Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02060

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02060

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02346 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б.Долгор, Э.Баярбат нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,, түүний өмгөөлөгч ...................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь

1.а 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Баруун Сэлбэ гудамжны 8/9 байрны 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

Э.Баярбатаас мөнгө зээлэх хүсэлт гаргахад барьцаа болгож ямарваа нэгэн хөрөнгө өгөх шаардлагатай гэсэн тул өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 3 хороо Баруун Сэлбэ гудамжны 8/9 байрны 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө сууцыг түүнд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Худалдах худалдан авах гэрээг хийхдээ зээлсэн мөнгөө буцаан өгөөд байраа буцаагаад авах юм чинь үнийн дүнг хамгийн багаар буюу 20,000,000 сая төгрөгөөр бичих, багаар бичихэд татвар хураамж бага төлдөг гэж Э.Баярбат хэлсэн

Улмаар Э.Баярбатаас 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 60,000,000 төгрөг зээлж авах болоход Э.Баярбатын ах А.Баттүшигээс очиж бэлнээр хүлээн авсан. Зээлийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эгүүлэн төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ хугацаанд миний бие энэхүү байрандаа амьдарч байсан. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үл таних хүмүүс ирэн энэ байрыг худалдаж авсан хэмээн байрны ордероо үзүүлж, яаралтай суллах, суллаж өгөхгүй бол дээрэмдэж авна, гарах хуулийн хариуцлагаа хүлээнэ гэж доромжлон ач зээ нарыг маань айлгаж байгаад явсан. Гэтэл миний бие анхнаасаа сууцаа огт зарах сонирхолгүй, зөвхөн зээлийн баталгаа болгож бага үнийн дүнгээр гэрээ хийж Э.Баярбатад шилжүүлсэн. Мөн Э.Баярбаттай харилцан тохиролцсон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад, сууцыг шилжүүлсэнд гомдолтой байна. Энэхүү үйлдэл нь дүр үзүүлсэн хийсэн хэлцэл юм. Хүүгийнхээ бизнесийн хамтрагч, түүний танил А.Баттүшигээс мөнгө зээлэхээр болсон. Улмаар миний хүү С.Мягмарсүрэн нь урьдын харилцаатай олон жилийн турш бизнесийн салбарт хамтарсан хүн маань байгаа тул санаа зоволтгүй мөнгө зээлэхэд татгалзах зүйлгүй харин та баталгаа болгож ямарваа нэгэн хөрөнгө өгөх шаардлагатай гэсэн. Улмаар түүнээс 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 60,000,000 сая төгрөг зээлэхээр тохиролцож Э.Баярбатын ах А.Баттүшигээс очин уг мөнгийг бэлнээр хүлээн авсан байсан. А.Баттүшигийн хүсэлтийн дагуу түүний дүү Э.Баярбатад 3 сууцаа шилжүүлсэн байсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон Э.Баярбат нарын хооронд ямар нэгэн зээлийн асуудал огт байхгүй. Э.Баярбат нь мөнгө зээлдэг хүн биш харин Э.Баярбатын ах А.Баттүшиг болон нэхэмжлэгчийн төрсөн хүү С.Мягмарсүрэн нар нь ажил хэргийн холбоотой хүмүүс байсан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа сууц хариуцагчийн эгч Г.Солонгын нэр дээр байсан бөгөөд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь А.Баттүшигийн эхнэр Г.Уянгаас сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч байсан. Анх Г.Уянга нь төрсөн дүү Г.Солонгоос итгэмжлэл авч итгэмжлэлийнхээ дагуу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Тухайн үед 2 тал танилууд байсан учраас итгээд нэр дээр нь шууд шилжүүлэн өгч байсан боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүй байсан учир 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин худалдах, худалдан авах гэрээ байгуулж А.Баттүшиг өөрийн дүү .Э.Баярбатыг уг сууцыг нэр дээрээ шилжүүлээд авчих гэсний дагуу шилжүүлэн авсан. Үүний дараа ах ,,,,,,,,,,,,,,т бэлэглэлийн гэрээгээр энэ сууцыг шилжүүлэн өгсөн. Одоо сууц Э.Баярбатын өмчлөлд байхгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, энэ сууцанд бараг амьдарч байгаагүй, түүний хүү С.Мягмарсүрэнгийн гэр бүл амьдарч байсан. ,,,,,,,,,,,,,, байр суллаж өг гэж 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр очиход маргааш суллаж өгнө гэсэн. Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр очиход гэрчүүдийн хажууд нэхэмжлэгчийн бэр У.Ууганцэцэг сууц хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн утгатай баталгаа хийлж гарын үсэг зурж өгсөн. Сууцыг суллаж өгөх хугацаандаа бас л гараагүй болохоор ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн хүү
С.Мягмарсүрэнд залгахад 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш огт утсаа авахгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Болоогүй байна. Маргааш орой болно. Өнөөдөр нөгөө айл гарахгүй байна, 2018 оны 08 дугаар сарын 27-д Юу болж байна гэхэд Дүү эмнэлэгт байна. Хүүхэд гэнэт өвдөөд гэсэн зурвасуудыг илгээж, сууцыг суллаж өгөлгүй алга болсон. Бид хүлээцтэй хандаж өөрсдөө учраа олоод суллаад өгөх байлгүй гэсэн бодолтой явж байсан боловч үнэнийг гуйвуулж нэхэмжлэл гаргасанд харамсаж байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Баруун сэлбэ гудамж 8/9 байр, 46 тоот хаягт байрлах 106,59 м.кв, 3 өрөө сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс сууцыг чөлөөлөхийг шаардсан.

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь сууцыг хуурай дүү А.Баттүшигийн эхнэр Г.Уянгаас худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч байсан. Улмаар гэрээгээр төлбөрийг төлөөгүй тул дахин худалдах, худалдан авах гэрээ хийж А.Баттүшигийн дүү болох Э.Баярбатад буцаагаад шилжүүлэн өгсөн. Сууц эхлээд Солонгийн нэр дээр байсан.

Хуурай дүү А.Баттүшигийн эхнэр Г.Уянгаас Долгорт шилжсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос А.Баттүшигийн дүү болох Э.Баярбатад шилжүүлэн өгсөн. Улмаар 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Э.Баярбатаас ,,,,,,,,,,,,,,т шилжүүлэн өгсөн. Хариуцагчийн төрсөн хүү С.Мягмарсүрэн, А.Баттүшиг бид 3 ажил хэргийн шугамаар холбоотой байсан учраас тухайн үед хариуцагчийн нэр дээр итгээд шилжүүлэн өгч байсан.

Ганц энэ сууцыг биш, бас 15-42 УНЭ улсын дугаартай автомашиныг мөн өгч байсан боловч бас мөнгө төлдөггүйн улмаас буцааж байсан. Сууцыг суллаж өгөлгүй өдийг хүрсэн.Анх 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр очиход гарна гэсэн.Тэгэхээр нь хүлээцтэй хандсан. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчүүдийн хамтаар дахин очиход хариуцагчийн бэр У.Ууганцэцэг баталгаа хийж гарын үсэг зурж өгсөн. Дахин очиход танихгүй айл оруулсан байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хаягаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтаа амьдардаггүй, сууцаа 2 сарын өмнөөс түрээсэлсэн гэсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн байранд амьдарч байгаа хүнээ Иргэний хуульд заасны дагуу хариуцагчаар татаж байж албадан чөлөөлүүлэх гэдэг ойлголтыг ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хамаарал бүхий гэдэг этгээдийн хэнийг гаргуулах нь ойлгомжгүй болно. Одоогийн байдлаар тухайн байранд С.Мягмарсүрэн эхнэртэйгээ амьдарч байгаа. Тиймээс хариуцагч нь С.Мягмарсүрэн гэж хүн болох ёстой, одоо ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулж шаардлага гаргаж байгаа учир хариуцагч нь үндэслэлтэй эсэх гэдэг асуудал яригдана. Энэхүү байрны үйл маргаантай холбогдуулаад, худалдах, худалдан авах гэрээ биш бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудал байгаа. Бэлэглэлийн гэрээнээс үүдэлтэй холбоотой дараагийн асуудал шүүхээр шийдэгдэж байгаа. Энэхүү байрны шударга өмчлөгч буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч гэдгийг тогтоох нь бас эргэлзээтэй. Энэхүү маргаан шийдсэний дараа хууль зүйн нэхэмжлэлийн аргаар шийдвэрлэсэн нь илүү үндэслэлтэй байх. Тийм учраас ,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2., 58.3., 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байрны 46 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гаргасан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1., 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тooтoд байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгox, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257,950 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,оос төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын зүгээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, тухайн байрны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэхдээ холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэргийн үйл баримтад буруу тайлбар хийж дүгнэсэн. Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамж 8/9 байрны 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгөөр худалдан авч тухайн төлбөрийг бэлнээр нь хүлээлгэн өгсөн байдаг. Улмаар энэхүү байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгааг нь дурдах зүйтэй. Хувийн бизнест санхүүгийн шаардлага гарсан тул мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага гаран 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 60,000,000 сая төгрөг зээлэхээр тохиролцож, Э.Баярбатын ах А.Баттүшигээс очин уг мөнгийг бэлнээр хүлээн авсан.Улмаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 20,000,000 сая төгрөгөөр байгуулж хэлэлцэн тохирсон зээлийн гэрээний баталгаа болгож энэхүү байрыг хариуцагчийн нэр лүү шилжүүлсэн. Харилцан тохирсон зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүгдийг буцаан төлж барагдуулах ёстой байсан бөгөөд энэхүү хугацаанд зээлийн гэрээн үндсэн төлбөрийг төлж зөвхөн хүүгийн үлдэгдэл байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан үйл баримтыг үнэлэхдээ зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар үнэлэн хариуцагч талын гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгч нараас асуулгасан гэрчийн мэдүүлгийг огт авч хэлэлцэлгүй зээлийн гэрээний харилцаа байхгүй байна иргэний хуулийн 282.4 зааснаар тогтоогдохгүй байна гэх хий хоосон төсөөллөөр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бур\л үнэлсэн бодит жишээ юм. Нэхэмжлэгч талуудын хооронд болсон бүх процессыг үнэн зөвөөр мэдүүлсэн болно. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаад байгаа зээлийн гэрээний үүргийг хангахаар барьцаалсан асуудал огт байхгүй болно. Учир нь тухайн байрны төлбөрийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий компанийн данснаас тухайн худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдөр их хэмжээний бэлэн мөнгө гарсан байдаг бөгөөд гэрээ байгуулдаг өдөр 150,000,000 төгрөг түүний дараачаас байрны гэрчилгээ гарсан өдөр 100,000,000 төгрөг тус тус аван бэлнээр аваачиж өгсөн гэдгийг нотлох 3 гэрч мэдүүлэг өгсөөр байтал 2017 оны 06 дугаар сарын 02 өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж төлбөр төлсөн үйл баримт дээр шүүхийн зүгээс огт эрх зүйн дүгнэлт хийсэнгүй. Мөн хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчээс авсан мөнгийг гадаад харилцааны яамаар дамжуулан АНУ-руу Г.Солонго руу гуйвуулсан байдаг. Тухайн байрны төлбөрийг төлөөгүй тохиолдолд байранд супер засвар хийх, мөн буцаах тохиолдолд зөвхөн худалдаж авсан хүн рүү шилжүүлэх, шилжүүлэх тохиолдолд тухайн худалдаж авсан үнийн дүнгээр буцаах зэрэг логик уялдаа холбоог зэргийг анхаарсангүй. Үүнээс харвал анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад бодит бус дүгнэлт хийж байгаа нь хэргийн үнэнийг тогтооход ихээхэн эргэлзээтэй байдал үүсгэж бодит үнэнийг гуйвуулсан гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Энэхүү байр нь зах зээлийн ханшаар 250,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд байрны засвар зэргийг үзвэл 300,000,000 орчим үнэтэй эд хөрөнгийг хариуцагч Э.Баярбат нь зээлийн гэрээний баталгаа нэрийн доор нь шилжүүлэн авч нэхэмжлэгчийг хохироогоод байна. Мөн шүүх хуралд оролцсон хариуцагч Э.Баярбат нь хэргийн талаар мэдэхгүй байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ах л шилжүүлээд авчих гэсэн тайлбарыг өгч байсан.Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү байрыг огт зарах сонирхолгүй зөвхөн зээлийн гэрээний баталгаа болгож бага үнийн дүнгээр худалдах, худалдан авах гэрээ хийж, Э.Баярбат руу шилжүүлж түүний ах болох А.Баттүшигээс мөнгө зээлсэн үйлдэл байдаг. Мөн 46 тоот орон сууцыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Э.Баярбатад худалдсан боловч бодит байдал дээр Э.Баярбат нь мөнгө төлөөгүй буюу 46 тоот сууцыг худалдан аваагүй мөн орон сууцыг бэлэглээгүй буюу бусдын өр төлбөрт тооцож өгөх ямар эрх зүйн үр дагавар үүссэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн энэхүү хэргийн гол учир нь иргэн С.Мягмарсүрэн А.Баттүшиг нарын хооронд үүсэн асуудлын үр дагавраас үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Э.Баярбат нарын хүмүүсийг эрх зүйн харилцаанд оруулж, маргаанаа үргэлжлүүлж байгаа болно. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Э.Баярбат нар нь тухайн хоёр этгээдийн хооронд үүссэн ямар ч асуудлыг мэдэхгүй зөвхөн тухайн хоёр этгээдийн зааж зөвлөсөн зүйлүүдийг хийж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар нэг нь нэхэмжлэгч нэг нь хариуцагч болж хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлэж байна. Өнөөдрийг хүртэл С.Мягмарсүрэн А.Баттүшиг нар нь хоорондоо учир зүйгээ олоогүй болно. Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт гүйцэт цуглараагүй байхад хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул хуулийн хүрээнд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хангаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь хуул зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь уг байрыг барьцаанд тавьж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Э.Баярбат руу шилжүүлээгүй. Анх уг байрыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Г.Солонгоос шилжүүлж авсан. Г.Солонго нь н.Уянга гэх эгчдээ тус байрыг шилжүүлж авах эрхийг олгосны дагуу н.Уянга, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлд шилжүүлсэн. Тус байрны төлбөрийг төлөөгүй учраас буцаан авах шаардлага үүссэн. н.Уянга нь буцаан зарж борлуулахад амар гэж өөрийн нөхрийн дүү Э.Баярбатын нэр дээр шилжүүлж авсан үйл баримт болсон. Нэхэмжлэгчийн 60,000,000 төгрөг зээлсэн гэх харилцаа үүсээгүй. Гэрч С.Мягмарсүрэн, А.Баттүшиг бид 2 хамтарсан олон компанитай түүний дагуу 1 компаниас 60,000,000 төгрөгийг зээлсэн гэх ойлгомжгүй мэдүүлгийг өгсөн. Харин зээл өгсөн гэх гэрч А.Баттүшигийн мэдүүлэгт би зээл өгөөгүй гэж хэлдэг. Хэрэгт зээл өгсөн болон зээлийн төлбөр буцааж байсан баримт байхгүй. Мөн шүүхэд энэ талаар нотлох баримт өгөөгүй. Уг үйл баримтуудыг нотлох зорилгоор хэрэг анхан шатны шүүхэд 2 удаа буцсан. Нэхэмжлэгч холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх байтал өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй учир холбогдох баримт байхгүй гэж үзэж байна. Гэрч н.Даваахүү нь би уг мөнгийг тухайн үед банкнаас авч, А.Баттүшигийн гэрт очиж н.Уянгад өгсөн гэж мэдүүлдэг, гэрч н.Батхүү нь бид 3 уг мөнгийг А.Баттүшигийн гэрт очиж өгсөн гэж мэдүүлдэг, гэрч С.Мягмарсүрэн нь уг мөнгийг би Сани фүри ХХК-ийн данснаас мөнгө авах эрхийн дагуу авч, эхний мөнгийг А.Баттүшигт өгсөн, дараагийн мөнгийг н.Уянгын аавынх нь гэрт очиж өгсөн, нийт 3 хувааж өгсөн гэх мэдүүлэг буюу 3 гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй. Уг мөнгийг тухайн үед өгөөгүй учраас А.Баттүшиг өөрийн байрыг буцааж авья гэдгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрч бага үнээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүнд төөрөгдсөн зүйл байхгүй. Ноцтой төөрөгдлийн улмаас гэрээ, хэлцэл байгуулсан гэдэг нь шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу уг хэлцлийг андуурсан, үнийн тухайд төөрөгдсөн, агуулгын хувьд эндүүрсэн нөхцөл байдал байвал ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан хэлцэл гэж үздэг. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нар төөрөгдөөгүй. Нэхэмжлэгч тал мөнгөө төлөөгүй учраас эзэнд нь шилжүүлж өгсөн асуудал үүссэн. Гуравдагч этгээд Г.Солонго нь уг байрыг Э.Баярбатын нэр дээр шилжүүлэхийг тухайн үед хүлээн зөвшөөрсөн учир үүнд гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг мөнгө орж ирээгүй учир буцааж авсан үйл баримт байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй, амаар бид ингэсэн гэх тайлбарыг хэлдэг боловч нотлох баримт гаргаж өгөөгүй. Хувийн хэрэгцээнд гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагыг дахин өөрчлөхдөө үндэслэлээ манай хүү С.Мягмарсүрэнгийн бизнесийн шаардлагад хэрэгтэй болсон учраас 60,000,000 төгрөгийг зээлсэн гэж удаа дараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байрны 46 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан дээрх маргаан бүхий сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгox, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

4.а.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011473 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байрны 46 тоот хаягт байрлах 106,59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Г.Солонгын өмчлөлд,Г.Солонгын өмчлөлөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлд, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлөөс

2017 оны 10 оны дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Э.Баярбатын өмчлөлд, Э.Баярбатын өмчлөлөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр ,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргасан./1хх 33, 48/

Баянгол дүүргийн 9-р хороо Хасбаатарын гудамжны 24/2 тоот эрхийн улсын бүртгэлийн Г-2205001036 дугаарт бүртгэлтэй, 2005 оны 5 сарын 18-ы өдөр иргэн Д.Ганбат, Г.Солонго нарын өмчлөлд бүртгэгдсэн. Уг газрын өмчлөх эрх 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хамтран өмчлөгч өөрчлөгдөн Г.Солонго, Д.Лувсанжамц, Л.Намуудари нарын өмчлөлд, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр С.Даваасүрэн /,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын охин/-гийн өмчлөлд, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Ганбатын өмчлөлд буцаж шилжсэн талаарх лавлагаа авагдсан./1хх142-143/

4.б. Маргааны зүйл болох сууцанд одоогоор нэхэмжлэгч оршин суухгүй байгаа, өөр хүмүүс амьдарч байгаа талаар талууд тайлбарлажээ.

 

5. Нэхэмжлэгч ..,сууцаа худалдаагүй, Э.Баярбатаар дамжуулан А.Баттүшигээс зээлсэн 60,000,000 төгрөгийн буцаан төлөх баталгаа болгож, түр шилжүүлсэн гэсэн бол хариуцагч тал ..,60,000,000 төгрөг зээлдүүлээгүй, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ 250,000,000 төгрөгөө төлөөгүй тул буцаан шилжүүлж авсан гэж тайлбарлажээ./хх1-2, 215/

5.а. Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 250,000,000 төгрөгөө төлсөн гэж маргажээ.

Зохигч 2017 оны 10 оны дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн гэрээгээр үнэ төлөгдсөн эсэхэд маргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2020/00173 тоот тогтоолд .., Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь С.Мягмарсүрэн, А.Баттүшиг нарын хооронд үүссэн асуудлын үр дагавар болсон гэж үзэхээр байгаа ч тэдгээрийн хооронд маргаан үүссэн эсэх нь тодорхойгүй тул сууцыг Э.Баярбатын өмчлөлд шилжүүлсэн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна гэж дүгнэсэн. С.Мягмарсүрэн, А.Баттүшиг нарын хоорондын тооцоотой холбоотой үйл баримт тодорхойгүй, эдгээр иргэдийн эрх ашиг сонирхол тухайн хэрэгт хөндөгдөж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь сууцны үнэ гэх 250,000,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий компани болох "Санни Пүри" ХХК-аас авч, А.Баттүшигийн эхнэр Г.Уянгад шилжүүлсэн гэх үйл баримтыг тухайн компаниас тодруулах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 60,000,000 төгрөгийг өөрийн бизнесийн хэрэгцээнд зээлсэн, зээл хүүгээ төлж байсан, хүү С.Мягмарсүрэнд мөнгөний хэрэг болоод зээлсэн гэж хоёр өөрөөр тайлбарласан. Харин А.Баттүшиг нь .., 60,000,000 төгрөг зээлдүүлээгүй гэж тайлбарласан.

Талуудын тайлбараар С.Мягмарсүрэн, А.Баттүшиг нар нь ажил хэргийн харилцаатай байсан гэх бөгөөд сууцны анхны өмчлөгч Г.Солонго нь А.Баттүшигийн эхнэр Г.Уянгын төрсөн дүү, С.Мягмарсүрэн нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын төрсөн хүүхэд, Г.Солонгын эцэг Ганбатын өмчлөлийн газар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын охин С.Даваасүрэнгийн өмчлөлд шилжиж, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Ганбатын өмчлөлд буцаж шилжсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн эсэх, 250,000,000 төгрөгийн үнэ бүхий сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдсан шалтгаан, уг сууцыг чөлөөлж өгөхийг зөвшөөрсөн агуулгатай бичиг хийж өгсөн шалтгааныг тодруулах нь зүйтэй.

Мөн гэрчүүд зохигчдын хамаарал бүхий этгээдүүд байх тул нотлох баримтын үнэлгээг хийхэд анхаарахаар байна.

 

6. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 250,000,000 төгрөгөө бэлнээр төлсөн, өнөөдрийг хүртэл сууцандаа амьдарч байгаа, зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлж зөвхөн хүүгийн үлдэгдэл байсан, нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй, нэхэмжлэгчээс авсан 250,000,000 төгрөгийг гадаад харилцааны яамаар дамжуулан АНУ-руу Г.Солонгод гуйвуулсан. Худалдан авсан байрандаа их засвар хийсэн, амьдарч байгаа зэрэг логик уялдаа холбоог анхаарсангүй. 46 тоот сууцны үнэд Э.Баярбат нь мөнгө төлөөгүй талаар шүүх дүгнээгүй гэжээ.

6.а. Дээр дурдсан болон нэхэмжлэгчийн тодорхойлсон үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр логик үндэслэл холбоо муутай, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД