| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2021/02740/И |
| Дугаар | 210/МА2022/01496 |
| Огноо | 2022-08-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2022/01496
2022.08.12 МАГАДЛАЛ №1496
/ТӨСӨЛ/
А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01424 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, үүний үр дагаварт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Хос цайз-2, 102 дугаар байр, 1203 тоот орон сууцны эзэмших эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг А ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: А ХХК болон Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Захиалгаар орон сууц бариулах гэрээ-ээр гүйцэтгэгч А ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Б.Доржийн гудамжинд байрлах 102 дугаар байранд нийт 38 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц, үйлчилгээний талбай, автогарааш/-ийг барьж, захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК нь гэрээний төлбөр 3,180,993,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. Захиалагч тал гэрээнд тохирсон ёсоор төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тул бидний зүгээс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг мөн сарын 12-ны өдөр төлж барагдуулахыг шаардсан. Гэтэл энэхүү шаарлагад ямар нэгэн хариу өгөөгүй тул мөн сарын 14-ний өдөр Гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, хариуцагчаас төлсөн төлөлтдөө шилжүүлэн авах орон сууцны талаарх мэдээллийг ирүүлж, үлдэгдэл 19 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор чөлөөлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэлд хариуцагчаас мөн хариу ирүүлээгүй тул бид өөрсдийн сонголтоор буцаан шилжүүлэн авч, гуравдагч этгээд нарт худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгүүдийн мэдээллийг нэрлэн зааж, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор бүрэн чөлөөлж өгнө үү гэх агуулгатай мэдэгдлийг мөн сарын 17-ны өдөр хүргүүлсэн. Талууд дээрх гэрээний 6.6-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулах, мөн гэрээний 6.7-д гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцыг хүлээж авсан өдрөөс хойш буцаан хүлээлгэн өгөх хүртэл орон сууц ашигласны төлбөрт 500,000 төгрөг, орон сууцны засварын зардалд 3,000,000 төгрөгийг тус тус урьдчилгаанаас хасч тооцох нөхцлийг тохиролцсон. Иймд талуудын байгуулсан гэрээний зүйлд хамаарах Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Хос цайз-2, 102 дугаар байр, 1203 тоот орон сууцыг хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалсантай холбоотойгоор тус орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэх, ийнхүү буцаан шилжүүлэхтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байна. Түүнчлэн, маргаан бүхий орон сууцны бодит эзэмшлийг иргэн Ц.Ууганцэцэг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Харин А ХХК-ийн захирал Д.Н нь тус орон сууцны хууль ёсны өмчлөгч тул Ц.Ууганцэцэгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгөө түүний хууль бус эзэмшлээс шаардах нэхэмжлэлийг тусдаа гаргасан. Талуудын хооронд үүссэн харилцаанаас шалтгаалан нэхэмжлэгч А ХХК болон Д.Н нарын шаардах эрхийн үндэслэл, хариуцагчаар тодорхойлсон этгээд өөр байгаа боловч эдгээрийн аль аль нь тус 1203 тоот сууцны эзэмшлийг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А ХХК-тай байгуулсан гэрээгээр бол нийт 2,307,742,500 төгрөгийн дүн 30 ширхэг орон сууцыг захиалсан. 38 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө биш юм. Гэрээний төлбөр 2,307,742,500 төгрөгийн 80 хувийг төлмөгц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулна гэж тохиролцсон. Манай зүгээс одоогийн байдлаар 95 хувийн төлөлт хийсэн байхад 9 ширхэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 21/96 дугаартай албан тоотоор гэрээг дүгнэж гэрчилгээг нэмж гаргаж өгөхөөр дурдсан атлаа гэрээг дүгнээгүй, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 315,000,000 төгрөг төлбөрт нэмж төлсөн. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй атлаа манай компанийг гэрээ зөрчсөн гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Талуудын байгуулсан гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг Багш нарыг орон сууцжуулах төсөл-д хамрагдсан багш нарт олгохоор тохиролцсон. Ийнхүү гэрээний хавсралтад заасан орон сууцнуудыг нэр бүхий багш нарт хүлээлгэн өгсөн. Манай зүгээс гэрээний төлбөрийн 80 хувиас илүү 2,174,322,750 төгрөг төлсөн. Иймд төлбөрийн 80 хувь төлөгдсөн тохиолдолд орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэн гэсэн тохиролцооны дагуу Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Доржийн гудамж, 108 дугаар байр, 1203 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч А ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн огноотой захиалгаар орон сууц бариулах 2 гэрээ байгуулагдсан бөгөөд 30 орон сууцыг захиалгаар бариулахаар тохирсны дараа нэмж авто гарааш, үйлчилгээний талбай зэрэг 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК захиалгаар барьж хүлээлгэн өгөх, Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК нь гэрээнд заасан хуваарьт төлбөрийг төлөх нөхцлөөр шинэ гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.3-д захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийн 80 хувийг төлсний дараа өмчлөлийг өөр дээрээ шилжүүлэх эрхтэй байхаар заасан. Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэхэд нийт төлбөрийн 90 хувь болох 2,862,893,700 төгрөгийг төлсөн байх ёстой байсан боловч 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт төлбөрийн 58 хувь болох 1,871,322,750 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болон алдангийг төлж барагдуулаагүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хугацаа олгосон боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцалсан. Цуцлагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Хос цайз-2, 102 дугаар байр, 1203 тоот орон сууцны эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул А ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Доржийн гудамж, 108 дугаар байр, 1203 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,600 төгрөгийг, Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 564,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
6.а. Шүүх талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн тухайд,
Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын гол үндэслэл болох 30 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулсан гэх тайлбарыг нотлох баримтаар няцаасан. Гэсэн атлаа талуудын хэн аль нь маргаагүй тус гэрээний агуулга, заалт, тухайн гэрээнд тийнхүү заалт зохицуулалт хийх эрх талуудад байсан эсэх, мөн гэрээ цуцласан шийдвэр нь үндэслэлтэй эсэх зэрэг асуудалд өөрийн санаачилгаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан эсэх үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй. Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн Д.Н гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрээс үзвэл, шүүх А ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй, эсхүл гэрээг цуцлах нөхцөл бий болоогүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. А ХХК, Д.Н нар нь ямар хамааралтай талаар зэрэг дүгнэлт хийж, талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцоогүй зүйлийг тохиролцсон мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй.
6.б. Ойлгомжгүй, эргэлзээ бүхий дүгнэлтийг хийсэн тухайд,
Талууд 30 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн үйл баримтын талаар маргаагүй байхад шүүх орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэх бодит боломж А ХХК-д байхгүй гэж буруу дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.6, 6.7-д заасан зохицуулалтаар хариуцагч нь гэрээ цуцлагдсантай холбоотойгоор орон сууцыг буцаан хүлээлгэн өгөх, өөр гуравдагч этгээдэд худалдан борлуулах нөхцөлөөр хангах зэргээр орон сууцыг буцаан эзэмшилд нь шилжүүлэхтэй холбоотой үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардсан байхад А ХХК нь орон сууцны эзэмших эрхийг аль нэг хэлцэл, гэрээ, гэрээний бус үүргийн дүнд олж авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэх байдлаар хариуцагчаас орон сууцны эзэмших эрхийг шаардсан мэт дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатна шүүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг зөрчсөн гэжээ
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх талуудын маргааны үндэслэл болох гэрээ цуцлагдсан эсэх талаар дүгнэлт гаргаагүй алдаа гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хангах боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа 2 агуулгыг дурдсан. А ХХК нь Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д холбогдуулан гэрээг цуцалж, 1203 тоот орон сууцыг буцаан шилжүүлэх агуулга бүхий шаардлагыг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХХК-д, Д.Н нь н.Ууганцэцэг гэх хүнд холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д холбогдуулан гаргасан шаардлагын хүрээнд гэрээг шүүхийн журмаар цуцлуулахыг А ХХК хүссэн. Гэтэл Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн зүгээс гэрээ цуцлагдаагүй бөгөөд уг компаний зүгээс гэрээний үүргээ хэрэгжүүлсэн тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд үүссэн харилцааны талаар анхан шатны шүүх дүгнэлт гаргаагүй тул хууль ёсны байх шаардлага байхыг хангаагүй гэдэгт санал нийлж байна. Үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
8. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
8.а. Талууд 38 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээг хэзээ байгуулсан эсэх талаар маргасан. Хариуцагчийн зүгээс уг гэрээнд төлөгдсөн дүн 1,871,322,750 төгрөг гэж тусгагдсан байгааг төлбөр төлөлтийн графиктай харьцуулж, тухайн гэрээ 2021 оны 05 дугаар сараас, 06 дугаар сарын хооронд байгуулагдсан гэж маргадаг. Ийнхүү төлөгдсөн дүнгээр бол хариуцагч нь 30 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үнийн дүнгийн 80,5 хувийг төлсөн тул А ХХК-аас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар маргасан. Иймд гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайн гэрээ цуцлагдсан эсэхтэй холбоотойгоор шүүх дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй болсон.
8.б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа, Д.Н болон А ХХК нь нэг ашиг сонирхол бүхий этгээд гэж тайлбарласан байхад шүүх талуудын маргаагүй асуудалд дүгнэлт өгч, хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах эрхгүй гэж буруу дүгнэсэн.
8.в. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох гэж нэмэгдүүлж, 70,200 төгрөг төлснийг шүүх улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй. Энэ нь тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дэмжиж байгаа эсэхийг тодруулаагүй, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гээд хурлыг цааш үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна гэжээ.
9. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гэрээнд 30 болон 38 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэ холбоотой маргаан бүхий харилцаа үүссэн. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 80 хувь, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100 хувь болгож дуусгах талаар асуудал яригдсан. Гэрээ цуцалсан шийдвэрт маргаагүй атлаа ямар үндэслэлээр 1203 тоот орон сууцыг сугалан авч маргасан. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ цуцлагдсан байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.а.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д холбогдуулан гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 22-р хороо, Хос цайз-2 хотхоны 102 дугаар байрны 1203 тоот орон сууцыг буцаан шилжүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /2хх-39, 81-82 /
2.б.Хариуцагч эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-ийн нэр дээр шилжүүлэх өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна. /2хх-207/
3.Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага агуулга, үндэслэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хоорондоо зөрчилдөөнтэй, мөн маргааны үйл баримтад үл хамаарах дараахь асуудлаар дүгнэлт хийжээ.
3.а.Нэхэмжлэгч А ХХК, Д.Н нар анх шүүхэд хариуцагч Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК, Ц.Ууганцэцэг нарт холбогдуулан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалж, түүний үр дагаврыг арилгуулах, мөн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тусад нь авч үзвэл зохих харилцаа гэж дүгнээд хариуцагч Ц.Ууганцэцэгт холбогдуулан гаргасан түүний хууль бус эзэмшлээс 1203 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Н гийн нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлажээ.
Гэтэл нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Д.Н болон Ц.Ууганцэцэг нарын хоорондын орон сууцны хууль бус эзэмшилтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
3.б.Талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар маргаж, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон 38 обьект захиалгаар барихтай холбоотой гэрээ, гэрээ байгуулсан огноо тодорхой бус 30 ширхэг орон сууц захиалгаар барих гэрээг тус тус шүүхэд гарган өгсөн байна. Эдгээр нотлох баримтаас үзвэл, 38 ширхэг обьект захиалгаар бариулахтай холбоотой гэрээний хавсралт 1-д гэрээний нийт дүнг 3,180,993,000 төгрөг, гэрээний төлсөн дүн 1,871,322,750 төгрөг, гэрээний үлдэгдэл 1,309,670,250 төгрөг гэж, 30 ширхэг орон сууц барихтай холбоотой гэрээний хавсралт 1-д гэрээний нийт дүн 2,307,742,500 төгрөг, урьдчилгаа 30 хувь 692,322,750 төгрөг гэж тус тус тодорхойлон, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээнээс бүхэлд нь татгалзсан шинжгүй, хэсэгчлэн буюу төлбөр төлөөгүй байгаа хэсэгт хамаарах үнийн дүнд дүйцэх орон сууцыг буцаан шилжүүлэхээр шаардсан агуулгатай байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-иудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн мөнгөн дүн, тэр нь гэрээний үүргийн зөрчлийн аль хэсэгт хамаарах, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид гэрээнээс хэсэгчлэн татгалзах эрх үүссэн эсэх, гэрээнээс татгалзсан тохиолдолд 1203 тоот орон сууцыг биет байдлаар буцаан шилжүүлэх боломжтой эсэхийг тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг хэн аль нь буцаан шилжүүлэх үр дагавар үүсдэг. Талуудын маргааны хувьд 1203 тоот орон сууцанд холбогдох үүрэг гүйцэтгэгдээгүй талаар баримт байхгүй, гэрээний нийт үүрэгтэй хэрхэн холбогдож буйг тодруулах шаардлагатай.
Хариуцагчийн гүйцэтгээгүй төлбөрийн хэмжээний талаар талууд маргаантай байх тул энэхүү үнийн дүнг тодруулах, уг дүнд 1203 тоот орон сууц хамаарч байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.
3.в.Түүнчлэн, маргаан бүхий 1203 тоот орон сууцны өмчлөх эрх нь Д.Н д, эзэмших эрх нь Ц.Ууганцэцэгт байгаа тохиолдолд эдгээр иргэдийн эрх, ашиг энэхүү хэргийг шийдвэрлэхтэй холбоотойгоор хөндөгдөх эсэхийг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэх ажиллагааг явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.
Дээр дурдсанаар маргааны үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд талуудын маргаж буй асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийх, улмаар холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01424 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас 2022 оны 06 сарын 23-ны өдөр төлсөн 623,600 төгрөгийг, хариуцагч талаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 564,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД