Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0882/З |
Дугаар | 001/ХТ2020/0432 |
Огноо | 2020-12-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/0432
Б.М , Г.О, Б.О,
Г.Б, Н.М нарын нэхэмжлэлтэй,
М сургуулийн Удирдах зөвлөлд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь,
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “М сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0401 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 508 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, Л.Э, М.Н, К.А нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0401 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М , Г.О, Б.О, Г.Б, Н.Мнараас М сургуулийн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан М сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 508 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.М нарын нэхэмжлэлтэй, М сургуулийн удирдах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 508 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ЗХШХШтХ) — ийн 123.2.1,127.2.4 - д заасныг үндэслэн бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Хэргийн шийдвэрүүдийн тухай: Уг хэргийг 2019 оны 06 сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж, 2019 оны 10 сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлүүд нь “анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээрх баримтуудыг бүрэн цуглуулж, сургалтын төлбөрийг тогтоосон тогтоолын улмаас нэхэмжлэгч 4-5 дугаар түвшний суралцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул...” гэсэн байдаг. Улмаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 сарын 10-ны өдөр хэргийг анхан шатны журмаар хэлэлцэн тус өдөр 128/ШШ2020/0401 тоот шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрт нэхэмжлэгч Б.М би давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 8 сарын 26-ны өдөр хэлэлцэн, дугаар 508 магадлал гарган нэхэмжлэгч Б.М миний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
5. Гомдлын шаардлагын үндэслэлийн тайлбар: 1. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 67.2, 64.3 заалтуудыг хэрэглээгүй шүүх хэрэглэх ёсгүй захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг удирдлага болгон гаргасан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль зүйн алдаагүй байна гэж дүгнэсэн байдаг. Тухайлбал, анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь “хариуцагч Гэгээрлийн сайдын 1999 оны Их, дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал батлах тухай 107 дугаар тушаалыг хэрэглэсэн нь хууль зүйн алдаагүй байна” гэж дүгнэжээ. Энд анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ)-ийн 67.2, 64.3 заалтуудыг хэрэглэх ёстой байсан.
6. ЗЕХ-ийн 67.2, 64.3-т захиргааны хэм хэмжээний актын хүчин төгөлдөр байдал, түүний бүртгэлийн талаар дараах байдлаар хуульчилсан байна. Үүнд: 67.2.3ахиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. 64.3.3ахиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ. Энэ тушаал нь захиргааны хэм хэмжээний актын шаардлага хангахгүй байгаа нь “Монгол Улсын Хууль зүйн, дотоод хэргийн яам”-ны 2020 оны 01 сарын 27-ны 3-2/13 дугаартай лавлагааны хуудсаар нотлогддог. Тус лавлагааны хуудаст “Гэгээрлийн сайдын 1999 оны “Их, дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 107 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна” гэсэн байдаг.
7. Өөрөөр хэлбэл Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчин төгөлдөр мөрдөх акт биш байх бөгөөд энэ нь мөн Захиргааны ерөнхий хуулиар бүртгэх, хянах, баталгаажуулах эрх хэмжээг олгосон төрийн эрх бүхий байгууллага болох хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүчин төгөлдөр лавлагаагаар баталгаажин хэрэгт авагдсан байна. Шүүхээс мөн уг хуулийн заалтыг хэрэглээгүй, Хууль зүй, дотоод хэргийн яамны лавлагааг үнэлээгүй буюу шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй байна. Энэ тушаал нь: 1-рт олон нийтэд нээлттэй биш, хариуцагчаас нотлох баримтаар гаргуулахыг шаардахад хариуцагчид тус тушаалын хуулбар нь байгаагүй тул шүүхийн журмаар архивын газраас гаргуулж авсан. 2-рт: Улсын байцаагчийн хүчин төгөлдөр дүгнэлтээр энэ тушаалыг цаг үеийн шаардлага хангахгүй, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй болохыг тогтоосон. Иймд шүүхээс хуульд тогтоомжид нийцээгүй, цаг үеийн шаардлага хангахгүй бичиг баримтад үндэслэн гаргасан шийдвэрт хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж хийсэн дүгнэлт нь хууль зүйн алдаатай дүгнэлт гэж үзэж байна.
8. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой ЗЕХ-ийн зохицуулалтыг хэрэглээгүй. Анхан шатны шүүхээс “...сургуулийн төлбөрийг шинэчлэн тогтоохдоо сонсох ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй...” гэж дүгнэжээ. Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй асуудал буюу мэдэгдэх ажиллагаатай холбоотой дүгнэлт гаргажээ. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулах журмыг ЗЕХ-ийн 27-р зүйлд зааж өгсөн бөгөөд М нь маргаан бүхий уг захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг ЗЕХ-д заасан журмын дагуу явуулаагүй, явуулсан гэдгээ шүүхэд нотлоогүй. Түүнчлэн, М-ийн маргаан бүхий уг захиргааны акттай холбогдуулан сонсох ажиллагаа явуулахад ЗЕХ-ийн 28-р зүйлд заасан “Сонсох ажиллагаа хийхгүй байх” нөхцөлүүдийн аль нь ч хамаарахгүй, эсхүл 28.2-т заасанчлан М-ийн Удирдах зөвлөл нь сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотлох үүргийнхээ дагуу нотлоогүй, нотлох баримтын шаардлага хангасан холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас “сонсох ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй байна” гэж хуулийн үндэслэлгүй дүгнэлт гаргасан бөгөөд, давж заалдах шатны шүүх мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хууль зүйн алдаатай магадлал гаргасан байна.
9. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байна. Шүүхүүд нь хариуцагчийн гаргасан нотлох баримт, тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
10. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь ЗХШХШтХ-ийн 34 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг үнэлэх”-тэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Зөрчсөн гэж үзэж буй заалтуудыг дурдвал: 34.1 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 34.2 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
11. Тухайлбал, анхан болон давж заалдах шатны шүүх “тус сургуулийн байгалийн ухааны салбар сургуулийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг баримталж, сургалтын төлбөрийг нь бодит өртгөөс нь 30% бууруулан, уг алдагдлыг бусад эрэлт, хэрэгцээ ихтэй алдагдалгүй ажиллаж байгаа сургуулиудаас дэмжлэг авч сургалтын үйл ажиллагааг явуулах бодлого баримталсныг буруутгах үндэслэлгүй’’ гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудад “ШУС, ХШУИС-ийн сургалтын төлбөрийг бүтээгдэхүүний бодит өртгөөр, БС, ОУХНУС, ХЗС-ийн ерөнхий сууриас бусад хичээлийн сургалтын төлбөрийг 20%-иар нэмэгдүүлэн тооцсон” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ШУС буюу түүний бүрэлдэхүүнд багтах байгалийн ухааны салбарын сургалтын төлбөрийг бодит өртгөөр нь тооцсон тухайгаа нотлох баримтаар гаргаж өгсөн атлаа шүүх хуралдаанд “30% бууруулан тооцсон” гэсэн тайлбар гаргасан байна. Харин шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
12. Шүүхийн журмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн яамдуудаас авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хариуцагчийн төлбөр нэмэх тооцооллоо үндэслэсэн гэх Гэгээрлийн сайдын тушаал нь хууль тогтоомжид нийцээгүй бичиг баримт болох тухайд төрийн эрх бүхий 2 байгууллагаас гаргуулан авсан нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Үүнд: “Улсын байцаагчийн 2018 оны 10 сарын 10-ны №5/09 дугаартай дүгнэлт”-д тус аргачлал нь хууль тогтоомжид нийцээгүй, цаг үеийн шаардлага хангахгүй байгаа тухай; Монгол Улсын Хууль зүйн, дотоод хэргийн яамны 2020 оны 01 сарын 27-ны 3- 2/13 дугаартай лавлагааны хуудас”-т энэ тушаал нь хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад бүртгэлгүй тухай тус тус заасан байдаг. Харин шүүхээс эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй байна.
13. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Боловсролын тухай хуулийн 36.12.4 Тус заалтад “сургалтын төлбөр ... - ийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох” нь Удирдах зөвлөлийн эрх хэмжээ гэж заажээ. Анхан шатны шүүхээс хариуцагчийг энэ эрх хэмжээнийхээ хүрээнд төлбөрөө нэмэх бүрэн эрхтэй гэж дүгнэсэн байх боловч хуулийн энэ заалт нь эрх олгохоос гадна мөн үүрэг оногдуулсан заалт байна. Өөрөөр хэлбэл, “зохих журмын дагуу” тогтоох нь хариуцагчид хуулиар оногдуулсан үүрэг бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн болохоо нотлох нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй байгааг шүүх харгалзаж үзэлгүй хариуцагчийг эрх хэмжээнийхээ хүрээнд төлбөрийг нэмэгдүүлэн тогтоосон гэж хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
14. Давж заалдах шатны шүүхээс "ЗЕХ-ийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гаргахаасаа өмнө нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт цуглуулж, үнэлж, нотлох баримтад суурилсан шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй, судалгаа, тооцоо, үндэслэлгүйгээр хэрэгжүүлсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Энд давж заалдах шатны шүүхийг ЗЕХ-ийн “4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэх заалтыг үндэслэн дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Харин энд заасан “үндэслэл бүхий байх” гэдгийг маргаан бүхий захиргааны актын хувьд “бодит тооцоолол хийж төлбөр нэмэгдүүлэх хувийг гаргах” гэж тайлбарлавал зохистой. Тийм ч учраас давж заалдах шатны шүүх “тооцоолол” гэх үгийг магадлалдаа нилээдгүй тусгажээ. Харин “тооцоолол” гэдэг үг нь “тооцоолох” гэх язгууртай бөгөөд “тооцоо хийх, тооцоо бодох” гэсэн утгатай.
15. Өөрөөр хэлбэл, тодорхой өгөгдөл буюу тоон өгөгдлүүдийг томъёо буюу аргачлалд оруулан математикийн үйлдэл хийж тодорхой хариу гаргах үйлдлийг тооцоолох гэж ойлгож байна. Хариуцагчийн зүгээс өөр хоорондоо зөрүүтэй тайлбаруудыг гаргаж өгсөн боловч тодорхой тооцоолол гаргаж өгөөгүй байхад “тооцоолол хийсэн, бодит нөхцөлд нийцсэн” гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүхийг ЗЕХ-ийн 4.2.5-г буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эдгээр болон бусад үндэслэлээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд тэр нь шийдвэрт нөлөөлсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргаан бүхий акттай холбоотой сургалтын төлбөр нэмэгдүүлэх тооцоолол байгаагүй, нотлох баримтуудыг шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын илт зөрүүтэй тайлбар дээр үндэслэж дүгнэлт хийсэн ба төлбөр нэмэх шаардлага үүссэн эсэх талаар тодорхойгүй, үүнийгээ нотлох баримтууд байхгүй байхад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
16. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 сарын 26-ны өдрийн 508 дугаартай магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0401 шийдвэрийг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
17. Нэхэмжлэгч Б.М, Г.О, Б.О, Г.Б, Н.М нар нь “М сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...маргаан бүхий акт нь захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх хуулийн шаардлагыг хангаагүй, уг актын үйлчлэлд хамаарах этгээдүүдийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүйн дээр актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн. ...хариуцагч нь үндэслэл, тооцоо, судалгаагүй сургалтын төлбөрийг нэмсэн, ...шийдвэрийг мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулаагүй” гэсэн үндэслэлүүдээр маргасан байна.
18. Маргаан бүхий М сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганад Хууль зүйн сургуулийн бакалаврын түвшний ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөрийг 98,600 төгрөгөөр, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөрийг 111,000 төгрөг байхаар тогтоожээ.
19. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад Боловсролын тухай хууль болон холбогдох журам, аргачлалын зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.
20. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12-т “Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 36.12.1. холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх, ...36.12.4. сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох” гэж хуульчилсан. Мөн Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаар тушаалаар “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал”-ыг баталсан байх бөгөөд уг аргачлалаар их сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрөөс, сургалттай холбоотой зардал, захиргаа, аж ахуйн зардал, оюутны үйлчилгээний зардал, эрдэм судлалын ажлын зардал, сургууль хөгжүүлэх хөтөлбөрийн зардал зэрэг зардлуудыг санхүүжүүлэхээр, харин ашиглалтын зардлыг сургалтын төлбөр болон улсын төсвөөс, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг зөвхөн үндсэн бус үйл ажиллагааны орлогоос тус тус санхүүжүүлэхээр, мөн сургалтын төлбөрт хамаарах зардлын дүнг нийт кредит цагийн тоонд харьцуулах замаар нэг кредит цагийн үнэлгээг тогтоохоор тус тус заажээ.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор хуульчилсан, хэрэгт нотлох баримтаар авагдсан, М сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, 2018-2019 оны хичээлийн жилийн дотоод оюутны багц цагийн төлбөрийг шинэчлэн тогтоож буй танилцуулга, сургалтын төлбөрийн талаарх тодруулга, бүтээгдэхүүний өртөг 2018 оны төсвөөр хийсэн тооцоо болон бусад баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2018-2019 оны Хууль зүйн сургуулийн бакалаврын түвшний ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөрийг тогтоохдоо дээрх, Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал”, М “Сургалтын багц цагийн өртөг тооцох аргачлал” болон холбогдох судалгаа, тооцоолол, төлөвлөгөөнд үндэслэн шийдвэр гаргасан нь тогтоогджээ.
22. Иймээс маргаан бүхий актаар Хууль зүйн сургуулийн бакалаврын түвшний ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөрийг 98,600 төгрөгөөр, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөрийг 111,000 төгрөг байхаар тогтоосныг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй, хариуцагчаас ямарч үндэслэл, тооцоо, судалгаагүй сургалтын төлбөрийг нэмсэн гэж үзэхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхээс уг сургалтын төлбөр нэмсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч Б.М ийн энэ үндэслэлээр гаргасан буюу “...шүүхүүд хариуцагчийн гаргасан нотлох баримт, тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. ...шүүхийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна гэж үзэв.
23. Түүнчлэн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчин төгөлдөр мөрдөх акт биш байх бөгөөд энэ нь мөн Захиргааны ерөнхий хуулиар бүртгэх, хянах, баталгаажуулах эрх хэмжээг олгосон төрийн эрх бүхий байгууллага болох хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүчин төгөлдөр лавлагаагаар баталгаажин хэрэгт авагдсан байна. Шүүхээс мөн уг хуулийн заалтыг хэрэглээгүй, Хууль зүй, дотоод хэргийн яамны лавлагааг үнэлээгүй буюу шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй...” гэсэн гомдлыг хангах боломжгүй байна.
24. Учир нь, Захиргааны ерөнхий хууль /2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн/-ийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасан. Харин “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал”-ыг Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаалаар баталж, уг аргачлалыг одоог хүртэл хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа нь тогтоогдсон, иймд энэ тохиолдолд дээрх “аргачлал”-ыг хууль тогтоомжид нийцээгүй, хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад бүртгэлгүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
25. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1,127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0401 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 508 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА