| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0513/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,
шүүгдэгч Б.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В- овогт Б-гийн Ч-д холбогдох эрүүгийн 1810018860668 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг Овоотын ……… тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг 4-р хороо Вива сити хороололын …….. гэрт амьдардаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, В- овогт Б-гийн Ч- /РД:………..
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Ч- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ерөнхий боловсролын ………. талд байх сааданд иргэн Б.О-тай маргаан үүсгэж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: …Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний орой 23 цагийн өнгөрч байхад ажлаа тараад Бат-Эрдэнэ, Мөнхзул, Ганзориг нартай нэг шил архи ууя гэж ярилцаад Яармагт Бат-Эрдэний гэрээс 2 шил архи аваад 34 дүгээр сургуулийн хажуу талын сааданд суусан. Биднийг сааданд ирэхэд хажуу талд танихгүй эрэгтэй /Одбаатар/, эмэгтэй /Анхзаяа/ хоёр пиво уугаад сууж байсан. Бид нар эхлээд 0,75 литрийн савлагаатай архиа хувааж ууж дуусгаад 2 дахь шил архиа задлаад эхний хундагаа уугаад сууж байсан. Бид нар тамхигүй байсан болохоор хажуу талд байсан эрэгтэй /Одбаатар/, эмэгтэй /Анхзаяа/ хоёр дээр очоод “ганц ширхэг тамхи өгөөч” гэхэд Одбаатар нэг ширхэг тамхи гаргаж өгсөн. Тамхи авч асаагаад “баярлалаа, хоёулаа гар барьчихъя” гэж хэлээд гар барьтал их зөөлөн, нимгэн гартай залуу байсан. Би Одбаатарт “яасан гоё зөөлөн гартай юм бэ” гэхэд найз охин Анхзаяа нь “чамд ямар хамаатай юм бэ, хөдөөний халтар банди минь” гэхээр нь “гичий минь чамтай харьцаагүй байна” гэж хэлчихээд цаашаа явж байтал Бат-Эрдэнэ маргалдаж байна гэж ойлгоод миний өөдөөс хүрч ирэхээр нь “зүгээр юу ч болоогүй” гэхэд цаанаас Ганзориг ирээд “та нар юу болоод байна” гэхэд Анхзаяа орилж чарлаад “та нар яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “бид нар яасан юм бэ, за уучлаарай” гэхэд Одбаатар гэнэт уурлаж босч ирээд манай найз Ганзориг, Бат-Эрдэнэ хоёртой барилцаж аваад маргалдаж эхэлсэн. Би очоод салгах гэтэл миний гарыг хазах гээд ам руугаа хийгээд байхаар нь “чи одоо зүгээр байхад битгий давраад байгаарай” гээд зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр зодоон болоогүй…гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 08 дугаар сарын 01-ний орой найз охин Анхзаяагийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны хажууд сургуулийн сааданд сууж байтал нэг залуу ирээд тамхи гуйхаар нь өгөхөд гар барьсан. Миний гарыг базахаар нь “тавиач” гэхэд хажуунаас Анхзаяа “боль” гэж хэлэхэд тэр залуутай хамт явж байсан нэг залуу нь архины шилээ газар руу шидтэл Анхзаяа руу шил үсрэхээр нь би нүдний шилтэй залууг нь бариад автал маргаан үүсч эрээн цамцтай залуу /Ч-/ намайг унагаагаад үсдээд нүүр рүү нэг удаа цохисон. Тухайн үед миний нүд хөхөрсөн байсан. Ч- надад эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/,
Гэрч Ж.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлынхаа Ч-, Бат-Эрдэнэ, Мөнхзул нарын хамт Сансар худалдааны төвийн хойд талд сааданд 1 шил архи хувааж уусан. Ч- тамхи асуухаар нөгөө талд сууж байсан эрэгтэй /Одбаатар/, эмэгтэй /Анхзаяа/ хоёр дээр очсон. Тэд маргалдаад байхаар нь би очоод “юу болсон юм бэ” гэхэд өөдөөс хэрүүл хийгээд байсан. Одбаатар Ч-ийн гарыг хазах гээд байхаар нь тэрээр зүүн талын нүд рүү нь нэг удаа цохисон. Би тэр үед гартаа барьсан архиа алдаад газар унахад шил хагарсан. Би хэн нэгэн рүү архины шил чиглүүлж шидсэн зүйл байхгүй. Өөр зодоон болоогүй…гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Р.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн: …Бид 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сансар худалдааны төвийн хойд талд сааданд 1 шил архи хуваагаад ууж байтал Ч- сааданд байсан хүнээс /Одбаатар/ тамхи асуухад маргаан үүссэн. Эмэгтэй /Анхзаяа/ нь “архичин, аятайхан архиа ууж чадахгүй” гээд хэл амаар доромжилж маргаан үүсгэсэн. Би салгах гээд очтол Одбаатар намайг унагааж чирээд нүүр рүү хоёр удаа цохисон. Ч- салгах гэж байхдаа Одбаатарын нүүр рүү нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Гэрч У.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Ч-, Бат-Эрдэнэ, Ганзориг нар Одбаатар, Анхзаяа хоёр дээр очоод маргалдаад байхаар нь “боль” гээд очтол Анхзаяа миний куртикийг урсан. Ч- “гар гар” гээд орилохоор нь хартал Ч-ийн гарыг Одбаатар хазаж байсан. Тэгснээ Ч- Одбаатарын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Би архины шил шидээгүй. Маргаан болоод байхаар нь архиа бариад очиход Анхзаяа намайг хүчтэй түлхсэн. Би гартаа байсан архиа хатуу юманд алдаж унаад улмаар шил нь хагарч бутарсан. Би хэн нэгэн рүү чиглүүлж шидсэн зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч С.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг өнгөрч байхад найз залуу Одбаатарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны гадна сааданд хүн хүлээнгээ 0,5 граммын “Нийслэл” пиво ууж байхад урд талын сааданд 4-н залуу архи уугаад сууж байсан. Тэднээс саравчтай малгайтай, хар цагаан цамцтай бор царайтай үл таних залуу /Ч-/ ирээд Одбаатараас “тамхи байна “уу” гэхээр нь тэрээр 1 ширхэг тамхи өгсөн. Ч- тамхиа асаагаад Одбаатарын гарнаас бариад “яасан туниа муутай гөлөг вэ” гэхээр нь “чи тамхиа авсан бол одоо яваад өг” гэхэд “намайг дуугүй бай ал минь, чам шиг гэр хороололын янхантай юм ярихгүй гичий минь” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Одбаатар Ч-д “чи одоо эмэгтэй хүнийг доромжлоод байгаарай, одоо яв” гэхэд Ч- Одбаатарыг заамдсан. Тэр үед урд сааднаас цэнхэр өнгийн фудволктой хөгшин царайтай залуу Одбаатарыг барьж байхад Ч- нүд рүү нь цохисон. Харин цагаан фудволктой залуу нь үсдэж зулгаасан байдалтай байсан. Сүүлд ирсэн нүдний шилтэй залуу нь архины шилээ Одбаатар руу шидсэн. Тухайн архины шил нь саадны ширээнд цохигдон хагараад шилний хэлтэрхий нь миний зүүн нүд рүү орсон. Ч- Одбаатарыг үсдээд нүд рүү нь гараараа 2-3 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 37-40-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9480 дугаартай дүгнэлтэнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9479 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.О-ын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 46-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 10-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ий 56-р хуудас/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69-70-р хуудас/, “Метропласт” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 71-72-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн хойд талд хохирогч Б.О-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.О-ын …найз охин Анхзаяагийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны хажууд сургуулийн сааданд сууж байтал нэг залуу /Ч-/ ирээд тамхи гуйхаар нь өгөхөд гар бариад базахаар нь “тавиач” гэхэд хажуунаас Анхзаяа “боль” гэж хэлсэн. Гэтэл Ч-тэй хамт явж байсан нэг залуу архины шилээ газар руу шидтэл Анхзаяа руу шил үсрэхээр нь би нүдний шилтэй залууг бариад автал маргаан үүсч эрээн цамцтай залуу намайг унагаагаад үсдээд нүүр рүү нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/,
Гэрч Ж.Г-гийн …Ч- тамхи асуухаар нөгөө талд сууж байсан эрэгтэй /Одбаатар/, эмэгтэй /Анхзаяа/ хоёр дээр очсон. Тэд маргалдаад байхаар нь би очоод “юу болсон юм бэ” гэхэд өөдөөс хэрүүл хийгээд байсан. …Одбаатар Ч-ийн гарыг хазах гээд байхаар нь зүүн талын нүд рүү нь нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Р.Б-ий …Ч- урд сааданд сууж байсан Одбаатараас тамхи асуухаар очиход Анхзаяа нь “архичин, аятайхан архиа ууж чадахгүй” гээд хэл амаар доромжилж маргаан үүсгэсэн. Би салгах гээд очтол Одбаатар нь намайг унагааж чирээд нүүр рүү хоёр удаа цохисон. Ч- салгах гэж байхдаа Одбаатарын нүүр рүү нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Гэрч У.М-ын …Ч-, Бат-Эрдэнэ, Ганзориг нар Одбаатар, Анхзаяа хоёр дээр очоод маргалдаад байхаар нь “боль” гээд очтол Анхзаяа миний куртикийг урсан. Ч- “гар гар” гээд орилохоор нь хартал Ч-ийн гарыг Одбаатар хазаж байсан. Тэгснээ Ч- Одбаатарын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч С.А-гийн …Саравчтай малгайтай, хар цагаан цамцтай бор царайтай үл таних залуу /Ч-/ ирээд Одбаатараас “тамхи байна “уу” гэхээр нь тэрээр 1 ширхэг тамхи өгсөн. Ч- тамхиа асаагаад Одбаатарын гарнаас бариад “яасан туниа муутай гөлөг вэ” гэхээр нь “чи тамхиа авсан бол одоо яваад өг” гэхэд “намайг дуугүй бай ал минь, чам шиг гэр хороололын янхантай юм ярихгүй гичий минь” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Одбаатар Ч-д “чи эмэгтэй хүнийг битгий доромжлоод бай, одоо яв” гэхэд Ч- Одбаатарыг заамдсан. Тэр үед урд сааднаас цэнхэр өнгийн фудволктой хөгшин царайтай залуу Одбаатарыг барьж байхад Ч- нүд рүү нь гараараа 2-3 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 37-40-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9479 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.О-ын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ч- нь хохирогч Б.О-ын нүд рүү нь цохиж биед нь “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.Ч-ийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.О- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 78-р хуудас/ прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ч-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ч- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч Б.О-т танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. В- овогт Б-гийн Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ч-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч- нь хохирогч Б.О-ын эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР