Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312/шш2026/00950

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2026/00950

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: : Орхон аймаг Баян-Өндөр сум 8-р баг Бүрэнбүст баг 11-р хороолол *** тоотод байрлах, *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Найрамдал баг *** тоотод оршин суух, ***-д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 21,863,311.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

Хариуцагч ***-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,863,311.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн *** нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЭТ2025-47 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, зээлийн хүү сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч *** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа зөрчиж байгаа тул зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 18,917,288.87 төгрөг, зээлийн хүү 2,938,658.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736,445 төгрөг, нийт 21,863,311.63 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *** ББСБ ХХК-аас 30-36 сарын хугацаатай гэрээ хийж 20,000,000 төгрөгийг зээл авснаас хувь хүнд өгч багагүй санхүүгийн дарамтанд орж тус хүнээс 2025 оны 05 дугаар сард шүүхийн байгууллагад өгсөн боловч одоог хүртэл шийдэгдээгүй. Миний зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа болно... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/ *** ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5-7/, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЭТ/2025-47 дугаартай зээлийн гэрээ /хх-8-12/, харилцагчийн анкет /хх-13/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-14-19/, ***-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-20-27/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд ...*** нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЭТ2025-47 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, зээлийн хүү сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч *** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа зөрчиж байгаа тул зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 18,917,288.87 төгрөг, зээлийн хүү 2,938,658.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736,445 төгрөг, нийт 21,863,311.63 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...зээлсэн мөнгөө хүнд өгч санхүүгийн дарамтад орсон, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа... гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-т 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЭТ2025-47 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлдэгч зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-ээс шаардах эрхтэй байна.

 

7. Хариуцагч нь зээлсэн мөнгөө бусад өгөөд авч чадахгүй байгаа болон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч түүний тайлбар татгалзалд үндэслэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

 

8. Иймд хариуцагч ***-ээс үндсэн зээлийн үндсэн төлбөр 18,917,288.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,938,658.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 736,445 төгрөг, нийт 21,863,311.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ***-ээс улсын тэмдэгтийн хураамжид 267,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ***-ээс зээлийн гэрээний үүрэгт 21,863,311.63 /хорин нэгэн сая найман зуун жаран гурван мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ***-ээс улсын тэмдэгтийн хураамжид 267,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ