| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2022/01749/И |
| Дугаар | 210/МА2022/02059 |
| Огноо | 2022-11-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2022/02059
| 2022 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 210/МА2022/02059 |
..................ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 101/ШШ2022/03772 дугаар шийдвэртэй, ..................ын нэхэмжлэлтэй, ..............од холбогдох,
Гэм хорын хохиролд 7,914,663 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуустал 03 cap 25 хоногийн дутуу авсан цалин хөлс болох 11,078,300 төгрөг, /сарын 2,890,000 төгрөгийг/ гаргуулахаар шаардсан боловч нийгмийн даатгалын хэлтсээс олгосон тэтгэмжийг хасаж тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 7,914,663 төгрөг болгож багасгасан.
.............. нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ажил үүргээ гүйцэтгэж байхад нэхэмжлэгчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж боож, заамдан, түлхэж унагаан ..................д зүүн шагайн 2 хавчаарын хугарал, мултрал гэмтэл учирч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуустал 3 cap 25 хоногийн хугацаанд ажлаа хийх чадваргүй болж, энэ хугацааны цалингаа авч чадаагүй.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор хариуцагч ..............од 500,000 төгрөгөөр торгох ял ногдуулсан. Шийтгэх тогтоолд шүүгдэгч .............. нь хохирогч ..................д 1,050,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч .................. нь 14,946,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Хариуцагч ..............ын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч .................. нь эрүүл мэндээрээ хохирч 3 cap 25 хоногийн цалингаа авч чадаагүй ба u...............-д баяжуулалтын инженерээр сарын 2,890,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж дутуу авсан цалин 7,914,663 төгрөгийг хариуцагч ..............оос гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ...............- ий уурхайн засварын талбай дээр нэхэмжлэгч ..................тай маргалдаж түлхэж унагаасан. Хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар 40 тоот шийтгэл тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Уг шүүх хуралд нэхэмжлэгч хариуцагчаас нотлох баримтгүй, үндэслэлгүй 14,946,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Тухайн үед гэмт хэргийн улмаас хохирсон хохирлоо нотлох баримтаар нотлох бүрэн боломжтой байсан.
Хариуцагч .............. нь нэхэмжлэгчид нийт 3,500,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Үүнээс нэхэмжлэгч 2,450,000 төгрөгийг эмчилгээний зардалд, үлдсэн 1,050,000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хурлын тэмдэглэлээр нотлогддог.
Хариуцагч нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрийг тухай бүр нь өгч байсан. Нэхэмжлэгч .................. нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 10 хоногийн дараа эмнэлгээс гарсан байдаг ба ажлаа хийх бүрэн боломжтой байсан ч санаатайгаар ажлаа хийхгүй хариуцагчаас үндэслэлгүй их хэмжээний мөнгийг нэхэж дарамталсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч өвчтэй байх хугацаандаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан байдаг. Уг тэтгэмжийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид ажиллаагүй хугацаанд ногдох тэтгэмжийг олгодог. Үүнээс харахад нэхэмжлэгч ажиллаагүй хугацаандаа ногдох тэтгэмжээ авч, хөдөлмөрийн чадвараа түр алдсан болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл ажиллаагүй хугацаа нь тодорхойлогдож байгаа юм.
Мөн ............... нь уул уурхайн компани бөгөөд ээлжээр ажилладаг буюу 20 хоног гараад 10 хоног амардаг улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг компани байтал 3 cap 25 хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ..............оос 586,363 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..................д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,328,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ..............оос 18,241 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт"...Мөн нэхэмжлэгч сарын цалин хөлсөө 2,890,000 төгрөгөөр тооцож байх боловч Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж журамласан." гэж хүчингүй болсон захиргааны актыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болно. Дээрх сайдын 55 дугаар тушаал нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар хүчингүй болсон байна. Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт "... Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр cap бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээдэг түл шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг нийгмийн даатгалын баримтыг үндэслэн тодорхойлох нь зүйтэй гэж үзэв." гэж хүчингүй болсон хуулийг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ..., бүх зардлыг хохирогчид
төлөх үүрэгтэй гэж заасан.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дутуу авсан дундаж цалин хөлсийг хүчингүй болсон хууль, журмыг баримтлан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг илт багасгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь дутуу авсан дундаж цалин хөлсөө авахаар нэхэмжлэл гаргаагүй ба хуульд заасан дутуу авсан цалин хөлс буюу гэм хор учирснаас болж жил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй үеийн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсөө авахаар нэхэмжлэл гаргасан болно.
Гэтэл анхан шатны шүүх ердийн өвчнөөс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж бодох аргачлалыг дурдаж, тэр загвараар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг бодож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Улсын Дээд Шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хэргийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай 15 дугаар Тогтоолын 6 дугаар зүйлийн 6.1.3-т Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө гэж тайлбарласан.
Дээд шүүхийн тайлбараас хохирогчийн эмчилгээний зардал болон олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулсан. Нэхэмжлэгч ..................ын хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны олох байсан орлого нь 7,914,663 төгрөг бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үндсэн цалин 1,600,000 төгрөг, нэмэгдэл 1,000,000 төгрөг, хөдөлмөрийн нөхцөлийн /нэмэгдэл хөлс/ 290,000 төгрөг нийт 2,890,000 төгрөг гэсэн тохиролцоогоор, нэхэмжлэгч ..................ын Хаан банкны 5064674628 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, ажил олгогч "Эм Жи Жи И Си" ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдож байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлэлгүй, хүчингүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг барьж нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцоолсон нь хууль зүйн үндэслэлгүй болно. Хууль, Дээд Шүүхийн тогтоолоор дутуу авсан цалин хөлс буюу олох байсан орлогыг тодорхойлох байтал анхан шатны шүүх иргэний хуульд заагаагүй "дундаж цалин хөлс"-ийг тооцон гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн үндсэн цалин хөлс нь 1,600,000 төгрөг болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн ба 2021 оны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2021 оны 03 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олгосон баримт зэргээр тогтоогддог. Мөн тухайн нийгмийн даатгалын шимтгэлээр цалин хөлс нь тасалдаагүй байгаа нь тус тус нотлох баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгч талын хүчингүй болгосон хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь тухайн хэргийн үйл баримт нь 2021 онд болсон ба тухайн үед Хөдөлмөрийн тухай хууль болон дундаж цалин хөлс олгох журам зэрэг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч .................. нь хариуцагч ..............од холбогдуулан эрүүл мэндэд нь гэм хор учирснаас хөдөлмөрийн чадвараа алдаж, 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс
2021 оны 12 дугаар сарыг дуусталх 3 cap 25 хоногийн хугацааны дутуу авсан цалин хөлс болох 11,078,300 төгрөгийг / сарын 2,890,000 төгрөгөөр / гаргуулахаар шаардсан боловч нийгмийн даатгалын хэлтсээс олгосон тэтгэмжийг хасаж тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 7,914,663 төгрөг болгож багасгасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.а.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор ..............ыг 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ...............-ийн уурхайн засварын талбайд ажлаа хурдан хийсэнгүй гэж дарамталлаа гэх шалтгаанаар инженер ..................ыг заамдан авч, түлхэж унагаасны улмаас ..................ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Талууд дээрх үйлдэгдсэн гэмт хэрэг, гэм буруугийн асуудлаар маргаангүй байна./хх5-7/
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 463 дугаартай дүгнэлтээр ..................ын биед гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах зүүн шилбэний шагайн хавчаар ясны хугарал, мултрал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдсон талаар дүгнэсэн./хх54-55/.
3.б.Нэхэмжлэгч нь Хаан банкинд эзэмшдэг 5064-6746-28 дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн, ...............-ийн тодорхойлолтод нэхэмжлэгч баяжуулалтын инженерээр ажилладаг, сарын цалин 1,600,000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1,000,000 төгрөг, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл 290,000 төгрөг, нийт 2,890,000 төгрөгийн цалин хөлс авдаг талаар дурдсан. /хх17-21, 3-4/
Мөн ажил олгогч ...............-аас .................. нь 2021 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд өвчтэй байсан тул компаниас нийгмийн даатгал төлөгдөж, цалингүй чөлөөтэй байсан болохыг тодорхойлжээ /хх58/.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанд нэхэмжлэгч гэмтэл авахын өмнө болон 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд сарын цалин 1,600,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 304,761 төгрөг, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд сарын цалин 1,600,000 төгрөг гэж тусгажээ. /хх-57/.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 1663516 дугаартай эмнэлгийн хуудсанд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр,1663596 дугаартай эмнэлгийн хуудсанд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс
2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 1663698 дугаартай эмнэлгийн хуудсанд оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 1801693 дугаартай эмнэлгийн хуудсанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэж тус тус тодорхойлжээ./хх81-93/.
3.в. Нэхэмжлэгч .................. нь нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид 3,163,637 төгрөг авсан гэж тодорхойлж, нотлох баримт гаргасныг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.
3.г. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хохиролд 3,500,000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.
4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа, дутуу авсан цалин хөлсний хэмжээнд маргаантай, хариуцагч төлбөрөө бүрэн төлсөн гэж маргаж байна./хх31
Анхан шатны шүүхээс ..................ын биед гэмтэл учирсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримт тул дахин нотлохгүй гэж зөв дүгнэжээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
4.а. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлсийг тодорхойлсон заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар харьцуулан дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж байна.
Анхан шатны шүүх нь цалин хөлс гэх ойлголтыг буруу тайлбарлан, дундаж цалин хөлстэй тэнцэх олговортой адилтгаж үзсэн нь буруу юм. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.
..................ын биед 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэмтэл учруулсан үйл баримт болсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулах үед Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/ үйлчилж байсан ба мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр заажээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг ажил олгогчийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь цалин, ур чадварын нэмэгдэл, хөдөлмөрийн нөхцөл зэрэгт нийт 2,890,000 төгрөгийн цалин хөлс авдаг болох нь нотлогдож байна./хх3-4, 17-21, 59-61/
Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулаагүй бол нэхэмжлэгч нь 2,890,000 төгрөгийн цалин хөлс авах боломжтой тул шүүх цалин хөлсийг 2,890,000 төгрөгөөр тооцох нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хохирогчид төлөхөөр заасан. Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 6-наас 2021 оны 12 дугаар сарын 6-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан нь тогтоогдож байх тул нийт цалин хөлс авч чадаагүй цалин хөлс 8,670,000 төгрөгөөс/ 2,890,000х3/ тэтгэмж 3,163,637 төгрөг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан 1,050,000 төгрөгийг хасаж тооцоход 4,456,363 төгрөг болох бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 7,914,663 төгрөгөөр тодорхойлсон тул 3,458,300 төгрөгийн /7,914,663-4,456,363/ хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
5. Харин хүчингүй болсон хуулийг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн гэх гомдол үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 101/ШШ2022/03772 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 586,363 төгрөг гэснийг 3,458,300 гэж, 7,328,300 гэснийг 4,456,363 гэж,
2 дахь заалтын 18,241 гэснийг 70,283 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ш.ОЮУНХАНД