Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01481

 

2022.08.10

Д.О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01615 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/00251 дүгээр шийдвэрээр Д.О аас ХААН банкинд 48,163,209 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011161 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу, 15 дугаар байр, 14 тоот хаягт байрлах 25 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа 145,032,000 төгрөгөөр үнэлүүлж, анхны дуудлага худалдаагаар үнэлгээний 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдаагаар 50 хувиар үнэлэн 75,516,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаа явуулж байгаа нь миний эрх ашгийг хохироож байна. Учир нь уг үнэлгээ хийлгэхэд миний саналыг огтхон ч тусгаагүй байна. Үүний илрэл нь ижил төрлийн ийм орон сууц 160,000,000-180,000,000 төгрөгийн ханштай байгаа нь дурын олон нийтийн зар мэдээнээс харагдаж байна. Шүүхийн шийдвэрийг үл биелэгдэх байдлаар, хэт хурдан хугацаанд дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулан өгсөнд гомдолтой байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийг өөрсдөө төлж дуусгах санхүүгийн эх үүсвэр байгаа талаар илэрхийлсээр байтал хүлээж авалгүй 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 тоот тогтоолыг үйлдэж, төд удалгүй 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-126/21541 мэдэгдлийг гардуулан дуудлага худалдаанд оруулж байна. Тухайн эс үйлдэл нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх зарчмын агуулгад харшилж байна гэж үзэж дээд шатны албан тушаалтан болох Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч-ахлах дэслэгч Д.Өлзийсайханд өргөдөл гаргасан боловч өргөдлийн хүсэлтийг хангахаас татгалзсан, мөн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Б.Дашдаваад өргөдөл гаргасан ч өргөдлийн хүсэлтийг тус тус хангахаас татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гараад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тодруулах юм бол шийдвэр гүйцэтгэгч Б.Анар дээр ажиллагаа хийгдэх эрх нь нээгдсэн эсэхийг мэдээгүй байхад гэнэт албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын мэдэгдлийг өгсөн. Энэ нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчиж байна вэ гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар өөрөө албадан борлуулахаас өмнө өөрийнхөө саналаар эд хөрөнгөө борлуулах эрхтэй. Гэтэл энэ эрхийг нь эдлүүлэхгүй албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь үндэслэлгүй.

Иймд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага удалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: 2019.12.24-ний өдөр Д.О ын хөрөнгийг 145,000,000 төгрөгөөр үнэлсэн. Д.О нь тус үнэлгээг бодит үнэлгээ биш гэж үзэн тус шүүхэд гомдол гаргахад 3 шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад тус эд хөрөнгө нь борлогдоогүй тус 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар бууруулж оруулсан нь хуулийн дагуу явагдсан.

Төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдлийг тухай бүр нэн даруй мэдэгдэж байсан. Албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. 26-ны өдөр Д.О д өөрт нь мэдэгдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу эрхээ эдлэхээр бол 3 хоногийн дотор саналаа гаргана уу гээд сануулах тэмдэглэл, мэдэгдэл дээр Д.О өөрөө гарын үсэг зурсан байдаг. Энэ мэдэгдэл дээр бид хоёр уулзаад хоногоо алдсан байж магадгүй. Саяны нотлох баримтаас харахад 26-ны өдөр Д.О нь Замын-Үүдийн боомтоор орж ирж байна. Тэгэхээр 27-ны өдөр байсан байж магадгүй. Тухайн үед өдөр, хоногоо буруу тавьсан техникийн алдаа байж магадгүй, энэ мэдэгдлийг Д.О мэдсэн гэдэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр сарын 03-ны өдрийн 145,300,000 төгрөгөөр үнэлсэн гэж нэхэмжлэл гаргаж байсан. Тиймээс үүнийг 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ямар нэгэн байдлаар мэдсэн. Энэ тэмдэглэл, мэдэгдэл дээрээ гарын үсэг зурсан энэ дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дүгээр зүйлд заасныг сануулсан. Үүнийгээ шийдвэр гүйцэтгэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлье гэж 3 хоногийн дотор хүсэлтээ гаргаж болох байсан. Гэтэл 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.10.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарсан. Тогтоол гарсан даруйд албадан дуудлага худалдаанд оруулж явсан. Энэ хугацааг харахаар 30 хоног байтугай хугацаа байсан учраас манайхаар худалдан борлуулах ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн асуудал. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хариуцагч талаас гаргаж өгсөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн баримт нь хууль бус хуурамч гэдгийг нотолсоор байтал анхан шатны шүүх уг баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мэдэгдэл гэж эрх, үүрэг тайлбарласан баримт, он, сарын хувьд хуурамч нотлох баримт байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчинүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ үнэлгээ хийхэд миний саналыг тусгаагүй, ... гэнэт дуудлага худалдаа явуулах мэдэгдэл өгч албадан борлуулахаас өмнө өөрөө худалдан борлуулах эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үнэлгээний талаарх гомдлыг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн, ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргасан байна.

3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дугаартай захирамж, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ГХ2019/00589 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцжээ.

Барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 15 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. /хх-26, 29/

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналын талаар тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаартай тогтооолоор шинжээч томилсон, шинжээч нь төлбөр төлөгч Д.О ын барьцаа хөрөнгөнд 145,032,000 төгрөгийн үнэлгээ тогтоожээ. Уг үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс гаргасан гомдлыг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу талууд үнэлгээтэй холбоотой гомдол дахин гаргах эрхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

4.Зохигчид хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан хугацаа хуульд нийцсэн эсэх, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрхийг хариуцагч байгууллага зөрчсөн эсэх талаар маргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Тодруулбал, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан болох нь хэргийн 36, 38-41 дэх талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/42 дугаартай тогтоол, албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай тогтоолоор мөн сарын 25-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтсон, энэ талаар төлбөр төлөгч Д.О д 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэл гардуулж, хоёр дахь албадан дуудлага худалдааг товлосон хугацаанд явуулсан үйл баримт мөн хэргийн баримтуудаар тогтоогдсон байна. /хх-42, 43, 70-73/

Дээрхээс үзэхэд анхны албадан дуудлага худалдаа явуулснаас хойш 25 хоногийн дараа хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулах журмыг хариуцагч байгууллага зөрчөөгүй гэж үзнэ.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заажээ.

Хэргийн 103 дахь талд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд Төлбөр төлөгч Д.О тай уулзаж 2019 оны 4/29666 дугаартай үнэлгээний мэдэгдэл өгч гарын үсэг зуруулав. Төлбөр төлөгч Д.О нь ШШГТХ-ийн 62.1-т заасан эрхээ эдлэхээ мэдэгдэв гэж бичигдсэн, төлбөр төлөгч Д.О гэсэн нэрийн урд гарын үсэг зурсан байна. Иймээс дээрх хуулиар олгогдсон төлбөр төлөгчийн буюу нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч Д.О хөрөнгөнд үнэлгээ тогтоосон ажиллагаанаас хойш худалдан борлуулах ажиллагаа явагдах хүртэл хугацаанд өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах нэхэмжлэгчийн эрхийг нь хариуцагч тал зөрчсөн, мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд нэхэмжлэгч Д.О гарын үсэг зураагүй, хариуцагч байгууллага хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн гадаад паспортын нотариатаар гэрчилсэн хуулбар хувь, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх харьцуулан үзээд хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01615 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 гэснийг хасч, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД