХАУ-ын Ганц мод гэх газраас Гашуун сухайт хилийн боомтоор нэвтрэн, Монгол улс руу орж ирээд сураггүй алга болсон юм.  ...02-28 дугаартай тээврийн хэрэгсэл нь чиргүүлийн хамтаар бүрэн бүтэн байсан. Харин чиргүүлний өнгө нь ногоон болчихсон, чирэгч толгойн зарим зүйлс нь өөрчлөгдсөн байсан. Мөн чиргүүл болон чирэгч толгойн арлын дугаар нь арилсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч М нь бүрэн дүүрэн хариуцах ёстой. ...би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй. ...бидний зүгээс тээврийн хэрэгслээ буцааж авсан тул одоо ямар нэг гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /xx-ийн 34-37-р хуудас /

Гэрч Г.Отгонжаргалын өгсөн: “...би Атэй холбогдоод машин сураглаж байгаарай гэж хэлсэн. ...Би нөгөө чиргүүл зарах хүн рүү залгаад “Чиргүүл авах хүн чинь Таван толгойн аман дээр байна гэж байна. Чи тэнд хүрээд оч” гэж хэлээд Ан гар утасны дугаарыг нь өгсөн. ...би шууд А рүү залгаад “нөгөө чиргүүл зарна гэсэн хүн чинь аман дээр ирчихсэн байна гэнэ. Чамайг утсаа авахгүй байна гээд байна” гэж хэлсэн. Тэгсэн А “би одоо жоохон ажилтай байна тэгж байгаад тэр хүн дээр чинь өөрөө хүрээд очъё ” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой 22 цагийн үед А над руу залгаад нөгөө машиныг чинь очоод үзэж харлаа гэсэн. ...Би тухайн үед тухайн машиныг ямар учиртай машин болох талаар огт мэдээгүй. Машины эзэн нь өөрөө чиргүүлээ зарах гэж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /xx-ийн 53-р хуудас/

Б.Ганбаатарын гэрчээр өгсөн: “...А энэ машиныг чинь авахаар боллоо гэж хэлээд өөрөө тухайн нүүрс тээврийн автомашин дотор орж суусан. Харин нөгөө машин зарж байгаа залуу миний машины ард суусан. Тэгээд би машин зарж байгаа залууд хар өнгийн гялгар уутанд хийж савласан 17,000,000 төгрөгийг бэлнээр өгчхөөд “за ахын дүү энэ машин чинь ямар нэгэн асуудал байхгүйн байгаа юм биз дээ” гэхэд та нар асуудалгүй бол надад ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. ...Би тэр талаар мэдээгүй. ...Би тэр залууг танихгүй. Урьд нь харж байгаагүй. ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой надаас А “мөнгө байна уу 2,000,000 төгрөг зээлээч” гэсэн. Тухайн үед надад мөнгө байсан учир Ад 2,000,000 төгрөг зээлсэн, “удаахгүй өгнө” гэж хэлээд авсан. Миний мэдэж байгаа зүйл гэвэл энэ байна...” гэх мэдүүлэг /xx-ийн 54-57-р хуудас /

Т.Хүслэнгийн гэрчээр өгсөн: “...тухайн тээврийн хэрэгслийг би авахаар болоод маргааш нь очиж засвар үйлчилгээ хийж байгаад Цогтцэций сумын Хаан банкинд А ахтай хамт очиж 20,000,000 төгрөгийг А ахын данс руу өөрийн данснаас шилжүүлэн өгсөн. Бичиг баримтыг нь өгөөгүй. Би А ахаас бичиг баримтыг нь асуухад бичиг баримт нь ирээгүй байгаа хойноос чинь удахгүй гаргаж өгнө гэж хэлж байсан. ...Би дээрх машиныг гэмт хэргийн замаар олж авсан эд зүйл гэж мэдээгүй. ...Миний зүгээс ямар нэг гомдол, нэхэмжлэл байхгүй. Мөнгийг буцааж авсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 58-61-р хуудас/

“Хөрөнгө –Эстимэйнт” ХХК-ийн шинжилгээний №37/01 дугаартай “...BEIBIN маркийн тээврийн хэрэгсэл нийт үнэ 34,000,000 , ...SCD маркийн чиргүүл нийт 25,000,000, нийт 59,000,000 төгрөг...”дүгнэлт /xx-ийн 67-р хуудас/

Ш.Агийн яллагдагчаар өгсөн: “...Ингээд нөгөө залуу машинаас буугаад явсан. Би кемп рүүгээ явж байтал Ганчулуун ах залгаад “машиныг хөдлөхгүй байна” гэсэн учир буцаж очоод өөрөө машиныг асааж хөдөлгөх гэсэн боловч машин хөдөлгөөнгүй. Ингээд жолооч залуу руу утсаар ярьж “машиныг хөдлөхгүй байна яасан юм бэ” гэж асуухад “араанд нь хийж байгаад машинаа асаа” гэсэн Ганчиуулн ахад энэ талаар хэлсэн машин ч асаад явсан би хамт явсаар кемп дээрээ ирж машиныг тавиулсан ба түүнээс хойш 2 хоногийн дараа чиргүүлийг нь ногоон өнгөөр будаж өнгийг нь өөрчилсөн. Мөн арлын дугаарыг нь гриндерээр хусаж арилгасан ба 42-08 БЧ гэсэн дугаарыг зүүгээд 42-59 УНГ дугаартай машинд чирүүлэхээр угсарсан байсан. Тээвэрт явуулж чадаагүй байсаар цагаан сар болж уурхай зогссон учир гэртээ амарч байгаад 2018 оны 02 дугаар сард ирээд нөгөө чиргүүл болон машинд засвар үйлчилгээ хийж дугуйг нь сольж шинэ дугуй тавьсан. Ингээд чирэгчийг нь Хүслэн гэж танил залууд 20,000,000 төгрөгөөр 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед зарчихсан. Үүнээс 7,500,000 төгрөгийг өөрийн 5109015168 тоот данс руу 12,500,000 төгрөгийг найз Биндэрийн данс руу шилжүүлэн авсан. Түүнээс хойш өнгөрсөн 04-р сард цагдаа нар ирж чиргүүлийг хурааж авсан мөн Хүслэнд зарсан чирэгчийг ч хурааж авсан. ... Би Мгаас машиныг 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан дээрхи мөнгө бүгд миний мөнгө байсан. Ганбаяраас 2,000,000 төгрөгийг зээлж аваад нийт 17,000,000 төгрөгөөр машиныг худалдаж авсан юм....” гэх мэдүүлэг /xx-ийн 75-76-р хуудас/

С.Мгийн яллагчаар өгсөн: “...Нөгөө залуу дахин ирээд “GPS-г нь олсон уу” гэж дахин асуусан би “олоогүй” гэж хариулсан намайг “машины дугаарыг нь аваад байж бай би будаг олж ирнэ” гээд мөн яваад өгсөн. Би тэр өдрийн орой нь нөгөө хүн рүү утсаар ярьж “та яг авах юм уу эсвэл та 17,000,000 авбал ав” гэж хэлсэн нөгөө хүн “ах нь эргээд ярья” гээд дахин яриагүй. Би тэндээ дахин хонож маргааш өглөө нь ер нь больё машиныг нь буцааж өгье, тээвэртээ явъя гэж бодоод зогсож байсан газраасаа хөдлөөд уурхай руу чигтээ явж байтал машин авна гээд байсан хүн ланд машинтайгаа араас хүрч ирсэн. Би машинаа зогсоож тэр хүнтэй уулзахад “яасан бэ ахын дүү одоо жолооч оо аваад ирье, тэгээд машиныг нь авъя” гэж хэлчхээд буцаад явсан. Би хүлээгээд зогсож байтал нөгөө залуу машинтайгаа удагүй машиндаа өөр нэг хүн суулгаад хүрч ирсэн. Тэр хүн нь миний машины кабинд надтай зөрж суусан. Намайг нөгөө залуу машиндаа дуудаж суулгаад хар тортой мөнгө өгсөн. Тэр мөнгийг нь тоолж үзэхэд 17,000,000 төгрөг байсан. Би мөнгийг авсан. Тэр залуу “за би чамайг танихгүй, чи намайг танихгүй шүү ахыгаа битгий алчхаарай” гэсэн би “тийм юм болохгүй ээ” гэж хэлээд зам даган алхаж явсаар Цогтцэций сумын төв рүү орж ирээд тэндээсээ замын унаанд дайгдаж хот орсон, машины зарж олсон 17,000,000 төгрөгөөрөө өр ширээ дараад дууссан...” гэх мэдүүлэг /xx-ийн 82-83-р хуудас/

Шүүгдэгч С.М, Ш.А нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.М, Ш.А нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-88-р хуудас/

Шүүгдэгч С.М, Ш.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98-100-р хуудас/

Шүүгдэгч С.М, Ш.А нарыг гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 89-92-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Мөнх Төгөл Од” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 50-93 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий 02-28 УНЗ улсын дугаартай BEIBIN маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун Сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор оруулж ирэн, шунахай зорилгоор мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу уурхайн амны ойролцоо бусдад худалдаж завшин, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр их хэмжээний буюу 59,000,000 төгрөгийн хохирол учруулсан, Ш.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын нутаг дэвсгэрт С.Мгаас “Мөнх Төгөл Од” ХХК-ийн эзэмшлийн 59,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 50-93 АЧ улсын дугаартай чиргүүлтэй 02-28 УНЗ улсын дугаартай BEIBIN маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсныг нь мэдсээр байж 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авч, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор чирэгч болон чиргүүлийн арлын дугааруудыг хусч арилган, чирэгч тээврийн хэрэгсэлд 09-53 УНБ улсын дугаар зүүж, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Т.Хүслэнд шилжүүлэн, 20,000,000 төгрөгийг авч ашигласан, чиргүүлийн өнгийг өөрчлөн,42-08 БЧ улсын дугаар зүүж, өөртөө авч ашиглах буюу мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийлг хүлээн авсан тэмдэглэл /xx-ийн 16-р хуудас /Эд мөрийн баримт хураан авах, эд мөрийн баримтаар тооцох мөрдөн шалгах ажиллагааны санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 18-29-р хуудас, Хохирогч Б.Бямбасүрэнгийн өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч М нь бүрэн дүүрэн хариуцах ёстой. ...би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй. ...бидний зүгээс тээврийн хэрэгслээ буцааж авсан тул одоо ямар нэг гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /xx-ийн 34-37-р хуудас /,  Гэрч Г.Отгонжаргалын өгсөн: “... Тэгээд тухайн өдрийн орой 22 цагийн үед А над руу залгаад нөгөө машиныг чинь очоод үзэж харлаа гэсэн. ...Би тухайн үед тухайн машиныг ямар учиртай машин болох талаар огт мэдээгүй. Машины эзэн нь өөрөө чиргүүлээ зарах гэж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /xx-ийн 53-р хуудас/,  Б.Ганбаатарын гэрчээр өгсөн: “... ...Би тэр залууг танихгүй. Урьд нь харж байгаагүй. ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой надаас А “мөнгө байна уу 2,000,000 төгрөг зээлээч” гэсэн. Тухайн үед надад мөнгө байсан учир Ад 2,000,000 төгрөг зээлсэн, “удаахгүй өгнө” гэж хэлээд авсан. Миний мэдэж байгаа зүйл гэвэл энэ байна...” гэх мэдүүлэг /xx-ийн 54-57-р хуудас /, Т.Хүслэнгийн гэрчээр өгсөн: “...Би А ахаас бичиг баримтыг нь асуухад бичиг баримт нь ирээгүй байгаа хойноос чинь удахгүй гаргаж өгнө гэж хэлж байсан. ...Би дээрх машиныг гэмт хэргийн замаар олж авсан эд зүйл гэж мэдээгүй. ...Миний зүгээс ямар нэг гомдол, нэхэмжлэл байхгүй. Мөнгийг буцааж авсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 58-61-р хуудас/,  “Хөрөнгө –Эстимэйнт” ХХК-ийн шинжилгээний №37/01 дугаартай “...BEIBIN маркийн тээврийн хэрэгсэл нийт үнэ 34,000,000 , ...SCD маркийн чиргүүл нийт 25,000,000, нийт 59,000,000 төгрөг...”дүгнэлт /xx-ийн 67-р хуудас/, С.М, Ш.А нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч Ш.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийг засарч хүмүүжих боломжтой зэргийг харгалзаж үзэв.

Хохирогч Б.Бямбасүрэн нь “...хэргийн материалтай танилцахгүй. ...бидний зүгээс тээврийн хэрэгслээ буцааж авсан тул С.М, Ш.А нарт одоо ямар нэг гомдол, санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.М, Ш.А нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.   

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түмэд овогт Санжаахандын Мг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Буурчин овогт Шаравнямбуугийн Аг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мг 10,000 / арван мянга /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 10,000 / арван мянга /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 / гурав /-н жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Ш.А нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С.М,Ш.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай. 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.М,Ш.А нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.М,Ш.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАТТУЛГА