Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 767

 

 

 

 

 

      

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Онон,

шүүгдэгч Б.Г- түүний өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч А.Н-түүний өмгөөлөгч Б.Бадамгарав нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Дуулгат овогт Батцэнгэлийн Г-, Бууралынхан овогт Адъяагийн Н- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705017250041 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, .............. ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт ............. дүүргийн ....... дугаар хороо .............. гудамж 1 тоотод түр оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дуулгат овогт Батцэнгэлийн Г-

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 3, эх ахын хамт ..............дүүргийн ..... дугаар хороо ........... дугаар гудамжны ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бууралынхан овогт Адъяагийн Н-

 

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Г-, А.Н-нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Дүүхээ” төвийн гадна иргэн С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүч хэрэглэх явцдаа  Ipone 6s plus маркийн гар утас, иргэний цахим үнэмлэх “Хаан” банкны виза карт 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Н-мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ажлаа тараад караоке орсон. Тэгээд караокеноос гараад гэртээ харих замдаа Дүүхээ төвийн хажууд хоёр залуутай тааралдахад тэдгээр залуус Г- бид хоёроос эхлээд гал асуусан. Бид хоёр гал байхгүй гээд явах гэж байгаад асаагуурнаас болж тэр хоёр залуутай муудалцсан. Зодоон болоод нөгөө залуу зугтаагаад явсан. Гэтэл миний гар утас алга болсон байхаар нь Г-д “миний гар утсыг аваад явчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр араас нь хөөгөөд дэлгүүрийн зүүн талд хохирогч залууг барьж авсан. Тэгээд би “утсаа авъя” гэхэд “чиний гар утсыг би авахгүй” гэсэн. Байр дөнгөж эргээд цагдаагийн хэлтэс байдаг болохоор нөгөө залууг тийшээ аваачихаар Г- бид хоёр хоёр талаас нь бариад дагуулаад явсан. Түүнийг зодож байхад байрнаас нэг ах гарч ирчихээд “та нар хүн аллаа шүү дээ” гэхээр нь “зүгээрээ ахаа, би юмаа алдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд тэр ах буцаад орсон. Тэгтэл хоёр залуу гүйгээд ирэхээр нь нөгөө залуугийн найзууд гэж бодоод бид хоёр зугтаасан. Би автобусны буудал дээр очоод зугтахаа больсон ба араас ирсэн хоёр залуу нь цагдаагийн албан хаагч нар байсан бөгөөд би цагдаагийн хэлтэс дээр очсон” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-, А.Н-нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Оын “2017 оны 12 дугаар сарын 14-ний 22 цагийн үед Энх-Отгон гэх найзтайгаа гэрийнхээ ойролцоо уулзаад манай ахын Приус 20 маркийн 54-12 УНР дугаартай автомашинд хоёр хоёр пиво уусан. ... Бид хоёр Дүүхээ төвийн урд явж байхад хоёр залуу хоорондоо хэрэлдээд хар куртиктэй нь би ална гээд байсан. Тэр хоёр залуу хажугаар зөрөхдөө цагаан куртиктэй залуу нь гал байна уу гэж асуухаар нь бид хоёр байхгүй гэсэн. Тэгсэн чинь хар куртиктэй нь хажуугаас цаг хэд болж байна гээд дөхөөд байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэтэл ална шүү гээд дайрч байгаад цагаан куртиктэй залуу нь намайг шууд баруун гараараа нүүр рүү цохисон. Гэтэл хар куртиктэй залуу нь манай найз Отгонбаатарыг цохисон. Цагаан куртиктэй залуу нь намайг цохиод над руу дайраад байсан. Энэ үед би газарт унахад миний зүүн энгэрийн халаасанд байсан I phone 6s plus маркийн гар утас, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт 40.000 төгрөг хийсэн байсан хавтас хамт газарт унасан. Намайг  газарт уначихсан байхад цагаан куртиктэй залуу нь намайг дээрээс өшиглөж байхад манай найз Отгонбаатар ирээд салгасан. Гэтэл хажуугаас хар куртиктэй нь Отгоог хажуугаас нь цохисон. ... Гэтэл араас хөөж байгаад хүнсний Эвт дэлгүүрийн зүүн талд намайг гүйцэж ирээд  хар куртиктэй залуу намайг унагаасан. Тэгээд тэр хоёр залуу нийлээд миний толгой, цээж, гэдэс рүү их олон удаа цохиж өшиглөсөн. Энэ үед тэр хоёр залуу хоорондоо яг юу гэж ярьж байсныг сайн санахгүй байна, ямарч байсан юм яриад байсан. Тэгэж байгаад намайг хоёр талаас татаж босгоод дундаа оруулаад сугавчилж өргөөд явахдаа миний энгэрийн халаасанд байсан гар утас, бичиг баримтуудыг хар куртиктэй нь аваад баруун ханцуй руугаа хийсэн. Тэгээд намайг үргэлжлүүлээд өргөж авч явж байхдаа хоёр талаас цохиод байсан. ... цагдаа туслаарай гээд орилтол тэр хоёр залуу намайг авч явах гээд чирээд байсан. Би явахгүй гэж эсэргүүцээд доошоо суугаад байж байтал гэнэт намайг хаячихаад зугтаасан. Би өндийгөөд хартал хоёр ах тэр хоёр залуугийн араас хөөж байсан. Би араас нь наад хоёроо бариад аваарай гээд орилсон. Тэгээд удалгүй нөгөө хоёр залуугийн араас хөөдөг ах нар  машинтай ирээд арын суудал дээрээ намайг зодож дээрэмддэг цагаан куртиктэй залууг суулгачихсан байсан. ... Би гар утсаа 2017 оны 05 сард Тэди төвөөс 1.1180.000 төгрөгөөр авч байсан. Одоо 1.000.000 төгрөгөөр л үнэлнэ. ... Бэлнээр 40.000 төгрөг байсан. Миний толгой гурван хэсэгтээ хагарсан. Зүүн чихний ар талд хавдаж үүдэн 2 шүд хөдөлсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас/

“... А.Н-, Б.Г- нар нь намайг газарт унагаагаад өшиглөж цохиж байхдаа энэ гэмтлүүдийг бүгдийг нь учруулсан. Намайг ямар нэгэн эд зүйлээр цохиж зодоогүй. Би хохирлоо барагдуулчихвал надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэбилэгийн “... Шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны хойноос ертөнцийн зүгээр зүүн талаар тойроод урагшаа эргэтэл нэг залууг хоёр залуу зодож буй мэт харагдсан. Тэгэхээр нь бид хоёр машинтайгаа дөхөж очоод гэрлээ унтраатал нэг залууг газарт унагаачихсан хоёр ханцуй дээрээ цацруулагчтай куртиктэй /Б.Г-/ баруун гараараа нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж байсан. Цагаан куртиктэй /А.Н-/ толгой руу нь өшиглөсөн. Гэтэл хоёр ханцуйн дээрээ цацруулагчтай куртиктэй залуу нөгөө газарт унасан байсан залуугийн халааснаас ямар нэгэн зүйл /яг юу гэдэг нь харагдаагүй/ аваад куртикнийхээ баруун гадна энгэрийн халаас руу хийсэн. Удалгүй газарт унасан залууг нөгөө залуучууд хоёр талаас нь гарыг нь мөрөн дээрээ тохож дамжлаад дундаа оруулаад ертөнцийн зүгээр зүүн хойшоо явсан. Ингэж явж байх үедээ хоёр ханцуйн дээрээ цацруулагчтай куртиктэй залуу куртикны гадна халаасанд хийсэн ямар нэгэн эд зүйлээ баруун ханцуй руугаа хийсэн. Энэ үед зодуулсан залуу та хоёрыг цагдаад өгнө яахаараа намайг дээрэмддэг юм гээд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны урдуур явж өнгөртөл нөгөө хоёр залуу зодуулсан залууг түлхэж хаячихаад Өргөө кино театрын зүг рүү зугтаасан. Зугтахаар нь Нямсүрэн бид хоёр араас нь хөөгөөд гүйсэн. Удалгүй Нямсүрэн Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр гүйцэн очиж цагаан куртиктэй залууг нь барьж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Б.Нямсүрэнгийн “... Би араас нь хөөж байтал нөгөө хоёр залуу хоёр тийшээ ханцуйн дээрээ цацруулагчтай залуу нь ертөнцийн зүгээр зүүн тийш, нөгөө цайвар куртиктэй нь хойшоо гүйсэн. Би цайвар куртиктэй залуугийн араас хөөж Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр гүйцэн очиж цагаан куртиктэй залууг нь  барьж авсан. Араас удалгүй Эрдэнэбилэг ирсэн. Харин нөгөө хоёр ханцуйн дээрээ цацруулагчтай куртиктэй залуу зугтаад явчихсан. Зодуулж дээрэмдүүлсэн гэх залууг бас хамт дагуулан явсан. ...”гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №288 дугаартай:

“1.2. С.Оын биед зулайн хуйхны шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн чихний ар хэсгийн зулгаралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, шарх, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 31 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ “I phone 6s маркийн гар утас 800.000 төгрөг”.  /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч А.Н-, Б.Г- нар нь бүлэглэн С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүч хэрэглэх явцдаа Ipone 6s plus маркийн гар утас, иргэний цахим үнэмлэх “Хаан” банкны виза карт 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Н-, Б.Г- нар нь нэг удаагийн үйлдлээр С.Оын биед хөнгөн гэмтэл учруулсан, мөн биед нь байсан эд зүйлийг нь  дээрэмдэн авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж заасантай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, мөн эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ““Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” болон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Н-, Б.Г- нар нь хохирогч С.Оын гар утас, иргэний үнэмлэх, виза карт, 40.000 төгрөгийг дээрэмдэж авсан үйлдэл тэдгээрийн хамтарсан довтолгооноор эхэлж биед нь гэмтэл учруулж, дээрх эд зүйлийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэсэн гэмт хэргийг бүлэглэж гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх явц, гаргаж байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг  дээрэмдэх үйлдлийг хамтран хэрэгжүүлжээ.

 

Шүүгдэгч А.Н-, Б.Г- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” болон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, тэдгээрийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Ооос гаргасан хүсэлтэндээ “Оргил миний бие хохирлын мөнгө болох 840,000 төгрөгийг хүлээн авлаа. Өөр гомдол, санал болон хүсэлт байхгүй” гэжээ. /хэргийн 60 дугаар хуудас/

Иймд хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Г-, А.Н-нарыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд баривчилсан 2 хоногийн хугацааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөнийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж зааснаар мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дуулгат овогт Батцэнгэлийн Г-ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Бууралынхан овогт Адъяагийн Н-г бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.Г-, А.Н-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Г-, А.Н-нарт тус бүр оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн тэдгээрийн эдлэх ялыг тус бүр 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-, А.Н-нарт тус бүр оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Г-, А.Н-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

6. Б.Г-, А.Н-нарын баривчлагдсан 2 хоногийн хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Б.Г-, А.Н-нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Г-, А.Н-нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ