Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01601

 

 

 

 

 

 

 

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 103/ШШ2022/000277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ф- ХХК-д холбогдох,

түрээсийн гэрээний үүргийн биелэлт түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, бараа материалын үнэ 74,646,000 төгрөг, нийт 194,646,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Х- ХХК нь Ф- ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17-276 тоот дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулж нийт 3 нэр төрлийн 956 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгсөн ба одоо дээрх бараа материал нь тус компанид байхгүй байгаа тул 2022 оны 03 дугаар сарын худалдах үнийн дүнгээр тооцон акталж 74,646,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ф- ХХК-ийн захирал С.А-ын хүсэлтээр 2017 оноос хойшхи түрээсийн төлбөрийг 80,000,000 төгрөг болгон тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 20-нд төлнө гэж хугацаа тохирон төлбөр барагдуулах гэрээ хийсэн ба барагдуулаагүй байгаа тул 80,000,000 төгрөг, барилгын бараа матетриалын түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг нь хугацаандаа төлөгдөөгүйгээс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш алданги 40,000,000 төгрөг болсон. Иймд Ф- ХХК-аас гэрээний үүрэгт 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, бараа материалын актын төлбөр 74,646,000 төгрөг, нийт 194,646,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:С.А- миний бие тухай үед компанийн гүйцэтгэх захирал байсан хэдий ч 2019 оноос Ф- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг БНХАУ-ын иргэн X.E- хэрэгжүүлж байна. 2019 оноос дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 өвчин гарч хил хаагдсанаас хойш гүйцэтгэх захирал Монгол улсад ирээгүй байгаа бөгөөд БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг. Иймд миний бие нэхэмжлэлийг гардан авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх эрхгүй тул Ф- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд БНХАУ-ын иргэн X.E-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.

Түрээсэлж авсан бараа материалын хувьд тоо хэмжээ таарч байна. Тухайн үед бараа материалыг түрээсэлж авахад ард нь үндсэн үнийг нь 27,000,000 төгрөгийн бараа материал гэж бичсэн байсан. Би тухайн барааг 1 сарын хугацаатай түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Ингээд бараа материалыг нь хүргэж өгөх боломжгүй болчихсон. Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үүрэг 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөгийг зөвшөөрч байна, акталсан барааны үнийг арай өндөр байна гэж үзэж байна. Тухайн үед манай компанийн хувь эзэмшигч байсан юм. Бид хамтраад Ф-ХХК-г байгуулаад Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт арматурын үйлдвэр байгуулахаар тохиролцож 2017 оны сүүлээр суурийн ажлаа эхлүүлсэн. Манайх үйлдвэрийн барилгын бараа материалаа Таньшанаас Эрээн рүү татчихсан байхад Ковид-19 гэх өвчин хил гааль хаагдчихсан гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ф- ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн биелэлт түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, буцааж өгөөгүй бараа материалын төлбөр 74,646,000 төгрөг, нийт 194,646,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,289,130 төгрөгийг улсын орлогод орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф- ХХК-иас 1,289,130 төгрөгийг гаргуулан Х- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсгийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсэг болгосон. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсгийн агуулга нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтанд ноогдох хариуцлагын тухай зохицуулалт юм.

Компанийн гэрчилгээнд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь E-бөгөөд С.А-ад компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл гүйцэтгэх захирлаас олгогдоогүй байхад хэргийн оролцогч бус этгээдийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн. 2021 онд төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хэрэгт авагдсан байхад гэрээнд дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, төлбөр барагдуулах гэрээг Х- ХХК буюу нэхэмжлэгч компанийн нягтлан, нөгөө талаас Ф- ХХК-ийн компанийн хувьцаа эзэмшигч С.А- нар байгуулсан гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, 120,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Түрээсийн гэрээний үүргийн дагуу 308,000,000 төгрөг болсон. Үүгээр бид шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. 2017 онд С.А- компанийн захирал байх хугацаанд гэрээ хийгдэж байсан болохоор С.А-тай хэлцэл хийж, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт н.Э-тай ярьж тохиролцон 80,000,000 төгрөг болгосон тухай тайлбарууд байгаа. Алдангийн хэмжээг нэмэгдүүлэн 120,000,000 төгрөг болсон. Түрээсийн гэрээнд бараа материалыг актлахдаа тухайн зах зээлийн ханшаар түрээсэлнэ гэсэн гэрээний заалтууд байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Ф-ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 194,646,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 120,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн 37 дахь талд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Ф-ХХК-ийн үүсгэн байгуулагчС.А- байх ба тэрээр компанийн энгийн хувьцааны эрхийн 76 хувийг, БНХАУ-ын иргэн Э- /Eerdundalai/ 24 хувийг тус тус эзэмшихээр 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.С.А- компанийн эцсийн өмчлөгчийн мэдээлэлд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэжээ.

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг зөв хэрэглэн хариуцагч Ф- ХХК-ийн үүсгэн байгуулагч, энгийн хувьцааны 76 хувийг эзэмшигч С.А-ыг эрх бүхий албан тушаалтан гэж дүгнэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Түрээслүүлэгч Х- ХХК нь түрээслэгч Ф- ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч нь барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын туслах материал буюу Х-ийг 1 сарын хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлж, түрээсийн зүйлийг актын дагуу буцаан өгөх үүрэг тус тус хүлээсэн. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймээс эд хөрөнгө хөлслөх гэрээ байхад түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Х- ХХК нь Ф- ХХК-д түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаангүй.

2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээгээр Ф- ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр авсан бараа, материалын элэгдэл хорогдлын төлбөр, түрээсийн болон үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, түрээслүүлэгч нь уг төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон хугацаанд түрээслэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг талууд харилцан тохиролцсон байна. Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд зохигчид маргаангүй.

Х- ХХК нь Ф- ХХК-аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсгийн заасныг хэрэглэснийг буруутгахгүй.

Хариуцагч компанийн эрх бүхий этгээд Х.А- гэрээний үүрэг 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ф- ХХК-аас түрээсийн гэрээний төлбөрт 120,000,000 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн.

Харин түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй, 956 ширхэг бараа материалын үнэ 74,646,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тайлбараа нотолсон баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Ф- ХХК-д өгсөн бараа материал /Х-/-ийн үнэлгээг 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн худалдах үнийг 74,646,000 төгрөгөөр тодорхойлсон бичиг шүүхэд ирүүлсэн байна. Уг баримт нэг талын гаргасан нотлох баримт байх тул түрээсийн гэрээний зүйлийн бодит үнэ гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Дээрх бараа материал хариуцагчид хадгалагдаж байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргажээ. Түүнчлэн талууд төлбөр барагдуулах гэрээгээр түрээсийн төлбөрийн үлдэгдэл, хүлээн авсан бараа материалын элэгдэл, хорогдлын төлбөр зэргийг тооцон 80,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ф-ХХК-иас 120,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 74,646,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

Шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч Ф- ХХК-ийн төлөөлөгчийн нэрийг хариуцагч Х.А- гэж алдаатай бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байгааг залруулан дүгнэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 103/ШШ2022/000277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 194,646,000 төгрөг гэснийг 120,000,000 төгрөг гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1,289,130 төгрөг гэснийг 757,950 төгрөг гэж тус тус өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 531,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД