Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00641

 

М.Гэрэлцогтын нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн181/ШШ2016/01259 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаар магадлалтай,

М.Гэрэлцогтын нэхэмжлэлтэй,

Д.Цэрэнбатад холбогдох,

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 байр 34 тоот 3 өрөө орон сууц, мөн байрны дэргэдэх тоосгон 1 автомашины гражийн хамтран өмчлөгчөөр М.Гэрэлцогт болон охин Ц.Аззаяа нарыг тогтоолгох, хүүхдийн нэмэлт зардалд 20.762.766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Гэрэлцогтын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М.Гэрэлцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Цэрэнбаттай 2006 оны 12-р сард гэр бүл болж, 2009 оны 02-р сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 2010 оны 09 сарын 09-ний өдрийн 1310 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Д.Цэрэнбат нь гэр бүл байх хугацаанд хотын төвд тоосгон, 1 машины граж /өвөө нь Цэрэнбатыг оюутан болоход нь авч өгсөн/ болон ээжийнхээ нэр дээрх гурван өрөө орон сууцыг эзэмшдэг байсан ба уг эд хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэл гэр бүлээсээ дангаараа эзэмшсээр байгаа.Д.Цэрэнбат нь одоо тэдгээр өмчөө худалдан борлуулж ашиг, орлого олох гэж байгаа нь цахим хуудас дээр тавьсан зараар  тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Бидний хамт амьдарч байсан орон сууц нь ээж У. Урантуяагийн нэр дээр байсан ч Цэрэнбатад өвлүүлж өгсөн, бидний хамтын амьдралд зориулж өгсөн орон сууц гэж ойлгогдож байсан. Би хүүхэд төрүүлсэн тул гэрлэснээс хойш тодорхой хугацаанд гэр ахуйн ажил эрхэлж, хүүхэд асарсан тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т заасны дагуу охин Ц. Аззаяагийн хамт Д.Цэрэнбатын эд хөрөнгөнд хамтран өмчлөх эрх эдэлнэ.Мөн түүнчлэн байрны хажууд байрлах тоосгон, 1 машины граж нь гэрлэхээс өмнө, гэрлэсэн үед болон түүнээс хойш Д.Цэрэнбатын нэр дээрх, Цэрэнбатын өөрийн бүрэн өмчлөлийн хөрөнгө тул бидний дундын өмч юм. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш Цэрэнбат нь шүүхээр тогтоосны дагуу охин Аззаяаг 4 нас хүртэл нь сарын 200.000 төгрөг, түүнээс хойш одоог хүртэл сарын 100.000 төгрөгийг өгч байгаа ба хүүхдийн тэтгэлгийг өгөхдөө 2-4 хувааж өгдөг.

Сүүлийн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлж, эм тариа авсан мөнгөө энэ тэтгэлгээсээ суутгадаг болсон. Д.Цэрэнбатыг өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөө ил гарган, охин Ц. Аззаяа бид 2-т ногдох хувийг өгөх буюу өмчлөх эрхийг сэргээх байх гэсэн хүлээлттэй байсан боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нуун дарагдуулж, сарын 100.000 төгрөгийн тэтгэлгээ өгөхдөө хүртэл хүндрэл учруулан, хүүхэдтэйгээ уулзахаасаа төвөгшөөн, элдэв шалтгаар уулзахаа болин, асран хамгаалах үүргээсээ хүртэл зайлсхийхийг хичээж, өмгөөлөгч шүүхээр далайлгадаг болсон.

Иймд Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 44-р байрны 34 тоот 3 орон сууц болон мөн байрны дэргэдэх тоосгон, 1 машины гражийг худалдан борлуулах, барьцаалах,' бусдад шилжүүлэх эрхийг яаралтай хязгаарлахыг өмчлөгчид болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах тухай шүүхийн шийдвэр биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах. эдгээр хөрөнгийн хамтран өмчлөгч нь миний бие болон охин Ц.Аззаяа нар мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Гэрэлцогт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар охин Ц.Аззаяагийн эцэг Д.Цэрэнбат нь орон байр, сувилал, дор заасан асаргааны зардлыг төлдөггүй байсан тул охиноо асрахад гарсан дараах зардлыг нэхэмжилж байна.

1. Миний бие охиноо 5 сартайгаас буюу 2009.09 сараас одоог хүртэл охиноо ганцаараа дараах байдлаар орон байраар хангаж, зардал гаргаж байсан ба үүнд:

2009 оны 12 сараас 2010 оны 1 сар хүртэл 13-р хороолол, нэг өрөө байр 2 сарын хугацаагаар 600.000 төгрөгөөр хөлсөлсөн,

2010 оны 02 дугаар сараас 2010 оны 07 дугаар сар хүртэл 6 сарын турш Тэнгис кинотеатрын баруун хойно сар бүрийн 250.000 төгрөгөөр 1 өрөө байрыг 6 сараар нийт 1.500.000 төгрөгөөр түрээсэлж амьдарсан,

2010 оны 07 сараас 2011 оны 08 сарыг дуустал 14 сарын хугацаанд Хаан банкны зээлээр авч, байрныхаа төлбөрт 16.283.066 төлсөн,

2011 оны 09 сараас 2011 оны 11 сар хүртэл 3 сарын хугацаанд 480.000 төгрөгөөр охин болон хүүхэд харах хүүхдийн хамт гал тогооны өрөө хөлсөлж “ сар амьдарсан.

2011 оны 11 сараас 2016 оны 08 дугаар сарыг дуустал Худалдаа хөгжлийн банкнаас 2 өрөө байр зээлээр авч төлбөрт 57.330.000 төгрөгийг төлж байсан. Нийт орон сууцаар хангахад 76.193.066 төгрөгийг зарцуулсан байна. Үүний 19 048 266 төгрөгийг Д. Цэрэнбатаас гаргуулах,

2. Охин Ц.Аззаяаг 4наснаас хойш сургуульд орох хүртэл зуны 3 сарыг оролцуулахгүй 460 ажлын өдөр цэцэрлэгээс авахад өдөрт 6000 төгрөг, нийт 2.829.000 төгрөгийг төлж байсан. Үүний эцгийн төлөх үүргийн дагуу 1.414.500 төгрөгийг гаргуулах;

3. Охин Ц.Аззаяа 2015ондөвдөж, арьсны эмгэг судлал болон ОРГИЛ рашаан сувилалд эмчлүүлсэн240.000, хүүхдийн ордоны дугуйлангийн төлбөрт 210.000 төгрөг, балетын дугуйлангийн 150.000 төгрөг нийт 600.000 төгрөгийн 50 хувь болох 300.000 төгрөгийг гаргуулах, нийт 20.762.766 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Цэрэнбат шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.Гэрэлцогттой 2006 оны 12 сард гэр бүл болж 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1310 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Ц.Аззаяад тэтгэлэг төлдөг болсон. М.Гэрэлцогтын нэхэмжилсэн хотын төв дэх 1 автомашины тоосгон гараж бол миний хөрөнгө биш. Миний өвөө Л.Батсүхийн өмч байсан бөгөөд тэр гаражийг өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, газрыг нь эзэмших эрх байхгүй. Хэзээ мөдгүй нурааж газрыг нь чөлөөлнө гээд эрх бүхий байгууллага нь нураах байх. Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 44-р байрны 34 тоот 3 орон сууц бол миний ээж У.Урантуяагийн өмч. Ээж орон сууцаа зарна гэсэн тул би зар тавьсан. Ээж У.Урантуяа хөдөө орон нутагт ажиллаж байсан учраас албан байгууллагын байранд амьдарч байсан. Бид хоёр амьдарч байх хугацаандаа 1 автомашинтай байсан бөгөөд М.Гэрэлцогтын шаардсанаар зарж мөнгийг нь хуваан авч салсан. Одоо надад хэрэглэж байгаа автомашинаас өөр хөрөнгө байхгүй. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдийнхээ тэтгэлгийг цаг тухай бүрт нь өгч,  мөн хэрэгцээтэй зүйлсийг нь авч өгдөг. Хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь ав гэхээр нь очиж авч хүргэж өгдөг. М.Гэрэлцогт нь охин Ц.Аззаяатай уулзъя гэхээр мөнгө нэхдэг, тэдэн төгрөг өгвөл уулзуулна гэж хэлдэг. Түүнээс болж миний тэвчээр алдагдаж муудалцдаг үе гардаг байсан.

Надад нуун дарагдуулсан хөрөнгө байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01259 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Гэрэлцогтын Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 байрны 34 тоот 3 өрөө орон сууц, мөн байрны дэргэдэх тоосгон 1 автомашины гаражийн хамтран өмчлөгчөөр М.Гэрэлцогт болон охин Ц.Аззаяа нарыг тогтоолгох, Д.Цэрэнбатаас хүүхдийн нэмэлт зардалд 20 762 766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар үйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Гэрэлцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 30 475 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01259 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “108 дугаар зүйлийн 108.1” гэснийг “126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Гэрэлцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаар магадлалыг хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч М.Гэрэлцогтын зүгээс энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Шүүх нь Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5-д заасныг зөрчин миний охин Ц.Аззаяагийн сурч боловсрох, хөгжих эрхийг хохироосон шийдвэр гаргалаа. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасныг зөрчиж хариуцагч цаашид энэхүү үүрэгтэй хайнга хандахад хүргэж, улмаар хүүхдийн эрхийг хохирооход хүргэсэн шийдвэр боллоо. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж шийдвэрлэлээ.

Эх миний бие хүүхдээ сэдэрч боловсруулахад нь зориулж зардал гаргаад явж байхад, эцэг болох хариуцагч нь хүүхэд өсгөхөд хүрэлцэхгүй сарын тэтгэмж өгчхөөд, өөр ямар ч үүрэггүй, хүүхдийн сургалтын зардал, хүүхэд зөөж, хүргэхэд гарах зардал, эм, эмчилгээний, орон байрны түрээсийн зардлаас төлөхгүй гэж шийдвэрлэж байгаад үнэхээр гомдолтой байна. Би өөрийгөө орон байраар хангаж зардлыг шийдүүлэх гээгүй, харин охиныхоо ирээдүйн төлөө орон сууцтай болохын тулд гаргасан нийт зардлыг 25 хувийг л нэхэмжилсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч М.Гэрэлцогт нь хариуцагч Д.Цэрэнбатад холбогдуулан орон сууц, гаражийн хамтран өмчлөгчөөр  өөрийгөө болон охин Ц.Аззаяаг тогтоолгох, нэмэлт зардалд 20.762.766 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2009 оны 2 дугаар сард гэр бүл болсон, охин Ц.Аззаяа 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн ба 2010 оны 9 дүгээр сард шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх ба энэ талаар маргаагүй байна.

Харин зохигчид нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 44-р байрны 34 тоот 3 өрөө орон сууц, мөн байрны дэргэдэх тоосгон гараж гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн эсэх, хүүхдэд нэмэлт зардал шаардлагатай болсон талаар маргажээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.

Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар харилцан бие биедээ шаардлага гаргасан тохиолдолд хуулийн дээрх зохицуулалт нэхэмжлэлийн үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох орон сууц хариуцагч Д.Цэрэнбатын өмчлөлд бүртгэлтэй тохиолдолд нэхэмжлэгч нь түүний нэр дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхтэй.

Харин тухайн орон сууц бусдын тухайлбал У.Урантуяа, Р.Галт нарын өмчлөлд бүртгэлтэй байсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн дээрх зохицуулалт нэхэмжлэгчид хамааралгүй юм.

Зохигчдыг гэр бүл байх хугацаанд маргааны зүйл болох  орон сууц бусдын өмчлөлд байсан бөгөөд хариуцагч нь гаражийн өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох” ба мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар заасан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх бөгөөд хариуцагч орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн онцгой нөхцөл байдал тохиолдсоны улмаас хүүхдэд нэмэлт зардал зайлшгүй шаардлагатай болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохыг зохицуулсан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх заалтыг баримталсан нь буруу болжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “...нэхэмжлэлийн шаардлагыг хангах” талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Гэрэлцогтын гомдлыг хангахгүй орхисугай.           

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ