Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 46

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, иргэн Уураг овгийн Эрдэнэ-Очирын Бямбаагаас ирүүлсэн “Түргэн сумын ЗДТГ-ын ажлын байрны сонгон шалгаруулалтанд Н.Гөнхөлөгийг бүртгэн оролцуулсан бүртгэл нь хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын Н.Ганхөлөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 38 тоот тогтоолын Н.Ганхөлөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Түргэн сумын Засаг даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа хүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Э.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Түргэн сумын Засаг даргаас 2016 оны 5 дугаар сарын 30-нд 1/71 дугаартай албан бичгээр Түргэн сумын ЗДТГ-ын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахыг хүсэж, ажлын байрны захиалгаа хүргүүлсэн байдаг. 2016 оны 7 дугаар сарын 07-нд сонгон шалгаруулалт явагдаж 7 иргэн шалгалтанд оролцож, 6 иргэн тэнцсэн. Тус сонгон шалгаруулалтанд орсон иргэн Н.Ганхөлөг нь төрийн албанд 2 жил 10  сар ажилласан бөгөөд уг ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй байхад бүртгэж шалгалтанд оруулснаар бусад иргэдийн, тухайлбал миний Монгол Үндсэн хуулиар олгогдсон иргэн хүн ажлын байраа чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх зэрэг эрх зөрчигдөж байна. Шалгалтанд орж тэнцсэн иргэдээс Н.Ганхөлөгийг онооны дарааллаар уг ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол хүргүүлсэн нь төрийн албаны шалгалтын журмыг зөрчиж байгаа тухай гомдлоо аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2 удаа, төрийн албаны төв зөвлөлд 1 удаа хандсан боловч тухай бүр хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй болно. Иймд Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 38 дугаар тогтоолын Н.Ганхөлөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Түргэн сумын Засаг даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа хүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэ-Очирын Бямбаагийн Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Э.Бямбаа нь 1.Түргэн сумын ЗДТГ-ын ажлын байрны сонгон шалгаруулалтанд Н.Гөнхөлөгийг бүртгэн оролцуулсан бүртгэл нь хууль бус болохыг тогтоолгох, 2. Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын Н.Ганхөлөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 38 тоот тогтоолын Н.Ганхөлөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 4. Түргэн сумын Засаг даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа хүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд даалгах тухай гэсэн үндсэн дөрвөн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг маргааны талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн / хх-ийн 8 дугаар хуудас/, нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

        Шүүх дараах асуудалд анхаарлаа хандуулж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

      Хариуцагч захиргааны байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж бичгээр хариу тайлбар болгон ирүүлсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийн хүрээнд бөгөөд хуульд харшлахгүй байна.

      Энэ хэрэгт гуравдагч этгээдээр хэн нэгэн этгээд татагдаагүй бөгөөд нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан иргэн Н.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдох, “Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 7 сарын 4-ний өдрийн нэр дэвшүүлэх тухай тогтоолыг биелүүлэхгүй байгаа Түргэн сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх актыг биелүүлж,Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Түргэн сумын Засаг даргад даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэлэжээ. Иймд иргэн Н.Ганхөлөгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж шүүх үзсэн байх тул мөн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувьд оролцож түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж шүүхээс үзлээ.

         Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсний үр дагаврыг мөн шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөр, холбогдон гарах эрх үүргийг дурдаж тайлбарлах нь зүйтэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн Э.Бямбаагаас ирүүлсэн “Түргэн сумын ЗДТГ-ын ажлын байрны сонгон шалгаруулалтанд Н.Гөнхөлөгийг бүртгэн оролцуулсан бүртгэл нь хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын Н.Ганхөлөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 38 тоот тогтоолын Н.Ганхөлөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Түргэн сумын Засаг даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа хүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Э.Бямбаагийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдох /1242016/0041/з индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бямбаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                У.БАДАМСҮРЭН