Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 110/2018/0066/З |
Дугаар | 001/ХТ2020/0434 |
Огноо | 2020-12-21 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/0434
Х.Ды нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн
Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга, Тэргүүлэгчид, сумын Засаг даргын Тамгын
газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн тус
аймаг дахь салбар зөвлөлд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Х.Батсүрэн,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,урьд эрхэлж байсан Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгах, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орон тоог сул орон тоо гэж үзээд сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэр, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18352488 төгрөг гаргуулах тухай”
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2020/0028 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 482 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, А.Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2020/0028 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Дыг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 дугаар албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 дүгээр албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэр, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17994117 /арван долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох 358371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 482 дүгээр магадлалаар: 1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ды “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 дугаар албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 дүгээр албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ды “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Дыг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18.352.488 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тус хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн үргэлжлүүлэн ажиллуулахыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар Тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,994,117 төгрөгийг Өлгий сумын ИТХ-ын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох” хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсгийг хэвээр үлдээх агуулгаар магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөх
4. Гомдлын шаардлагын үндэслэл: Би магадлалын тодорхой хэсгийг дараах үндэслэлүүдээр тус тус эс зөвшөөрч байна. Төрийн албаны тухай хуулийн 5.1, 7.1 дэх заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй тухай: Магадлалын 10 дахь талд “Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн албаны эрхэм зорилгыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэж заасан бөгөөд уг хуулиар нарийвчлан зохицуулсан харилцаа болон зүйл, заалтыг энэ хуулийн зорилгод нийцүүлсэн агуулгаар ойлгож, хэрэглэх нь хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчимд нийцэх болно” гэж, 12 дахь талд “... Хурлын Тэргүүлэгчдийн 17 дугаар Тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 7.1-д... заасныг үндэслэсэн нь хуульд нийцсэн байна” гэж тус тус тайлбарласан байна.
5. Гэвч маргаан бүхий харилцаанд шүүх хуулийн тус заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ гэж заасан тул зөвхөн маргаан бүхий харилцааг тухайлан зохицуулсан хууль байхгүй бол ерөнхий зохицуулалт бүхий хуулийг хэрэглэх учиртай. Гэвч, маргаан бүхий харилцаа болох төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусахад өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44.4-т тодорхой заасан. Иймд тус харилцааны талаар шүүх ерөнхий зохицуулалт бүхий хуулийг хэрэглэх үндэслэлгүй тул Төрийн албаны тухай хуулийн 5.1, 7.1 дэх заалтуудыг хэрэглэж буй нь үндэслэлгүй юм.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасныг хэрэглэх үндэслэлтэй тухай: Магадлалын 11 дэх талд нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн байна. Гэвч Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу гэм буруутай болох нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Үндсэн хуулийн тус зарчим нь захиргааны болон захиргааны хэргийн шүүхийн процессийн харилцаанд ч үйлчлэнэ. Нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй. Иймд Магадлалын дээрх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэглээгүйгээс хийгдсэн буруу дүгнэлт юм.
7. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4, 5.1 дэх заалтуудыг хэрэглээгүй тухай: Хуулийн тус хэсэгт шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахгүй тухай заасан. Иймд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн маргасан захиргааны акт, түүний үндэслэлийг хуульд нийцсэн эсэхийг хянаж шийдвэр гаргах учиртай. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, ажлаас халаагүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт тэр агуулгаар гараагүй бөгөөд нэхэмжлэгч тус асуудпаар маргаагүй. Учир нь, нэгэнт захиргааны актын үндэслэлд хамааралгүй асуудлаар нэхэмжлэгч маргах үндэслэлгүй. Иймд шүүх нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийж, үүнтэй холбоотой хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж буй нь үндэслэлгүй юм.
8. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-т “Шүүх эрх мэдлийг ... шүүх хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу болон Үндсэн хуулиар баталгаажсан эрх мэдэл хувиарлах зарчмын дагуу шүүх нь гагцхүү шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх учиртай. Энэ хүрээнд захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг нэхэмжлэлийн дагуу хуульд нийцсэн эсэхийг магадлах эрх мэдэлтэй болохоос захиргааны байгууллагын өмнөөс шийдвэр гаргах эрх мэдлийг хэрэгжүүлэх учиргүй. Ингэсэн нөхцөлд гүйцэтгэх эрх мэдэлд халдсан, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлсэн хэрэг болно. Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэр тогтоол хүчин төгөлдөр болсон” бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай заасан. Хуулийн тус заалтын дагуу төрийн албан хаагчийг төрийн албанаас халах шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хэрэгжүүлэх эрх мэдэл. Шүүх тус шийдвэрийг гаргах эрхгүй. Гагцхүү гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд захиргааны байгууллагаас тус үндэслэлээр гарсан шийдвэр хууль ёсны эсэхийг нэхэмжлэлийн үндсэн дээр хянах учиртай. Гэтэл захиргааны байгууллага нь “нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр төрийн албанаас халах тухай шийдвэр” гаргаагүй атал шүүх тэр үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж байгаа нь шүүх гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлсэн буюу захиргааны байгууллагын гаргах шийдвэрийг гаргаж буй хэрэг юм. Шүүх анхлан шийдвэр гаргахгүй, гагцхүү хоёрдогч байдлаар нэгэнт гарсан шийдвэрийг хянах ёстой.
9. Түүнчлэн, шүүхийн зүгээс нэхэмжлэгч анх төрийн албанд томилогдохдоо хууль бусаар томилогдсон, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх агуулгаар хийсэн дүгнэлтүүдэд бид мөн адил дээрх тайлбарыг гаргаж байна.
10. Төрийн албаны тухай хуулийн 44.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8, 48.3 дахь заалтуудыг хэрэглэх үндэслэлтэй тухай: Төрийн албаны тухай хуулийн 44.4-т төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дууссан бол түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй тухай заасан. Төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд “сэлгэн ажиллуулах хугацаа дууссан бол” гэх нөхцөлөөр өөр нөхцөл, шаардлага тавиагүй. Маргаан бүхий харилцааг тухайлан зохицуулсан хуулийн заалт нь тус заалт тул шүүх үүнийг хэрэглэх үндэслэлтэй юм.
11. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим баримтлах тухай заасан. Нэхэмжлэгчийг анх маргаан бүхий албан тушаалд захиргааны байгууллага томилохдоо түүнийг Төрийн албан тухай хуульд заасан шаардлагыг хангаж байна хэмээн үзэж томилсон. Төрийн албаны зөвлөлөөс ч төрийн албанд нэр дэвшүүлэх тогтоол гаргасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэлтэй тул түүнийг ажилд хууль бусаар томилогдсон гэж үзэх, томилсон тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.
12. Нэхэмжлэгчийг анх маргаан бүхий орон тоонд 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр томилсон байна. Хэрэв нэхэмжлэгч нь тухайн үед Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан гэвэл хариуцагч нь тус тушаалыг хүчингүй болгох боломжтой. Гэвч тийнхүү шийдвэр гаргаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасан эерэг үйлчлэл бүхий актыг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг гарсан өдрөөс нь хойш 5 жилийн дотор хүчингүй болгох боломжтой тухай заасан. Гэвч нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэрийн хувьд тус хугацаа өнгөрсөн байгаа. Иймд захиргааны байгууллага болон шүүхээс түүний “төрийн албанд хууль ёсоор томилогдон ажилласан” гэх хууль ёсны итгэлийг хамгаалах, үүнтэй холбоотой “анх томилогдохдоо хуульд заасан шаардлага хангаагүй" гэх агуулгаар түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
13. Хариуцагч ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 17 дугаар Тогтоолын 2 дахь заалтаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан. Үүний хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа “Төрийн албаны тухай хуулийн 22.1.2 дахь шаардлагыг хангаагүй” хэмээн тайлбарладаг. Мөн тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 32.1, 46.2.5 дахь заалтыг үндэслэл болгосон байдаг. Гэвч хуулийн 32.1 дэх заалт нь бол Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй, түүнийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх тухай заалт бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны зөвлөлөөс тийм тогтоол, мэдэгдэл гараагүй. Магадлалд “хариуцагчийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Х.Дыг шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэсэн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны ... 17 дугаар Тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” хэмээн дүгнэснийг бид эс зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн үргэлжлүүлэн ажиллуулахыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17.994,117 төгрөгийг Өлгий сумын ИТХ-ын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох” хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсгийг хэвээр үлдээх агуулгаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчилж өгнө үү.
14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 482 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
15. Шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байгаа үндэслэлүүд: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сард хуралдаж тус ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Дыг Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-т заасан үндэслэлээр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулахаар, нөгөө талаас Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаас мөн адил Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу Х.Дыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Дараа нь, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж нэхэмжлэгч Х.Ды урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллах эрх нь үүссэн байхад ажил олгогчоос эс үйлдэхүйгээр түүнийг ажиллуулахаас татгалзсан байдаг.
16. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байсан.
17. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг магадлахдаа "... Д нь "...бусдад ашиглуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдсэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн..., шүүгдэгч Дны Хыг хуурамч баримт бичиг ашиглаж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэсэн нь хэрэгт авагдсан прокурорын мэдэгдэл, аймгийн прокурорын албан бичиг, шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байх бөгөөд давж заалдах гомдолд "...түүний хамгийн гол үр дагавар нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан явдал маш хортой..." гэснийг үгүйсгэх боломжгүй юм. ...хариуцагч Өлгий сумын ИТХ-аас маргаан бүхий 17 тоот тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.4, 22.1.6-д заасныг үндэслэл бологосон нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна. ...нэхэмжлэгчээс сэлгэн ажиллуулах хугацаа дууссан тул түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж маргасныг анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан зохицуулалтыг үндэслэж Х.Дыг урьд эрхэлж байсан Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
18. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.8-д заасан үндэслэл байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон байна.
19. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” гэж тус тус заасан.
20. Түүнчлэн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(ХХ1) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон, Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй” гэж зохицуулсан байна.
21. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Дыг урьд өмнө ял шийтгүүлж байсныг нотолсон ямар ч нотлох баримт /шүүхийн шийтгэх тогтоол/ байхгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг баримтаар нотолж чадаагүй байхад давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Дыг шүүхээс гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан мэтээр хийсвэрээр дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд огт нийцээгүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.8, 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болсон байна.
22. Хэргийн 209 дүгээр хуудсанд авагдсан маргаан бүхий тогтоолоор хариуцагч Өлгий сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах зохицуулалтыг тусгасан бөгөөд 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 үндэслэл байгаа. Эдгээр 5 үндэслэлүүдийн чухам аль үндэслэлээр актыг хүчингүй болгосон талаар маргаан бүхий актад дурдаагүй, хариуцагч энэ тухай үндэслэл бүхий тайлбар хэлж чадаагүй юм.
23. Мөн түүнчлэн хуулийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан. Нэхэмжлэгч Х.Ды хувьд уг албан тушаалд 2007 онд томилогдсон байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байсан ба үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
24. Иймд давж заалдах шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлээгүй хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг болон одоогийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн холбогдох хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 482 дугаар магадлалын 2 дугаар заалтад “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн үргэлжлүүлэн ажиллуулахыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар Тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,994,117 төгрөгийг Өлгий сумын ИТХ-ын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох” хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсгийг хэвээр үлдээх агуулгатай өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
25. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
26. Анхан шатны шүүхээс, нэхэмжлэгч Х.Ды гаргасан “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Дыг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцжээ.
27. Нэхэмжлэгч Х.Даас нэхэмжлэлийн дээрх шаардлагуудын үндэслэлийг “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байхад Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалын дагуу, намайг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтний албан тушаалд түр сэлгэн ажиллуулсан, хуульд зааснаар сэлгэн ажиллах 2 жилийн хугацаа дуусгавар болоход урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн ажиллуулах ёстой байсан, үүнээс гадна миний сэлгэн ажиллаж байгаа орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу Х.А томилогдон ажиллах болсон. ...сэлгэн ажиллах 2 жилийн хугацаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж, ...Хурлын нарийн бичгийн даргаар ажиллуулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан боловч хариуцагчаас ажиллуулахгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, миний төрийн алба хаах эрхийг зөрчсөн” гэж тодорхойлон маргасан байна.
28. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, 22.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна” гэж, түүнчлэн Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, 44.4-т “Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна” гэж тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах 2 жилийн хугацаа дуусахад /уг хугацааг сунгаагүй бол/ түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулжээ.
29. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Дыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг үндэслэн уг албан тушаалаас чөлөөлж, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалаар, дээрх 03 дугаар тогтоол, мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг үндэслэн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар сэлгэн ажиллуулсан. Нэхэмжлэгч Х.Даас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “сэлгэн ажиллуулсан хугацаа дуусгавар болсон” үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулахыг хүсч өргөдөл гаргасныг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 17 дугаар тогтоолоор, ...Захиргааны ерөнхий хуулийн 43, 48, 50 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 22 дугаар зүйлийн 22.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 32 дугаар зүйлийн 32.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэг, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0036 тоот захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Х.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохоос татгалзаж, үүрэгт ажлаас нь бүр чөлөөлөгдсөнд тооцож, улмаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Х.Дыг өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж, уг албан тушаалд Х.Аг томилж шийдвэрлэсэн байна.
30. Гэвч маргаан бүхий Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тодруулбал, маргаан бүхий актад, дээр зааснаар хуулийн зүйл, заалтуудыг баримтласан байх боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Х.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохоос татгалзаж, үүрэгт ажлаас нь бүр чөлөөлөх болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.
31. Өөрөөр хэлбэл, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл Х.Дыг дээд боловсролгүй, бакалаврын зэрэггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй, гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн үндэслэлээр Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулахаас татгалзаж, үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байх боловч маргаан бүхий захиргааны актад эдгээр тайлбартай холбогдолтой хууль зүйн үндэслэл, ямар зөрчил гаргасан талаар тодорхой заагаагүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байна. Түүнчлэн, хариуцагчаас нэхэмжлэгч Х.Д нь гэмт хэрэгт холбогдож байсан, төрийн албаны шалгалт өгсөн талаарх ямарч нотлох баримт байхгүй гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч дээд боловсролын дипломтой, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийтгэх тогтоол байхгүй болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
32. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн гэх үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн, мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар нэхэмжлэгч Х.Дыг сэлгэн ажиллуулах 2 жилийн хугацаа дуусмагц урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байхад хариуцагчаас уг албан тушаалд ажиллуулахгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогджээ.
33. Иймд нэхэмжлэгч Х.Дыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17.994.117 төгрөгийг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
34. Харин, давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгч Х.Ды “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 дугаар албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 дүгээр албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв, ийнхүү шийдвэрлэсэнд хэргийн оролцогчид гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
35. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2020/0028 дугаар шийдвэрийн 1 дэх заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 482 дугаар магадлалын 1, 2 дахь заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х.Дыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Дыг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17994117 /арван долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох 358371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.Ды “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 тоот албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 тоот албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА