Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Ц.Ц-,

хохирогч Б.З- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Гэрүүд овогт Цээноровын Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 1805014940645 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт ............. дүүргийн ...... дугаар хороо Хувьсгалчдын Г-...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гэрүүд овогт Цээноровын Ц-

 

Шүүгдэгч Ц.Ц- нь зохиомол зүйлийг зориудаар бий болгон “Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулах виз гаргаж өгнө” гэж иргэн Б.З-г хуураад 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.З-гаас 1.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.З- мэдүүлэхдээ: “Ц- нь 2017 оны 7 дугаар сард манай ээжтэй золгох гэж ирсэн. Тэгээд Солонгос улс руу явуулна гэж хэлсэн. Би түүнд мөнгө өгөхдөө 100.000, 150.000 төгрөгөөр нь Шаравдорж гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Дараа нь нэг удаа уулзахдаа бичиг баримтаа өгсөн. Би 2018 оны 02 дугаар сард Солонгос улсад байдаг Ц-гийн эгчтэй холбогдож байж түүний худал ярьж байгааг мэдсэн. 2018 оны 02 дугаар сарын 24-ний үүрээр Солонгос улс руу явна гээд надаар Солонгос улс руу явах юм бэлдүүлсэн. Тэгээд манай ах нас барчихлаа, явахаа больсон гэж хэлсэн. Би ядаж бичиг баримтаа авъя гэхэд хүнд өгөөд алдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газар өргөдөл гаргасан. Би Ц-д өгсөн мөнгө болон иргэний үнэмлэх, гадаад паспортоо авах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 4, 27 дугаар хуудас/

 

Хохирогч Б.З-гийн “Би 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл Ц.Ц- намайг Солонгос улс руу явуулж ажиллуулна гэж хэлээд 1.000.000 төгрөг авч залилсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Ц.Ц- манай нутгийн хүн байгаа юм. 2017 оны 07 дугаар сард манай ээж Бадмаанямбуутай золгох гэж ирээд надтай таарсан. Тэгээд утсыг нь мэддэг болсон. Түүнээс хойш Солонгос улс руу явж ажиллах талаар ярилцаад би Ц.Ц-д буюу 5113021802 дугаартай данс руу нийт 1.000.000 төгрөг хийсэн.

... Би Ц.Ц-гаас 1.000.000 төгрөг болон өөрийн иргэний үнэмлэх гадаад паспортыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

“Ц- надад хэлэхдээ би Солонгос явуулж өгнөө гээд надаас миний гадаад паспорт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэр, визний зураг гэж 4 хувь цээж зураг мөн 100.000 төгрөг, 120.000 төгрөг гэх мэтээр надаас цувуулж авсаар байгаад яг 1.000.000 төгрөгийг надаас авсан. Би одоо хэдэн удаа хэдэн төгрөгийг өгсөн гэдгээ мэдэхгүй байна. Гэхдээ  өгсөн мөнгө бол яг л 1.000.000 төгрөг болоод байна. ... Эдгээр мөнгөнөөс Ц-д нийт 50.000 төгрөгийг л бэлнээр өгсөн. Бусдыг нь дандаа дансаар өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Ц.Ц-гийн яллагдагчаар өгсөн “...Миний Хаан банкны 5059461559 дугаарын данс руу З- нь 100.000 төгрөг, 120.000 төгрөг гэх мэтээр хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан. Энэ мөнгө нь би З-гаас авах ёстой байсан мөнгөө л авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/

“... Би уг нь Солонгос улс руу явуулж өгнө гэж бодож байсан боловч амжаагүй юм. Би энэ талаар хэн нэгнээс гуйсан зүйл байхгүй. .. .Би Б.З-гаас 1.000.000 төгрөгийг авч Солонгос улсын виз гаргаж өгнө гэж худал хэлэн мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо нөхөн төлнө” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд Ц.Ц- нь  Б.З-гаас 1.000.000 төгрөгийг Солонгос улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн шилжүүлэн авч залилсан нь хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Ц-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг  зэргээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Бүгд найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас Б.З-д учирсан хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Ц.Ц-гаас 1.000.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч Ц.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулахаа   илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан түүний эрх чөлөөг хязгаарлахгүйгээр торгох  ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн түүний  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Гэрүүд овогт Цээноровын Ц- нь бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Ц.Ц-гаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Тариат сум Суман баг байшин хороолол 2-4 тоотод оршин суух Улам нэмэх овогт Бүжийнхүүгийн З-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ