Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0004

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Б.Эрдэнэбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:

     1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдох “Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” захирамжийг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан буюу Б.Б-г Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

     2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б-ийн ажилгүй байсан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажлын 97 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин төгрөгийг ажлын өдрөөр тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,035,493 төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа хийх” зохицуулалтыг хариуцагч хэрэглээгүй хэмээн буруутгаж шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох 1 дэх үндэслэлээ болгожээ.

Гэтэл нэхэмжлэгч захиргааны хэрэгт гаргасан нэхэмжлэлдээ ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа ч “Сонсох ажиллагаа”-ны талаар маргаагүй юм. Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгч “Сонсох ажиллагаа”-ны талаар өөрөө тайлбарлаж, сонсох ажиллагаа явуулах байсан хэмээн хариуцагчийг буруутган, таны хийсэн сонсох ажиллагаа бол хуульд заасан сонсох ажиллагааны хэлбэрт хамаарахгүй хэмээн тайлбарлаж, гаргах гэж буй шийдвэрээ урьдчилан танилцуулж нэхэмжлэгч талд давуу байдал олгосон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч тал хуульд зааснаар сонсох ажиллагаа хийсэн, хийгээгүй талаар маргаагүй.

Нэхэмжлэгч мөн л нэхэмжлэлдээ ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа өөртэй нь холбоотой сахилгын зөрчлийг ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх байсан эсэх асуудлаар маргаагүй байхад шүүх санаачлалаараа ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх ёстой байсан гэж тайлбарлан шийдвэрийнхээ 2 дахь үндэслэлийг тодорхойлжээ.

Хэдийгээр хэргийг шийдвэрлэхэд шүүх нотлох зарчмыг баримтлах нь зөв боловч зөвхөн талуудын маргаж буй асуудлаар л нотлох ажиллагаа хийх ёстой.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс маргаагүй дээрх 2 асуудлаар шүүх гол дүгнэлтээ гаргаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн маргаж буй захиргааны акт буюу Б.Б-д ногдуулсан сахилгын шийтгэл нь Захиргааны ерөнхий хуулийн “үр нөлөөтэй байх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон” байх зарчимд нийцсэн бөгөөд гарсан зөрчлийн талаар Б.Б маргаагүй тул хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-г Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсныг нэхэмжлэгч Б.Б эс зөвшөөрч маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2-т “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох”-оор заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Ханх сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэснийг зөрчиж “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасныг шалган тогтоолгүй, мөн хуульд байхгүй үндэслэл буюу Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг үндэслэл болгон албан тушаалаас халсан байна.

Тиймээс маргаан бүхий захиргааны акт болох Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуульд заасантай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Мөн энэ талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй, үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримт, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР