| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2022/00819/И |
| Дугаар | 210/МА2022/02006 |
| Огноо | 2022-11-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2022/02006
| 2022 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2022/02006 |
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/02626 дугаар шийдвэртэй,
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
А.Бд холбогдох,
Гэрээний үүрэгт 10,408,708 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. А.Б нь “Ш” ХХК-д 2018 онд ажилд орж, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах болж тооцоо нийлэхэд 8,633,774 төгрөг төлөх төлбөр гарсан. А.Б нь энэхүү тооцоог хүлээн зөвшөөрч нэг сарын 3 хувийн хүүтэй, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөрийг барагдуулах, төлж чадахгүй бол 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээ хийсэн. Иймд А.Бий өр авлагын тооцоо болон зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 6,939,139 төгрөг, алданги 3,469,569 төгрөг, нийт 10,408,708 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
1.2. Тооцоо нийлсэн гэрээний үнийн дүнгээс А.Бий төлсөн 3,350,000 төгрөгийн хасаж үлдэгдэл 6,939,139 төгрөгийг нэхэмжилж байна.
1.3. А.Б нь “Я” ХХК-д ажиллаж байхдаа өртэй байсан нь “Ш” ХХК-д шилжиж ирсэн.
1.4. Мөн “автомашин аваад өгчих тэгвэл би түгээлтэд явъя” гэхээр нь 7,500,000 төгрөгөөр машин авч өгсөн. А.Б нь “мөнгөө 2 жилийн хугацаанд суутгуулаад машинаа өөрөө авна” гэж байсан.
1.5. А.Бий унаж байсан машины торгуулийг төлсөн.
1.6. А.Бий өр авлагын тооцоог тодруулах гэж ажилчид А.Бий өмнөөс ажлаа алдаад явсан учраас ажилчдын ажлыг алдуулсан, тооцоонд явсан шатахууны үнэ орсон.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлд хавсарган өгсөн баримт бичгүүд нь санхүүгийн тооцоололд тулгуурлан гаргасан баримт биш, А.Б нь захирал гэх Л.Шижирмаагийн нөхөр Ц.Бтай хуурамч, дүр үзүүлсэн гэрээг аргагүйн эрхэнд байгуулсан. Учир нь “Ш” ХХК нь А.Бийг БНСУ руу явах гэж буйг мэдэн түүний гадаад паспортыг барьцаалж, хууль бус гэрээ болон баримтууд түүнээр гарын үсэг зуруулсан байдаг. А.Бд хамааруулж зохиомол өр үүсгэсэн болно.
2.2. Харилцагч нарт нийлүүлсэн бараатай холбоотой төлбөр дараа нь нөхөж төлөгдсөн байх боломжтой. Компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төлбөрийг А.Бийг төл гээд байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
2.3. Торгуулийн 400,000 төгрөгийг тухайн үед А.Б найзаараа төлүүлсэн байдаг.
2.4. Бд 7,500,000 төгрөгөөр машин авч өгсөн гэх боловч Ц.Б нь “Д” ХХК-д өгч, тус компанийн өмчлөлд машин шилжсэн.
2.5. Алдсан айлуудын авлага гэх 602,782 төгрөгийн санхүүгийн баримт байхгүй.
2.6. 57,000 төгрөгийн төлбөр гарсан дугаарыг А.Б ашиглаж байгаагүй.
2.7. Компанийн ажилчдын 4 хоногийн ажлыг алдагдуулсан цалин болон шатахуунд 788,333 төгрөгийг нэхэмжилж байгаа нь компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой зардал учир зөвшөөрөхгүй байна.
2.8. Иймд А.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Бээс 1,062,923 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,876,216 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. “Ш” ХХК нь хариуцагч А.Бтэй 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэн, талууд гарын үсэг зурсан. Уг тооцоогоор А.Б нь “Ш” ХХК-д 8,633,774 төгрөгийн өртэй гарсан. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээ хийсэн, мөн зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх, 466.5 дахь хэсэгт зааснаар хүү тооцох эрхтэй байна гэж шүүх үзсэн хэдий ч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нотлох баримтаар тогтоогоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч Ж.У, Ж.Ба- нарын мэдүүлгээр А.Б нь өр төлбөртэй нь бүрэн тогтоогддог. А.Бий “надаа машин аваад өгөөч /7,500,000 төгрөгөөр/”, уг машинаа “4,000,000 төгрөгт тооцож өрнөөс хасаад өгөөч” гэсэн хүсэлтүүд хэрэгт авагдсан байхад нотлогдоогүй гэж үзсэн.
4.2. Мөн гэрч А.Бий ээж н.Энь худал мэдүүлэг өгснийг шийдвэртээ тусгаж нотлох баримт болгосон атлаа гэрч Ж.У, Ж.Ба- нарын мэдүүлгийг авч үзээгүй байна. Гэрч н.Энь зээлийн оронд хашаа байшингаа барьцаалж Б.Зын нэр дээр шилжүүлэхдээ нотариат орж байсан мөртөө “би нотариат орж байгаагүй, миний хүү өртэй байсныг би мэдэхгүй” гэх зэрэг илт худал мэдүүлгийг өгч байсан болно.
4.3. Гадаад паспорт барьцаалж энэ бүх өрөн дээр гарын үсэг зуруулсан гэж өрнөөс бултах аргаа эрэлхийлж худал мэдүүлэг өгч байсан бөгөөд энэ нь тогтоогдсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “Ш” ХХК, А.Б нарын өр, авлагын тооцоо, хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүх шийдвэр гаргасан. Ц.Б өөрийн хувийн данснаас мөнгө шилжүүлж, “Д” ХХК-д автомашин худалдан авч өгсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа.
5.2. Харин А.Б 7,500,000 төгрөгийг зээлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гэж хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй атлаа нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч А.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 6,939,139 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Ажил олгогч “Ш” ХХК, ажилтан А.Б нар 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өр авлагын тооцоо гэх баримт үйлдэн, уг баримтаар ажилтан А.Б 8,633,774 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан мөнгөн төлбөр тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
4.1. Учир нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээг талуудын хооронд ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцож, тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ гэрээний талууд хоорондоо ажил хэргийн буюу бизнесийн харилцаа бүхий аж ахуй эрхлэгчид хийдэг.
4.2. Иймд хөдөлмөрийн гэрээний дагуу үүссэн харилцаатай холбоотойгоор ажил олгогч болон ажилтны хооронд ажил үүргийн хүрээнд өр авлагын тооцоо хийснийг аж ахуй эрхчлэгч хооронд хийсэн тооцоо нийлэх гэрээний агуулгад хамааруулан дүгнэхгүй.
5. Өр авлагын тооцоо гэх баримтаар ажилтан нь ажил олгогчид 8,633,774 төгрөгийг төлөх үүрэг үүссэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6. Уг тооцоонд ажилтны хүлээх үүрэгт “алдсан айлуудын авлага” гэх тухайн компанийн харилцагч нараас авах авлагад 602,782 төгрөг, ярианы төлбөр 10, 11 дүгээр сар буюу 10, 11 дүгээр сарын гар утасны хэрэглээний төлбөрт 57,000 төгрөг, машины торгуульд 450,000 төгрөг, ажилчдын 4 хоногийн ажлыг алдуулсан төлбөр буюу компанид учирсан хохиролд 688,333 төгрөг, “тооцоонд явсан 6 хоногийн шатахууны төлбөр” гэх зардалд 100,000 төгрөг, 5281 УНР улсын дугаартай автомашины зарагдах буюу худалдах-худалдан авах гэрээний үнэ 4,000,000 төгрөг гэж тус тус оруулсан байна.
7. Тоёота Аллион маркийн 5281 УНР улсын дугаартай автомашины үнийг ажилтан А.Бээр төлүүлэхээр тохиролцсоныг буруу гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь ажил олгогч уг автомашиныг ажилтны хувийн эсхүл ажлын хэрэгцээнд худалдан авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
7.1. Уг автомашины үнэд 7,500,000 төгрөгийг Ц.Б /тухайн үед “Ш” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан/ төлжээ. Уг автомашиныг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Д” ХХК-ийн өмчлөлд, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Ш” ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Ш” ХХК-аас Ж.Ба-ийн өмчлөлд 4,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлжээ.
7.2. Дээрх автомашин хариуцагч А.Бий өмчлөлд шилжиж байгаагүйгээс гадна нэхэмжлэгч “Ш” ХХК-аас Ж.Ба-эд шилжүүлсэн гэрээний үнийг үндэслэж 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
8. Хариуцагч А.Б нь Налайх дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн зөрчил гаргаж, 400,000 төгрөгөөр торгуулсан байна. Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 400,000 төгрөгийн торгуулийг төлсөн нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогджээ. Харин нэхэмжлэгч тал “торгуулийн 400,000 төгрөгийг компани төлсөн” гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
9. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэн 900,782 төгрөг, 6 сарын хугацаан дахь сар бүрийн 3 хувийн хүү 162,100 төгрөг, нийт 1,062,923 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/02626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “466 дугаар зүйлийн 466.1, 466.5-д” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА