Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 216/МА2022/00006

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 216/МА2022/00006

 

 

 

       Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

      Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 134/ШШ2022/00155 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Д.О, Н.Ц

          Хариуцагч Ж.О холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3 897 880 төгрөг, 5 151 300 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.О гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, Н.Ц, хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат /онлайнаар/, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

 

       Миний бие Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр байрны - дугаар орцны - тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5 давхрын айлаас ус алдаж, угаалгын өрөө, унтлагын өрөө, гал тогоо, том өрөөний тааз, хананы эмульс их хэмжээгээр урсан ховхорч мөн том өрөөнд дүүжин тааз норж пэмбийсэн. Угаалгын өрөөний хана, коридор болон том жижиг өрөөний паркетан шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Бүх өрөөний цахилгааны гэрэл шатаж, шалны халаалт усанд нэвчиж, ажиллахаа больсон. Ж.О нь түрээслэгчийг байрандаа оруулчихсан, надад хамаагүй гээд хаяж болохгүй, давхар сантехник дээр нь хяналт тавьж, үзэж харах ёстой. Би орон сууцны өмчлөгч Ж.О харилцан тохиролцож, засвар хийлгэх гэсэн боловч үнэлгээ хийлгэх санал тавьсан. Д.Д гуай өөрөө ирээд зургаа аваад явсан. Ингээд А б ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 3 897 880 төгрөг болсон тул хохирлыг Ж.О гаргуулна гэв.

 

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

 

       Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар багийн - дүгээр байрны - дугаар орцны - давхрын - тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 6 цагийн үед 129 тоотоос маш их хэмжээний ус алдаж, 2 өрөө байрны бүх хэсэг усанд автсан. Тухайн үед хэдэн хүүхдүүд гэрт байсан. 6 цаг 40 минутын үед над руу ярьсан. Намайг ирэхэд 4 хүүхэд коридортоо уйлалдаад байж байсан. Охин маань усан дунд тог цохиод байна гэхээр нь би хүүхдээ аваад хөдөө явсан. Гэрт байх ямар ч боломж байгаагүй. Шагайнаас дээш татсан ус байсан. Болконоос ус хана дагаад гоожсон байсан. Манай гэрийн обой, замаск, эмульс хуурч унах, цонхны амалгаа нурсан, үс хөрстэй малгай, дээл хувцас, тавилга хэрэгсэл, дрож, паркетан шал зэрэг гэрт байсан бүх зүйл норж, ихэнх зүйл дахин ашиглах боломжгүй болсон. Манайд бүтэн юм гэж байхгүй. Бүх обой хатаад хуураад унасан. Энэ хүн мөнгө өгсөн ч би өөрөө мөнгө нэмж эд зүйлээ авна, байраа засна. Ус алдах үед УСДУ ОНӨААТҮГ-ын сантехникч У.Б-Э дуудлагаар ирж, 129 тоотын паарны хий авагч крант хугарч ус алдсан болохыг хэлсэн. Би 129 тоотын өмчлөгч буюу хариуцагч Ж.О хохирол барагдуулахыг шаардахад 500 000-1 000 000 төгрөг өгье гэсэн санал болгосон ба уг мөнгөний хэмжээ нь бодит хохирлоос маш бага байсан учир би татгалзсан. Улмаар хариуцагч хохирлын үнэлгээ хийлгэхийг санал болгосны дагуу А б ХХК-иар үнэлгээ хийлгүүлгэхэд зөвхөн орон сууцанд учирсан хохирлын хэмжээг 2 925 800 төгрөгөөр үнэлсэн байсан. Манай байрыг бага дүнгээр үнэлсэн байсан. Энэ үнэлгээнд тавилга, ахуйн эд хогшилд учирсан хохирлыг оруулж тооцоогүй байсан учир оёдлын машин 200 000 төгрөг, хувцасны шкаф, ор, гоо сайханы ширээний ком 1 400 000 төгрөг, булган малгай 300 000 төгрөг, дрож 150 000 төгрөгөөр би өөрөө үнэлсэн. Оёдлын машин бол дээр үеэс өв уламжлагдаж ирсэн. Оёдлын машин, ор шкаб, сандал, ширээ, дрож, булган малгай гээд 2 050 000 төгрөгний үнэлгээ нь шинээр худалдаж авах дүн биш, авсан үнээсээ доогуур үнэлсэн. Оёдлын машин гацаад ямар ч юм оёх боломжгүй болсон. Сандал, ширээ, шкафыг бууцан дээр аваачаад хаячихсан. Булган малгай миний толгойд таарахгүй болсон. Дрожийг хаясан ба шкафны доод хэсэгт хайчилсан хэсэг нь байгаа. Ж.О энэ эд зүйлээ үзүүлсэн, дараа нь Л.Э хамт ирж, дахиж үзсэн. Хөрөнгийн үнэлгээний газраар тавилга, ахуйн эд хогшлоо үнэлүүлэхийг би мэдэхгүй болохоороо үнэлүүлээгүй. Миний бие малчин хүүгийн болон оюутан охиныхоо 0-8 насны 4 хүүхэд асрамжилж суудаг бөгөөд энэ нөхцөл байдлаас үүдэн амьдрахад хэцүү, тав тухтай байдал алдагдаж, 3 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндээрээ хохирсон. Хариуцагч эд хөрөнгийн хохирлыг яаралтай барагдуулахгүй бол амьдрах нөхцлөөс шалтгаалсан эрүүл мэндийн хохирлыг мөн нэхэмжлэх болно. Тухайн хоёр хүн хоорондоо хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр байраа түрээсэлсэн байгаа. Тухайн үед Ж.О өөрөө түрээсийн орлого олж байсан. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар эзэн нь төлөхгүй, түрээслэгч нь төлнө гэж яриад байх шиг байна. Би сайн ойлгохгүй байна. Түрээслэх болон түрээслүүлж байгаа хоёр хүн ус алдах гээд янз бүрийн асуудлыг сэрэмжлүүлэх ёстой байх гэж би бодож байна. Миний хувьд дээрээс ус гоожоод миний эд хөрөнгийг байхгүй болгочихсон учраас хариуцагч Ж.О өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Ус-Ду-г би мэдэхгүй. Иймд миний эд хөрөнгөд хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас их хэмжээний хохирол учруулсан Ж.О орон сууцанд учирсан хохирол 2 925 800 төгрөг, тавилга эд хогшилд учирсан хохирол 2 050 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 175 500 төгрөг, нийт 5 151 300 төгрөгийг гаргуулна гэв.

 

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

 

      Хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоот орон сууцны өмчлөгч нь миний бие мөн хэдий ч тус орон сууцыг 2020 оны 04 дүгээр сараас Л.Э нь хөлслөн амьдарч байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөөний 6 цагт уг орон сууцанд ус алдахад Л.Э эзэмшиж байсан. Л.Э манай орон сууцыг хөлслөн амьдарч байхдаа 2020 оны 04 дүгээр сард 120 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 320 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 930 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 50 000 төгрөг, нийт 1 420 000 төгрөгөөр орон сууц хөлсөлсөн зардлаасаа суутган засвар хийсэн. Би Л.Э орон сууцаа хөлслүүлэхдээ засвар үйлчилгээнийхээ зардлыг надад хэлээрэй гэдэг байсан ба Л.Э ч хэд хэдэн удаа засвар хийх саналыг тавьж, дээрх мөнгөөр орон сууцанд засвар хийсэн. Тухайн орон сууцны өмчлөгч миний бие мөн хэдий ч тухайн үед эзэмшигч нь Л.Э байсан тул тус орон сууцны ямар эд анги, тоног төхөөрөмж муудаж байгааг мэдэх боломжгүй юм.

Гэм хорын улмаас учирсан хохирлыг арилгуулахад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Нэгдүгээрт, хэний буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас гэм хор үүсэх шалтгаан болсон, тэр үйлдлийнх нь улмаас хичнээн төгрөгний хохирол учирсан гэдгийг хөдөлбөргүй тогтоосны дараа энэ төрлийн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Тиймээс өмнөх хурал дээр хэний буруутай үйлдэл байсан, хичнээн төгрөгний хохирол учирсан, юунаас болж ус алдсан юм бэ гэдгийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаад, үүний дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан. Нэгдүгээрт, шинжээчийн дүгнэлтийн нэг дэх заалтаар зориулалтын бус хаалтыг хийсэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь хийх ёсгүй хаалтыг хийсэн гэсэн агуулгатай байсан. 2020 оноос хойш Ж.О нь Л.Э гэдэг хүнд орон сууцаа хөлслүүлдэг байсан нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Л.Э нь тухайн орон сууцыг эзэмших, ашиглах явцдаа тухайн орон сууцны эвдрэл, засвар үйлчилгээг хариуцаж байсан гэдгээ өөрөө болон бусад этгээдүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Нэг ёсондоо тухайн сарынхаа төлбөрөөс эсхүл тухайн улиралд төлөх ёстой төлбөрөөсөө энэ сард ийм төрлийн засвар үйлчилгээг хийх шаардлагатай байна гэдгээ өөрөө тодорхойлоод, үүнтэй холбоотой засвар үйлчилгээг хариуцаад, мөнгийг нь суутгаж аваад явж байсан байна. Хоёрдугаарт, Л.Э нь тухайн орон сууцыг эзэмших, ашиглах явцдаа орон сууцны түлхүүрийг өмчлөгчид өгөөгүй. Байранд нэгэнт ороод суусан, засвар үйлчилгээг нь хариуцаад явж байгаа, миний өмчлөлийн эд зүйлүүд байгаа учраас би танд түлхүүрээ өгөх ёсгүй, өгөх шаардлагагүй, нэг ёсондоо би энэ байрны аюулгүй байдал, өмч хөрөнгөө хариуцаад явж байгаа гэсэн үүднээс түлхүүрийг өгөөгүй байна. Ингэж эзэмшиж, ашиглах явцдаа шугам хагарч задарсан хаалтыг Ус-Ду-гаар засуулсан гэдэг мэдүүлэг байдаг. У.Б-Э гэдэг хүн өөрөө ирж үзээд, засварыг хийсэн. У.Б-Э нь одоо засах шаардлагагүй гээд резин тавиад явчихсан гэж байгаа. Тодорхой хэмжээний засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байна гэж үзэж байгаа. Үүнээс Л.Э тухайн орон сууцны дотоод аюулгүй байдал, өөрийнхөө өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаад явж байсан гэдэг нь харагдаж байна. Ж.О нь өмчлөгч гэдэг утгаараа ороод ирчихсэн болохоос гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгааг тодорхойлох боломжгүй. Гуравдугаарт, гэм буруугийн хохирлыг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тухайн этгээд хариуцах ёстой. Харин заавал өмчлөгч нь хариуцна гэсэн зүйл байхгүй. Гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд байсны үндсэн дээр гэм буруутай үйл ажиллагааны үндсэн дээр хохирол учруулсан этгээд өмчлөгч мөн эсэхээс үл хамаараад хариуцвал зохистой гэж үзэж байна. Тиймээс энэ гэм хорын хохирол учруулахад Л.Э үйл ажиллагаа байсан байна. Хоёрдугаарт, Ус-Ду-гийн ажилтан усыг орцоор нь хаах эсхүл байраар нь хаах шугам байх ёстой гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тухайн хаалтыг хаачихсан байвал 5 минутын хугацаанд тухайн усыг зогсоох боломжтой, ямар ч ус алдахгүйгээр зогсоох боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Мөн тухайн хаалтыг хаагаагүйн улмаас тэр шугамаар 20 тонн ус алдсан байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Эдгээр үйл ажиллагаан дээр хаалтыг хаагаагүй ажилтан буруутай. Ажилтан буруутай ч гэсэн ард нь мэргэжлийн байгууллага байгаа учраас хаалтуудыг тогтмол засвар үйлчилгээ хийлгээд явж байх үүрэгтэй албан байгууллага, нэгж нь хариуцах ёстой. Л.Э, У.Б-Э нарын буруутай үйл ажиллагаа байсны улмаас хохирол учирсан, мөн хохирлын хэмжээг үлэмж нэмэгдүүлчихсэн. Хариуцагч нартай хоорондоо уулзаад ярилцах, эвлэрэх талаар ярих гэхээр өмнөх шийдвэр нь ингээд гарчихсан учраас та хариуцах ёстой, гуравдагч этгээдээр хамтран хариуцагчаар буруутай этгээд болон Ус-Ду-г хариуцагчаар оролцуулъя гэдэг хүсэлт гаргахаар хүсэлтийг зөвшөөрдөггүй. Хариуцагчаа нэхэмжлэгч өөрөө сонгох эрхтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д хэд хэдэн этгээд гэм хор учруулахад хамтран гэм хорыг учруулсан байвал тухайн этгээдүүд хамтран гэм хорыг хариуцахаар зохицуулсан ба бүх гэм буруутай этгээдүүд энд байж, энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хоёрдугаарт, тухайн шийдвэртэй холбоотой хэлэхэд Ж.О буруутай гэж үзээд, ирээдүйд гэм буруутай этгээд тогтоогдвол нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээсэн нь байх боломжгүй гэж үзээд байгаа. Учир нь гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсоны үндсэн дээр үүдсэн хохирлыг төлүүлэхээр зохицуулсан байгаа. Тэгэхээр энэ хурлаар Ж.О гэм буруутай гэж үзээд шийдвэрлэчихвэл дахиад Ж.О нь Ус-Ду юм уу, Л.Э гэдэг хүмүүсээс шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байна. Хоёрдугаарт, гэм буруутай гээд нэгэнт шийдвэрээр тогтоогдсон бол дахин өөр этгээдийг гэм буруутай гэж үзээд тухайн хүнээс хохирлыг гаргуулах боломжгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр баримтаар гаргаж өгсөн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Баримтгүй хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд гэм буруутай этгээдийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  1. Иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ:

 

       Зориулалтын бус хий авагч тавиулсаны улмаас ус алдсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Ж.О нь иргэн Д.О, Н.Ц нарын нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Ж.О гэм хорын хохиролд 3 897 880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, 5 151 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.О, Н.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 687 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О улсын тэмдэгтийн хураамжид 174 687 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О 77316 төгрөг, нэхэмжлэгч Н.Ц 97 371 төгрөгийг тус тус олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

  1. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Ж.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

      Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 134/ШШ2022/00155 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэлийг дурдахдаа нэхэмжлэгч нар нь хариуцагч Ж.О эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гээд, 9-д нэхэмжлэгч Ц эд хөрөнгөө өөрөө үнэлж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбарыг дүгнэн бичсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэртээ бичсэн эдгээр үндэслэл, дүгнэлтүүд нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд

“... орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэжээ. Тус зүйлд зааснаар ...инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн дариу мэдэгдэж, засвар үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэсэн ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд Ж.О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын -р баг, Найрамдал хотхоны - тоотод оршин суугаагүй байсан. Харин Э нь орон сууцыг хөлсөлж, оршин сууж байсан талаараа мэдүүлдэг ба энэ үйл баримт нь гэрч Т, хариуцагч Ж.О нарын мэдүүлэг, тайлбар, хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт зэргээр давхар тогтоогддог. Өөрөөр хэлбэл оршин суугч гэж орон сууцанд бодитоор зориулалттай хэсгийг ашиглахдаа, ... бусад өмчлөгчийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашгийг зөрчихгүй байх” гэжээ. Дээрх өмчийн эрх зүйн зохицуулалт нь өмчлөгч өөрийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглах, хамгаалахдаа бусад өмчлөгчийн эрхийг зөрчихгүй байхыг үүрэг болгосон. Ж.О хувьд ус алдсан байрны өмчлөгч нь мөн боловч, бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан гэх цаг хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаагүй ба үүнээс үүдэлтэй үүргийг хүлээхгүй. Харин өөрийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан тохиолдолд энэ зохицуулалт нь хамааралтай юм. Энэхүү зохицуулалтын дагуу гэм хор учруулсан тохиолдол бүрт өмчлөгчийг буруутгаж, түүнд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд үл нийцэх ба бусад этгээдийг хариуцлагаас чөлөөлөх, завшуулах сөрөг үр дагаварт хүргэнэ.

          … Гэтэл хариуцагчийн гэм буруутай эсэхийг үл харгалзан өмчлөгч гэдэг үндэслэлээр түүнийг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн нь алдаатай. Хэдийгээр шүүхийн шийдвэрт Ж.О хуульд заасан журмын дагуу үүрэг хүлээнэ гэсэн боловч үүрэг болгосон гээд байгаа хууль, түүний холбогдох заалтуудыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан дүгнэлт бүхэлдээ хууль хэрэглээний алдаатай гэж үзэхээр байна. Мөн уг хялбарчилсан хаалтыг хариуцагч Ж.О суурилуулаагүй мөн, тухайн хаалтыг оршин суугч, хөлслөгч Э мэргэжлийн байгууллага /Ус Ду ОНӨААТҮГ/-д хандаж засварлуулахаар дуудлага өгсний дагуу Б-Э гэх хүн ирж үзээд солих шаардлагаггүй гээд резин тогтоогч хийгээд явсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл О хаалтыг хийлгэсэн, засвар үйлчилгээг нь хариуцах ёстой гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Гэтэл шүүх энэхүү үйл баримтыг үгүйсгэж Ж.О оршин суугч гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148.2-т заасан орон сууц өмчлөгчийн үүрэг болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх, 13.2.4-д өөрийн сууцны доторх засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх, 13.2.5-д гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй, 13.2.6-д сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтанд үндэслэж тухайн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь “орон сууцны дундын өмчлөлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль юм. Тухайлбал тус хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино 3.1-д “Энэ хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, сууц өмчлөгчдийн холбоо, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилнэ”, 3.2-т “Орон сууцны байшинг дангаар өмчлөх харилцаанд энэ хууль үл хамаарна” гэж зохицуулах харилцаа болоод үйлчлэх хүрээг маш тодорхой заасан байхад анхан шатны шүүх орон сууцны дангаар өмчлөлтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ тус хуулийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. “... Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ” гээд 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх”, 148.2.2-д “сууц, сууцны бус хариуцагчаар оролцоогүй этгээд /Ус-Ду ОНӨААТҮГ, Л.Э/-ийн гэм буруугийн талаар шүүх дүгнэж шийдвэрлэх боломжгүй, хэрэв гэм хор учруулахад бусад этгээдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй гэсэн агуулгаар мөн дүгнэжээ. Энэхүү дүгнэлт нь логикийн хувьд зөрчилтэй дүгнэлт болжээ. Гэм хорын хохирлыг нэхэмжилхэд хэн буруутай вэ? гэдгийг баттай тогтоосны үндсэн дээр гэм буруугийн хэмжээнд нь тохируулан хариуцах нь хуулийн зохицуулалт, үзэл баримтлалд нийцнэ. Энэхүү дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруу, түүний хэм хэмжээг бүрэн тогтоогоогүй бөгөөд хэрэв шийдвэр үндэслэлгүй, гэм бурууг бүрэн тогтоож чадаагүй бол дараа энэхүү асуудлыг дахин шийдвэрлүүлэхэд саад болохгүй гэдэг агуулгаар шийдвэрээ гаргасан гэж ойлгогдож байна. Нэг талаас Ж.О буруутай гэж үзээд түүнд хариуцлага хүлээлгэж байгаа боловч өөр этгээдийг мөн буруутгаж нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” Мөн хуулийн 65 дугаар зүйлд заасан 65.1.6-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр ... байгаа” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээж авахгүй” гэж заасан хуулийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д заасан нь хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй тухайд: Ус алдаснаас нэхэмжлэгч Н.Ц тавилга, эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургуудаар тогтоогдож байх бөгөөд тухайн эд хөрөнгөө өөрөө үнэлж, 2050000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасантай нийцнэ. Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс энэхүү хохирлын үнэлгээг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэжээ. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэсэн нь талуудын хооронд хэлэлцэгдээгүй бөгөөд маргааны зүйлтэй хамааралгүй асуудал юм. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн баталгаа, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар маргаагүй, харин үнэлгээ хууль ёсны дагуу хийгдэх ёстой. Энэ талаараа нэхэмжлэгч бодит үнэлгээг тогтоосон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д учирсан бодит хохирлыг арилгахаар тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдагдсан 2050000 төгрөгийн бодит хохирол учирсан гэдгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нөгөөтэйгүүр баримтаар нотлоогүй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хувьд баримт зохиож няцааж болохгүй юм. Шүүх аливаа хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг үнэлэхдээ хуулийн шаардлага хангасан баримт эсхүл Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан мэргэжлийн үнэлгээний байгууллагаар тогтоосон хэмжээгээр үнэлж шийдвэрлэдэг нь нэгэнт тогтсон жишиг. Гэтэл өөр хөрөнгийн /орон сууцанд учирсан хохирол/ үнэлгээг тогтоосон баримтад хавсаргагдсан зургийг үндэслэж, нэхэмжлэгчийн ямар нэг баримтад тулгуурлаагүй, зах зээлийн судалгаагүй үнэлгээг үнэн зөв гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэх зарчимд нийцээгүй. Гэм буруугийн тухайд хариуцагчийн хувьд ус алдасны улмаас нэхэмжлэгч нарын орон сууцанд гэм хорын хохирол учирсан гэдэгтэй маргадаггүй. Харин энэхүү учирсан гэм хорыг Ж.О учруулаагүй, гэм буруугүй гэж маргаж, баримтаар нотолдог. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Анхан шатны шүүх Ж.О гэм бурууг тогтоолгүйгээр, орон сууцны өмчлөгч гэдгээр нь түүнийг буруутгасан. Хариуцагчийн хувьд харин ч гарч болох гэм хорын хохирлын хэмжээг багасгаж, алдагдаж байсан усыг зогсоосон байдаг. Харин оршин суугч Э нь 2020 оноос хойш тус орон сууцанд амьдарч байх хугацаандаа орон сууцны дотор, шугам сүлжээний засвар үйлчилгээг хариуцаж холбогдох тооцооноос суутгуулж байсан. Энэхүү үйлдлээрээ өөртөө эдийн засгийн тодорхой давуу байдлыг үүсгэж байсан. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлж орон сууц доторх өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчийн эд зүйлийг халдлагаас хамгаалах зорилгоор өмчлөгч Ж.О түлхүүр өгөхгүй, хаалганы голыг сольсон байдаг. Энэ нь орон сууцанд өмчлөгч нэвтрэх боломжгүй нөхцлийг бүрдүүлэхээс гадна, ус алдсан даруйд шугамыг хаах боломжгүй болгосон. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ус алдаж, өглөөний 6 цаг 27 минутад Ус-Ду ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн байдаг. Үүний дагуу ажилтан Б-Э 6 цаг 45 минутад усыг бүрэн хаасан гэдэг боловч 09 цаг 09 минутад хаалгыг эвдэж ороход шугамын ус хаагдаагүй байсан нь гэрч Б, А, утасны бичлэг зэргээр тогтоогддог. Дээрх хугацаанд 20 тонн орчим ус алдагдсан байх магадлалтай, алдагдсан усыг мэргэжлийн байгууллагын ажилтан хаах ёстой байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнээс дүгнэхэд оршин суугч Э Ус-Ду ОНӨААТҮГ нь гэм буруутай гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан. Иймд гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 134/ШШ2022/00155 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

                                              ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

          Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх ба хариуцагч Ж.О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын -р баг, Найрамдал хотхоны - тоотод оршин суугаагүй байсан. Харин Э нь орон сууцыг хөлсөлж, оршин сууж байсан, ... хариуцагч Ж.О хувьд ус алдсан байрны өмчлөгч нь мөн боловч, бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан гэх цаг хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаагүй, ... уг хялбарчилсан хаалтыг хариуцагч Ж.О суурилуулаагүй, тухайн хаалтыг оршин суугч, хөлслөгч Э мэргэжлийн байгууллага /Ус Ду ОНӨААТҮГ/-д хандаж засварлуулахаар дуудлага өгсний дагуу Б-Э гэх хүн ирж үзээд солих шаардлагаггүй гээд резин тогтоогч хийгээд явсан, ... нэхэмжлэгч бодит үнэлгээг тогтоосон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ... Ж.О гэм бурууг тогтоолгүйгээр, орон сууцны өмчлөгч гэдгээр нь түүнийг буруутгасан, ... өглөөний 6 цаг 27 минутад Ус-Ду ОНӨААТҮГ-т дуудлага өгсний дагуу ажилтан Б-Э 6 цаг 45 минутад усыг бүрэн хаасан гэдэг боловч 09 цаг 09 минутад хаалгыг эвдэж ороход шугамын ус хаагдаагүй байсан, ... оршин суугч Э, Ус-Ду ОНӨААТҮГ нь гэм буруутай гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог, ... гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх нь зүйтэй байх тул ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

          

1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, үнэлгээний тайлан зэрэгт үндэслэж,  “А б” ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон үнэлгээний тайлан, “УСДУ” ОНӨААТҮГазар болон багийн Засаг даргын тодорхойлолтууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

 

2. Хариуцагч Ж.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж хариуцагчийг солих болон гэрч асуулгах хүсэлтүүд, байр хөлслүүлсэн үеийн тооцоо, байрны хөлсөнд мөнгө авсан дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуульд зааснаар зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсоноор бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн  148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 13.2.5, 13.2.6, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д тус тус зааснаар хариуцагч Ж.О нь өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх, мөн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах, сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол  эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ж.О өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - дүгээр байрны - тоот орон сууцны мухрын өрөөний паарны хий авагч эвдэрснээс ус алдаж нэхэмжлэгч Д.О өмчлөлийн - тоот, нэхэмжлэгч Н.Ц өмчлөлийн - тоотод гэм хор учирсан ба талууд гэм хор учирсан талаар маргаагүй байна.

 

Шүүх хариуцагч талаас хөлслөгч Д.Э, Ус-Ду ОНӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул  хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн  нь хууль зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм хор учруулагчаас шаардах эрхтэй болохыг, мөн Орон сууцны тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4, 148.2.7 дахь заалт зэргийг зөв тайлбарласан хэрэглэсэн ба энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Хариуцагчаас ус алдсан шалтгаан нь орон сууц хөлслөгч нь зориулалтын бус хий авагч суурилуулсан, уг хий авагч элэгдэлд орсноос ус алдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж  байх ба  хариуцагч нь  гэм хорын хохирол учруулахад бусад этгээдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзвэл түүний шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлтэй юм.

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хохирлын үнэлгээ гаргасан “А б” ХХК-ийн “тусгай зөвшөөрөл”-ийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэйн зэрэгцээ уг үнэлгээг эрх бүхий этгээд хийгээгүй, хууль бус гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Ц тавилга, эд хөрөнгөд гэм хор учирсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургуудаар тогтоогдсон ба тухайн эд хөрөнгүүдээ өөрөө үнэлж 2 050 000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 134/ШШ2022/00155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                   А.САЙНТӨГС 

                         ШҮҮГЧ                                                   О.ОДНЯМАА