Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01567

 

 

 

 

 

 

 

 

 

Г- эмнэлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01861 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г- эмнэлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ХариуцагчД.Г-, О.Б-, Э.Ц-, Д.Ц-нарт холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,480,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч нарын гэрээ цуцалсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 5,300,121 төгрөг, хохирол 2,591,040 төгрөг, нийт 7,891,161 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г, хариуцагч Э.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,тайлбарын агуулга: Г- эмнэлэг ХХК-ийн харьяа Б- амралт сувиллын цогцолборт 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г.Г- нарын 5 гэр бүлийн 14 том хүн, 15 хүүхэд, нийт 29 амрагч нарыг тус цогцолборын А корпуст айл тус бүрээр нь өрөөнд оруулан хүлээж авсан. 5 гэр бүл нийт 9,780,121 төгрөгийн төлбөртэй захиалгыг өгсөн байсан ба урьдчилгаа төлбөрт 5,300,121 төгрөгийг төлсөн байсан. Эдгээр амрагч нар 7 хоногийн хугацаатай амарч, сувилуулахаар захиалгаа өгч ирсэн боловч 6 хоног амраад 1 хоногийн өмнө гарсан. 2020 оны 01 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд эмчилгээний ачаалал их, бариач нарын хүрэлцээ муу, бага насны хүүхдүүдийн бие, цээж, гар хурууны завсараар тууралт гарсан байна гэсэн гомдол гаргасан ба үүний дагуу ерөнхий эмчийг түр орлогч Т.С-, уламжлалтын эмч О.Ө- нар тухайн үед үзлэг хийсэн. Тухайн гомдлын талаар ерөнхий захиралд мэдэгдсэн ба Г- эмнэлгээс 3 эмчийн бүрэлдэхүүнтэй эмчийн баг маргааш нь буюу 01 дүгээр сарын 10-ны өглөө ирээд 10 цаг 30 минутад үзлэг хийсэн. Үзлэгээр эдгээр 5 гэр бүлийн нэг болох Ш.Д-гын 2 настай хүүхдээс бага насны хүүхдийн гар, хөл, амны халдварт өвчний шинж илэрсэн. Манайд ирэхдээ нууц хэлбэрт байсан нь сүүлд халдвартын эмнэлгийн шинжилгээгээр илэрсэн. Цогцолборын захиргааны зүгээс энэхүү гэр бүлийн 29 амрагч нарт холбогдох төлбөрийн үлдэгдэл болох 4,480,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч төлөөгүй. Иймд хариуцагчД.Г-өөс 700,000 төгрөг, Э.Ц-гээс 729,880 төгрөг, Д.Ч-аас 1,040,000 төгрөг, Л.О-ээс 940,000 төгрөг, О.Б-эс 1,070,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай 5 гэр бүл Г- эмнэлэг ХХК-ийн харьяа Б- амралт сувиллын газарт амрахаар захиалга өгч 5,300,121 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эмчилгээ хийгдэж эхлэхээр байсан боловч эмч нар үзлэгээр оруулна гэж 2 өдөр дугаарлуулсан. Зарим эмч нь хотоос ирээгүй байна гэх тайлбар өгсөөр хийгдэх ёстой эмчилгээг 4 хоногийн дараа хагас дутуу авч эхэлсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 07-ны оройгоос эхлэн манай 5 гэр бүлийн хүүхдүүд болон тус амралт сувиллын газраар үйлчлүүлж байсан бусад иргэд, хүүхдүүдийн бие, гар, хэлний эргэн тойронд элдэв тууралт, яр адил зүйлүүд туурч гарч эхэлсэн ба өрөөнүүдийн цэвэрлэгээ ариутгал хийгдээгүй, мөн нэмэлт төлбөртэй үйлчилгээ болох усан бассейны усыг солиогүй удсан, зориулалтын бодисоор ариутгалыг хийдэггүй зэрэг талаар тус амралтын зохион байгуулагчид хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын төв эмнэлгийн салбараас эмч нар ирж хүүхдүүдэд үзлэг шинжилгээ хийхээр болсон боловч ирсэн эмч нар нь хүүхдүүдээс идсэн хоол хүнсний талаар л асуумж байдлаар тодруулж асуусан. Ямар нэгэн лабораторийн багаж хэрэгсэл ашиглах, сорил тавих зэрэг эмнэлгийн анхан шатны үйл ажиллагаа явагдаагүй. Бид 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод ирээд 2020 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр Г- эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж хэд хэдэн шаардлага бүхий бичиг үйлдэн хүлээлгэн өгсөн. Үүний дагуу арга хэмжээ аваад эргээд та бүхэнд мэдээлэл хүргэе гэж тохирсон боловч ямар нэгэн бичиг өгөлгүй шүүхэд хандсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ...Бид 10 том хүн, 14 хүүхэд, нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Гэтэл 29 хүнээр тооцоод байдаг. 0-13 насны хүүхдүүдтэй явж байж 700 километр өвлийн хүйтэнд хальтаргаа, гулгаанаас сэргийлээд өөрсдийн хувийн машинтай яваагүй. Вагон хөлсөлж Эрдэнэт хот ороод Эрдэнэт хотоос цэргийн ангийн автобусыг 900,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тус амралтын газарт очиж хүүхдүүддээ өвчин тусгасан тул амралтын урьдчилгаа төлбөр 5,300,121 төгрөг, вагоны төлбөр 1,034,800 төгрөг, эмчилгээний төлбөр 330,500 төгрөг, амралтын бассейны шинжилгээний төлбөр 274,000 төгрөг, вагоны билетны өдрийг солиулсан 10 хувийн торгууль болох 51,740 төгрөг, нийт 7,891,161 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Урьдчилгаа төлбөрөө буцаан шаардаж байгаа нь тодорхой үндэслэл байхгүй, үйлчилгээ аваад 6 хоносон бөгөөд үлдэгдэл төлөх ёстой 4,480,000 төгрөгийн үйлчилгээг авсан байдаг. Амралт, сувилалын газраас зохих үйлчилгээг авсан. Вагоны төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй, Улаанбаатар хотоос ирэх хүртэлх үйлчилгээг бид хариуцна гэж тохиролцоогүй. Урьдчилгаа төлбөрт автобусны төлбөр ордоггүй. Эмчилгээний төлбөрт шаардаж байгаа мөнгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотоос ирэхдээ нууц далд шинжтэй байж байгаад илэрч байгаа эсэх шалтгаант холбооны хамааралтай холбож дүгнэлт хийх нь зүйтэй. 2 хүүхдийн аав, ээж ам, хамар өвдөж байсан талаар ярьдаг. Тухайн үед эмч нар үзлэг хийхэд хүүхдийн гар, хөл, амны өвчин гэж оношилсон. Улаанбаатар хотод очиод ХӨСҮТ-д оношлуулсан байдаг бөгөөд хүүхдийн гар, хөл, амны өвчин гэх онош тавьсан. Адилхан амарч байсан хүмүүсийн дундаас шинж тэмдэг, өвчлөл гарсан зүйл байгаагүй. Иймд эмчилгээний төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, тогтоогдохгүй байна. 10 хувийн торгууль буюу 51,740 төгрөг нь вагоны төлбөр болон автобусны төлбөрт адил тайлбарлагдах бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс амрагч нарыг яв гээгүй, 1 хоногийн үйлчилгээгээ авахгүй явсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэг талаас үйлчилгээний үлдэгдэл төлбөр шаардах, нөгөө талаас үйлчилгээний сэтгэл ханамжгүй байдал, мөн үр хүүхдүүд нь эрүүл мэндээр хохирсон байна гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 367 дугаар зүйлийн 367.2, 367.3, 367.4-т заасныг тус тус баримтлан хариуцагчД.Г-өөс 700,000 төгрөг, Э.Ц-гээс 729,880 төгрөг, Д.Ч-аас 1,040,000 төгрөг, Л.О-ээс 940,000 төгрөг, О.Б-эс 1,070,000 төгрөг, нийт 4,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г- эмнэлэг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г- эмнэлэг ХХК-иас хариуцагч нараас урьдчилан төлсөн төлбөр 5,300,121 төгрөг, хохирол 221,580 төгрөг, нийт 5,521,701 төгрөгийг гаргуулан хариуцагчД.Г-, О.Б-, Э.Ц-, Д.Ч-, Л.О- нарт олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,369,460 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,700 төгрөг, хариуцагчаас төлсөн 141,210 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 103,298 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэжээ.

7.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь дараах хэргийн үйл баримтууд тогтоогдож байна гэж үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийсэн. Хариуцагч нар нь нийт 6 хоногийн үйлчилгээг бүрэн гүйцэд авсан болох нь тогтоогддог бөгөөд энэ талаар маргадаггүй. Анхан шатны шүүх үйлчилгээ шаардлага хангаагүй, усан бассейны ариутгал хангалтгүй байсан эсэхийг бүрэн тогтоогүүгүй атлаа дүгнэлт үйлдсэн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Г- эмнэлгийн арьс харшлын эмчийн үзлэг гэх баримт, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн анхны үзлэгээр Д.Ү гар, хөл амны өвчнөөр, Ч.М нь харшил гэх өвчнөөр оношлогдон холбогдох эмчилгээг зөвлөсөн яаралтай тусламжийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэх үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн. Хүүхдийн гар, хөл амны өвчин гэж тодорхойлсон нөхцөл байдал нь нэхэмжлэгч талын ямар шаардлага хангаагүй үйл ажиллагаанаас бий болсон талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд бичгээр гэрээг байгуулаагүй тул аман байдлаар тохиролцож, үйлчилгээ авсан тул Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан. Хариуцагч нар нь тус бүртээ дундаас доош чанарын үйлчилгээг авсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт заасныг баримтлан хөлсөөр ажиллах гэрээний хувьд харш үйлдэл гаргасан гэж үзэж хариуцагчийг буруутгасан. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт зааснаар ажиглагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйтэй адил хэмжээний гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэдгийг шүүх тайлбарлаж, тодорхойлоогүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд гэрээнээс татгалзаж болно. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн гэх ойлголтод хамаарч, мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.2, 367.3 дахь хэсгийг хамтад нь хэрэглэх боломжтой. Мөн хуулийн 221 дүгээр зүйл болон 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг хамт хэрэглэх боломжгүй. Хариуцагч нар 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн С.Д-гын Д.Т, Д.Ч-ын Ч.М,Д.Г-ийн Д.Х нарыг яаралтай тусламжаар үзүүлсэн. Энэ баримтуудаа шүүхэд гаргаж боловч хүүхдүүдийн тухайд ямар нэгэн гар, хөл, амны өвчин эсхүл харшил байгаа эсэх нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг хийсвэрлэн буруутгах үндэслэлгүй болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан гэх үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн боловч гэм хорын асуудал биш гэрээнээс үүдэлтэй болохыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8.Давж заалдах гомдолд хариуцагч Д.Г-ийн гаргасан тайлбарын агуулга:

Б- сувилалд очиж, захиалга өгсөн өрөөндөө орох гэтэл захиалсан өрөө байгаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр тухайн үед амарч байсан хүүхдүүдийн биед юм туурсан асуудал гарсан бөгөөд гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Манай зүгээс гар утасны бичлэг болох нотлох баримт авагдсан. Гэтэл Г- эмнэлэг ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс ямар ч өөр хүүхэд өвдөөгүй мэтээр үгүйсгэсэн. Бид нар үйлчилгээ авна гэж урьдчилан төлбөрөө төлж, очиж амарч, сэтгэлд хүрсэн үйлчилгээгээ авч чадаагүй тул маргаан үүссэн. Хүссэн үйлчилгээгээ авч, амарч чадсан бол хоногоо гүйцээж үлдэгдлээ төлөх байсан. Гэтэл хэрэгт материалууд нь авагдсан байхад манай байгууллагаас дунд түвшинд үйлчилгээ үзүүлсэн гэж үздэг. Мэргэжлийн хяналтын байгууллагыг дуудаж авчиръя гэх шаардлагыг тависан боловч Г- эмнэлэг ХХК-аас 3 эмч авчирч, ямар багажгүй асуумжаар үзлэг хийсэн. Г- эмнэлэг ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, хүүхдүүдийг эрүүл болгож өгсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрөө төлье гэж хэлсэн. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй, бид нартай уулзсан уулзалтанд тэгье, эм тариа өгье гэж хэлсэн атлаа шүүхэд өгсөн. Тухайн үед шүүхийн маргаан үүссэн гэдгийг ойлгоогүй тул эмнэлгийн бичиг баримтыг зарим газраас нөхөж авсан гэжээ.

9.Давж заалдах гомдолд хариуцагч Э.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай зүгээс нотлох баримтыг маргааны улмаас цуглуулаагүй хүүхдүүдийн утасны бичлэгт байсан. Нийгмийн хариуцлагын үүднээс арга хэмжээ авсан боловч эмчийн харилцаа хандлага зохисгүй байсан. Нотлох баримтын хүрээнд гэрч дуудаж, ковидын нөхцөл байдлын үе байсан тул хэд хэдэн удаа хурал хойшлогдсон. Г- эмнэлэг ХХК нь эрүүл мэндийн байгууллага тул ажилчдынхаа эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах ёстой. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

2.Нэхэмжлэгч Г- эмнэлэг ХХК нь хариуцагчД.Г-, О.Б-, Э.Ц-, Д.Ч-, Л.О- нарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 5,300,121 төгрөг, учирсан хохиролд 2,591,040 төгрөг, нийт 7,891,161 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргасан байна.

3.Д.Г-, О.Б-, Э.Ц-, Д.Ч-, Л.О- нарын 5 гэр бүл Г- эмнэлэг ХХК-ийн харьяа Б- амралт, сувиллын цогцолборт 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд амрах, сувилуулах үйлчилгээ авахаар талууд харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /1хх 71-79/ Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.Хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 5,300,121 төгрөг шилжүүлж, Б- амралт, сувилалын цогцолборт 6 хоног амарч, үйлчилгээ авсан, гэрээний хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө гэрээ цуцлагдсан үйл баримтад талууд маргаангүй.

5.Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө. Хариуцагч нар нь 1 хоногийн сувилалын үйлчилгээ аваагүй тул ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээхгүй.

6.Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн буруугаас тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, ажлын хөлс шаардах эрхгүй гэж дүгнэн хариуцагч нараас 4,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2, 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөн залруулан дүгнэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

7.Нэхэмжлэгч Г-эмнэлэг ХХК гэрээний үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 5,300,121 төгрөг, учирсан хохирол 2,591,040 төгрөг, нийт 7,891,161 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

8.Хариуцагч нар СД бичлэг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгснийг үзлэг хийж тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн байна. Уг бичлэгийг 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 10-ны өдрийн хооронд амарч байхдаа хариуцагч нарын хүүхдүүд гар утсаараа хийсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудас, Б- сувилалын эмчийн дүгнэлт, Г- эмнэлгийн арьс харшлын эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н.Эрдэнэбулганы мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч Г- эмнэлэг ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээ цуцлагдсан, үүний улмаас хариуцагч нарт хохирол учирсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. /хх66-70, 80-84, 104-105/ Мөн хариуцагч Д.Ч-ын охин Ч.М, Ч.М нарын ГГ нэгдсэн эмнэлгийн лабораторит хийлгэсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эрдэсийн шинжилгээний хариу, Х- ХХК-аас 221,580 төгрөгийн эм худалдан тухай төлбөрийн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын маргаанд хамааралтай, нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчснөөс хариуцагч нарт учирсан хохирлыг нотолсон баримт гэж үзэхгүй. /хх-87, 89-94/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг 221,580 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчД.Г-, О.Б-, Э.Ц-, Д.Ч-, Л.О- нараас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г- эмнэлэг ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 5,300,121 төгрөг, учирсан хохиролд 2,591,040 төгрөг, нийт 7,891,161 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01861 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчД.Г-, О.Б-, Э.Ц-, Д.Ч-, Л.О- нараас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г- эмнэлэг ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 5,300,121 төгрөг, учирсан хохиролд 2,591,040 төгрөг, нийт 7,891,161 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД