Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 796

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч  Н.Ням-Очир,

шүүгдэгч Я.Ч-,

хохирог Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Амбааболд овогт Янгигийн Ч-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805025780806 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1980 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэдээлэл зүйч мэргэжилтэй, ам бүл 4, Баянгол дүүргийн ..... дугаар хороо ....... хотхоны ........  дугаар байр ....  тоот, Амбааболд овогт Янгигийн Ч-

 

Шүүгдэгч  Я.Ч- 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ хотхоны ........... тоотод гэр бүлийн хамаарал бүхий иргэн Г.П-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ч- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.П- мэдүүлэхдээ: “Манай эгч эмнэлгээс гараад бид хоёр машинаа өгөх эсэхээс болж маргалдсан. Манай нөхөр намайг Батдэлгэртэй хардаад байдаг. Тэгээд миний уур хүрээд байхаар нь Батдэлгэртэй уулзсан. Батдэлгэр бид хоёрыг юм яриад сууж байтал Ч- ирээд буруугаар ойлгоод Батдэлгэртэй ноцолдсон. Тэгээд бид хоёр гэртээ ороод маргалдсан ба буруугаар ойлгосноос болоод миний баруун нүд рүү цохисон. Үүнээс болж миний баруун нүд хөхөрч зовхины доор шалбарсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэрийн ойролцоох дэлгүүрийн бичлэгээр Ч- намайг Батдэлгэртэй явалддаг гээд яриад яваад байсан ба одоо бид хоёр учраа олж эвлэрсэн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:     

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Г.П-гийн “... 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай эгч төрөөд машин хэрэгтэй байна гээд байхаар нь би хэлтэл нөхөр Ч-т машин хэрэг болоод байна гэхэд танайхан манай хоёр хүүхдийг төрөх үед яасан билээ гээд байхаар нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би нөхөр хүүхдээ ажил сургууль дээр нь тарааж өгчихөөд машинаа  аваад эмнэлэг дээр очтол өдөр 13 цагт бүгдийг нь гаргана гэж хэлсэн. Тэгээд би эгчийгээ гэрт нь хүргэж өгөөд хүүхдүүдээ аваад гэртээ харьж хоол хийж өгсөн. Тэгээд би найз нартайгаа уулзъя гэж ярьтал боломжгүй гэсэн. Тэгэхээр нь би Батук гэх найзруугаа залгаад хоёулаа уулзъя ярих юм байна гэхэд одоо боломжгүй байна гэсэн. Тэгээд  би хүүхдүүдээ хоол хийж өгөөд байж байтал 18-19 цагийн орчим Батук залгаад завтай болсон яасан гэхэд би байрны чинь гадаа очоод байж байя гэж хэлээд би байрных нь гадаа Батуктай уулзаад ийм зүйл болоод байна гэж яриад зөвлөгөө авах гэсэн юм гээд яриад байж байтал нөхөр Ч- машинаараа хайгаад олоод ороод ирсэн. Тэгээд Ч- хаалгаа онгойлгоод ороод ирсэн. Тэгээд учиргүй уурлаад намайг шидээд нөгөө Батукаг чи яаж байгаа юм бэ гээд Батукаг цохиод авсан. Тэгэхээр нь би чи боль би ямар хүн хардахаар байсан биш чи эрүүл ухаанаар сэтгэж ярилц гэхэд чи явж байсан биз дээ үнэнээ хэл гээд дайраад байхаар нь Батукаг чи яв гээд явуулсан. Тэгээд Ч- бид хоёр хамт гэртээ харих гээд явж байх үедээ машин дотор миний нүүр рүү болон зүүн гарын булчин хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд бид хоёр орц руу ороод явж байхад миний толгой руу цүнх булаацалдаад хэдэн удаа цохисон. Тэгээд миний гар утсыг орцонд булааж аваад гэрт хамт орсон. Тэгээд би гэрт ороод толинд хартал миний баруун тал нь хавдаад нүдний доор бага зэрэг шалбарсан харагдсан. Тэгэхээр нь би ер нь би чамд зодуулах гэмт нүгэл хийгээгүй чи ч гэсэн харсан яахаараа намайг чи цохиж зоддог юм бэ, чи надад гар хүрэх юм бол энэ амьдралыг чинь дуусгана гэж хэлж байсан. Одоо бол болоо гээд би гар утсыг нь булааж авах гээд ноцолдох үед миний хоёр гарын сарвуунд цус хуралт, зулгаралт, улайлт үүссэн байсан. Уг гэмтлийг нөхөр Ч- учруулсан. ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-15 дугаар хуудас/

          “... Би нөхөр Ч-ээс ямар нэгэн эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэхгүй, миний хувьд эмчилгээнд зарцуулсан бодит зардлыг баримт байхгүй учир гаргаж өгөх боломжгүй. ... Надад гомдол санал алга” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96-97 дугаар хуудас/

         

          Гэрч Б.Батдэлгэрийн “32 дугаар байрны 10 дугаар орцны гадаа П-гийн машин дотор П-гийн хамт сууж байсан чинь нөхөр нь ирсэн. Тэгээд хаалга онгойлгоод намайг үгийн зөрүүгүй намайг хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би чи юмны учир ойлгоогүй байж яаж байгаа юм бэ чи ингэж болохгүй шүү гэсэн чинь чи юуны учир олуулах гээд байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь би чи буруугаар ойлгоод байна гэсэн. Тэгсэн эхнэрийгээ хоёр тийш нь түлхээд байсан. Тэгсэн П- намайг чи буруугүй чи яв гэхээр нь явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №903 дугаартай:

          “1.2. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгийн №4838 тоот шинжээчийн дүгнэлтэнд Г.П-гийн биед баруун зовхи, хоёр сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй байна.

          3.4.5. Г.П-гийн биед учирсан баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

          6. Уг гэмтлүүдийн үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

          7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          8.9. Дээрх гэмтэл нь тогтоолын болсон хэргийн товчинд бичигдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          10.11. Хохирогч, довтлогч хоёрын хоорондын зай болон цохилтын хүчийг тогтоох боломжгүй.

          12. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 90-91 дүгээр хуудас/

         

          Гэрч Н.Алтаннарын “... Миний хажууд бол зодож цохиод байсан зүйл харагдаагүй. Харин гар утсыг нь цүнхнээс нь булааж авч байсан. Түүний дараа П-гийн хумс нь хугараад цус гарсан харагдсан. Мөн баруун талын дух билүү шанаа орчимд нь халцарч хөхрөөд жоохон цус гарсан харагдсан. Тэгээд би тухайн үед нь тэр шарх гэмтлийг нь яасан гэж асуухад харин Ч- дэлгүүрийн гадаа байхдаа намайг цохиод гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 98-99 дүгээр хуудас/

 

          Яллагдагч Я.Ч-ийн “2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр П- өглөө гараад орой намайг 21 цаг гээд ажлаасаа иртэл гэртээ ирээгүй байсан. Тэгээд эхнэртэй холбож хардаад байдаг залуугийн гэр рүү ганцаараа яваад очсон. Тэгээд би уулзаад байдаг  залуугийн гэрийнх нь гадаа яваад очтол миний машин дотор П-, Батук гэх залуутай хойд талын сандал дээр нь тэврэлдээд сууж байхаар нь би өөрт байсан запас түлхүүрээр хаалгыг онгойлгож ороод Батук руу дайрсан. ... Би эхнэр П-тай сайн дураар эвлэрсэн ба уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Өөрийн гэм бурууг ойлгож байгаа, дахин ийм зүйл хийхгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 105-106 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         

Иймд шүүгдэгч Я.Ч- нь эхнэр Г.П-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Я.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Я.Ч-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Мөрдөн шалгах явцад хохирогч Г.П-гаас “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-15 дугаар хуудас/ авагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Я.Ч- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Я.Ч- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчийг тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Амбааболд овогт Янгигийн Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.Ч-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Ч- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.Ч- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.Ч- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Я.Ч-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ