Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Дэлгэрмаа, 

шүүгдэгч  У.О түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Хар адуу овогт Уранчимэгийн О-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803004990323 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт .............дүүргийн 9 дүгээр  хороо ..................... гудамж .............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хар адуу овогт Уранчимэгийн О

 

Холбогдсон хэрэг: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч У.О нь 2018 оны 06 дугаар сарын 05-наас 2018 оны 06 дугаар сарын 06-нд шилжих шөнийн 00 цаг 28 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөө  хорооллын эцэст Zowo ZZ1257 маркийн ..........УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно” мөн дүрмийн 5.6-д заасан “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  У.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв

Шүүхээс шүүгдэгч У.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5-8 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал. /хэргийн 9 дүгээр хуудас/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн тэмдэглэл хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 10 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... Хово маркийн  зуурмагийн автомашин баруунаас зүүн тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр орж ирэх үед явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй нэг явган зорчигч орж ирээд автомашинд мөргүүлж байна” гэсэн тэмдэглэл. /хэргийн 18 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “... “180300499” гэсэн бичигтэй цагаан өнгийн дисктэй дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол /хэргийн 22 дугаар хуудас/

Иргэний хариуцагч Н.Амарбаясгалангийн “... ..........УНН улсын дугаартай  том оврын ачааны машин нь хороололд хүн мөргөчихсөн байна гэж мэдэгдсэн. Үүний дагуу би гэрээсээ ганцаараа гарч 01 цаг өнгөрөөгөөд ослын газарт очиход цагдаа нар ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийж байсан. ...Түүнд компаний машиныг жолоодох зөвшөөрөл өгсөн. У.О нь 2018 оны 03 дугаар сарын сүүлээр манай байгууллагад жолоочоор ороод ажиллаж байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганчимэгийн “... Тархины дагз ясны шугаман хугарал, тархины эдийн  няцралттай, тархиндаа хүнд гэмтэлтэй байгаа мөн элэгний доргилт гэсэн мөн 2 ломботой шүд нь мултраад гараад ирсэн, эгэм нь доргилтонд амьсгаа авахад эгэм рүү нь хатгуулж өвдөөд байгаа. Осол болсоноос хойш гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд тархины гэмтлийн эмчилгээ хийлгэсэн. Дараа нь Мөнгөн гүүр эмнэлэгт 20 хоног хэвтэн эмчлүүлж тархиндаа хагалгаа хийлгэсэн. Одоо манай дүү гадуур  эмчилгээ хийлгэж байгаа ба гэртээ хэвтрийн байдалтай байгаа ба татаж унадаг өвчтэй болсон. Мөн байнгын бусдын асаргаанд байгаа. Ой санамжаа алдаад заримдаа таньдаг хүнийг танихгүй болчихдог. Өөрийн мэдэлгүй бие засдаг болчихсон. Хүний ярьсан зүйлийг сайн ойлгохгүй болчихоод байгаа. ... Гомдолтой байгаа дүүгээ эрүүл болгож хэвийн болсон үед гомдолгүй болох байх. Мөн эмчилгээнд гарсан хохирол мөнгөө төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-50 дугаар хуудас/

Гэрч Д.Энхжингийн “...Тэгээд 3,4 дүгээр хорооллын эцсийн гэрлэн дохиотой уулзварын баруун талд баруунаас зүүн тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээнд явж уулзвар нэвтрэх гээд явж байгаад явган хүний гарц руу нэвтрэх үед явган хүний гарцаар замын хойноос урагшаа чиглэлтэй манай машины урдуур нэг эмэгтэй хүн гүйгээд орж ирсэн. Жолооч тоормосоо гишгээд зогсох үедээ тэр хүнийг мөргөсөн. Явган зорчигч мөргүүлээд машины урд газар унасан. Тэр явган зорчигч гар утсаа бариад явж байсан бололтой гар утас нь нэлээн хол үсэрсэн байсан. ... Би өөрийн гар утсаар 103 руу дуудлага өгсөн ба удалгүй түргэн тусламж ирээд тэр эмэгтэйг аваад явсаны дараа замын цагдаа нар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 90-91 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7218 дугаартай:

“1. Б.Б-н биед дагз ясны шугаман хугарал, хатуу хальс дээрх цусан хураа, тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүү мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн  хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 96 дугаар хуудас/

Замын Цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №501 дугаартай:

“1. Howo ZZ1257 маркийн ..........УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Уранчимэгийн О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно” 5.6  Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Батсүхийн Бийг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн: 3.5 Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио /ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний  тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио/ буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор  зорчих хэсэгт  орно. Хэрэв зорчих хэсгийг хөдлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 5.2-т заасныг баримтална:-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 111-112 дугаар хуудас/

Шинжээч Д.Батзоригийн “... Хово маркийн автомашин чигээрээ орж ирээд явган зорчигчийг мөргөх агшинд зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд хөдөлж уулзвараар зүүн гар тийш эргэдэг. Энэ гэрлэн дохио солигдсон байгааг харуулж байна. Гэрлэн дохио солигдох бүрт завсарын шар гэрэл 3 секунд ассаны дараа дараагийн гэрэл асдаг учир жолоочийг замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.6б заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Явган зорчигчийн хувьд уг гарцаар гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл нь гэрлэн дохионы горимын 3-р үе буюу уулзварын хойноос Хасбаатарын гудамжны бүх чигийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед Ард Аюушийн өргөн чөлөөг уулзварын баруун талаар хөндлөн гарах явган зорчигчийн зөвшөөрсөн ногоон гэрэл асдаг учир явган зорчигчийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 заалтыг зөрсөн гэж үзэн дүгнэлт гаргасан. Тиймээс явган зорчигч болон жолооч хоёулаа гэрэл зөрчсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч болон хохирогч нарын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл У.О тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно” мөн дүрмийн 5.6-д заасан “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас явган зорчигч буюу  хохирогч Б.Бийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Түүнчлэн шүүгдэгч У.О болон хохирогч Б.Б нарын  замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг дутмаг, шүүгдэгчийн хайхрамжгүй байдлаасаа болж явган зорчигчийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршиг нь түүний дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Батсүхийн Бийн эмчилгээний зардалд нь зориулж 10.000.000 /арван сая/ төгрөгийг 2018 оны 09-р сарын 28-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн болно. Э.Ууганчимэг нь хохирлыг бүрэн хүлээн авсан бөгөөд дахин нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй болно” гэсэн мөнгө хүлээлцсэн хэлцэл болон “...10.000.000 /арван сая/ төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Ийнхүү хохирол төлбөрийг хүлээн авсанаар цаашид эрүүгийн болон иргэний журмаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон” гэсэн баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Оын жолоочийн 936142 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч  У.Оын ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 102 дугаар хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч У.О нь гэмт буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаад ямар нэгэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох шаардлагагүй байна.

Шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал нөлөөлсөн зэргийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.  

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хар адуу овогт Уранчимэгийн О-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар У.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.О-ын жолоочийн 922771 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

4. У.О баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.О-од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ