Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э

Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.П-д холбогдох эрүүгийн 1820000740102 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод Б түргэн хоолны газарт ээлжийн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Б овогт Г.П,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Г.П нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Замын-Үүд сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.М-н эзэмшлийн В нэртэй караокений цонхоор хууль бусаар нэвтрэн орж 296.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 03 сарын 19-ний өдөр Замын-Үүд суманд ирсэн. Тухайн үедээ ямар ч зорилгогүй ирсэн. Ингээд ... дугаар байрны ... тоотод оршин суух найз М-н гэрт буусан. 03 сарын 20-ны өдөр М бид хоёр нэг нэг ширхэг лаазтай пиво хувааж уусан. Тэгээд М “Манай найз охин одоо ирнэ гэнэ, чи гадуур явж байгаад орой хүрээд ир” гэж хэлсэн тул би гадагш гарсан. Ингээд би тэднийхээс гараад Н дэлгүүр рүү явж 0,75 л У нэртэй архи 1 шилийг худалдаж аваад, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн саад руу алхсан. Тэгээд тэнд нэг үл таних өвгөнтэй тааралдаад нэг шил архиа хувааж уусан. Тухайн үед оройн 23 цаг өнгөрч байсан.  Бид хоёр юм ярьж сууж байгаад архиа ууж дуусгахад ойролцоогоор 04 цаг өнгөрч байсан байх. Ингээд би өвгөнөөс салаад М-н гэр рүү явсан. Ингэж явахдаа замдаа зогсож тамхи татсан. Тамхи татаж байхдаа эргэн тойрноо хартал В караокений хажууд зогсож байсан. Тэгээд В караокений цонх руу нь хартал цонх нь нээлттэй байсан. Би онгорхой цонхоор дотогш ороод текэн дээр очоод архинууд, 2 ширхэг чипс, 3 ширхэг ундаа, 3 ширхэг самар, 5 ширхэг шоколад, 1 боодол бохь зэргийг хулгайлан авч буцаж цонхоор нь гарсан. Би цонхоор гараад хулгайлсан эд зүйлүүдээ эмнэлгийн наад талд баригдаж байгаа барилгын хашааны шонгийн доод талын элсэнд булсан. 1 шил архийг нь булалгүй замдаа уугаад М-н гэр рүү явсан. Намайг ингэж явсаар байтал үүр цайж байсан. Би М-н гэрийн хаалгыг ойролцоогоор 2-3 минут тогшсон боловч хаалгаа нээгээгүй тул шатан дээр суусан. Ингэж сууж байгаад ухаанаа алдтал согтоод унтсан. Маргааш өглөө нь 11 цагийн орчимд сэрээд М-н хаалгыг тогшиход М хаалгаа нээсэн. Гэрт М-с өөр хүн байгаагүй. Би гэрт ороод 14 цаг хүртэл унтаж байгаад босоод усанд орж, хоол идчихээд 16 цагийн орчимд гадагш гарсан. Тэгээд эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгын гадаа нуусан эд зүйлүүд дээрээ очиход миний нуусан бүх зүйлс алга болсон байсан. Би тэр оройдоо Улаанбаатар хот руу галт тэргээр явсан гэжээ. /хх-ийн 67-69/

- Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 03 сарын 21-ний орой 20 цагийн орчимд өөрийн түрээслэн ажиллуулдаг Замын-Үүд сум 1-р багт байрлах В караокег нээхээр ганцаараа ажил дээрээ ирэхэд 1 давхарын цонх онгорхой, хамгаалалтын төмөр нь гадна талдаа хугарсан байхаар нь үүдний хаалгаа түлхүүрээрээ нээн  онгойлгон ороход үүдний хаалга зүгээр байсан ба дотор орж эд зүйлээ бүртгэхэд текний арын тавиур дээр байсан Г 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, С 0,75 гр-ын 1 ширхэг, 0,5 гр-ын 1 ширхэг, Х 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, Э 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, Т 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, С 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, В 0,75 гр-ын 1 ширхэг, У 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, П гялгар ууттай том чипс 3 ширхэг, М жүүс 1 литрийн 3 ширхэг, лаазтай самар 3 ширхэг, А шоколад 5 ширхэг, Д бохь 1 боодол зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд ажилчдын өрөөнд ороход хар өнгийн сандал дээр гишгэсэн бололтой кетэн гутлын мөр үлдсэн байсан ба цонхны хөшгийг дээш нь хуйлж жаазтай зураг дээр тохсон байсан. Ажилчдын өрөөний үүдэнд шалан дээр “F” гэсэн бичиглэлтэй, саарал өнгийн саравчтай малгай газар унасан байсан. Тэгээд би камераа шалгах гэтэл камерын залгуурыг салгасан байхыг мэдээд залгаж камераа шүүхэд хулгайч камерын цагаар 03 сарын 21-ний 05 цаг 20 минутанд орж ирж байгаа бичлэг хадгалагдан үлдсэн байсан. Бичлэг ойролцоогоор 15 минут бичигдэж байгаад хулгайч камерын залгуур салгаж бичлэг тасарсан. ...Гэмт хэргээс болж надад 391.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлын мөнгийг 09 сарын 25-ны өдөр Г.П-с бэлнээр хүлээж авсан. Хохирлоо 100 хувь барагдуулж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. /хх-ийн 13, 70-71/

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/

-  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 /

- Шинжээчийн 2568 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмжид хадгалагдаж байх дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2 Хөрвүүлэн авсан “came1_2018-03-21_05-09-57_05-31-00_CAM1180411120847” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 05:20:57 секундээс 05:21:31 секунд, 05:22:18 секундээс 05:22:36 секунд, 05:27:50 секундээс 05:28:14 секундийн хоорондох дүрслэгдэх хүний царай төрхийг боломжит байдлаар тодруулан дүрс бичлэгийг DVD дискэнд хуулбарлан хүргүүлэв. 3.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмжийн системийн цаг нь Улаанбаатарын цагаас 01:20:00 секундээр түрүүлж байна гэжээ.  /хх-ийн 15-17/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

- Замын-Үүд сумын Борхойн багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50-51/

- “А” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 74-76/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 83-84/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

Гэм буруугийн хувьд:

 Шүүгдэгч Г.П нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Замын-Үүд сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуудаг иргэн Д.М-н эзэмшлийн В нэртэй караокений цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 296.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.М-н “...Замын-Үүд сум 1-р багт байрлах В караокег нээхээр ганцаараа ажил дээрээ ирэхэд 1 давхарын цонх онгорхой, хамгаалалтын төмөр нь гадна талдаа хугарсан байхаар нь үүдний хаалгаа түлхүүрээрээ нээн  онгойлгон ороход үүдний хаалга зүгээр байсан ба дотор орж эд зүйлээ бүртгэхэд текний арын тавиур дээр байсан Г 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, С 0,75 гр-ын 1 ширхэг, 0,5 гр-ын 1 ширхэг, Х 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, Э 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, Т 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, С 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, В 0,75 гр-ын 1 ширхэг, У 0,5 гр-ын 1 ширхэг, 0,75 гр-ын 1 ширхэг, П гялгар ууттай том чипс 3 ширхэг, М жүүс 1 литрийн 3 ширхэг, лаазтай самар 3 ширхэг, А шоколад 5 ширхэг, Д бохь 1 боодол зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ... Гэмт хэргээс болж надад 391.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлын мөнгийг 09 сарын 25-ны өдөр Г.П-с бэлнээр хүлээж авсан. Хохирлоо 100 хувь барагдуулж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, шинжээчийн 2568 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-17/, “Ашид билгүүн” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 74-76/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.П-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно. Хохирогч Д.М нь өөрт учирсан 391.000 төгрөгийн хохирлоо 2018 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.П-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.П-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хавтаст хэрэгт хадгалж, “F” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг саравчтай малгайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлжсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Э.Б