Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.А

Улсын яллагч  Э.Т

Шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт У.А-д холбогдох эрүүгийн 1820000000116 тоот хэргийг 2018 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 23 дугаар хороонд оршин суух хаягтай, Х овогт У.А,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч У.А нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр баг Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтын шалган нэвтрүүлэх цэг дээр Ц.Э-тай таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж Ц.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Миний урьд нь 2018 оны 10 сарын 30-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт өөрчлөгдөх зүйл байхгүй. Би 2018 оны 10 дугаар сарын 29-нд эхнэртэйгээ Эрээн гарчихаад орой нь Замын-Үүд рүү орж ирсэн. Орой 18 цагийн үед хил хаачих гээд Монголын хил дээр штамб даруулахаар эхнэрийн хамт оочерлоод зогсож байтал нэг согтуу ах хүмүүсийн урдуур хойгуур ороод хөөгдөөд хэл ам татлаад байхаар нь эхнэрийнхээ хойно өөрийнхөө урдуур оочерт оруулсан. Э гэх тэр ах нилээн согтуу байсан болохоор эхнэр бид 2-ыг түлхээд агсамнаад гар хөл нь сарвалзаад энд тэнд цохиод байсан. Би Э ахад та юундаа яарах вэ. Замын-Үүд рүү ороод л гэртээ хариад унтчих юм байна ш дээ, бид нар цаашаа хол явна гэж хэлсэн. Э ах би нутгийн хүн, та нар муусайн юу юм бэ, би түрүүлээд штамб даруулна энэ тэр гээд агсамнаад манай эхнэрийг ч тэр, намайг ч тэр түлхэхээр нь би урдуураа оочерт оруулж байхад ийм муухай зан гаргалаа гэж бодоод гэнэт уур хүрээд Э ахыг татаад зүүн гараараа нэг удаа хацарт нь зөөлөн алгадсан. Согтуу хүн болохоор хойшоо саваад унасан. Унахдаа үедээ баруун тохойгоороо плитан шалан дээр тулж унасан. Ингэхдээ баруун тохойны арьсыг нь язалчихсан. Тэгээд тэнд хэл ам болоогүй, оочерлож зогсож байгаад штамбаа даруулаад гарцгаасан. Дараа нь намайг эхнэртэйгээ талбай дээр зогсож байтал Э ах эхнэртэйгээ ирсэн. Эхнэр нь манай хүний гарыг мулталчихсан байна гэхээр нь би мөр нь мултраагүй байхаа гээд цагдаа руу орж хэлж үзүүлье гэсэн. Э ахын эхнэр ч бас цагдаад өгнө гээд бид нар цагдаа руу орсон. Дараа нь би цагдаа дээр үлдээд, манай эхнэр Э ахыг дагуулаад эмнэлэг рүү явж тохойд нь оёдол тавиулсан. Ингээд цагдаад шалгагдаж эхэлсэн. Э ах бид 2 бие биеэ танихгүй. Би Э ахаас уучилалт гуйсан. Надад гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би ахиж ийм алдаа гаргахгүй гэжээ. /хх-ийн 21-22/

- Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний 2018 оны 10 сарын 30-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг хэвээрээ, өөрчлөгдөх зүйл байхгүй. Би 2018 оны 10 дугаар сарын 29-нд Эрээн гарчихаад орой нь Замын-Үүд рүү орж ирсэн. Эрээнд найзтайгаа таараад архи уусан ба нилээн согтсон байсан. Тэгээд 18 цагийн үед Монголын хил дээр штамб даруулахаар оочерлох үедээ хил хаачих гээд яараад хүмүүсийн урдуур орж даруулах гэсэн. Хүмүүс оочер л гээд хэл ам хийгээд байсан ба нэг залуугийн урдуур орж зогссон. Тэр залуу намайг энд зогсчих ах гээд оруулж байсан. Би согтуу болохоор хойшоо урагшаа хүн мөргөөд хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгтэл тэр залуу уурлаад намайг оочероос гар гээд татаж гаргаж ирээд зүүн гараараа миний баруун хацарт 1 удаа алгадасан. Ингээд би согтуу болохоор газар баруун тохойгоороо тулж унасан. Унахдаа тохойн ясандаа арьсыг нь язалчихсан. Тэр үед манай эхнэр надтай хамт явж байсан. Өөр хүмүүсийг бол танихгүй, дандаа явуулын хүн байсан байх. Ингээд штамбаа даруулж гарч ирсний дараа талбай дээр намайг алгадсан У.А гэх залуутай таараад цагдаа руу орж мэдэгдсэн. А бол эрүүл саруул байсан, харин би жаахан согтуу байсан. Би цагдаа шүүхээр явъя гэж бодоогүй юм. Эхнэр л бүгдийг нь чирчээд цагдаа дээр авчирч мэдэгдсэн. Би өөрөө согтуугаасаа болоод олон нийтийн газар биеэ зөв авч явж чадаагүй, ингээд ийм асуудал үүсчихсан. Миний баруун гарын тохойн арьс нь язарсан байсан нь одоо эдгэрсэн. Бие эрүүл байгаа. А-д миний зүгээс гаргах гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй болно гэжээ. /хх-ийн 05-06/

- Гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө нөхөр У.А-н хамт Эрээн гарчихаад орой нь Замын-Үүд рүү орж ирсэн. Орой 18 цагийн үед хил хаах үеэр Монголын хил дээр штамб даруулахаар нөхөртэйгээ оочерлоод зогсож байтал нэг согтуу ах оочерт байсан хүмүүстэй хэрэлдээд хүмүүсийн урдуур хойгуур ороод хөөгдөөд байсан. Миний урд байсан хүмүүсийн урдуур орох гэхэд тэр хүмүүс оруулахгүй гэсэн, би бас урдуураа оруулахгүй, миний ард манай нөхрийн урдуур ор гэсэн. Тэр ахын эхнэр нь манай нөхрийн ард бас оочерлоод зогсож байсан юм байна лээ. Тэгээд Э гэх тэр ахыг нөхөр бид 2 хэдий яарч байсан ч гэсэн голдоо оруулаад зогсоосон. Тийм байхад тэр ах намайг 3 удаа түлхсэн. Штамб дарж байгаа хүн нь хойшоо зогс гэж бид нарыг загнасан. Нөхөр бид 2 Э ахад зөндөө хэлж учирлаад байхад зүгээр зогсохгүй татаж түлхээд байсан. Манай нөхөр хүртэл учирлаад тэр ахыг та Замын-Үүд рүү ороод л гэртээ хариад унтчих юм байна ш дээ, бид нар цаашаа хол явна, 19 цагийн автобусанд амжих хэрэгтэй байна гэж хэлсэн. Э ах нэг эргэж ирж оочерлоод, гарч яваад л тэрүүгээр зөндөө согтуурхсан. Сүүлдээ нөхөр маань учирлаж хэлсний төлөө Э ах би нутгийн хүн, та нар муусайн юу юм бэ, би түрүүлээд штамб даруулна энэ тэр гээд агсамнаад эхэлсэн. Энэ үед манай нөхөр Э ахыг зүүн гараараа нэг удаа хацарт нь зөөлөн алгадсан. Э ахыг согтуу хүн болохоор хойшоо унахдаа баруун тохойгоороо плита шалан дээр тулж унасан. Ингэхдээ баруун тохойны арьсыг нь язалчихсан. Штамбаа даруулаад гарцгаасны дараа нь төв талбай дээр зогсож байтал Э ах эхнэртэйгээ ирсэн. Би Э ахыг дагуулаад эмнэлэг руу явж тохойд нь 2 оёдол тавиулсан. Э ахын эхнэр нь цагдаад хэлнэ гээд манай нөхрийг цагдаа дээр үлдээсэн. Тухайн үед штамбанд оочерлож байсан хүмүүсийг би танихгүй. Э ах 10 орчим хүн л оочерлож байхад оочер булаацалдаад хэл ам хийгээд ийм юм болчихлоо. Э ах л ганцаараа согтуу байсан, бусад нь эрүүл байсан гэжээ. /хх-ийн 08/

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө нөхөр Ц.Э-н хамт Эрээн гарчихаад орой нь Замын-Үүд рүү орж ирсэн. Орой 18 цагийн үед хил хаах үеэр Монголын хил дээр штамб даруулахаар очиход 10 орчим хүн оочерлон байсан. Миний ард 2 хүн байсан. Би оочерлогоо тэр 2 хүнтэй юм яриад зогсон байсан манай нөхөр тэрүүгээр яваад намайг дуудаад байсан. Би яах гээд байгаа юм гээд дуудсан боловч архи уучихсан байсан болохоор тэрүүгээр хүмүүсийн урдуур хойгуур ороод гуйваад яваад байсан. Миний урд ямар хүмүүс оочерлож байгааг би анзаараагүй. Тэгтэл манай нөхрийн хойно зогсож байсан нэг залуу Э-г зүүн гараараа нэг удаа хацарт нь алгадаад унагасан Э согтуу байсан болохоор хойшоо саваад унасан. Унахдаа баруун тохойгоороо плита шалан дээр цохиод тулж унасан. Ингэхдээ баруун тохойны арьсыг нь язалчихсан байсан. Би А гэх тэр залуу руу очоод яагаад согтуу хүн цохиж байгаа юм гэж хэлсэн. Ингээд А ч штамбаа даруулаад гараад явсан. Тэнд хэл ам хийгээгүй. Э тохой эвгүй болчихлоо гэж байсан. Би алгадсанд нь юм бодоогүй. Би Э-н тохойг барьж үзтэл нэг юм томбойгоод байхаар нь би мултарчихаж гэж бодсон. Ингээд Э бид 2 хил орчмын автобусаар төв талбай дээр ирээд буусан чинь А эхнэртэйгээ зогсож байсан. Тэгэхээр нь очиж уулзаад А-г цагдаа руу дагуулж орсон. Тохой нь мултарсан юм шиг байна. Энийгээ үзүүлж харуулж өг гэж хэлсэн. А болохоор алгадахад гайгүй л баймаар юм даа, цагдаа дээр очиж мэдэгдцгээе гээд бүгд цагдаа орсон. Тэрнээс А-д гомдолтойдоо цагдаад авчирсан юм биш, тохойг нь үзүүлэх гэж л цагдаа орсон. Цагдаа дээр ирэхэд А-г авч үлдээд, Э-г эмнэлэг яв гэсэн. А-н эхнэр Л Э бид 2-ыг дагуулаад эмнэлэг орж тохойг нь үзүүлсэн. Арьс нь язраад ангайчихсан байсныг 2 оёдол тавьж өгсөн. Тооцоог нь Л хийсэн. Э бид 2 А-д ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 09-10/

- Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

- Шинжээчийн 02/0363 дугаартай дүгнэлт: 1.Ц.Э-н биед баруун тохойнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  /хх-ийн 13/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 11-12/

- Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 26, 30/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 32-33/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч У.А нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр баг Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтын шалган нэвтрүүлэх цэг дээр хохирогч Ц.Э-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар цохиж, цохиулсаны улмаас газар унаж хохирогчийн биед буюу баруун тохойнд нь шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Э-н “....Тэгээд 18 цагийн үед Монголын хил дээр штамб даруулахаар оочерлох үедээ хил хаачих гээд яараад хүмүүсийн урдуур орж даруулах гэсэн. Хүмүүс оочер л гээд хэл ам хийгээд байсан ба нэг залуугийн урдуур орж зогссон. Тэр залуу намайг энд зогсчих ах гээд оруулж байсан. Би согтуу болохоор хойшоо урагшаа хүн мөргөөд хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгтэл тэр залуу уурлаад намайг оочероос гар гээд татаж гаргаж ирээд зүүн гараараа миний баруун хацарт 1 удаа алгадасан. Ингээд би согтуу болохоор газар баруун тохойгоороо тулж унасан” гэх мэдүүлэг, гэрч Э.Л “...Тэгээд Э гэх тэр ахыг нөхөр бид 2 хэдий яарч байсан ч гэсэн голдоо оруулаад зогсоосон. Тийм байхад тэр ах намайг 3 удаа түлхсэн. Штамб дарж байгаа хүн нь хойшоо зогс гэж бид нарыг загнасан. Нөхөр бид 2 Э ахад зөндөө хэлж учирлаад байхад зүгээр зогсохгүй татаж түлхээд байсан. Манай нөхөр хүртэл учирлаад тэр ахыг та Замын-Үүд рүү ороод л гэртээ хариад унтчих юм байна ш дээ, бид нар цаашаа хол явна, 19 цагийн автобусанд амжих хэрэгтэй байна гэж хэлсэн. Э ах нэг эргэж ирж оочерлоод, гарч яваад л тэрүүгээр зөндөө согтуурхсан. Сүүлдээ нөхөр маань учирлаж хэлсний төлөө Э ах би нутгийн хүн, та нар муусайн юу юм бэ, би түрүүлээд штамб даруулна энэ тэр гээд агсамнаад эхэлсэн. Энэ үед манай нөхөр Э ахыг зүүн гараараа нэг удаа хацарт нь зөөлөн алгадсан. Э ахыг согтуу хүн болохоор хойшоо унахдаа баруун тохойгоороо плита шалан дээр тулж унасан. Ингэхдээ баруун тохойны арьсыг нь язалчихсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Б “...Тэгтэл манай нөхрийн хойно зогсож байсан нэг залуу Э-г зүүн гараараа нэг удаа хацарт нь алгадаад унагасан Э согтуу байсан болохоор хойшоо саваад унасан. Унахдаа баруун тохойгоороо плита шалан дээр цохиод тулж унасан. Ингэхдээ баруун тохойны арьсыг нь язалчихсан байсан. Би А гэх тэр залуу руу очоод яагаад согтуу хүн цохиж байгаа юм гэж хэлсэн. Ингээд А ч штамбаа даруулаад гараад явсан” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Э-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0363 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч У.А-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2, 1.4, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үлээ.

Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.

Шүүгдэгч У.А нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.Б