Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 802

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Д.М түүний өмгөөлөгч П.Батбүрэн,

хохирогч Б.С-түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Халбагад овогт Дүүрэнбаатарын М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805039030836 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг, эх, эгч, хүргэн, ах дүүгийн хамт ............... дүүргийн ...  дугаар хороо ...........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Халбагад овогт Дүүрэнбаатарын М-

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны гадна Б.С-тай үл ялих зүйлээс хоорондоо маргалдан улмаар цохиж зодон Б.С-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С-мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянбүрдийн тойргоос Нямдавааг авахаар очсон. Гэвч тэд нар машинаа согтуу бариад очсон байсан. М- нь Баянбүрдийн тойргоос хороолол хүртэл машинаа согтуу жолоодсон. Тэгээд замдаа машинтай мөргөлдсөн гэж ярьж байсан. Тэгээд машиных нь урд купер болон их гэрэл гупер хагарсан байсан. Тэгээд машинтай хөдлөөд явах гэтэл Анхбаясгалан машины гупер рүү өшиглөсөн. Намайг машины цонхыг онгойлгоход намайг цонхоор заамдсан. Би машинаасаа буугаад маргалдсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг Анхбаясгалантай муудаж байхад М- ирсэн. Намайг М-тай маргалдаж байхад Анхбаясгалан миний сахиуснаас боож унагасан. М- намайг цохисны улмаас миний эрүү хугарсан. Тухайн үед гарсан эмчилгээний зардалд 760.000 төгрөг дансаар шилжүүлсэн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Д.М нь Б.С-тай үл ялих зүйлээс хоорондоо маргалдан улмаар цохиж зодон түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.С-ын “2018 оны 07 дугаар сарын 15-ны 23 цагийн үед Нямдаваа 80054566 дугаараас надруу яриад жолооны үнэмлэх аваад ир, бас намайг хүргээд өг гэж хэлсэн. Тухайн үед Баянбүрдийн хойд автобусны буудал дээр Нямдаваа байсан. Намайг очиход Нямдаваа,  М-, Анхбаясгалан нар хоорондоо хэрэлдээд байж байсан.

... Намайг машинаас буугаад Анхбаясгалантай маргалдаад байж байхад М- хажуунаас орж ирээд маргаад миний зүүж явдаг сахиусыг араас татаад хоолой боосон. Би газар унасан. Анхбаясгалан намайг өшиглөсөн. М- дээрээс цохисон, өшиглөсөн. Нямдаваа салгасан. ... М- миний нүүрний шанаа руу хоёр удаа гараараа цохисон. Цээж рүү нэг удаа хөлөөрөө дэвсэж байхад Нямдаваа ирээд салгасан. ... Гомдолтой байна. Баримтаа дараа авч ирж өгнө. Баримтаа цуглуулж байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Э.Нямдаваагийн “С- Анхбаясгаланг чи адилхан эмэгтэй хүн байж нэгнийгээ доромжиллоо гэхэд Анхбаясгалан уурлаад С-ын  машиныг өшиглөсөн. С- яагаад машин өшиглөж байгаа юм гэхэд Анхбаясгалан хэл амаар доромжлоод Анхбаясгалан, С-тай барилцаад нэг нэгийгээ заамдсан байхад М- дундуур нь орж ирээд чи миний эхнэрийг бариад авдаг хэн бэ гээд уурлаад зодоон болсон. С-, М- хоёр барилцаад авсан. М- С-ыг заамдаад барьчихсан би салгах гээд очиход Анхбаясгалан намайг хэл амаар доромжлоод миний үснээс зулгаагаад намайг чирсэн. Тэгэхэд С- газар уначихсан. ... С- М-ын дээр нь гарахад Анхбаясгалан араас нь хоолой нь  боогоод М- газраас босож ирээд С-ыг нэг цохисон. Мөн машинд байхад нь цонхоор нь гараа оруулаад С-ыг цохиод байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны  07 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8745 дугаартай:

“1. Б.С-ын биед эрүүний зүүн булангийн зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүний зүүн булангийн зөрүүтэй хугарал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Д.Мын яллагдагчаар өгсөн “... Бид хоёр тухайн үед барьцалдаад авсан байсан. Газар унасан. Босож ирээд би С-ыг гараараа цохисон. Тухайн үедээ С- шүд өвдөөд байна гэж ярьж байсан болохоос эрүү нь хугарсаныг мэдээгүй байсан. Хэд хоногийн дараа Нямдаваа над руу яриад С-ын эрүү нь хугарсан байна гэж хэлсэн юм. Б.С-ын биед учруулсан гэмтлийг би хүлээн зөвшөөрч байгаа. ... Би баримтаар гаргасан хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Д.М нь Б.С-тай үл ялих зүйлээс хоорондоо маргалдан улмаар цохиж зодон биед нь эрүүний зүүн булангийн зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, Д.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-т учирсан хохирол, хор уршиг нь Улсын нэгдүгээр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 77.500 төгрөгийн баримт,  мөн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн 507.960 төгрөгийн баримт, 16.200 төгрөгийн баримт, Эн Ар би ХХК-ний хоёр удаагийн 22.000, 22.000 төгрөгийн баримт, “Med trauma” эмнэлгийн дүрс оношлогооны төлбөрийн 120.000 төгрөгийн баримтуудаар нийт 773.660 төгрөг тогтоогдож байна. /хэргийн 48-50 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Маас хохирогч Б.С-т ХААН банкны мөнгөн шилжүүлгээр нийт 760.000 төгрөг шилжүүлсэн баримт шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг мөнгийг хохирогч хүлээн авсан гэж мэдүүлж байх тул тогтоогдсон хохирол 773.660 төгрөгөөс төлөгдсөн 760.000 төгрөгийг хасч үлдэх 13.660 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.М баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Д.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халбагад овогт Дүүрэнбаатарын М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Д.Маас 13.660 төгрөг гаргуулж хохирогч Б.С-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ