Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 829

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Хармагтай овогт Цогбадрахын Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805036770933 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ......... дүүргийн ........ дугаар хороо ............... гудамжны  ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хармагтай овогт Цогбадрахын Л-

 

Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зурагтын шинэ эцсийн орчим иргэн Ч.Нэргүйг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.Л мэдүүлэхдээ: “Хохирогч залуу машины гарц дээр машинаа тавиад их удаан алга болсон. Би түүнийг 7-8 минут хүлээсэн. Тэгээд шаардлага тавихад зүй бус харьцсан. Мөн миний машины цонхон дээр ирээд намайг гараад ир гэхээр нь гараад маргалдсан. Тэгээд өөрөө цагдаа дуудсаны дараа гарцан дээрээс машинаа холдуулсан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Гэрч Ж.Даваахүүгийн “... 2779 УБТ саарал өнгийн 30 Приус машины жолооч машинаасаа манай нөхрийг гөлөг минь чи машинаа аваад холдооч гэхэд манай нөхөр машинаасаа бууж очоод уг залууг юу гэнээ, чи гэхэд уг залуу машинаасаа бууж ирээд манай нөхрийн нүд рүү цохиход манай нөхрийн хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд тэр хоёр зууралдаад газар өнхрөөд байсан. Тэгэхэд би машинаасаа буугаад уг залуугийн фудболкноос нь татаад болиоч гээд салгах гэхэд уг залуу салаагүй. Цаанаас нь уг залуугийн эхнэр нь бууж ирээд салгахад уг залуу хэрэлдэж хэл амаар доромжилж байгаад одоо гомдол санал юу  байна гэхэд манай нөхөр цагдаа дуудсан байгаа цагдаа дээр очиж учраа олъё гэхэд уг хүмүүс машинд суугаад явчихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хуудас/

          Хохирогч Ч.Нэргүйгийн “Би 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед эхнэр Даваахүү 3 хүүхдийн хамт өөрийн 02-15 УНТ улсын дугаартай Сэтто автомашинтай Дэнжийн 1000-с мах аваад хороолол орох гээд явж байгаад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагтын хуучин эцэст байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна дэлгүүрээс юм авах гээд зам дагуу машинаа байрлуулаад дэлгүүр рүү ороод гараад ирэхэд нэг танихгүй залуу замаа чөлөөлж тавьсангүй миний машиныг хааж тавьчихлаа гээд хэл амаар доромжлоод харааж зүхээд байхаар нь би яасан гэнээ гэж хэлэхэд над руу дөхөж ирэхээр нь би цаашаа бай гээд түлхсэн чинь шууд гараа атгаж байгаад нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би шууд барьж аваад унагаасан. Заамдаж барьж байгаад бид хоёр салцгаасан. Тэгээд би цагдаад хандсан. ... Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

          “... Машины зогсоолоос болж маргалдсан. Тэгээд л зодолдсон. Л- миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Л- бид хоёр эвлэрсэн. Учир зүйгээ олсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59 дүгээр хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8220 дугаартай:

          “1. Нэргүйгийн биед зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлйн үйлчлэлээр, тухайн  хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

          Ц.Лын яллагдагчаар өгсөн “... Хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Би Ч.Нэргүйтэй эвлэрсэн. Одоо ямар нэгэн асуудал нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ц.Лын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ч.Нэргүй мөрдөн шалгах явцад “... Миний бие нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хэргийн 65 дугаар хуудас/ гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Л гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.  

Шүүгдэгч Ц.Л Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хармагтай овогт Цогбадрахын Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Лыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ц.Л торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ц.Л торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Л баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ