Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0015

 

 

 

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр:

   1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/123 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

   2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/78 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын Ш.Ц-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө санаачлан тодруулаагүй байхад 2016 оны 07 дгаар сарын 20-ны өдрийн А/78 дугаартай захирамжийн Ш.Ц-т холбогдох хэсгийг хүчингүй болгохоор гэж шаардлагыг шүүх өөрсдөө тодруулж нэхэмжлэлийн хангасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий өвөлжөөний газрын нэхэмжлэгчийг өвлөгч гэж үзэх боломжгүй.

Энэ хэргийн материалд өвлөх эрхтэй холбоотой нотлох баримт бэхжигдээгүй өөрөөр хэлбэл өв нээгдэх талаар хэн хэзээ хаана хэрхэн хандсан нөхцөл байдлууд тогтоогдоогүй байхад өвөлжөөний газрын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/78 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай шийдвэрийг дахин магадлаж нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А123 дугаар захирамжийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч 2015 оны А123 дугаар захирамжаар урьд гарсан 2006 оны 20 дугаар захирамжийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон талаар Говь-Алтай аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2016 оны 11дүгээр сарын 21-ний өдрийн 570 дугаар албан бичгийг хүлээн авснаар мэдсэн бөгөөд захиргааны актын талаар дээд шатны албан тушаалд гомдлоо гаргахаар байсан гэж шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн урьд өгч байсан тайлбарыг бодитой, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, шүүх хуралдааны явцад төвийг сахиагүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Учир нь шүүх бүрэлдэхүүнээс нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэгчийн шаардлагыг тодруулж хэлээгүй байхад шүүгч сайн дураараа нэхэмжлэгчийн шаардлагыг тодруулж өгсөн. Б.Д нь урьдын удаа дараагийн шүүх хурал дээр 2016 оны 07 сар орчим хүчингүй болгосон гэдгийг мэдсэн гэж хэлж байсан. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр захиргааны акт хэзээ зөрчсөн эсэх тал дээр дүгнэлт гаргасан. Мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт иргэн газартай холбоотой маргааныг дээд шатны засаг дарга эсхүл шүүхэд шууд хандаж болохоор хуульчилсан байхад урьдчилан шийдвэрлүүлээгүй байна. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хуульд зааснаар хийлгүүлж шүүхэд дахин хандаж болохоор зааж өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн нэхэмжлэлийн хувьд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй буруу дүгнэлт шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүндэтгэн үзэх шалтгааныг шүүхэд нотолж, сэргээсэн зүйл байхгүй нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байсан болно.

Нэхэмжлэгч Б.Д нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А78 дугаар захирамжийн Ш.Ц-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэсэн байх ба мөн шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар тодруулсан, төвийг сахисан байр суурьтай оролцоогүй, хэт нэг талыг барьсан шүүх бүрэлдэхүүний асуумжын үндсэн дээр мэтгэлцээн явагдсан. Б.Д-ийн хувьд анх нэхэмжлэл гаргахдаа буюу захиргааны хэрэг үүсгэхээс өмнө өөрийгөө хууль ёсны өв залгамжлагч гэдгийг нотолсон баримтыг нэхэмжлэлд хавсаргаж өгөөгүй хуульд заасан өвлөх эрх үүсээгүй байхад Б.Д гэж гарын үсэг зуран нэхэмжлэл гаргасны дараа буюу хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн бусад ах дүүгийнх нь өв хүлээж авахаас татгалзсан гэх хүсэлтийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч мөн гэж дүгнэн шүүх бүрэлдэхүүн нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хожим дэмжсэн гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Мөн анхан шатны шүүх 2016 оны А78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлж гаргасан тул уг нэмэгдүүлсэн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны А123 дугаар захирамжийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж буцаасан атал А78 дугаартай захирамж дээр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаан дээр дүгнэлт гаргахгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус, хэт нэг талыг барьсан. Нэхэмжлэгчийн хувьд А123 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргахаасаа өмнө мэдэж байсан, нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1.8 дэх заалт, мөн хуулийн 14.1-14.4 т хөөн хэлэлцэх хугацааг тодорхой зааж өгсөн тус хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Д нь “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар захирамжаар “Цагаан дэрсний өвөлжөөний газрыг миний аав Б.Б-д эзэмшүүлсэн. Миний аав Б.Б нь 2011 онд нас барсны дараа эзэмшиж байсан “Цагаан дэрс” өвөлжөөний газрыг илт хууль бусаар өөр хүнд эзэмшүүлсэн. Үр хүүхэд нь уг газрыг эзэмших хүсэлтийг удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдуулан “...Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/78 дугаар захирамжийн Ш.Ц-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1. “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/78 дугаар захирамжийн Ш.Ц-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар захирамжаар тус сумын нутагт дэвсгэрт орших “Цагаан дэрс” гэх газрыг өвөлжөөний, “Хулстай” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх эрхийг нэхэмжлэгч Б.Д-ийн эцэг болох Б.Б-д олгосон байна.

Харин Б.Б нь 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Нас барсны бүртгэл лавлагаа” гэсэн баримтаар нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Б.Б-д газар эзэмшүүлсэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгосон Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийг гаргажээ.

Б.Б-ийн газар эзэмших эрхийг нь “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн захирамж нь хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Хэдийгээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б-ийн газар эзэмших эрхийг эдгээр үндэслэлээр хүчингүй болгохооргүй байжээ.

Учир нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар захирамжаар Б.Б-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт дэвсгэрт орших “Цагаан дэрс” гэх газрыг өвөлжөөний, “Хулстай” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн тухай эрхийн гэрчилгээг Б.Б-д олгоогүй, Б.Б-тай газар эзэмших гэрээг байгуулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс хариуцагч Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга нь Б.Б-д газар эзэмшүүлэх гэрчилгээ олгоогүй, түүнтэй газар эзэмших гэрээ байгуулаагүй атлаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт газар эзэмшигчтэй “газар эзэмших тухай” гэрээ байгуулаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үүргийг газар эзэмшигч биелүүлээгүй гэж үзэхгүй бөгөөд хариуцагч тэрхүү үүргийг газар эзэмшигчээс шаардах боломжгүй юм.

Б.Б-д Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрт орших “Цагаан дэрс” гэх газрыг өвөлжөөний, “Хулстай” гэх газрыг хаваржааны зориулалтаар олгохоор гаргасан Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар захирамжийг хариуцагч хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

Б.Б-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актыг хариуцагч хууль зөрчиж гаргасан байхад уг маргаан бүхий Халиун сумын нутагт дэвсгэрт орших “Цагаан дэрс” гэх газрыг өвөлжөөний, “Хулстай” гэх газрыг хаваржааны зориулалтаар бусдад эзэмшүүлэх нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заажээ.

Гэтэл газар эзэмшигч Б.Б-г нас барснаас хойш түүний хууль ёсны өв залгамжлагч болох нэхэмжлэгч Б.Д болон бусад хүүхдүүд нь уг газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах, тухайн газрыг өв залгамжлагч нар нь үргэлжлүүлэн эзэмших ашиг сонирхол байгаа эсэхийг хариуцагч тодруулаагүй атлаа бусдад эзэмшүүлэх нь мөн хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, Б.Бд газар эзэмшүүлсэн захирамжийг хуульд заасан журмын дагуу хүчингүй болгоогүй байхад маргаан бүхий газрыг хаваржааны зориулалтаар гуравдагч этгээд Ш.Ц-т эзэмшүүлэхээр гаргасан сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/78 дугаар захирамж хууль ёсны дагуу гаргасан захиргааны акт биш юм.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Ш.Ц нар нь “2012 оны 9 дүгээр сард Б.Т /Б.Б-ийн хүү Б.Т/-ээс 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж маргаж байгаа боловч Б.Б-ийн эзэмшиж байсан өвөлжөө, хаваржааны газрыг түүний хүү Б.Т-т шилжүүлэн эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр гараагүй, Б.Т нь маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна.

Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үндэслэлгүй.

Тиймээс Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д нь маргаан бүхий газартай маргах эрхтэй бөгөөд хуулийн энэхүү заалтаар олгосон эрхийн боломжийг нь хязгаарласан Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/78 дугаар захирамжийн Ш.Ц-т холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Эдгээр болон бусад үндэслэлээр “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/78 дугаар захирамжийн Ш.Ц-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

2. “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх байдлаар “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гараагүй.

Харин хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нь “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/78 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй” гэсэн агуулгаар давж заалдах гомдлоо гаргасан байх тул давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянах нь хариуцагч, гуравдагч этгээдийн нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцэх юм.

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл...” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д нь хууль ёсны дагуу өв залгамжлагчаар тогтоолгосноор Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл маргаан бүхий захиргааны актын талаар Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад болон дээд шатны Засаг даргад хандах эрх нээлттэй.

Иймд нэхэмжлэгч Б.Д-ийн “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг үндэслэл болгон хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хянахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР