| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0110/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,
Орчуулагч Г.М,
Шүүгдэгч В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В-д холбогдох эрүүгийн 1820002210110 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, эрэгтэй, ... настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БНХАУ-ын Гансу муж, Луннан хот Хуй сумд оршин суух, урьд ял шийтгэлгүй, В,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хориглосон бараа болох 939,359 төгрөгийн үнэ бүхий 9,7 грамм алтыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч В мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2018 оны 09 сарын 28-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн биедээ шар өнгийн металл эд зүйлсийг тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрч байна. ... Гаалийн рентген аппаратанд шалгуулахад байцаагч намайг дуудаад цүнхээ шалгуул гэсэн. Тэгээд цүнхээ нээж шалгуулаад шороог гаргасан. Түүний дараа карманаас бусад зүйлсийг гаргасан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,
- Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2018 оны 09 сарын 28-ны өдөр Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах талд үүрэг гүйцэтгэж шалгалт хийж байхад БНХАУ-ын иргэн В нь цүнхний дотор талд жижиг тасалгаанд гялгар уутанд бага хэмжээний буюу 35,51 грамм металлын агууламжтай байж болох шороо мэт зүйл байсан. Шалгалтыг үргэлжлүүлэн шалгахад өмсөж явсан хүрэмний халаасанд мөн бага хэмжээний 9,73 грамм орчим шар өнгийн металлыг цаасан салфетиканд боосон байдалтай байсныг илрүүлсэн холбогдох арга хэмжээг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,
Шинжээчийн дүгнэлтийн хуудас: 2018 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс Үнэт металл сорьц тогтоох лабораторит шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт авахаар ирүүлсэн
1. 9,73 грамм шар өнгийн металлыг шууд шинжилгээ хийх боломжгүй байсан тул холбогдогчийн өмгөөлөгч Э.Б /01492/-ын хяналтан дор хайлж 9,02 грамм болсон. Тухайн металлаас дээж авч шинжилгээ хийхэд 921,21% алт, 70% мөнгө гэж тодорхойллоо.
2. 28,99 грамм, 35,51 грамм нийт 64,50 грамм хайлалтын шлагийг шууд шинжилгээ хийх боломжгүй байсан тул холбогдогчийн өмгөөлөгч Э.Б /01492/-ын хяналтан дор хайлж 3,47 грамм металл ялгасан. Тухайн металлаас дээж авч шинжилгээ хийхэд 896,27% алт, 80% мөнгө гэж тодорхойлогдсон.
3. Дээрх 2 металлаас дээж авч шинжилгээ хийсэн аргын стандарт нь олон улсын MNS/SO11426 стандартын дагуу хийгдсэн болно.
4. 9,73 грамм шар өнгийн металлыг шууд шинжилгээ хийх боломжгүй байгалийн бусад хольцтой байсан тул дахин хайлахад 9,02 грамм болж хайлалтаас 0,71 грамм хорогдол гарсан.
5. 64,50 грамм хайлуулалтын үлдэгдэл шлагийг хайлахад 3,47 грамм металл ялгарсан ба үлдэгдэл 61,03 грамм нь металл биш хольц хаягдал үлдсэн.
6. 9,02 грамм металлыг 05, 3,47 грамм металлыг 06 гэж дугаарласан бөгөөд сорилтын үр дүнгийн хуудсыг хавсаргав” гэсэн дүгнэлт /хх-ийн 42/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч В нь 2018 оны 09 сарын 28-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хориглосон бараа болох 939,359 төгрөгийн үнэ бүхий 9,7 грамм алтыг хууль бусаар нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч В нь 2018 оны 09 сарын 28-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хориглосон бараа болох 939,359 төгрөгийн үнэ бүхий 9,7 грамм алтыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч В нь 2018 оны 09 сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр хориглосон бараа болох алтыг хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.О “...БНХАУ-ын иргэн В нь цүнхний дотор талд жижиг тасалгаанд гялгар уутанд бага хэмжээний буюу 35,51 грамм металлын агууламжтай байж болох шороо мэт зүйл байсан. Шалгалтыг үргэлжлүүлэн шалгахад өмсөж явсан хүрэмний халаасанд мөн бага хэмжээний 9,73 грамм орчим шар өнгийн металлыг цаасан салфетиканд боосон байдалтай байсныг илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч В-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлуудыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч В нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 9,7 грамм алтыг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч В нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 9,7 грамм алтыг улсын орлого болгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н