Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01444

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 03 210/МА2022/01444

 

 

Х.Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01185 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Н ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Э , Т.О нарт холбогдох,

Нотариатын үйлдлийг хууль бусад тооцуулах, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр, хариуцагч Т.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, хариуцагч Ц.Э гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Ц.Б той 2007 оноос эхлэн хамтран амьдарч тэдний дундаас 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Хүслэн төрсөн. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ц.Б нас барсан, түүний нэр дээр байсан 270 м.кв газар, газар дээр байрлах хувийн сууц, гарааш гэсэн 2 үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан. Талийгаач тухайлж гэрээслэл үйлдээгүй.. Тийм учраас энэ хүний өв хөрөнгийг хууль ёсоор өвлөх асуудал яригдана.

Х.Н болон Ц.Б нарын дундаас төрсөн Б.Хүслэнд энэ өв хөрөнгө хууль ёсоор өвлөгдөх ёстой. Хорооны Засаг даргын тодорхойлолтоор Ц.Б нь нийт 4 хүүхэдтэй байсан. Ц.Б нас барснаар 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өв нээгдэх хууль зүйн нөхцөл байдал үүснэ. 2017 онд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслээд Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хуульд заасан шаардлагыг бүрэн баримтлаагүй.

Нотариатч хамгийн эхлээд энэ үйлдлийг хийхдээ Ц.Б гэдэг хүний Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 заасан тэргүүн ээлжийн хэдэн өвлөгч байгаа, энэ өвлөгч нар нь тус бүр хэрхэн яаж өвлөх, эсвэл өвлөхөөс татгалзах эсэхийг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай байсан.

Нотариатын тухай хууль болон Иргэний хуульд хамт амьдарч байсан өвлөгч өвлөхөөс татгалзаагүй бол өвийг хүлээж авсан гэдэг зохицуулалттай. Татгалзсанаа илэрхийлээгүй талаарх мэдээллийг хуульд заасны дагуу Монголын нотариатын танхимаас гаргаж авсан атлаа татгалзлаа илэрхийлэх эрхтэй этгээдүүд нь хэн байсан бэ гэдэг талаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэх, Нотариатын тухай хуулийн 21 зүйлд заасан нотариатын үйлдэлд холбогдох баримтын үнэн зөвийг нягтлан шалгах үүргийг зөрчсөн гэж үзэж байна.

2016 онд Ц.Б ыг Х.Н , Б.Хүслэн нартай хамт амьдардаг гэсэн лавлагаа гаргаж өгсөн. 2017 онд 2 хүүхэдтэйгээ хүү Б.Нямбуубаатар, Б.Хулан нартай хамт амьдардаг гэсэн. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэнтэй ч амьдардаггүй гэсэн лавлагаа гаргаж өгсөн. 2019 онд Х.Н дахиад тодорхойлолт авахад Б.Хүслэнгийн хамт амьдардаг гэсэн. Үндсэндээ 1 асуудлаар 4 өөр лавлагаа, тодорхойлолт гаргаж өгсөн. Нийт 14 хуудас нотлох баримтаас үзэхэд эдгээр нотлох баримтуудын дунд алинд нь ч Ц.Б гэдэг хүнээр овоглодог хууль ёсны хэдэн хүүхэдтэй гэдэг мэдээлэл огт байхгүй. Энэ мэдээлэл байхгүй байхад нотариатын үйлдэлд холбогдох баримт бичиг үнэн зөв бөгөөд нотариатын үйлдэл хууль ёсны болох гэдэг зарчим хэрэгжих боломжгүй нөхцөл, байдал үүссэн байна гэжээ.

 

2.Хариуцагч Ц.Э гийн хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт өвлөх эрхийг хүлээн авсан тухай хүсэлтээ зохих байгууллагад гаргаж өгөөгүй бол өвлөх эрхээс татгалзсан гэж үзнэ. Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй бол өвлөх эрхээс татгалзсанд тооцно гэж заасан. Үүний дагуу охин Б.Хүслэн нь ямар нэг байдлаар сум, дүүргийн Засаг дарга, нотариатад өв хүлээн авах тухай хүсэлтийг гаргаагүй. Тийм учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргаагүй учраас өв хүлээн аваагүй гэж үзэж байна. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ц.Б гэж хүн нас барсан. Тэгэхээр 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүсэлт байхгүй учраас өвийг хүлээн авсанд тооцохгүй.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нотариатч Т.О ын архивын газраас авсан лавлагаанд Ц.Б той холбоотой эд хөрөнгө дээр ямар нэгэн өвлөх, гэрээслэл, хүсэлт байхгүй байсан гэсэн мэдээлэл байгаа учраас үүний дагуу өвлөх эрхээс татгалзсан гэж үзээд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч байхгүй эсвэл өвлөхөөс татгалзсан бол нас барагчийн ах, эгч, ач, зээ нь авна гэсний дагуу Ц.Э д өвлөх эрх шилжсэн гэж үзэж байна. Тиймээс нотариатын үйлдэл зөв. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Т.О ын хариу тайлбарын агуулга: Өвлүүлэгч Ц.Э хүсэлт гаргасан. Миний дүү Ц.Б 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Үүнээс хойш 1 жил болсон. Ямар нэг хүсэлт гаргасан өвлөгч байхгүй. Хамгийн сүүлд ганцаараа амьдарч байсан. Эхнэр нь гэрлэлтээ цуцлуулсан гэж хүсэлтээ анх эхэлж гаргасан.

Өвлүүлэгч эрэгтэй хүн учраас эрэгтэй хүн дээр иргэний бүртгэлээс хэдэн хүүхэдтэй талаар лавлагаа гардаггүй. Тийм учраас энэ хүн ганцаараа амьдарч байсан гэдэг нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор гарсан.

Хүсэлт гаргасан Ц.Э гэдэг хүнтэй ямар холбоотой вэ гэдэг талаар мөн садан төрлийн лавлагаа авахуулахад төрсөн эгч нь гэсэн лавлагаа гарсан.

Үүний үндсэн дээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан эхний ээлжийн өвлөгч гэдэг бүгд лавлагаагаар тогтоогдсон. Эрх бүхий байгууллагуудын лавлагааг үндэслэсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд бүртгэл үнэн зөв байна гэсэн хуулийн зарчимтай. Үүний үндсэн дээр бүртгэл хийсэн байгууллага Засаг дарга нь тамга, тэмдэгтэй албан ёсны баримтаа өгсөн учраас өөр хууль ёсны өвлөгч байхгүй гэдгийг харгалзан үзэж Ц.Э д өвийг өвлүүлсэн.

2007 оноос хойш танхимын гэрээслэлийн бүртгэлээс шүүж үзэхэд ямар нэг хүсэлт гэрээслэл ирүүлээгүй байна гэсэн учраас Ц.Э цорын ганц хууль ёсны өвлөгч байна гэж үзсэн. Би нотариатын үйлдлийг хууль ёсны дагуу хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Г.О ын 2017 оны 06 дугаар зүйлийн 21-ний өдрийн өвлүүлэгч Ц.Б ын өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4-р гудамж 12 тоот хаягт байрлах 270 м.кв газар, 42 м.кв талбай бүхий орон сууц, гараашийг Ц.Б ын төрсөн эгч Ц.Э д 24, 25 дугаарын бүртгэлээр өвлөх эрх бүртгэж гэрчилсэн үйлдлиийг хүчингүй болгож, Ц.Э гийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 24, 25 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О аас төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ц.Э гаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч Т.О ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэн н.Барсболд нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Нас барсан цагаас хойш өвлөх эрхийг нээлгэхээр хүсэлт гаргаж байгаагүй. Төрсөн эгч Ц.Э нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу холбогдох баримтыг шалгаж үзээд Иргэний хуулийн 531 дугаар зүйл болон Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу өвлөх эрхийн 25 дугаартай гэрчилгээг олгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.2 дахь хэсэгт заасны дагуу охин Б.Хүслэн нь Ц.Б ын хууль ёсны өвлөгч болно гэж тусгасан. Нэхэмжлэлийн шаардлагаар охин Б.Хүслэнг өвлөгч эсэх талаар нэхэмжлэл гаргаагүй. Өв залгамжлалын талаар Х.Н , Б.Хүслэн нар хүсэлт гаргаж байгаагүй. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөгч өв хүлээн аваагүй буюу өв хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд нэг жилийн дотор гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр зохицуулсан. Иргэний хуульд заасны дагуу өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан гэж үзэж байгаа. Татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн ах, эгч дүү нар нь өвлөх эрхтэй гэсэн хуулийн зохицуулалттай нийцэж байгаа. Мөн нотариатчдын танхимын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд маргаан бүхий объектыг өвлөх эрхтэй холбоотой бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Н.Барсболд нь 2016 онд нас барсан. Уг үйл явдлаас хойш 4 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 531 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч Т.О ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн 27 дугаар талд авагдсан хариуцагч Ц.Э гийн нотаритад гаргасан өргөдөл байгаа. Уг өргөдөлд талийгаачийн эхнэр 2002 онд салсан, 2 хүү нь өвлөх эрхээ алдсан, эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн. Анхнаасаа нотариатын үйлдэл хийхдээ нэхэмжлэгч болон түүний охин Б.Хүслэн нарыг байгаагүй мэтээр нотариатаар гэрчилсэн. 2 хүү байгаа, 2002 онд салсан эхнэр байгаа болохоос биш 2012 оны шүүхийн шийдвэр, 2013 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэл, болон охин Б.Хүслэн 2008 онд төрсөн талаарх үйл баримтыг огт дурдаагүйгээр Х.Н , Б.Хүслэн гэх хүн огт байхгүй учраас өвийг хүлээн авах өвлөгч байхгүй байна гэх өв хүлээн авагч өв хүлээн аваач гэх агуулгаар нотариатч болон хариуцагч Ц.Э нар тодруулаагүй. Энэ талаарх үйл баримтыг огт дурдаагүй. Мөн өвлөх эрхийн гэрчилгээний тайлбар хэсэгт өөр өвлөгч байхгүй бөгөөд хэрэв гарч ирсэн тохиолдолд маргаангүйгээр түүнд оногдох хэсгийн мөнгөн хөрөнгийг өгнө гэж тусгасан. Гэтэл өөр өвлөгч буюу төрсөн охин нь гарч ирсэн байхад одоог хүртэл шүүхээр маргаж гэрчилгээний тайлбарт тусгасан үл баргах журмаар мөнгөн хөрөнгийг барагдуулах үүргээ гүйцэтгээгүй. Талийгаач төрсөн охины зүгээс өвлөх эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх өвлөгч гэж дүгнээгүй, хууль бус эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг шаардах эрхтэй гэж шүүхийн шийдвэрт дурдсан. Нотариатч гомдолдоо дурдсан Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу холбогдох баримт бичгийг шалгасны үндсэн дээр олгосон гэж бичсэн боловч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 онд батлагдсан нотариатын үйлдэл хийх зааварт заасан 14 төрлийн баримт бичгээс хариуцагч Ц.Э гийн гаргаж өгсөн 7 баримт бичигт дүгнэлт хийсэн. Талийгаачид төрсөн болон үрчилж авсан хүүхэд байгаа эсэх талаар архивын газраас лавлах үүргээ хэрэгжүүлээгүй буюу бүрэн нотлох баримтад үндэслэлгүйгээр хариуцагч Ц.Э гийн гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн өвийг олгож байгаа нь хууль ёсны өвлөгч Б.Хүслэнг байхгүй мэтээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, хууль бус үйлдэл хийсэн талаар шүүх зөв дүгнэсэн. Дээрх үндэслэлээр нотариат хуульд заасны дагуу үүргээ биелүүлээгүй, байгаа өвлөгчийг байхгүй мэтээр өвлөх эрхийн гэрчилгээ үйлдсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2.Нэхэмжлэгч Х.Н хариуцагч Ц.Э , Т.О нарт холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь Х.Н эсхүл Б.Хүслэн хоёрын хэн нь болох, өөрөөр хэлбэл, Х.Н нь хууль ёсны төлөөлөгчийн хувиар нэхэмжлэл гаргаж байна уу, эсвэл Х.Н өөрөө нэхэмжлэл гаргаж байна уу гэдэг нь тодорхойгүй байна.

4.Талууд өвлүүлэгчийн өвийг хүлээн авсан, хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үйл баримтын талаар маргаж, нэхэмжлэгч нь охин Б.Хүслэнг талийгаач Ц.Б той хамт амьдарч байсан гэж, хариуцагчаас Ц.Б нь нас барах хүртлээ 2013 оноос хойш ганцаараа амьдарч байсан гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.

5.Хэрэгт хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй нотлох баримтууд авагдсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтод Ц.Б нь нас барах хүртлээ ганцаараа амьдарч байсан гэж, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтод Ц.Б нь Х.Н , охин М.Мөнхсувд, Б.Хүслэн нартай хамт амьдарч байсан гэж, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтод Ц.Б нь хүү Б.Нямбуубаатар, охин Б.Хулан нартай амьдарч байсан, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтод Ц.Б нь Х.Н , охин М.Мөхсувд, Б.Хүслэн нартай амьдарч байсан гэж тус тус бичсэн байна. /хх 32, 58, 59, 61, 62/ Энэ тохиолдолд дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт ззааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.

6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэг нь нэхэмжлэгчид, татгалзлалаа нотлох үүрэг нь хариуцагчид байдаг боловч зохигчид нэг үйл баримтын талаар харилцан адилгүй тайлбар гаргасан, мөн харилцан зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шинээр нотлох баримт шаардан гаргуулж маргааны үйл баримтыг тогтоож хэргийг шийдвэрлэх учиртай. Тодруулбал, талийгаач Ц.Б ын амьдарж байсан Засаг захиргааны нэгжийн байгууллагаас өрхийн бүртгэлтэй холбоотой нотлох баримтуудыг шаардан гаргуулахтай холбоотой ажиллагаа явуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боломжтой.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. Энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаж, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Т.О аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД