Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0748/З |
Дугаар | 92 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 92
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн Л.Ө-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжийн Ш.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Л.Т, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие Баянзүрх дүүргийн албан ёсны хаяг бүхий 434 м.кв газарт анх 2010 онд бууж, өнөөдрийг хүртэл тухайн газартаа амьдарч байна.
Өнгөрсөн хугацаанд газраа хуулийн дагуу баталгаажуулж авахаар удаа дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албанд өргөдөл, гомдлоо гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй.
Учир нь Ш.Б гэдэг хүн энэ газрыг 2008 онд авсан байна гэдэг. Гэвч манайх 2010 оноос хойш энэ газартаа амьдарч Ш.Б нь нэг ч удаа энэ газартаа ирж байгаагүй, хэрэв үнэхээр тийм хүн байдаг бол газраа эргэж тойрч, ирж уулзмаар юм. Гэтэл Ш.Б нь 2016 оны 06 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар газраа өмчилж авсан байна гэж дүүргийн Газрын албанаас хэлсэн.
Газрын тухай хуулинд зааснаар 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй бол газрын төр хураадаг зохицуулалттай байхад Ш.Б нь тухайн газраа амьдардаггүй байтал газраа өмчлөхөөр шийдвэрлүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна.
Энэхүү байдлын талаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл, гомдол бичгээр гаргасан боловч тодорхой шийдгүй байсаар 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №1401 тоот албан бичгээр “асуудлаа шүүхээр шийдүүл” гэсэн утгатай хариуг өгсөн.
Дүүргийн энэхүү хариуг хүлээж аваад Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмч, Газрын харилцааны албанд хандаж, дахин өргөдлөө гаргасан боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3/4893 тоот албан бичгээр “...шүүхэд хандана уу” гэсэн хариуг өгсөн.
Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжийн Ш.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож,
2. Л.Ө миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Баянзүрх дүүрэг, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ******* хэсэг, Төмөр замын ******* тоотод байрших, 434 м.кв газрыг эзэмших /өмчлөх/ эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Л.Өы гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжийн Ш.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Ш овогтой Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны 276 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамж ******* тоотын 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх авч, ********* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.
2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ш.Б нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* тоотын 400 м.кв газраа өмчилж авахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад гарган, дараах бичиг баримтуудыг хавсарган өгсөн байна. Үүнд:
1. Газар эзэмших эрхийн гэрчилгээ
2. Баянзүрх дүүргийн Засаг даргын тодорхойлолт
3. Кадастрын зураг
4. Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг байна.
Иймд иргэн Л.Ө нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/478 дугаар захирамжаар газраа өмчлөн авсан тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд зааснаар “Иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Л.Ө-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох Дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Ш.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ******* хэсэг, Төмөр замын ******* тоотод байрших 434 м.кв газрыг эзэмших /өмчлөх/ эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ******* хэсэг, Төмөр замын ******* тоотод байрших 434 м.кв газарт анх 2010 онд бууж, өнөөдрийг хүртэл тухайн газартаа амьдарч байна.
Өнгөрсөн хугацаанд газраа хуулийн дагуу авахаар удаа дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гомдлоо гаргаж байсан боловч шийдвэрлэж шийдвэрлэж өгөөгүй. Манайх 2010 оноос хойш тухайн газартаа амьдарч байхад Ш.Б гэж хүн нэг ч удаа энэ газартаа ирж байгаагүй, Газрын тухай хуульд зааснаар 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй бол газрыг төр хураадаг зохицуулалттай байхад Ш.Б нь тухайн газраа амьдардаггүй атал газраа өмчлөхөөр шийдвэрлүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна.” гэж маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч маргаан бүхий газарт анх суурьшихаас өмнө гуравдагч этгээд Ш.Б нь тухайн газрыг эзэмшихээр хууль ёсоор хүсэлтээ гаргаж, эзэмшсэн байна. Иргэн хүсэлтдээ гаргасан тул дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д Дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д тус тус заасны дагуу 2006 оны 276 дугаар захирамжаар Ш.Бт *********************** тоотод байрших 400 м.кв газар эзэмших эрх олгосон байдаг.
Харин нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчиж, бусдын эзэмшсэн газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх нь захиргааны байгууллагад хадгалагдаж байх ба тус заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 7716 захирамжтай танилцаж, иргэн Л.Ө-ийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Манай үйлчлүүлэгч иргэн Ш.Б нь хуульд заасна үндэслэл журмын дагуу хүсэлтээ гаргаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 276 захирамжийн дагуу хуулийн хүрээнд газрыг эзэмших эрх олж авсан.
Дээрх газар эзэмших эрхийн дагуу өмчлөх эрхээ 2016 онд хуульд заасан журмын дагуу баталгаажуулсан байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд нүүлгэх гэж Баянзүрх дүүргийн Газрын албаны ажилтнуудын хамт хэд хэдэн удаа оролдсон боловч нүүгээгүй байдаг.
Мөн Ш.Б нь хашаатай байсан бөгөөд Хашаа арга хэмжээний хүрээнд битонон хашаа болгох зорилгоор хашаагаа түр буулгасан байсан хойгуур нэхэмжлэгч ирж буусан байдаг.
Баянзүрх дүүргийн газрын албанаас хашаа арга хэмжээний дагуу манай үйлчлүүлэгчийн хашааг буулгасан холбогдох баримтууд байгаа гэж бодож байна. Тус газартай холбоотой хашаа арга хэмжээний гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч иргэн Л.Ө-с “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжуудын Ш.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн тухайд:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар иргэн Ш.Бт тус дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* тоотод байршилтай хашааны 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Нэхэмжлэгч Л.Ө маргаан бүхий иргэн Ш.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* тоот хашааны газрыг өөрийн газар, хаягжилт өөр, түүнчлэн Ш.Б маргаан бүхий газраа хуульд заасны дагуу 2 жил зориулалтын дагуу ашиглаж байгаагүй...” гэж маргаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар үзэхэд түүний тайлбар үндэслэлгүй байна.
Тухайлбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэжээ.
Нэхэмжлэгчээс “...анх 2010 онд бууж, өнөөдрийг хүртэл тухайн газартаа амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд газраа хуулийн дагуу баталгаажуулж авахаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Өмч, Газрын харилцааны албанд удаа дараа өргөдөл, гомдлоо гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй...” гэж тайлбарлан маргаж байгаа хэдий ч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...бүртгэлийн дэвтэрт Л.Ө гэдэг хүн байхгүй, харин Л.Т гэдэг өргөдөл өгсөн бүртгэлд байдаг...”, Л.Ө гэдэг хүний нэрээр тухайн газрыг эзэмших тухай ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй...” гэх тайлбар, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр 29-ний өдрийн 10094 дугаар захирамжид нэхэмжлэгч Л.Өг иргэн Л.Таар дамжуулан Баянзүрх дүүргийн газрын албанд “газар хүсэх тухай” өргөдөл гаргасан гэх нөхцөл байдал илтэд тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт зэргээр нэхэмжлэгч Л.Ө өөрийн нэр дээр дээрх хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт дэвсгэрт “газар хүсэх тухай” өргөдөл гаргаж байгаагүй болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Ш.Б нь анхнаасаа маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшил, өмчлөлд байгаагүй байхад хуульд заасан зохих журмын дагуу авсан болох нь гэрч Ц.О-ын “...2008 онд Баянзүрх дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа 10 дугаар хороог хариуцдаг байсан. Иргэн Ш.Б, н.А******* нарт 400, 400 м.кв газрыг авах тухай хүсэлтийг манай албанд гаргаж тухайн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн төсөлд холбогдох материалыг бүрдүүлж оруулж байсан...анх 10 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* тоот гэсэн хаяг өгч байсан...” гэх мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П-ийн “...тухайн газрыг О заагаад өгсөн бол тухайн нэгж талбарын дугаар мэдээллийн санд орсон тохиолдолд хэзээ ч хөдлөхгүй юм. Мөн хаягийг хороо өгдөг бөгөөд хэрэв буруу өгсөн тохиолдолд түүнийг Ш.Б, юм уу Газрын алба хариуцлага хүлээхгүй юм...”гэсэн тайлбаруудаар тухайн маргаж байгаа газар нь иргэн Ш.Бт эзэмшүүлж, өмчлүүлэхээс өмнө хэн нэгний эзэмшил өмчлөлд бүртгэгдээгүй, хаягжилт нь кадастрын бүртгэлээр баталгаажсан байсан байна.
Тодруулбал гуравдагч этгээд Ш.Б нь тухайн газарт хэн нэгний эзэмшил өмчлөл үүсээгүй байхад буюу нэхэмжлэгч Л.Өг тухайн хашаа бүхий газарт ирж амьдрахаас өмнө дээр дурьдсаны дагуу холбогдох газарт хандаж эрх бүхий албан тушаалтны олгосон хаягжилт бүхий газрыг эзэмшсэн болох нь тогтоогдож байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Л.Ө нь өөрөө дээрх хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын дагуу хүсэлтээ холбогдох бүрдүүлбэрийн хамт эрх бүхий байгуулагад нь хандаж өгөөгүй атлаа бусдыг хууль бусаар газар эзэмшсэн гэж маргаж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй байна.
Түүнчлэн иргэн Ш.Б-ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзвэл түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хэрхэх нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх асуудал байна.
Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, энэ хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол эрх бүхий төрийн захиргааны байгууллагад олгосон газрынхаа эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг олгожээ.
2. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн тухайд:
Гуравдагч этгээд Ш.Б өөрийн эзэмшиж буй газраа өмчилж авахаар холбогдох баримтуудыг бүрдүүлж өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар түүний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тухайн эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлосны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заажээ.
Нийслэлийн Засаг дарга дээрх шийдвэрийг гаргахдаа иргэн Ш.Бт газар өмчлөхийг хүссэн өргөдөл , түүнд хавсаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийг үндэслэн олгогдсон Газар эзэмших эрхийн ********* тоот гэрчилгээ, тус дүүргийн 5 дугаар хороонд оршин сууж буйг нотолсон хорооны Засаг даргын тодорхойлолт, газрын байршлын кадастрын зураг зэрэг холбогдох бусад материалыг үндэслэн, Ш.Бт тухайн газрыг өмчлөх эрхтэй нь тус тус нотлогдсон гэж үзэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд маргаж буй газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр газрыг эзэмшиж байсан Ш.Бт өргөдөл гаргасных нь дагуу газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар газар эзэмшиж байсан газрыг Ш.Бт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжаар урьд нь эзэмшиж байсан газрыг өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн газрыг эзэмшиж байгаагүй нэхэмжлэгч Л.Ө-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Өы “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжуудын Ш.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР