Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Хохирогч Т.Э,

Иргэний нэхэмжлэгч Н.О,

Шүүгдэгч Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ю.Б-д холбогдох эрүүгийн 1820001620106 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улаанбаатар Замын-Үүд чиглэлд хүн тээвэр хийдэг, ам бүл 4, нөхөр, 16-19 насны хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ю.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө Замын-Үүд сумаас хойд зүгт 57 км зайд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дугаар зүйлүүдэд заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Т.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ю.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой өөрийн эзэмшлийн улсын дугаартай Альфарт маркийн тээврийн хэрэгслээр 21 цаг 30 минутын үед Улаанбаатар хот төмөр замын вокзал дээрээс 3 хүн аваад нэг хүнийг 22 цаг 00 минутын үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4-р цахилгаан станцын хажуу талаас аваад 22 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу гарсан. Тэгээд Сайншанд сумын Т ШТС-ын хоолны газарт 06 цагт бууж хоол идээд 06 цаг 30 минутанд тэндээс хөдлөөд 08 цагийн үед Улаанбаатар хотоос 602 км, Замын-Үүд сумаас 57 км дугаартай тэмдэг тэмдэглэгээний тэнд явж байхад би хэсэг хугацаанд зүүрмэглэх үед ертөнцийн зүгээр засмал замын зүүн талын хөвөөн дээгүүр явж байхад сандараад зам тээврийн осол гарах үед миний урд талд явж байсан машинтай хүмүүс буцаж ирээд машин дотор явж байсан хүмүүсийн биеийн байдал ямар байсан талаар сайн мэдэхгүй байна. Машин дотроос гаргасан хүмүүс цагдаа, эмнэлэг дуудсан байгаа гэж хэлж байсан... Нөхөр ажилгүй, миний бие нь юм оёдог сарын дундаж цалин 1 сая байсан одоо бол өвөл болсон учраас муудсан. Сард 500-600 мянган төгрөг олдог. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Т.Э эгчийг эмнэлэгт хэвтэхэд эргэж тойроод эмчилгээний зардал 456,194 төгрөг гарсныг төлсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй. Хохирол төлбөрийг төлнө, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 89-91/,

- Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд сум руу явахаар Улаанбаатар хотод байрлах төмөр замын вокзал орсон. Вокзал дээр байсан ... улсын дугаартай Альфарт маркийн саарал өнгийн машинд суусан ба жолооч нь 40 орчим насны эмэгтэй байсан. Тухайн машинд надаас гадна 3 эрэгтэй байсан ба нэг нь БНХАУ-ын иргэн байсан... Тэгээд бид нар буцаад машиндаа суугаад Замын-Үүд рүү явсан. Би уг нь дахиж унтахгүй гээд сандлаа босгоод суугаад явж байсан боловч хэсэгхэн газар зүүрмэглээд унтчихсан байсан. Нэг мэдсэн машин замаас гарчихсан зүүн тал руугаа машин бүтэн өнхрөөд унаж байсан. Машин хэдэн удаа хэдэн бүтэн өнхөрч унасныг мэдэхгүй байна ямар ч байсан замаас гараад 4 дугуй дээшээ харсан байдалтай зогссон. Жолоочийн буруутай үйлдлийн улмаас миний баруун бугуй, зүүн талын булчингийн хэсгээс тохой хүртэлх яс үүрч хөдөлмөрийн чадвараа алдсан. Одоо лангуугаа ажиллуулж чадахгүй ажилдаа явж чадахгүй байгаа. Групп тогтоолгосон. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 3 сая гаруй төгрөг болон үүнийг нэхэмжилж байгаа. Мөн дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа учраас дээр нь 2 сая төгрөг нэмээд нийт 5,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орой 18 цагт ажлаасаа тараад 19 цагт Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум явах гэж байгаа Улаанбаатар төмөр замын вокзалаас Альфарт маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой уулзахад орой явна гэж байхаар нь би явна гэж хэлээд гэртээ харьж амарч байгаад 22 цагийн үед тухайн машины голын сандар дээр суугаад миний хажуу талд 50-55 орчим настай эмэгтэй эгч хажуу талд суугаа жолоочийн эсрэг талд нэг эрэгтэй залуу суугаад тэндээс хөдлөөд Улаанбаатар хот р цахилгаан станцын хажуу талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн эрэгтэй хүн суугаад буцаад вокзал дээр байж байгаад 11 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу хөдлөөд явсан. Тухайн үед суухдаа би хүнсний дэлгүүрээс О нэртэй нэг шил пиво, Ж нэгтэй нэг лааз пиво аваад замдаа уугаад машины голын суудал болон хойд талын суудлыг хэвтүүлээд унтаад явж байсан. Тэгээд явж байгаад Говьсүмбэр аймгийн засмал зам дээр зогсож 30 минут болоод хөдлөөд явж байгаад Сайншанд сумын Т нэртэй ШТС-ын хажуу талд байсан цайны газар орж цай унд уугаад тэндээс 05 цаг өнгөрч байхад хөдлөөд би машин дотор ороод тухайн суудал дээрээ хэвтээд унтаад явж байхад нэг мэдэхэд машины шороон дээгүүр явж байгаа нь мэдэгдээд гэв гэнэт осол болсон. Тэгээд тухайн үед би машинаас багажны хаалганы цонх нь хугарсан байсан байхаар нь цонхоор нь гараад хажуу талд явж байсан эгч намайг гараад өг гэж хэлэхээр нь хойд талын багажны хаалгыг нээж эгчийг машинаас гаргаад газар суулгахад эгчийн зүүн талын гар хугарсан юм шиг хөдлөхгүй байна гэж хэлж байсан, тэгээд хажуу талд сууж байсан хятад залуу байж байгаад машинаас гарч ирэхэд биеийн байдал зүүн талын гар шалбарсан байдалтай, жолоочийн эсрэг талд сууж явж байсан залуугийн нүүрэн хэсэг нь цус болсон баруун талын чих нь цус гарч байсан, гар нь цус болсон байдалтай, жолоочийн нүүрэн хэсэг нь цус болсон, баруун талын хөл нь зүсэгдсэн хөхөрсөн байдалтай байсан. ... Тухайн ослын улмаас би БНХАУ-ын Эрээн хотоос үнэгүйгээр оруулж ирэх байсан бараагаа оруулж ирж чадаагүйн улмаас би дахин жолоочид 564,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн болохоор уг мөнгийг Б гэдэг жолоочоос нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 16/,

- Иргэний нэхэмжлэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018.06.30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хувийн ажлаар явахаар Улаанбаатар төмөр замын вокзал дээр очсон. Би тухайн автомашинд суухаар очсон. Тэгээд би ... улсын дугаартай би одоо арынхаа серийг нь бол санахгүй байна. Тэр автомашины марк нь Тоёота Альфарт маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр автомашинд би 23 цагийн үед очиж суусан. Намайг очих үед тэр автомашины нь жолоочоосоо гадна 4-н хүнтэй байсан. Тэгээд л тэр автомашинд суугаад вокзал дээрээс тэр автомашин шууд хөдөлсөн. Замын-Үүд сум руу тэр автомашины жолоочийн хажуу талын суудал дээр суугаа явсан. Би автомашинд суугаад унтаад явсан. Тэгээд би нэг сэрсэн чинь шороон зам руу автомашин орох шиг болохоор нь сэрээд жолоочийг хөөе гээд дуудсан чинь жолооч засмал зам руугаа жолооны хүрдээ дарсан. Тэгсэн жолоочийн талаар автомашин хөмрөөд унах шиг болсон. Би харин автомашин дотор ганцаараа хамгийн хойд талын суудал дээр сууж байсан. Тэгээд би нэг шоконд ороод сэрээд байж байхад эмч нар ирсэн. Тэгээд намайг болон нэг настай эгч бид хоёрыг эмнэлгийн автомашин аваад Замын-Үүд сум руу явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал зүгээр байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 30-31/,

- Иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Ж” банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй тухайн тээврийн хэрэгсэл манай гэр бүлийн өмч болохоор эхнэрээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-11/,

 - Шинжээчийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 13 дугаар дүгнэлтэд: “1. Тоёота Альфарт маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ю.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /жолоочийн үүрэг/-ийн 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн осолд зорчигч нарын буруутай үйлдэл байхгүй болно.

2. Тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч дээр дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаагүй жолоочийн буруутай үйлдлээс шууд хамааран гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 34/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 04/119 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Т.Э-н баруун шууны доод 1/3-н хугарал, зүүн бугалганы дээд 1/3-ийн бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 41/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 04/120 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Э-н толгойн орой хэсэгт зулгаралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 46/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 04/123 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. С.М-н бие баруун чихний сэтэрсэн шарх, доод мөчдийн олон тооны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Үүссэн гэмтлүүдийн баруун чихний сэтэрсэн шарх нь“Гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, доод мөчдийн олон тооны зулгаралт гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 51/,

- “А” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-71/,

- Ю.Б-н гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, жолооны үнэмлэхний хуулбар, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 75-79/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/,

- Авто машины зээлийн гэрээ /хх-ийн 81-85/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Дээрх нотлох баримтуудаар Ю.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө Замын-Үүд сумаас хойд зүгт 57 км зайд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, зорчиж явсан иргэн Т.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн С.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ю.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө Замын-Үүд сумаас хойд зүгт 57 км зайд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дугаар зүйлүүдэд заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Т.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ю.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Э-н “...Нэг мэдсэн машин замаас гарчихсан зүүн тал руугаа машин бүтэн өнхрөөд унаж байсан. Машин хэдэн удаа хэдэн бүтэн өнхөрч унасныг мэдэхгүй байна ямар ч байсан замаас гараад 4 дугуй дээшээ харсан байдалтай зогссон. Жолоочийн буруутай үйлдлийн улмаас миний баруун бугуй, зүүн талын булчингийн хэсгээс тохой хүртэлх яс үүрч хөдөлмөрийн чадвараа алдсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч С.М-н “...Тэгээд би нэг сэрсэн чинь шороон зам руу автомашин орох шиг болохоор нь сэрээд жолоочийг хөөе гээд дуудсан чинь жолооч засмал зам руугаа жолооны хүрдээ дарсан. Тэгсэн жолоочийн талаар автомашин хөмрөөд унах шиг болсон...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Э-н  “...Сайншанд сумын Т нэртэй ШТС-ын хажуу талд байсан цайны газар орж цай унд уугаад тэндээс 05 цаг өнгөрч байхад хөдлөөд би машин дотор ороод тухайн суудал дээрээ хэвтээд унтаад явж байхад нэг мэдэхэд машины шороон дээгүүр явж байгаа нь мэдэгдээд гэв гэнэт осол болсон... цонхоор нь гараад хажуу талд явж байсан эгч намайг гараад өг гэж хэлэхээр нь хойд талын багажны хаалгыг нээж эгчийг машинаас гаргаад газар суулгахад эгчийн зүүн талын гар хугарсан юм шиг хөдлөхгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ю.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ю.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь ганцаараа хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, сард дунджаар 500-600 мянган төгрөг олдог, хохирогчид хохирол төлбөр төлөх зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж, торгуулийн ялыг тодорхой хугацаа зааж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ю.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний нэхэмжлэгч С.М, Н.О нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Э “... эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, дахин хагалгаанд орох эмчилгээний төлбөр нийт 5,000,000 төгрөг” нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа болон эмнэлэгт үзүүлсэн, хэвтэж эмчлүүлсэн төлбөр, мөрдөн шалгах ажиллагааны үед ирсэн зардал, рентген оношилгоо хийлгэсэн гэх хэргийн 95-96, 98-100, 102-103 хуудсанд авагдсан баримтаар /1,400 + 11,000 + 214,250 + 380+9,800+11,200+2,600+11,600+5,800+590+ 7,900+ 23,460+26,600+21,600+76,000+152,350+4,500+9,000+10,200+4,500+ 168,000 +39,300+500,000+35,000/ 1,347,030 төгрөгийг шүүгдэгч Ю.Б-с хохирогчид гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, утасны төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, дахин хагалгаанд орох төлбөр 3,652,970 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь: Хоол хүнс, утасны төлбөр нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй. Ажилгүй байсан хугацааны цалин, дахин хагалгаанд орох талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Э “...БНХАУ-ын Эрээн хотоос үнэгүйгээр оруулж ирэх байсан бараагаа оруулж ирж чадаагүйн улмаас би дахин жолоочид 564,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн” гэж 564,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Т.Э, иргэний нэхэмжлэгч Б.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн  1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ю.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Ю.Б-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ю.Б-д оногдуулсан 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд 230,000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ю.Б нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ю.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, иргэний нэхэмжлэгч С.М, Н.О нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ю.Б-с 1,347,030 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороонд оршин суух, Ш овогт Т.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,652,970 төгрөгний хэсгийг, хохирогч Б.Э-н нэхэмжлэлийн шаардлага 564,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч Ю.Б-с хохирогч Т.Э, иргэний нэхэмжлэгч Б.Э нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар мөн иргэний нэхэмжлэгч нар нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.Н