Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01442

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 03 210/МА2022/01442

 

 

Л.О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01423 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.О ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монголбанкинд холбогдох,

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б-5 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Норовдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Л.О нь Монголбанкны Увс аймаг дахь салбарын хянан шалгагчаар ажиллаж байхад нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б-5 тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэхүү тушаалд Л.О ыг ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа гэсэн үндэслэл зажээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 онд Увс аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн Монголбанкны салбарын захирал болон хамт ажиллагсад энэ талаар мэдэж байсан, энэ албан тушаал нь ажлаас чөлөөлөгдөж байж нэр дэвших хуулийн заалтад хамаардаггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, цалин авдаггүй, байнгын үйл ажиллагаатай биш. Авлигатай тэмцэх газраас Л.О ыг шалгаад ямар нэгэн зөрчилгүй, цаашид ажиллуулж болох талаар хариу ирүүлсэн. 2020 онд хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байхад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хуулийг буцаан хэрэглэсэн. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2021 оны 07 сарын 01-ний өдөр батлагдах үед Монголбанкнаас Л.О т 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгууллагын албан ёсны и-мэйл хаягаас нэхэмжлэгчийн  хаягт хууль зөрчиж байгаа талаар цахим шуудан явуулан мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. Монголбанк 2020 онд сонгогдсон албан тушаалыг хууль буцаан хэрэглэж ажлаас чөлөөлөөгүй, харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэх, түүнд нийцүүлэх нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг тул Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх нь зүйд нийцнэ. Монголбанкнаас Л.О т иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож болно гэж бичгээр ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/04 дугаар Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Л.О өөр ажил, албан тушаалд томилогдсон болохыг нотолж байна. Л.О нь Монголбанкны Увс аймаг дахь салбарын хянан шалгагчаар ажиллаж, төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлж, аливаа ашиг сонирхлын зөрчилгүй, улс төрийн үйл ажиллагаанаас ангид албан үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-д зааснаар өөр ажил, албан тушаалд сонгогдсон тул Монголбанктай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргасан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.О ын хариуцагч Монголбанкинд холбогдуулан гаргасан Монголбанкны ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б-5 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч компанийн хянан шалгагчийн ажлын алба нь нийтийн албан тушаалтан биш. Нийтийн албан тушаалтны ангилал болон төрийн албаны ангилалын аль алинд хамраарахгүй. Мөн төрийн албаны цалингийн шатлал хамаардаггүй. Авилгатай тэмцэх газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан шалгагч, иргэдийн хурлын төлөөлөгчийн ажил гүйцэтгэж байгаа энэ ангилалд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилэн сэргийлэх тухай хуулийг зөрчсөн эсэх талаар бичиг явуулж зөрчил байхгүй байна гэсэн бичиг ирсэн. Уг бичгийг анхан шатны шүүх дүгнээгүй. Нийтийн албан тушаалтан биш учраас Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолд зааснаар хөрөнгө оруулгын мэдүүлгээ мэдүүлдэг. 2020 оны иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож ажилласан. 2022 онд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажлаас халсан. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн надад мэдэгдэл ирүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуулийн төсөл батлагдаагүй, хууль хэрэгжиж эхлээгүй байхад мэдэгдэл, шаардлагыг удаа дараа ирүүлсэн. Хариуцагч компани 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих хуулийг баримталсан бол хуулийг хэрэгжээгүй байхад нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлгүй. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан атлаа тус оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халсан. Монголбанкны хянан шалгагч нь банкны ажилчдын ажил үүрэгт хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан юм. Иргэдийн хурлын төлөөлөгч нь нутгийн захиргааны удирдлагын байгууллагаас өгсөн үүрэг даалгавар болон төсөв батлахад оролцож, үүрэг гүйцэтгэдэг. Хянан шалгагч нь иргэдтэй харилцдаггүй нийтийн албан тушаалтан биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Төрийн албаны тухай хуулиар албан тушаалтан улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан тушаалтан гэж хуульчилдаггүй. Гэхдээ Төв банкны тухай хуулиар үйл ажиллагаа нь хуулийн этгээдийн хүрээнд нийтийн эрх зүйн этгээд юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилэн сэргийлэх тухай хуульд заасны дагуу Улсын Их хурлын хууль зүйн байнгын хорооны 2014 оны тогтоолын дагуу улсын байцаагч нар нь ашиг сонирхлын мэдүүлгийг жагсаалтын дагуу гаргадаг. Үүний дагуу нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилэн сэргийлэх тухай хуульд зааснаар удирдах албан тушаалтнаас албан бичгээр хүсэлт гаргаж зөвшөөрсний үндсэн дээр өөр албан тушаалын ажлыг давхар хийж гүйцэтгэх боломжтой. Гэхдээ нэхэмжлэгч нэг ч удаа Монголбанкны Ерөнхийлөгч болон удирдлагаас албан бичиг болон зөвшөөрөл аваагүй, сонгуульт ажил хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн албан тушаал нь улс төрийн албан тушаалтан байгаа. Хянан шалгагч нь арилжааны банкид хяналт тавьдаг. Үйл ажиллагаа хангаж байгаа эсэх талаар салбараас дүгнэж төв банкруу дүгнэлт тайланг ирүүлдэг. Удирдлагын зөвшөөрөлгүй улс төрийн албан тушаалтны ажил давхар гүйцэтгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн ажлаас халсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Монголбанкинд холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б-5 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх-1-3, 21-22/

 

3.Талуудын хооронд 2010 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б-5 тоот тушаалаар Увс аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч Л О ыг Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. /хх-5/

 

4.Л.О нь Увс аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагчийн ажлыг эрхэлж байх үедээ Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сонгогдож, улмаар Иргэдийн хурлын тэргүүлэгчээр мөн сарын 28-ны өдөр томилогдон ажиллаж байгаа үйл баримтад талууд маргаангүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5.Нэхэмжлэгч Л.О давхар ажил эрхэлж байсан нь хуульд нийцэж буй эсэх талаар зохигчид маргажээ.

6.Нэхэмжлэгч нь Монголбанкны хяналт шалгалтын бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэгч эрх бүхий субьектын хувьд Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлж, хуульд заасны дагуу холбогдох этгээдэд мэдээлдэг байна.

 

7.Анхан шатны шүүх Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн хариуцагч Монголбанкыг нийтийн эрх зүйн хуулийн этгээд, мөн нэхэмжлэгч Л.О ын эрхэлж байсан Монголбанкны хянан шалгагчийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтан гэх ойлголтод хамааруулан, түүнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон улсын төрийн үйл ажиллагаа явуулах ажлыг Монголбанкны ханан шалгагчийн ажилтай давхар эрхэлж байгааг хууль бус талаар дүгнэхдээ дээрх хууль болон Авлигын эсрэг хуулийг хэрэглэж тайлбарласныг буруутгахгүй.

 

8.Хэргийн баримтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их хурал 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан Монголбанк нь Л.О тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-6-8/

Уг гэрээний 3.2.1-д Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 12.4-т заасныг тус тус зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцжээ.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан байна. /хх- 63-84/

Журмын 12.1.8-д өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуугавар болгох, 12.4.9-д удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр гуравдагч хуулийн этгээд байгууллагад давхар ажиллах, ...., ... өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцох нэг нөхцөл болгон тус тус заажээ.

Хариуцагч тал Монголбанк Л.О т ямар нэг зөвшөөрөл өгөөгүй .., шинэ Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэхээр болоод ... хуулийн шинэчлэн найруулсан төсөл батлагдсан, ... ажил олгогчийн зүгээс албан бичиг болон и-мэйлээр хугацаатай сануулга өгч байсан, Л.О ын зүгээс хууль зөрчөөгүй гэж байсан учраас ажил олгогчийн санаачилгаар шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй байна. /хх-149/

 

9.Нэхэмжлэгч нь Увс аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагчийн алба эрхэлж байхдаа мөн аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тэргүүлэгчээр 2020 оноос сонгогдон ажилласан байхад 2022 онд тушаал гарган хянан шалгагчийн ажлаас чөлөөлсөн нь субъектив санаа зорилготой байсан гэх агуулга бүхий тайлбар гаргасныг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь ажил олгогчоос шинэ Хөдөлмөрийн тухай хууль түүнд нийцүүлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон, Л.О ын хууль зөрчин давхар алба эрхэлж байсан зөрчлийг арилган, алдаагаа залруулах замаар Монголбанкны Ерөнхийлөгч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б-5 дугаартай тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд харшлаагүй байна. Мөн нэхэмжлэгч Л.О 2020 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан үйл баримт нь 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй байх нөхцөл болохгүй тул хуулийг буцаан хэрэглэсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10.Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

11.Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зүйл, заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон, мөн найруулга зүйн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01423 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Монголбанкинд холбогдуулан гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б-5 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Л.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД