| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0491/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
хохирогч Л.Ц-, түүний өмгөөлөгч Г.Жанчив /ҮД:2201/,
иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж-,
шүүгдэгч Г.Ч-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар /ҮД:2309/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэгээс эрүүгийн 201726030292 дугаартай хэрэгт Б- овогт Г-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 16 дугаар хороо Туулын 13 дугаар гудамжны 4 тоотод бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хороололын 48-р байрны 761 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Г-ийн Ч- /РД: ……………/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Ч- нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... оршин суух иргэн Л.Ц-ийн гэрт хаш хөөрөг гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурамч цагаан өнгөтэй чулуун хөөргийг 40.000.000 төгрөгөөр зарж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Л.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г.Ч- 2017 оны 01 дүгээр сард манай гэрт ирээд надад хаш хөөрөг байна гэж хэлсэн. Тухайн үед хөөргийг үзээд “хаш хөөрөг арай биш юм уу” гэхэд “би танд юу гэж худлаа ярих юм бэ” гэж хэлсэн. Урьд нь Г.Ч- надтай хөөрөгний наймаа хийж байсан. Надад хөөргөө 40.000.000 төгрөгөөр бодож өгөөд 18.000.000 төгрөгийг дансаар, 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн “Тоёота Альфард” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгт бодож авсан. Г.Ч- нь би хэрэгт холбогдоод хэцүү байдалтай байна гэж хэлээд намайг сандраагаад байсан. 3 хоногийн дараа би уг хөөргийг хүнд үзүүлэхэд “хулхи хөөрөг байна. Г.Ч- зарах гээд яваад байсан ш дээ” гэхээр нь Г.Ч- руу залгаад энэ талаар хэлэхэд “Би Өвөрхангай аймагт явж байна. Таныг залилсан гэдгээ мэдэж байна. Очоод таны машин болон мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Би “Мөнгөн-Ундрага” ХХК-ийг Г.Ч-тай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Тоёота Альфард” маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр “Мөнгөн-Ундарга” ХХК-нд худалдсан гэж мэдүүлсэн. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. “Тоёота Альфард” маркийн машинд үнэлгээ хийлгэхдээ хэтэрхий нэг талыг барьсан. Мөрдөн шалгах ажиллагаанд машинд хийсэн үнэлгээ буруу байна гэж прокурорт хэлэхэд үл тоосон. Г.Ч- нь нэг жилийн хугацаанд оргон зайлахдаа “чамайг ална, гэрийг чинь шатаана, чамайг хүчиндэнэ, хүүхдийг чинь ална, цагдаагийн байгууллагаас өргөдлөө ав гэж” маш их дарамталсан. Үүнийг Сиди бичлэгт буулгаж хэрэгт хавсаргуулсан боловч алга болсон байна. Г.Ч-ыг эрүүгийн Цагдаагийн албаны хүмүүстэй барихад шуудайны тал хаш чулуу байсан боловч алга болсон. Мөрдөн байцаагч надад “та хуурамч хаш хөөргийг нь буцаагаад өгчих. Г.Ч- дахиж хүн залилаад таныг хохиролгүй болгож хавтаст хэргийг хаая” гэсэн саналыг тавьж байсан. Цагдаагийн байгууллага нэг талыг барьж хэргийг шалгасан. Иргэний нэхэмжлэгчид тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд заасан 5.000.000 төгрөгийг төлөөд “Тоёота Альфард” маркийн машинаа авъя. Уг машины эзний ээж нь элэгний хорт хавдартай тул эмнэлэг рүү байнга зөөж байгаа гэж хэлэхэд Г.Ч- машиныг нь аваад бүтэн жил алга болсон. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд Г.Ч-ыг заавал яллаж мууг нь үзэх санаа байхгүй. Хэрэгт битүүмжлэгдсэн автомашиныг нотариатаар батлагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд үндэслэж надад буцаан олгож өгнө үү. Г.Ч-аас хохирол төлбөрөө авна гэдэг маш хэцүү. Хэрэгт эд мөрийн баримтаар гурван ширхэг хөөрөг хураагдсан боловч мөрдөн шалгах ажиллагаанд алга болсон. Миний хувьд маш их гомдолтой байна. Хуурамч хаш хөөргийг тодорхой хэмжээгээр үнэлж тохиролцоод хохирол төлбөрт тооцох боломжтой. Би Г.Ч-аас “Тоёота Альфард” маркийн машин, дансаар шилжүүлсэн 18.000.000 төгрөг, бэлнээр өгсөн 2.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай байгууллага нь барьцаат зээлийн үйлчилгээ буюу ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг. Г.Ч- нь Ц.Б-ээс дунд гарын цул шүрэн хөөргийг авч 10.000.000 төгрөгөөр зарж борлуулаад мөнгийг нь 7 хоногийн дараа өгнө гэсэн боловч Г.Ч- ирээгүй. Ц.Б- Г.Ч-тай уулзаад “мөнгөө авъя эсхүл хөөргөө буцааж авъя” гэхэд “Тоёота Альфард маркийн автомашиныг авах уу” гэж хэлсэн байдаг. Тухайн машины бичиг баримт нь асуудалгүй, хууль ёсны эзэмшигч нь Г.Ч- байсан учир хөөрөгний төлбөртөө авахыг зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Авто тээврийн үндэсний төв дээр очиж Ц.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед автомашиныг залилангийн үйлдлээр олж авсан гэдгийг огт мэдээгүй. Г.Ч- ч энэ талаар хэлээгүй бөгөөд манай байгууллагад ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Г.Ч- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ санаатай залилсан талаар мэдүүлж байна. Залилж олсон эд хөрөнгөөрөө манай байгууллагыг давхар залилсан байна. Шүүхээс Г.Ч-ын үйлдлийг залилангийн гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж Ц.Б-ийг хохирогчоор тогтоолгох хүсэлттэй байна. Хэрэв залилангийн үйлдэл биш гэж үзвэл “Тоёота Альфард” маркийн автомашиныг хууль ёсны өмчлөгч Ц.Б-т буцааж өгнө үү. Манай захиралтай Г.Ч- найз нөхөд, садан төрлийн холбоогүй гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч Г.Ч- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 12 дугаар сард Л.Ц- надтай утсаар яриад “чамд байгаа их гарын шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг чинь үзье. Ах нь хүнд үзүүлье, найдвартай авах хүн байгаа” гэхээр нь Л.Ц-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэрт нь очиж үзүүлсэн. Цандэлэг “ахдаа наад хөөргөө үлдээчих, би хөөргийг чинь найдвартай хүнд зарж өгнө” гэсэн. Би хөөргийг таньдаг хүндээ 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм. Цандэлэг хөөргийн 55.000.000 төгрөгний барьцааг төлөөд авч үлдсэн. Дараа нь Цандэлэгээс хөөрөгний үлдэгдэл мөнгөө нэхсэн боловч өгөхгүй худал үнэн юм яриад байсан. Сүүлдээ би өдөр болгон мөнгөө нэхэж гэрт нь очдог болсон. Цандэлэг “чи хөөргөө авахаар бол 65.000.000 төгрөг өгөөд ав эсвэл энэ хөөргийг чинь ах нь авъя” гээд надад хөөрөгний үлдэгдэл мөнгө гэж 18.000.000 төгрөг өгөөд алга болсон. 2016 оны 12 дугаар сард Цандэлэг над руу залгаад “ахдаа өмнө нь өгсөн хөөрөг шиг яг ижилхэн цагаан хаш хөөрөг 40.000.000 төгрөгт багтаагаад олоод өгөөч” гэхээр нь Оросын холбооны улсын Буриадаас цагаан чулуу авчраад таньдаг хүнээрээ хөөрөг хийлгээд Цандэлэг ахын өөрт нь байсан З6мм-тэй шүрийг толгойд нь тааруулж хийлгээд аваачиж өгсөн. …Би Цандэлэгт хаш хөөрөг гэж худлаа хэлж энгийн чулуун хөөргийг 40.000.000 төгрөгөөр үнэлж зарахдаа 18.000.000 төгрөгийг дансаар авч, мөн “Тоёота Альфард” маркийн машиныг авсан. Би “Мөнгөн-Ундарга” ХХК-аас 10.000.000 төгрөгний үнэтэй хөөрөг аваад мөнгийг нь өгөөгүй болохоор Цандэлэгээс авсан Альфард маркийн машиныг “Мөнгөн-Ундарга” ХХК-нд өгөх ёстой 10.000.000 төгрөгний оронд Буяндэлгэр захиралд өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 203-р хуудас/,
Хохирогч Л.Ц-ийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч- над руу залгаад “надад сайн цагаан хаш хөөрөг байна, зарах гэсэн юм” гэхээр нь “үзье” гэж хэлсэн. Ч- тэр өдрөө манай гэрт хөөргөө авчирсан. Хөөргийг харахад цагаан өнгийн их гарын хаш хөөрөг байсан. Хөөрөг нь цагаан өнгөтэй ч гэсэн ягаан өнгийн туяатай, хажуу бөөрөн дээрээ ногоон өнгийн бага зэрэг зураас гарчихсан байхаар нь энэ талаар асуухад “цэвэр хаш хөөрөг. Жаахан пийсүү оруулгатай байгаа юм” гэхээр нь эргэлзээд өнгөрсөн. Ч- уг хөөргийг “40.000.000 төгрөгөөр зарчихмаар байна. Өөр хөөрөгнүүдээ ломбарданд тавьчихсан, хураагдах гээд байна. Би тантай урьд нь хэд хэдэн удаа наймаа хийж байсныг ойлгоод худалдаад авчих” гээд гуйгаад байхаар нь Ч-ын данс руу 3-н удаа 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг болон эхнэр Сарангэрэлийн дүү Төрөөгийн унаж байсан “Тоёота Альфард” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр бодож наймаа хийсэн. 7 хоногийн дараа хөөрөг зардаг найз Одтой уулзаж хөөргөө үзүүлэхэд “наад хөөрөг чинь хулхи хаш хөөрөг ш дээ. Наад нөхөр чинь урт цагааны энүүгээр зарах гээд яваад байсан” гэж хэлэхээр нь Ч- руу залгахад “би Өвөрхангай аймагт явж байна. Та надад хугацаа өгөөч” гэхээр нь 20 гаруй хоног хүлээгээд ирж уулзахгүй, залгахаар утсаа авахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. … Эхнэрийн дүү Төрөөгийн эзэмшлийн 57-28 УНЕ улсын дугаартай автомашиныг Ч-ад өгөх үед урд хайрцагт нь хийсэн манай эхнэрийн “Hugo Boss” брэндийн гоёлын хар өнгийн нүдний шилийг аваагүй. Уг шилийг 2016 оны 09 дүгээр сард Сингапур улсаас 500 доллараар худалдан авч байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-39, 136, 184-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Мөнгөн-Ундарга” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг ба 2016 оны 12 дугаар сард манай байгууллагаар байнга үйлчлүүлдэг Ч- нь лангуунаас 10.000.000 төгрөгийн үнэтэй шүрэн хөөргийг зарж өгөхөөр захирал Буяндэлгэртэй яриад авч явсан. Тэрнээс хойш алга болчихоор нь залгаж асуухад “зараагүй байна” гэсэн. Хэсэг хугацааны дараа дахин залгаж асуухад “хөөргийг чинь зарчихсан, мөнгийг нь удаахгүй өгнө” гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сард хөөрөгний мөнгөө нэхэхэд “Тоёота Альфард маркийн автомашин оронд нь авах уу” гэхээр нь “чиний нэр дээр байдаг юм бол үзье” гэж хэлээд машиныг үзэхэд Ч-ын нэр дээр байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгөөр бодож машиныг нь шилжүүлэн авсан. Татвар бага төлөх гээд гэрээн дээр 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж бичүүлээд захирал Буяндэлгэр нэр дээрээ шилжүүлж авсан. …Ч-аас 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв хохирлыг барагдуулж чадахгүй бол Альфард маркийн машиныг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-35, 186-188-р хуудас/,
Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Бат-Эрдэний хамт Цандэлэг ахын гэрт байхад нэг залуу /Ч-/ орж ирээд Цандэлэг ахад цагаан өнгийн толгойгүй хөөрөг үзүүлээд “хаш хөөрөг байгаа юм. Мөнгөний хэрэг гарсан тул 40.000.000 төгрөгөөр зарна” гэхэд Цандэлэг ах өөрийнхөө хөөрөгтэй харьцуулж хараад “арай ягаан өнгөтэй байна” гэж хэлж байсан. Тэр хөөрөг нь жаахан ягаан өнгийн туяатай харагдаж байсан. Намайг байхад 40.000.000 төгрөгөөр зарна, наймаа хийхдээ цагаан өнгийн Тоёота Альфард маркийн автомашин оролцуулна гэж ярьж байсан. …Ч- нь “жинхэнэ хаш хөөрөг байгаа юм, энэ хөөрөгнөөс цагаан хөөрөг Монголд байхгүй” гэж хэлж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40, 71-р хуудас/,
Гэрч Д.С-ы мөрдөн байцаалтанд өгсөн: Би найзаараа дамжуулан 2016 оны хавар Ч-тай танилцахад өөрийгөө “Оросын холбооны улсаас чулуу оруулж ирж хөөрөг хийлгэдэг. Хийсэн хөөргөө зардаг” гэж хэлж байсан. Тэрнээс хойш 2-3 удаа хөөрөг хийж өгч байсан. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын дундуур чулуу авчраад их гарын хөөрөг 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэгийг тус тус хийлгүүлж авсан. Би Ч-ын өгсөн чулуугаар их гарын хөөргийг нь 3.000.000 төгрөгөөр, дунд гарын хөөргийг 2.000.000 төгрөгөөр, нийт 5.000.000 төгрөгөнд багтааж хийж өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 44-р хуудас/,
Гэрч Г.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Мөнх-Өлзийгийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ах Цандэлэгийн гэрт очиход нэг залуу /Ч-/ орж ирээд Цандэлэг ахтай уулзаж хөөрөг зарах гэж байгаагаа хэлээд цагаан өнгийн хөөрөг үзүүлж байсан. Хөөргөө үзүүлэхдээ “Монголд эхний 5-д орох цэвэр хаш хөөрөг юм. 40.000.000 төгрөгөөр зарна” гээд Цандэлэг ахын хаш хөөрөгтэй харьцуулж үзүүлсэн. Цандэлэгтэй наймаа хийхээр ярилцаж байхдаа “танд зөрүүнд өгөх машин байна уу” гэж асуухад “цагаан өнгийн Альфард байна эсвэл Тоёота Тундар машин байна” гэхэд “үзэж байгаад наймаа хийе” гэхээр нь “бэлнээр хэдэн төгрөг хэрэгтэй байна мөнгө олоод үлдсэнийг нь машин оролцуулъя” гэж тохиролцож байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-р хуудас/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Ч- нь 2017 оны эхээр шүрэн хөөрөг зараад өгнө гээд аваад явсан. Урьд нь Ч- надаас бэлэн мөнгөөр эд зүйл авч зардаг байсан учраас итгэсэн. Би Ч-ад 10.000.000 төгрөгний үнэтэй хөөрөг заруулахаар өгсөн. Ч- хөөрөгний мөнгө өгөхгүй удаад байхаар нь асуухад “хөөргийг чинь зарчихсан. Удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Ч- надад “Альфард гэж машин байна. Чи мөнгөнийхөө оронд авах уу” гэсэн санал тавихаар нь зөвшөөрсөн. Тухайн автомашин Ч-ын нэр дээр байхаар нь итгээд хаш хөөрөгнийхөө оронд буюу 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийнхөө нэр дээр тухайн автомашиныг шилжүүлээд Ч- бид хоёр өр авлагагүй болсон. Удалгүй Цагдаагийн газраас дуудаад Ч- нь уг автомашиныг Цандэлэг гэдэг хүнээс залилж авсан тухай хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 113, 190-р хуудас/,
Гэрч Ө.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 57-28 УНЕ улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн автомашиныг Техникийн захаас 2016 оны сүүлээр худалдаж авсан. Энэ машиныг уналгүй Цандэлэг ахын гражид түр тавьсан. Цандэлэг ах надад “Ах нь нэг хөөрөг авах гэсэн юм. Ахдаа машинаа өгчих. Ах нь дараа нь мөнгийг нь өгье” гэхээр нь машинаа Цандэлэг ахад өгөхөд тэрээр “Ч- гэж хүнтэй уулзаад машинаа нэр дээр нь шилжүүлээд өгчих. Наад хүнээс чинь хөөрөг авч байгаа юм” гэж хэлсэн. Би Цандэлэг ахын хэлснээр өөрийн эзэмшлийн 57-28 УНЕ улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн автомашиныг Ч-ын нэр дээр шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 149-р хуудас/,
Шинжээч Л.Л-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн автомашины үнэлгээг хийхдээ олон улсын үнэлгээний стандартыг баримталсан. Үнэлгээний компаниуд Олон улсын үнэлгээний стандартыг баримталж эд хөрөнгийн үнэлгээг гаргадаг. Энэ стандарт нь тухайн үед хийгдэж бaйсан үнэлгээн дээр тусгагдсан. Стандартын дагуу тухайн үеийн зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн. Зах зээлийн хандлагын арга гэдэг нь хариуцлагатай тооцоотой, ямар нэгэн шахалтгүйгээр арилжаанд бэлэн байгаа худалдагч, худалдан авагчийн хооронд зохих марктенг хийсний дараа талуудын ажил гүйлгээгээр өмчийг солилцож болох тухайн үнэлгээний өдрөөр тооцоолсон дүн байна. Энэ аргаар үнэлсэн. Өөрөөр хэлбэл тухайн үнэлэгдэж байгаа объект жишигдэхүйц 3 болон түүнээс дээш эд хөрөнгийг худалдагдахаар болон худалдагдсан мэдээ мэдээллийг харьцуулж жишиж тогтоосон байна. Үнэлгээний тухай хууль, үнэлгээний дүрэм, журам, нягтлан бодох бүртгэлийн тухайн хуулийн заалтуудыг мөрдөж үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээн дээр 5 эх сурвалжийг оруулсан байна. 2 сарын хугацаанд үнэлгээнд өөрчлөлт гарахгүй. Автомашины үнэ валютын ханшнаас хамааран өөрчлөгдөж байдаг. Энэ хугацаанд валютын ханш өөрчлөгдөхгүй. Тухайн үеийн зах зээлийн үнэлгээг дундажлаж гаргасан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 147-р хуудас/,
Шинжээч Т.Т-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цагаан өнгийн чулуунд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Тухайн хөөрөг хийсэн чулуу нь бүтнээр кварцит гэдэг чулуулаг юм. Бүрдүүлж байгаа элементүүдэд кварц буюу цахиуржин эрдсээс бүрдсэн байна. Энэ чулуу нь хаш чулуу биш. Хаш чулуу бол нягтрал сайтай буюу хувийн жин нь 3,2 гр/см куб байдаг. Кварц /цахиуржин/ нь нягтрал багатай буюу 2,65 гр/см куб хувийн жинтэй байдаг. Кварцийн хатуулаг нь 6,0. Хаш чулууны хатуулаг нь 6,5-тай байдаг. Энэ нь нарийн шинжилгээгээр буюу 1000 дахин микроскопоор харж шинжилгээ хийхээр бүтцээрээ ялгагдаж байгаа юм. Энгийн хүн харахад хаш чулуунаас ялгагдахгүй. Тухайн шинжилгээ хийсэн кварцит хөөрөг нь харахад цагаан хаштай ижил харагддаг боловч нарийн мэргэжлийн хүн хараад мэднэ. Геологич хүн ч хараад хаш чулуу гэж андуурч болно. Кварцит нь харахад хөхөлбөр туяатай, Цагаан хаш чулуу нь үл мэдэг ногоон туяатай байдаг юм. Кварцит /цахиуржин/ нь Хөвсгөл аймагт их байдаг. Харин цагаан хаш чулуу нь Оросын холбооны улсын сибирт байдаг. Цахиуржин нь хаш чулуутай адил байгалийн чулуу боловч шинж чанараараа өөр юм. Үнэ ханшийн хувьд маш их зөрүүтэй байна. Цахиуржин нь Si О 2 буюу цахиур болон хүчилтөрөгчийн нэгдэл юм. Хаш чулуу нь Ca2Mg5 /Si4 О8//0Н/2 гэсэн нэгдэл юм. Шинжилгээ хийлгэсэн чулууны хувьд цахиуржин чулуу юм. Харин уг чулууны үнэлгээг манайх гаргах боломжгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 148-р хуудас/,
Геологийн төв лабораторийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд хүргүүлж байгаа цагаан өнгийн хөөрөг нь цахиуржингаар /кварцит-SiO2/ хийгдсэн байна.
2. Цахиуржин /кварцит/ бол байгалийн чулуу мөн бөгөөд метасоматит хувирлын үр дүнд үүсдэг.
3. Уг хөөрөгний зах зээлийн үнэлгээг Геологийн төв лаборатори тогтоох боломжгүй. /хх-ийн 1-р хавтас 75-78-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 1-р хавтас 4-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 9-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 10-15-р хуудас/,
“Үнэлгээ консалтинг” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Тоёота Альфарт маркийн автомашин 12.500.000 төгрөгөөр үнэлнэ. /хх-ийн 1-р хавтас 19-27-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хөөрөг чулуунд үнэлгээ тогтоох боломжгүй. /хх-ийн 1-р хавтас 193-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/,
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 36-37-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 159-р хуудас/,
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 226-230-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 54, 58-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 55, 208-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 56-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 65, 225-р хуудас/, гэрч Д.Цэцгээгийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 191-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 209-р хуудас/, өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 214-224-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Г.Ч- нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... хохирогч Л.Ц-т “хаш хөөрөг 40.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурамч хөөрөг өгч залилсан болох нь:
Хохирогч Л.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г.Ч- 2017 оны 01 дүгээр сард манай гэрт ирээд надад хаш хөөрөг байна гэж хэлсэн. Тухайн үед хөөргийг үзээд “хаш хөөрөг арай биш юм уу” гэхэд “би танд юу гэж худлаа ярих юм бэ” гэж хэлсэн. Г.Ч- урьд нь надтай хөөрөгний наймаа хийж байсан тул итгэсэн. Надад хөөргөө 40.000.000 төгрөгөөр бодож өгөөд 18.000.000 төгрөгийг дансаар, 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн “Тоёота Альфард” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгт бодож авсан. Г.Ч- нь би хэрэгт холбогдоод хэцүү байдалтай байна гэж хэлээд намайг сандраагаад байсан. 3 хоногийн дараа би уг хөөргийг хүнд үзүүлэхэд “хулхи хөөрөг байна. Г.Ч- зарах гээд яваад байсан ш дээ” гэхээр нь Г.Ч- руу залгаад энэ талаар хэлэхэд “Би Өвөрхангай аймагт явж байна. Таныг залилсан гэдгээ мэдэж байна. Очоод таны машин болон мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Би “Мөнгөн-Ундрага” ХХК-ийг Г.Ч-тай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Тоёота Альфард” маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр “Мөнгөн-Ундрага” ХХК-нд худалдсан гэж мэдүүлсэн. “Тоёота Альфард” маркийн машинд үнэлгээ хийлгэхдээ хэтэрхий нэг талыг барьсан. Мөрдөн шалгах ажиллагаанд машинд хийсэн үнэлгээ буруу байна гэж прокурорт хэлэхэд үл тоосон. Г.Ч- нь нэг жилийн хугацаанд оргон зайлахдаа “чамайг ална, гэрийг чинь шатаана, чамайг хүчиндэнэ, хүүхдийг чинь ална, цагдаагийн байгууллагаас өргөдлөө ав гэж” маш их дарамталсан. Үүнийг Сиди бичлэгт буулгаж хэрэгт хавсаргуулсан боловч алга болсон байна. …Иргэний нэхэмжлэгчид тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд заасан 5.000.000 төгрөгийг төлөөд “Тоёота Альфард” маркийн машинаа авъя. Уг машины эзний ээж нь элэгний хорт хавдартай тул эмнэлэг рүү байнга зөөж байгаа гэж хэлэхэд Г.Ч- машиныг нь аваад бүтэн жил алга болсон. Хэрэгт битүүмжлэгдсэн автомашиныг нотариатаар батлагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд үндэслэж надад буцаан олгож өгнө үү. Г.Ч-аас хохирол төлбөрөө авна гэдэг маш хэцүү. Хэрэгт эд мөрийн баримтаар гурван ширхэг хөөрөг хураагдсан боловч мөрдөн шалгах ажиллагаанд алга болсон. Миний хувьд маш их гомдолтой байна. Хуурамч хаш хөөргийг тодорхой хэмжээгээр үнэлж тохиролцоод хохирол төлбөрт тооцох боломжтой. Би Г.Ч-аас “Тоёота Альфард” маркийн машин, дансаар шилжүүлсэн 18.000.000 төгрөг, бэлнээр өгсөн 2.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.
Хохирогч Л.Ц-ийн …Ч- над руу залгаад “надад сайн цагаан хаш хөөрөг байна. Зарах гэсэн юм” гэхээр нь “үзье” гээд манай гэрт ирсэн. Би хөөргийг харахад цагаан өнгийн их гарын хаш хөөрөг байсан. Хөөрөг нь цагаан өнгөтэй ч гэсэн ягаан өнгийн туяатай, хажуу бөөрөн дээрээ ногоон өнгийн бага зэрэг зураас гарчихсан байхаар нь энэ талаар асуухад “цэвэр хаш хөөрөг. Жаахан пийсүү оруулгатай байгаа юм” гэхээр нь эргэлзээд өнгөрсөн. Ч- уг хөөргийг “40.000.000 төгрөгөөр зарчихмаар байна. Өөр хөөрөгнүүдээ ломбарданд тавьчихсан, хураагдах гээд байна. Би тантай урьд нь хэд хэдэн удаа наймаа хийж байсныг ойлгоод худалдаад авчих” гээд гуйгаад байхаар нь Ч-ын данс руу 3-н удаа 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг болон эхнэр Сарангэрэлийн дүү Төрөөгийн унаж байсан “Тоёота Альфард” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр бодож наймаа хийсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-39, 136, 184-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г.Ч- нь Ц.Б-ээс дунд гарын цул шүрэн хөөргийг авч 10.000.000 төгрөгөөр зарж борлуулаад мөнгийг нь 7 хоногийн дараа өгнө гэсэн боловч Г.Ч- ирээгүй. Ц.Б- Г.Ч-тай уулзаад “мөнгөө авъя эсхүл хөөргөө буцааж авъя” гэхэд “Тоёота Альфард маркийн автомашиныг авах уу” гэж хэлсэн байдаг. Тухайн машины бичиг баримт нь асуудалгүй, хууль ёсны эзэмшигч нь Г.Ч- байсан учир хөөрөгний төлбөртөө авахыг зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Авто тээврийн үндэсний төв дээр очиж Ц.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед автомашиныг залилангийн үйлдлээр олж авсан гэдгийг огт мэдээгүй. Г.Ч- ч энэ талаар хэлээгүй бөгөөд манай байгууллагад ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Г.Ч- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ санаатай залилсан талаар мэдүүлж байна. Залилж олсон эд хөрөнгөөрөө манай байгууллагыг давхар залилсан байна. Шүүхээс Г.Ч-ын үйлдлийг залилангийн гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж Ц.Б-ийг хохирогчоор тогтоолгох хүсэлттэй байна. Хэрэв залилангийн үйлдэл биш гэж үзвэл “Тоёота Альфард” маркийн автомашиныг хууль ёсны өмчлөгч Ц.Б-т буцааж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж-ийн “…2017 оны 02 дугаар сард Ч-аас хөөрөгний мөнгөө нэхэхэд “Тоёота Альфард маркийн автомашин оронд нь авах уу” гэхээр нь “чиний нэр дээр байдаг юм бол үзье” гэж хэлээд машиныг үзэхэд Ч-ын нэр дээр байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгөөр бодож машиныг нь шилжүүлэн авсан …гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-35, 186-188-р хуудас/,
Гэрч Б.М-гийн …Би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Бат-Эрдэний хамт Цандэлэг ахын гэрт байхад нэг залуу /Ч-/ орж ирээд Цандэлэг ахад цагаан өнгийн толгойгүй хөөрөг үзүүлээд “хаш хөөрөг байгаа юм. Мөнгөний хэрэг гарсан тул 40.000.000 төгрөгөөр зарна” гэхэд Цандэлэг ах өөрийнхөө хөөрөгтэй харьцуулж хараад “арай ягаан өнгөтэй байна” гэж хэлж байсан. Тэр хөөрөг нь жаахан ягаан өнгийн туяатай харагдаж байсан. Намайг байхад 40.000.000 төгрөгөөр зарна, наймаа хийхдээ цагаан өнгийн Тоёота Альфард маркийн автомашин оролцуулна гэж ярьж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40, 71-р хуудас/,
Гэрч Д.С-ы …2016 оны хавар Ч-тай танилцахад өөрийгөө “Оросын холбооны улсаас чулуу оруулж ирж хөөрөг хийлгэдэг. Хийсэн хөөргөө зардаг” гэж хэлж байсан. …Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын дундуур чулуу авчраад их гарын хөөрөг 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэгийг тус тус хийлгүүлж авсан. Би Ч-ын өгсөн чулуугаар их гарын хөөргийг нь 3.000.000 төгрөгөөр, дунд гарын хөөргийг 2.000.000 төгрөгөөр, нийт 5.000.000 төгрөгөнд багтааж хийж өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 44-р хуудас/,
Гэрч Г.Б-ий …Би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Мөнх-Өлзийгийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ах Цандэлэгийн гэрт очиход нэг залуу /Ч-/ орж ирээд Цандэлэг ахтай уулзаж хөөрөг зарах гэж байгаагаа хэлээд цагаан өнгийн хөөрөг үзүүлж байсан. Хөөргөө үзүүлэхдээ “Монголд эхний 5-д орох цэвэр хаш хөөрөг юм. 40.000.000 төгрөгөөр зарна” гээд Цандэлэг ахын хаш хөөрөгтэй харьцуулж үзүүлсэн. Цандэлэгтэй наймаа хийхээр ярилцаж байхдаа “танд зөрүүнд өгөх машин байна уу” гэж асуухад Цандэлэг ах “цагаан өнгийн Альфард байна эсвэл Тоёота Тундар машин байна” гэхэд “үзэж байгаад наймаа хийе” гэхээр нь “бэлнээр хэдэн төгрөг хэрэгтэй байна мөнгө олоод үлдсэнийг нь машин оролцуулъя” гэж тохиролцож байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-р хуудас/,
Гэрч Ц.Б-ийн …Ч-ад өгсөн хөөрөг нь 10.000.000 төгрөгний үнэтэй байсан юм. Ч- хөөрөгний мөнгө өгөхгүй удаад байхаар нь уулзахад “хөөргийг чинь зарчихсан. Удахгүй мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Удалгүй Ч- надад “Альфард гэж машин байна. Чи мөнгөнийхөө оронд авах уу” гэсэн санал тавихаар нь зөвшөөрөөд үзтэл Ч-ын нэр дээр байхаар нь итгээд хаш хөөрөгнийхөө оронд буюу 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 113, 190-р хуудас/,
Гэрч Ө.Т-ын …Цандэлэг ах надад “Ах нь нэг хөөрөг авах гэсэн юм. Ахдаа машинаа өгчих. Ах нь дараа нь мөнгийг нь өгье” гэхээр нь машинаа Цандэлэг ахад өгөхөд тэрээр “Ч- гэж хүнтэй уулзаад машинаа нэр дээр нь шилжүүлээд өгчих. Наад хүнээс чинь хөөрөг авч байгаа юм” гэж хэлсэн. Би Цандэлэг ахын хэлснээр өөрийн эзэмшлийн 57-28 УНЕ улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн автомашиныг Ч-ын нэр дээр шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 149-р хуудас/,
“Үнэлгээ консалтинг” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Тоёота Альфард маркийн автомашин 12.500.000 төгрөгөөр үнэлнэ. /хх-ийн 1-р хавтас 19-27-р хуудас/,
Шинжээч Л.Л-гийн …Тухайн автомашины үнэлгээг хийхдээ олон улсын үнэлгээний стандартыг баримталсан. Үнэлгээний компаниуд олон улсын үнэлгээний стандартыг баримталж эд хөрөнгийн үнэлгээг гаргадаг. Энэ стандарт нь тухайн үед хийгдэж бaйсан үнэлгээн дээр тусгагдсан. Стандартын дагуу тухайн үеийн зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн. Зах зээлийн хандлагын арга гэдэг нь хариуцлагатай тооцоотой, ямар нэгэн шахалтгүйгээр арилжаанд бэлэн байгаа худалдагч, худалдан авагчийн хооронд зохих марктенг хийсний дараа талуудын ажил гүйлгээгээр өмчийг солилцож болох тухайн үнэлгээний өдрөөр тооцоолсон дүн байна. Энэ аргаар үнэлсэн. Өөрөөр хэлбэл тухайн үнэлэгдэж байгаа объект жишигдэхүйц 3 болон түүнээс дээш эд хөрөнгийг худалдагдахаар болон худалдагдсан мэдээ мэдээллийг харьцуулж жишиж тогтоосон байна. Үнэлгээний тухай хууль, үнэлгээний дүрэм, журам, нягтлан бодох бүртгэлийн тухайн хуулийн заалтуудыг мөрдөж үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээн дээр 5 эх сурвалжийг оруулсан байна. 2 сарын хугацаанд үнэлгээнд өөрчлөлт гарахгүй. Автомашины үнэ валютын ханшнаас хамааран өөрчлөгдөж байдаг. Энэ хугацаанд валютын ханш нээх өөрчлөгдөөгүй. Тухайн үеийн зах зээлийн үнэлгээг дундажлаж гаргасан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 147-р хуудас/,
Геологийн төв лабораторийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд хүргүүлж байгаа цагаан өнгийн хөөрөг нь цахиуржингаар /кварцит-SiO2/ хийгдсэн байна.
2. Цахиуржин /кварцит/ бол байгалийн чулуу мөн бөгөөд метасоматит хувирлын үр дүнд үүсдэг.
3. Уг хөөрөгний зах зээлийн үнэлгээг Геологийн төв лаборатори тогтоох боломжгүй. /хх-ийн 1-р хавтас 75-78-р хуудас/,
Шинжээч Т.Т-ийн …Би 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цагаан өнгийн чулуунд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Тухайн хөөрөг хийсэн чулуу нь бүтнээр кварцит гэдэг чулуулаг юм. Бүрдүүлж байгаа элементүүдэд нь кварц буюу цахиуржин эрдсээс бүрдсэн байна. Энэ чулуу нь хаш чулуу биш. Хаш чулуу бол нягтрал сайтай буюу хувийн жин нь 3,2 гр/см куб байдаг. Кварц /цахиуржин/ нь нягтрал багатай буюу 2,65 гр/см куб хувийн жинтэй байдаг. Кварцийн хатуулаг нь 6,0. Хаш чулууны хатуулаг нь 6,5-тай байдаг. Энэ нь нарийн шинжилгээгээр буюу 1000 дахин микроскопоор харж шинжилгээ хийхээр бүтцээрээ ялгагдаж байгаа юм. Энгийн хүн харахад хаш чулуунаас ялгагдахгүй. Тухайн шинжилгээ хийсэн кварцит хөөрөг нь харахад цагаан хаштай ижил харагддаг боловч нарийн мэргэжлийн хүн хараад мэднэ. Геологич хүн ч хараад хаш чулуу гэж андуурч болно. Кварцит нь харахад хөхөлбөр туяатай, Цагаан хаш чулуу нь үл мэдэг ногоон туяатай байдаг юм. Кварцит /цахиуржин/ нь Хөвсгөл аймагт их байдаг. Харин цагаан хаш чулуу нь Оросын холбооны улсын сибирт байдаг. Цахиуржин нь хаш чулуутай адил байгалийн чулуу боловч шинж чанараараа өөр юм. Үнэ ханшийн хувьд маш их зөрүүтэй. Цахиуржин нь Si О 2 буюу цахиур болон хүчилтөрөгчийн нэгдэл юм. Хаш чулуу нь Ca2Mg5 /Si4 О8//0Н/2 гэсэн нэгдэл юм. Шинжилгээ хийлгэсэн чулууны хувьд цахиуржин чулуу юм. Харин уг чулууны үнэлгээг манайх гаргах боломжгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 148-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Г.Ч- нь хохирогч Л.Ц-тэй урьд хөөрөгний наймаа хийж байсан урьдын харилцаагаа ашиглан цахиуржин чулуун хөөргийг “хаш хөөрөг” гэж хуурч, төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчоос 2016 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд 18.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг дансаар, мөн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Тоёота Альфард маркийн автомашиныг нэр дээрээ шилжүүлэн авч залилсан, уг шилжүүлэн авсан автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ц.Б-т 10.000.000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлсэн нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.
Улсын яллагч яллах дүгнэлтдээ “2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр” гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.
Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох хуулийн зохицуулалтай /ЭХЕА-ийн 1.8 дугаар зүйл/ хэдий ч шүүгдэгч Г.Ч-ад холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөх болсноор “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, ...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байх хууль зүйн үр дагавар үүссэн.
Шүүгдэгч Г.Ч- нь шууд санаатай, шунахай сэдэлтээр хохирогчийг залилан мэхэлж, нийт 30.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” буюу “Залилах” гэмт хэргийн шинжид нийцсэн байна.
Тиймээс шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Ч-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Хохирогч Л.Ц- нь мөрдөн байцаалтанд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр /хх-ийн 1-р хавтас 38-39-р хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр /хх-ийн 1-р хавтас 136-р хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр /хх-ийн 1-р хавтас 184-р хуудас/ тус тус мэдүүлэг өгсөн байх ба тэрээр мөрдөн байцаалтанд “... дансаар 18.000.000 төгрөг, “Тоёота Альфард” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгт тооцож өгсөн” гэж мэдүүлж байжээ.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Ч-ад дээрх дансаар шилжүүлсэн мөнгө, автомашинаас гадна мөн бэлэн 2.000.000 төгрөг өгсөн” гэж өөрөөр мэдүүлж байгаа нь гэмт хэрэг гарах үед байсан гэрч Г.Б-э, Б.М- нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна.
Улсын яллагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хохирогч шүүгдэгч нарын хооронд “хаш хөөрөг 40.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон хэлцлийг” үндэслэж тогтоосон нь үндэслэл муутай болжээ.
Хэрэгт цугларсан баримтаар хохирогч Л.Ц- нь шүүгдэгч Г.Ч-ад 2016 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд дансаар 18.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэрийн дүү Ө.Т-ын эзэмшлийн “Тоёота Альфард” маркийн автомашиныг шилжүүлсэн өгсөн ба “Үнэлгээ консалтинг” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Тоёота Альфард маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 1-р хавтас 19-27-р хуудас/ тул гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц-т 30.500.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Хохирогч Л.Ц- 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэтэл Г.Ч- нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Тоёота Альфард” маркийн автомашиныг Ц.Б-т шилжүүлсэн байна. Иймд “Тоёота Альфард” маркийн автомашиныг миний эзэмшилд буцааж олгоно уу гэсэн хүсэлт гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухай эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Хохирогч Л.Ц- нь Ө.Т-ын эзэмшлийн “Тоёота Альфард” маркийн автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г.Ч-ад шилжүүлэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 26, 37, 159-р хуудас/ ба Г.Ч- нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр уг автомашиныг 5.000.000 төгрөгөөр Ц.Б-т худалдсан баримт авагдсан /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/ боловч гэрч Ц.Б- нь “Тоёота Альфард” маркийн автомашин Г.Ч-ын эзэмшилд байсан тул хөөрөгний үнэ 10.000.000 төгрөгийн төлбөрт тооцож авсан” талаараа мөрдөн байцаалтанд мэдүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Ц.Б- нь шүүгдэгч Г.Ч-ыг бусдыг залилж буюу гэмт хэрэг үйлдэх замаар “Тоёота Альфард” маркийн автомашин олж авсаныг нь мэдсээр байж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд хохирогч Л.Ц-ийн “Тоёота Альфард” маркийн автомашинаа буцааж авах хүсэлтийг хангах боломжгүй харин тухайн эд зүйлийн үнэлгээг үндэслэн шүүгдэгчээс нийт 30.500.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ц-т учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Тухайн хэргийн хувьд нотолбол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон шүүгдэгч Г.Ч- нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн эд зүйл, мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар “шүүгдэгч Г.Ч- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, элэгний өвчтэй биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Г.Ч-ад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн Ц.Б-ийн эзэмшлийн 57-28 УНЕ улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолыг /хх-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/ хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ч-аас хохирогч Л.Ц-т өгсөн хөөргийг эд мөрийн баримтаар хэргийн хамт ирүүлсэн ба уг хөөрөг нь цахиуржин чулуугаар хийгдсэн болох нь Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн /цахиуржин/, толгойгүй хөөрөгийг зохих байгууллагаар үнэлүүлж хохирогч Л.Ц-т учирсан хохирол төлбөрийг төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 38 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Г-ийн Ч-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Ч-ад авсан хувийн баталаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Ч-ын цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-аас 30.500.000 /гучин сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.Ц-т олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн Ц.Б-ийн эзэмшлийн 57-28 УНЕ улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг толгойгүй цагаан өнгийн хөөрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Ц-т учирсан хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ч-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР