Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 765

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Зая овогт Жадамбаагийн Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805045210919 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, “................” ХХК-д ..........ажилтай, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... дугаар хороо ........ дугаар хороолол ............дугаар байр ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Зая овогт Жадамбаагийн Б-.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар байрны орцонд иргэн Э.Д-ийг зодож биед хүч хэрэглэн халдаж баруун нүдний алиманд цус хуралт, баруун дээд зовхи, хацар зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ж.Б мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 30-ны орой хурал тараад ээлжийн амралтаа авч байсан хүмүүс амралтаа тэмдэглэж караоке орсон. Караоке 3 цаг орчим суугаад тарсан. Би ажлын газрын Цэдэвийн машинд санхүүгийн бичиг баримт болон 250 ширхэг бөглөө хийсэн байсныгаа авахаар залгахад утсаа авахгүй байсан. Тэгэж байгаад утсаа унтраасан. Хүмүүс амралтаа аваад хөдөө явна гэж ярьж байсан болохоор юмаа авах гээд Цэвэдийн гэрийнх нь гадаа очиход орц нь кодтой байсан. Тэгэхээр нь орц руу хүн орохыг хүлээж байгаад ороод хаалгыг нь 2-3 удаа тогшиход онгойлгохгүй байсан. Би өндөр сандаал өмссөн байсан ба хөл өвдөөд байхаар нь гутлаа тайлж бариад лифтний тэнд хэсэг зогсоход хүн  гарч ирэхгүй байхаар нь шатаар доошоо буусан. Тэгээд 1 давхарт Цэдэвийн эхнэр Д-тэй тааралдсан. Д- намайг “чи манай гэрийн энд юу хийж байгаа юм, яагаад хаалга тогшоод байгаа юм бэ, ажил дээр чинь очиж булайг чинь дэлгэнэ” гээд байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд гарах гэтэл миний хоёр гарнаас зуураад тэнд нилээн ноцолдсон. Би гарыг нь тавиулах гэж ноцолдож байгаад Д-ийн нүүрийг нь маажиж гэмтэл учруулсан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Э.Д-ийн “Би 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед манай нөхөр Д.Ц- гаднаас ажлынхаа хүмүүстэй уусан гээд халамцуу орж ирээд бага зэрэг маргалдаад байж байхад удалгүй дахиад хаалга хүчтэй нүдээд байхаар нь би нөхрөө очоод үзээд ир гэхэд хэн ч байхгүй байна гээд буцаад ирсэн. Тэгээд дахиад нүдээд байхаар нь би очоод хаалга онгойлгоод үзтэл хүн байхгүй байхаар нь коридорт гарахад хүн байхгүй байсан.

... Лифт хүлээгээд зогсож байхад шатаар манай нөхөртэй хамт ажилладаг  Б- гэх эмэгтэй шал согтуу гутлаа барьчихсан бууж ирж байсан. Тэгэхээр нь чи юу хийж яваа юм манай гэрийг мэддэг юм уу чи манайд ирж байсан юм уу гэхэд тийм би гэрийг хаягийг мэддэг юм, би танайд ирж байсан гээд чи нөхрөө алдчихаа юу гэхээр нь би юу яриад солиороод байгаа юм гэхэд тэр эмэгтэй над руу дайраад барьж явсан гутлаараа над руу цохиод байхаар нь би биеэ хамгаалж цаашаа түлхсэн. Тэгэхэд тэр эмэгтэй миний нүүрийг маажаад дахиад дайраад байхаар нь би орцны хаалгаар түлхээд гаргасан. Тэгээд гэртээ орж ирээд нүүрээ харсан чинь баруун талын нүдний доод талыг маажсан байсан. Би нөхрөө дагуулаад буцаад хамт гарахад нөгөө эмэгтэй зугтаагаад явсан байсан. ... Тэр эмэгтэй гутлаа бариад хөл нүцгэн явж байгаад уг гутлаараа  толгой руу хоёр удаа цохиж үсдэж гэдэс рүү нэг удаа өшиглөж нүүр маажсан. ... Би зодуулсандаа гомдолтой байна. ... Надад уг эмэгтэйгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Д.Ц-ийн “...Тэгээд эхнэр хэн хаалга тогшоод байдаг юм гээд эхнэр Д- гадуур хувцсаа өмсөөд орц руу гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа  би эхнэрийнхээ араас хувцсаа өмсөөд гарахад эхнэр өөдөөс нүүрээ маажуулсан байдалтай орж ирсэн. Ирээд танай ажлын Б- нүүр урчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10696 дугаартай:

“1. Э.Д-ийн биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун дээд зовхи хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Ж.Бийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Д-ийг намайг бариад зуураад байхаар нь би гарыг нь тавиулах санаатай санамсаргүйгээр нүүрийг нь маажсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... Хохирогчийн нүүрэнд учирсан шархыг би учруулсан. ... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хөнгөрүүлж, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зая овогт Жадамбаагийн Б-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.Б торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ж.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ