2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/шш2026/06262

 

 

 

 

 

 

 

 

 

2026 6 02 192/ШШ2026/06262

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох,

2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *** ,

Хариуцагч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

1.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид 2011 онд танилцаад, 2013 оноос түрээсийн байранд хамт амьдарч, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү ***, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү *** нарыг төрүүлсэн. *** эхнэр, 2 хүүхэдтэй байсан учир бид гэрлэлтээ батлуулах боломжгүй байсан.

*** хамт амьдрах хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа 3-4 удаа гаргасан, хөдөө ажилтай гээд явдаг, гэртээ цөөхөн ирдэг байсан тул гэр бүлээс гадуурх харилцаанаас нь болж бид 2019 оноос тусдаа амьдарч байгаа. Хааяа ирэхдээ согтуу ирж, хүүхдүүдтэй уулзах гэнэ. Уулзсан ч хоолонд оруулж, чипс л авч өгдөг. Хааяа л хүүхдүүддээ 10, 20 мянган төгрөг өгдөг юм биш байна билээ, өөрөөр харж хандаж, тусалдаггүй. Иймд 2 хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2.Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2010 онд танилцан, 2012 оны өвлөөс хамт амьдарсан. 2014 он 3 дугаар сарын 26-ны өдөр хүү маань төрсөн. Миний ажил бол хөдөө байдаг, ажилдаа явахгүй бол болохгүй. Өмнөх эхнэрийн маань том хүү маань надтай хамт амьдардаг, нэг нь ээжтэйгээ амьдардаг. Бид 2018 оны 6 сараас тусдаа амьдарч байна. Корона гараад 3 жил олигтой ажил хийгээгүй ч хүүхдүүддээ сард боломжоороо, төрсөн өдрөөр нь өөрийнхөө хэмжээнд мөнгө өгдөг байсан.

Цаашид 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа бол тогтоолгоно биз. Хуулийн дагуу тогтоосон нь дээр байх. Гэр бүлээ авч үлдэхгүй, ганцаараа амьдрана, тэтгэлэг тогтоолгоно гэж байгаа бол тогтоолгож болно гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

3.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,

Хан-Уул дүүргийн **дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

Нэхэмжлэгч ***н иргэний үнэмлэхний лавлагаа,

Нийслэлийн ***дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт,

Нийслэлийн Ерөнхий боловсролын ***дугаар сургуулийн тодорхойлолт,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ***ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү ***ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүү ***, *** нарын эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт гэсэн баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч, маргахгүй гэжээ.

 

2.Шүүх нэхэмжлэгч ***н нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.1.Нэхэмжлэгч ***, хариуцагч *** нар нь 2011 онд танилцан, 2013 оноос 2019 оныг хүртэл хамтран амьдарч, эр эмийн харилцаатай байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү ***, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү *** нар төрж, эцэг эх нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хүүхдүүд эцэг ***аар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхдүүд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний болон иргэний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн, Нийслэлийн 41 дүгээр цэцэрлэг, Нийслэлийн Ерөнхий боловсролын **дугаар сургуулийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3.Хариуцагч *** нь Хүү ***, *** нарт тэтгэлэг тогтоолгоно гэж байгаа бол тогтоолгоно биз гэсэн тайлбарыг гарган, маргахгүй гэжээ.

 

4.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ,

26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж заасныг үндэслэн хариуцагч ***аас Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүү ***, *** нарыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт болон хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч ***аас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ***ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү ***ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

 

4.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ