Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 800

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Уран овогт Дашийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805048180959  дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, усны оператор мэргэжилтэй, Нарантуул ОУХТ-д харуул ажилтай, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын ...................... гудамж ....... тоотод оршин суух, Улаанбаатар хот ............. дүүргийн ........ дүгээр хороо ................ тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Уран овогт Дашийн Б-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын автобусны буудал дээр иргэн У.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Б мэдүүлэхдээ: ”Би тухайн үед архи уугаад гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж маргааш нь хохирогчтой уулзаж эмнэлэгт үзүүлэх зардлыг төлж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би эмчилгээ хийлгэж байхад нь 1.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 500.000 төгрөг өгсөн. Би хохирогчоос уучлалт гуйсан. Би хохирогч Гэрэлмаад өөрийн амьдрал болон нөхцөл байдлыг танилцуулсан. Би Увс аймгийн Давст суманд амьдардаг ба манай том хүү Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. Би өөрийн учир байдлыг Гэрэлмаад хэлж хохирол төлбөрийг барагдуулж эвлэрсэн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч У.Ггийн “2018 оны 09 дүгээр сарын 14-нд би 21 цаг 45 минутанд Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зурагтын эцэст хүмүүсээ буулгаад ажлаа дуусгаад ажилруугаа явах гээд зөөлөн эргэхэд нэг согтуу хүн урд хаалганаас зүүгдээд хажууд дагаж гүйгээд байсан. Тэгэхээр нь тавьчих байх гэж хөдлөхөд хаалганы бариулнаас барьчихаад нэг гараараа  хаалганы шил цохиод дагаад яваад байсан. Тэгээд би согтуу хүн байна гэж мэдээд автобусаа зогсоогоод уг ахад би бууж байна баазруугаа явж байна, та хаана очих бэ, би таныг дөхүүлээд өгье гэхэд уг ах би суух гээгүй сая хүмүүс суух гэсэн тэгэхээр нь би ингэж байна гэсэн. Тэгэхээр нь би хаалга хаах гэхэд намайг татаад автобуснаас буулгаад миний гэдэс рүү цохисон. Тэгэхээр нь би цохих гээд цохиж чадаагүй. Тэгэхэд уг ах  миний гуяруу цохисон. Тэгээд би эвгүй гишгэсэн. Тэгээд би уг ахтай зууралдаад байж байхад миний нүд рүү цохисон. Би яаая гээд  тонгойход миний толгойны ар, орой хэсэгт цохисон. Тэгэхээр нь би хашгираад цааш нь зугтаад цагдаа дуудаад цагдаа нар ирээд барьж аваад явсан. ...Надад эмчилгээний зардал 300.000 төгрөг өгсөн. Би дахин эмчилгээ хийлгэх зардал эм бичиж өгсөн. Тэр эмнүүдийн зардлаа гаргуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11309 дугаартай:

          “1. У.Ггийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, хэвлийн баруун урд гадаргууд, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дугаар хуудас/

 

          Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...Хохирогч У.Ггийн биед учирсан гэмтлийг би цохиж учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогч У.Гтай эвлэрч эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогджээ.   

 

Хохирогч У.Ггаас “... миний бие Б-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч 1 сая төгрөгний  эмчилгээний зардал бүрэн авсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 49 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

         

          Иймд Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Уран овогт Дашийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ