Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 770

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Д.Ө- түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч М.Ц түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Лувсан овогт Данзансүрэнгийн Ө, Боржигон овогт Мөнхцэцэгийн Ц- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 180502840764 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 21 дүгээр хороо Горькийн 14 дүгээр гудамж ........... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Лувсан овогт Данзансүрэнгийн Ө

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймаг Өмнөдэлгэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, машин угаалгын газарт ажилладаг, ам бүл 3, эхнэр охины хамт ..................... дүүрэг ...... дугаар хороо .............. гудамж ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Мөнхцэцэгийн Ц

 

 

Шүүгдэгч Д.Ө- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн баруун талын хаалганы гадаа иргэн М.Цтай “зам тавьж өгсөнгүй” гэж маргалдан зодолдож эрүүл мэндэд нь үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулын дотор талын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн баруун талын хаалганы гадаа иргэн Д.Ө-тэй “зам тавьж өгсөнгүй” гэж маргалдан зодолдож эрүүл мэндэд нь  хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруун зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор М.Ө мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би 3 дугаар эмнэлгийн баруун талын хаалган дээр хүн буулгаад зам руу орох гэтэл Ц- урдаас машинтайгаа ирээд бид хоёр маргалдсан. Ц-ын машины араас машин ирсэн учраас би ухарч зам тавьж өгсөн. Тэгтэл Ц- машинаасаа бууж ирээд намайг 2-3 удаа цохиод машинаас чирч буулгах гээд байсан. Түүнийг намайг цохиход миний хамраас цус гарсан ба намайг цаана байгаа бүдүүн залуутайгаа нийлээд зодчих байх гэж бодоод голын хайрцагнаас хутга гаргаж ирээд тавь гээд Ц-ын гарыг нь тавиулсан. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээд тархины зураг авахуулсан. Тэгээд эмч тархины цусан хангамж сайжруулах эм тариа хийлгэ гэхээр нь хийлгэсэн. Миний тархины зураг авахуулсан 136.000 төгрөгийн баримт уг нь байсныг алга болгосон. Нөхөж авах гэтэл өгөөгүй. Би одоо 225.800 төгрөг эмчилгээний зардалд нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор М.Ц  мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр 3 дугаар эмнэлгийн баруун хаалганаас туслах зам руу орох гэж байгаад Ө ахыг ухраад өгчих  гэхэд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод “ах жоохон хойшилчих” гэж хэлэхэд хутга гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад түүний нүүрэнд нь нэг удаа цохисон. Тухайн үед 3 дугаар эмнэлгийн харуул цагдаа дуудсан. Намайг машиндаа суухаар явж байхад Ө ах машинаасаа буугаад газраас чулуу аваад миний гар руу цохиод мөргөсөн. Манай ах биднийг салгасан. Би төлбөрийн боломжгүй болохоор эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ө, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

         

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “...1 ширхэг улаан өнгийн аяны эвхдэг хутгыг эд мөрийн баримт ...” гэсэн тогтоол /хэргийн 11 дүгээр хуудас/

Хохирогч Д.Ө-ийн “... Бид хоёр хоёулаа  машинтай явж байсан. Тэгээд зам тавьж өгөх өгөхгүйгээс болоод маргалдаад Ц- машинаасаа бууж ирээд би машиндаа сууж байхад гараараа нүүр, хамар, нүд рүү 2-3 удаа цохиж зодож учруулсан. Би айсандаа машины голын хайрцагнаас хутга гаргаж ирээд өөрийгөө хамгаалаад намайг тавь гээд гарыг нь тавиулсан. Компьютерт харуулсан. Эм авч уусан. Нийт 200.000 төгрөг болсон. ... Бид хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ... Миний ач зээ шиг л хүүхэд байна. Намайг зодож гэмтээсэнд гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулаад авмаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/

“...Эмчилгээн зардал болох 200.000 төгрөгөө авчихвал санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51 дүгээр хуудас/

 

Хохирогч М.Цын “... Машинаа барьж явж байгаад маргалдсан. Хойшоо ухраад намайг орохоор зөрөөд гарчих гэж хэлснээс болж маргалдсан. Би машинаасаа бууж ирээд машин дээр нь очоод та ухраад гарчих гээд шаардлага тавихад намайг зодох нуу гээд тонгорог гаргасан. Над руу машины цонхоор чичээд байсан. Тэгэхэд нь би биеэ барьж чадахгүй нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд тэр ах машинаас бууж ирээд над руу чулуу барьж хөөгөөд чулуугаар зүүн гарны бугалган дээр чулуугаар цохисон. Намайг мөргөсөн. Харуулыг цагдаа дуудчих гэж хэлээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан.

... Миний хуурай ах болох Алтансүх хажууд байсан. 3 дугаар эмнэлгийн баруун хаалганы харуул ах байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/

“... Намайг мөргөсөн. Миний дээд үүдэн шүд хөдөлсөн байсан. Уруул сэтэрсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6704 дугаартай:

“1. М.Цын биед үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, уруулын дотор талын шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь 2018.05.24-нд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 23 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6693 дугаартай:

“1. Ө-н биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгарал, зүүн хацрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/

 

Гэрч Т.Алтансүхийн “2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ц- миний автомашиныг бариад Саппорогийн гэрлэн дохиогоор баруун эргээд 3 дугаар эмнэлгийн баруун талын хаалга руу уруудаж орсон. Тэгэхэд урд байсан Приус 20 маркийн автомашин гэнэт баруун талаас шахсан. Тэгэхээр нь Ц- аятайхан яваач гэхэд Приус 20 автомашины 45-50 насны орчим нэг ах байсан. Тэр ах Ц-ыг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн Ц- машинаас буугаад тэр ах дээр очсон байсан. Тэгэхэд тэр ах Ц-ын өөдөөс хутга гаргаад хэд хэдэн удаа Ц-ын өөдөөс чичсэн. Ц- хойшоо бултаж байгаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Ц- тэр ахын хутгатай гарын бугуйнаас нь барьж байгаад тавьсан. Тэгэхэд тэр ах машинаасаа бууж ирээд газраас чулуу аваад М.Цыг барьж аваад духаараа дээд уруулыг нь яз мөргөсөн. Тэгэхэд үүдэн шүд нь хөдөлсөн байсан. Би машинаасаа бууж очоод чулууг нь хаяулаад салгаад би тэр хоёр та хоёрын хэн хэнийх нь буруу гээд хамгаалагчаар нь цагдаа дуудуулсан. Тэгээд цагдаа ирээд Ц- тэр ах хоёрыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч М.Ц, Д.Ө- нар нь “зам тавьж өгсөнгүй” гэж маргалдан харилцан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тэдгээрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд , гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул М.Ц, Д.Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ц, Д.Ө- нар харилцан хоорондоо гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр  гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Ө-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зүйл авсан тухай “Астрафарм ХХК”-ны зарлагын баримтаар 225.800 төгрөг тогтоогдсон тул уг хохирлыг шүүгдэгч М.Цаас гаргуулж хохирогч Д.Ө-т  олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч М.Ц нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.Ө-өөс гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн иштэй 1 ширхэг тонгорогийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Ө-т буцаан олгож, шүүгдэгч М.Ц, Д.Ө- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч М.Ц, Д.Ө- нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдгээрийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Лувсан овогт Данзансүрэнгийн Ө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Мөнхцэцэгийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

М.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Ө-, М.Ц нар торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.Ө-, М.Ц нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Ө-, М.Ц нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

6. М.Цаас 225.800 төгрөг гаргуулж хохирогч Д.Ө-т олгуулж, Д.Ө- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн иштэй 1 ширхэг тонгорогийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Ө-т олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ө-, М.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ