| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 155/2022/00379/И |
| Дугаар | 225/МА2022/00030 |
| Огноо | 2022-11-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 225/МА2022/00030
| 2022 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 225/МА2022/00030 |
Г.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 155/ШШ2022/00856 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Эрдэнэбилэгт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 15,000,000 (арван таван сая) төгрөгийн үнэ бүхий мал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нөхөр Ч.Эрдэнэбилэгтэй 2014 онд танилцаж үерхэж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 насандаа /нөхөр******* энэ үед 21 настай байсан/ хурим хийж, 2019 оны 11 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсон өдрөөс хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Э.Галбадрах 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, бага хүү Э.Цогбадрах 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан үеэс эхлэн хадам аав Э.Чинзоригийнхтой хоршин амьдарсан. Хоршин амьдрах үед би айл гэрийн эзэгтэй шиг бус хадам талын гэрийн үйлчлэгч шиг амьдарч эхэлсэн юм. ...Миний бие гэр бүлийн оюун санааны болон биеийн хүчирхийлэлд цаашид амьдарч чадахгүй болсон тул гэр бүл цуцлахаар хатуу шийдсэн болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.
2019 оны 6743000025 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр хүүхдийг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү.
Гэр бүлийн гишүүд болох надад болон 2 хүүхдэд ноогдох 28,185,410 төгрөгийн малыг гэр бүлийн дундын хөрөнгийг нэр дээрээ өмчилж буй Ч.Эрдэнэбилэгийн өмчлөлөөс гаргуулан авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээрээ бид хоёр эвлэрсэн байгаа гэжээ.
Хариуцагч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бид хамтран амьдрах хугацаанд болж бүтэхгүй, таарамжгүй харилцаатай, хөндий хүйтэн байсан зүйл байгаагүй гэж бодож байна. ...Бид 2020 оноос хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд том хүү Э.Галбадрах миний асрамжид байгаа. Бага хүүг ээж нь аваад явсан учир доор тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Г.******* бид хоёр эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин том хүү Э.Галбадрахыг би өөрийн асрамжид авч, бага хүү Э.Цогбадрахыг ээжийнх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна. Учир нь Э.Галбадрах хүү маань аавдаа, өвөө, эмээдээ, амьдарч байгаа орчиндоо илүү дассан байгаа. ...Иймд хоёр хүүхдээ нэг, нэгээр нь авч, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх хүсэлтэй байна.
Эд хөрөнгийн тухайд ...бүгд 22 толгой мал буюу 5,075,000 төгрөг өгөх боломжтой байна гэжээ.
Хариуцагч Ч.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо би 15,000,000 төгрөгийн малыг өгөх боломжтой. Мөнгө өгч чадахгүй. Бог мал голцуу л өгмөөр байна....Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд бид эвлэрсэн гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 155/ШШ2022/00856 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т тус тус зааснаар Дөрт Чинзоригийн******* (РН94050319), Цахар Ганбатын ******* (РН99062229) нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Дөрт*******ийн Галбадрах (РН16231212), хүү Цахар *******ийн Цогбадрах (РН19262051) нарыг эх Цахар Ганбатын ******* (РН99062229)-гийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Дөрт*******ийн Галбадрах (РН16231212), Цахар *******ийн Цогбадрах (РН19262051) нарыг 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрд Дөрт*******ийн Галбадрах (РН16231212)-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар буюу 2020 онд нэхэмжлэгч Г.******* нь үнээ-3, шар үхэр-2, бяруу-2, охин шүдлэн үхэр-1, тугал-2 тооны нийт 10 толгой үхрийг өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн авсан, үүнийгээ нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцохгүй гэдгийг хариуцагч зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 13,185,410 (арван гурван сая нэг зуун наян таван мянга дөрвөн зуун арав) төгрөгөөр багасгаж 15,000,000 ( арван таван сая) төгрөгт тохирох эр хонь 30 толгой нэг бүрийн үнийг 135,000 (нэг зуун гучин тав) төгрөгөөр тооцож нийт 4,050,000 ( дөрвөн сая тавин мянга) төгрөг, хургатай хонь 20 толгой нэг бүрийн үнэ 100,000 ( нэг зуун мянга) төгрөг нийт 2,000,000 ( хоёр сая) төгрөг, эр ямаа 5 толгой нэг бүрийн үнэ 120,000 ( нэг зуун хорин мянга) төгрөг нийт 600,000 (зургаан зуун мянга) төгрөг, унагатай гүү 1 толгой үнэ 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, морь 1 толгой үнэ 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, шүдлэн үрээ 1 толгой үнэ 500,000 (таван зуун мянга) төгрөг, сарлагийн тугалтай үнээ 1 толгой үнэ 1,000,000 (нэг сая) төгрөг, монголын тугалтай үнээ 1 толгой үнэ 1,000,000 (нэг сая) төгрөг, сарлагийн шар 1 толгой үнэ 1,500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөг, монголын соёолон гуна үхэр 1 толгой үнэ 1,000,000 (нэг сая) төгрөг, монголын тугалтай үнээ 1 толгой үнэ 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгийн үнэлгээ бүхий 75 толгой бог мал, 12 толгой бод мал, нийт 87 толгой малыг хариуцагч П.Эрдэнэбилэг нь нэхэмжлэгч Г.*******т шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Эрдэнэбилэг давж заалдах гомдолдоо: ...Эхнэрийн маань хэрэг шүүх дээр байхад өмгөөлөгч авч тэр өмгөөлөгч дээрээ намайг дагуулж очиж эд хөрөнгөн дээрээ эвлэрлийн гэрээ хийсэн. Би өөрөө хууль мэдэхгүйгээс учраа олохгүй байсан тул Мөрөнд байдаг хамаатны эгч маань хууль мэддэг хүн тус болчих байх, О.Баасан гэдэг хүнд итгэмжлэл хийлгээд оруул гэсэн тул тэр хүнд найдаж орхисон болохоос биш хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гаргах, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх зэрэг эрхээ сайн ойлгож мэдээгүйгээс болж том хүүгийнхээ асрамжийг эхнэр дээр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь манай эхнэр 10 удаа ээж рүүгээ гүйх, тэнд хавар, зуны 6 сарыг өнгөрөөх үед том хүүгээ дандаа над дээр орхидог. Том хүүгээ аваад очиход хадам ээж энийг яах гэж авчирсан юм, энийг би гэртээ байлгахгүй гэдэг. Тиймээс эхнэр бид 2-ын тусдаа амьдрах болсноос болж хүү Э.Галбадрах минь дунд нь хохирох вий гэж санаа зовж байна.
Шүүхийн шийдвэрт намайг 2 хүүхдээ нэг нэгээр нь авчихвал хүүхдийн тэтгэлэг төлөхгүй юм байна гэсний үндсэн дээр том хүүгээ өөрөө авъя гэж бодож байгаа мэтээр ойлгон тусгасанд гомдолтой байна. Хүү минь төрсөн гэрээсээ ганц өдөр ч гарч ээжийнхээ ээжийнд очиж үзээгүй хүүхэд. Тиймээс одоо дөнгөж сургуульд орж байгаа хүүхдийг амьдрах орчныг нь өөрчлөх, дасаагүй хүмүүстэй хамт байлгамааргүй байна. Манай эхнэр том хүүгээ чи өөрөө ав, би багыгаа авна гэдэг байснаа л өмгөөлөгч авч шүүхэд хандахдаа л гэнэт хоёуланг нь авна гэсэн. Надад хууль зүйн туслалцаа үзүүлж байсан О.Баасан нь өвчний учир Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан тул миний эрх зөрчигдөж байна.
Шүүх дээр эрх, үүргийг тайлбарласан байна гэж шүүгч хэлсэн. Би сайн ойлгоогүйгээ хэлж чадалгүй дахин тайлбарлуулахаас айгаад л өнгөрсөн. Хүүхдийн асрамжтай маргах бол сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байдаг гэдгийг шүүхийн шийдвэрийг уншиж танилцаад л ойлголоо.
Иймд хэргийг дахин хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, миний сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Г.******* нь Ч.Эрдэнэбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ авахыг хүссэн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Эрдэнэбилэг гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, том хүү Э.Галбадрахыг өөрийн асрамжид авч, бага хүү Э.Цогбадрахыг ээжийн нь асрамжид үлдээж, 22 толгой мал буюу 5,075,000 төгрөг өгөх боломжтой гэсэн тайлбар ирүүлсэн байна.
Шүүх хуралдааны явцад зохигч нь эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 75 толгой мал нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцжээ.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцсэн болохоо шүүх хуралдааны явцад тайлбарласан, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурсан байх ба уг гэрээ Иргэний хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх хүүхдүүдийн насны байдал, эхийн хайр халамж, хүүхдүүдээ асран хамгаалах бололцоо зэргийг харгалзан 6 настай хүү Э.Галбадрах, 3 настай хүү Б.Цогбадрах нарыг эхийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтад нийцсэн байх ба хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх Иргэний хэрэг үүсгэх тухай" шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад нэхэмжлэгчийн нэрийг Нэхэмжлэгч Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж буруу бичсэн алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 155/ШШ2022/00856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ