| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0117/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2018-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Э.Т,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Н-д холбогдох эрүүгийн 1820000000117 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ж ХХК-д ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Говь-Алтай аймаг Чандмань сум 1 дүгээр багт оршин суух, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б овогт Д.Н,
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Замын-Үүд сумын 1-р баг Г хотхоны харуулын байранд Б.А-той таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан нүүрэн тус газар нь сандлаар цохиж Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би “Г” хотхоны харуул хамгаалалтыг хариуцдаг “Ж” ХХК-д ажилладаг ба 2018 оны 10 дугаар сарын 27-28-нд ээлжтэй байсан. 2018 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө харуулын байранд үүрэг гүйцэтгээд байж байхад 02 цагийн үед манайд харуул хийдэг Б.А согтуу ирсэн. Эхнэр Б.О нь бас хамт ирсэн байсан. Б.О нь мөн манай компанид тогооч ажилтай. Б.А орж ирээд над руу шууд дайраад чи намайг Н-т архи уусан гэж хэлж ажлаас халуулсан, та нар шиг бууны нохой тэгдэггүй юм гээд миний дух руу гараараа нэг удаа цохиод авсан. Надад гэмтэл учраагүй л дээ зөөлөн цохисон. Би Н-т Б.А-н талаар ямар ч зүйл хэлээгүй тэр бүү хэл Б.А-г ажлаасаа халагдсаныг ч мэдээгүй байсан. Би тийм юм байхгүй гээд хоорондоо хэрэлдсэн. Б.О бид 2-ын голд зогсож байсан. Б.А дахиад намайг зодох гээд хуванцар сандал аваад эхнэрээ дагуулаад над руу шидсэн. Хойноос нь дайраад байхаар нь сандлыг ширээн доороос аваад Б.А-н дух руу нь 2 удаа цохисон. Тэгтэл Б.А-н зүүн хөмсөг задарчихсан. Б.А цусаа үзээд намайг хут\алж ална энэ тэр гээд дайраад байхаар нь би гараад зугтчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс “Г” хотхоны харуулын ажлыг хийж эхлэсэн. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг “Ж” ХХК-ний харуулын ажлыг хариуцдаг Н дуудаад чи манай ажилд тохирохгүй байна, эрүүл мэндийн хувьд ч тэнцэхгүй байгаа учраас ажлаас чинь гаргаж байна гэсэн. Би цусны хавдартай группэд байдаг болохоор цалин мөнгөгүй болох нь гээд тэр өдрөө гутраад ганцаараа гадуур явж байгаад 20 цагаас хойш архи авч уусан. ... Ингээд шөнө яахаа мэдэхгүй 02 цагийн үед “Г” хотхоны харуулын байранд эхнэрээ дагуулаад очсон ба Д.Н харуулд гарч байсан. Би ажлаас халагдахад чи нөлөөлсөн шүү гэж Д.Н-д хэлсэн. Намайг хот яваад ирэхэд чи Н-т архи уусан энэ тэр гэж хэлсэн байна лээ гэж уурласан. Д.Н бид 2 энэнээс болоод маргасан ба би Д.Н руу босоод дайртал манай эхнэрийн араар орж зугтаад ширээн доор байсан хуванцар сандалыг аваад миний зүүн нүдний дээд хэсэгт 2 удаа цохисон. Миний зүүн хөмсөг задраад цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд: ”...Би “Ж" ХХК-нд туслах тогооч хийдэг байсан ба нөхрийг маань хэл ам гаргалаа гээд намайг бас ажлаас гаргачихсан. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Ж” ХХК-ний харуулын ажлыг хариуцдаг Н манай нөхрийг дуудаад чи манай ажилд нийцэхгүй байна, эрүүл мэндийн хувь ч болохгүй байна гээд ажлаас нь чөлөөлчихсөн. Ингээд тэр өдрөө манай нөхөр гутраад ганцаараа гадуур архи уусан байсан. Орой нь 22:30 цагийн орчим “Н” дэлгүүрийн үүдэнд байна гэхээр нь очиж уулзаад “Х” буудлын караокед орсон. Тэндээ жаахан дуулж байгаад 00:00 цаг болох гэж байхад тэндээс гараад нөхөртэйгээ хонох буудал хайсан боловч олдоогүй. Ингээд яахаа мэдэхээ байгаад 02 цагийн үед “Г” хотхоны харуулын байранд нөхрийн хамт очсон ба Д.Н харуулд гарч байсан. “Ж” ХХК нь ажилчдаа Г хотхоны А-1-14, 17 тоотуудад байлгадаг ба ажлаас халагдсан гээд гаргачихсан юм. Тэгээд манай нөхөр Д.Н-тай ажлын талаар яриад хэрэлдсэн. Д.Н-г хов зөөж байгаад халуулсан гэж л маргалдаад Б.А Д.Н-г замдаад авсан байсан. Би боль гээд Д.Н, Б.А 2-ын голд нь орж зогссон. Миний 2 талаас хоорондоо маргалдаад байсан. Б.А хуванцар цэнхэр өнгийн сандал аваад Д.Н-г цохих гээд дайраад байсан цохиж чадаагүй, би голд нь хориод байсан. Тэгтэл Д.Н ширээн доор байсан хуванцар цэнхэр өнгийн /харуулын өрөөнд 2 ижил хуванцар цэнхэр өнгийн сандал байдаг юм/ сандлыг аваад миний хажуугаар гараад Б.А-н зуун нүдний дээд хэсэгт 2 удаа цохисон. Б.А-н зүүн хөмсөг задраад цус гарсан Энэ үед Д.Н харуулын байрнаас гараад зугтчихсан, эргэж орж ирээгүй орж ирж магадгүй гээд хүлээсэн боловч ирээгүй. Ингээд би нөхрөө дагуулаад эмнэлэг дээр очиж зүүн хөмсөгөнд нь 3 оёдол тавиулсан. Д.Н Б.А-г зодох үед харуулын байранд бид 3-аас өөр хүн байгаагүй. Тухайн vед Б.А бага зэргийн согтолттой байсан Д.Н бид 2 эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02/0355 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Д.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-33/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Д.Н нь 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Замын-Үүд сумын 1-р баг “Г” хотхоны харуулын байранд Б.А-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь сандлаар цохиж Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Д.Н-г 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Замын-Үүд сумын 1-р баг “Г” хотхоны харуулын байранд Б.А-той таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан нүүрэн тус газар нь сандлаар цохиж Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Н нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.А-н “.... Д.Н бид 2 энэнээс болоод маргасан ба би Д.Н руу босоод дайртал манай эхнэрийн араар орж зугтаад ширээн доор байсан хуванцар сандлыг аваад миний зүүн нүдний дээд хэсэгт 2 удаа цохисон. Миний зүүн хөмсөг задраад цус гарсан...” гэсэн, гэрч Б.О “...“Г” хотхоны харуулын байранд нөхрийн хамт очсон ба Д.Н харуулд гарч байсан... манай нөхөр Д.Н-тай ажлын талаар яриад хэрэлдсэн. Д.Н-г хов зөөж байгаад халуулсан гэж л маргалдаад Б.А Д.Н-г замдаад авсан байсан... Тэгтэл Д.Н ширээн доор байсан хуванцар цэнхэр өнгийн /харуулын өрөөнд 2 ижил хуванцар цэнхэр өнгийн сандал байдаг юм/ сандлыг аваад миний хажуугаар гараад Б.А-н зуун нүдний дээд хэсэгт 2 удаа цохисон. Б.А-н зүүн хөмсөг задраад цус гарсан ... би нөхрөө дагуулаад эмнэлэг дээр очиж зүүн хөмсөгөнд нь 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 02/0355 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Д.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн тавцантай, хөх өнгийн хуванцар, эвдэрхий сандал 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д.Н-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд 230,000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн тавцантай, хөх өнгийн 44 см өндөртэй 4 хөлтэй хуванцар, эвдэрхий сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н