Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 819

 

 

 

 

 

                                       

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ж.Энхжаргал, 

шүүгдэгч  Д.Б түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Дашмягмарын Б-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803003650352 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... дүүргийн ..........дугаар хороо .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашмягмарын Б-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 дулааны станцын урд замд Мазда бонго маркийн .......УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а “Жолооч нь согтууруулах ундааны зүйл ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийг хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ө.Мөнхбаяр жолоочтой  Тоёота Приус маркийн 15-83 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж Ө.Мөнхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Б мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 26-ны 17 цагийн орчимд 10 дугаар хороололд таньдаг У гэх нэртэй хүнтэй тааралдаад караоке орж 0.33 литрийн архи 2, 2 шил пиво уугаад 20 цагийн үед гэр рүүгээ харихаар ганцаараа машинаа жолоодож явахдаа урдаа байсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан. Би хүний эд хөрөнгөд эвдэрэл учруулж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 6-7 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-14 дүгээр хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “драйгер багаж ашиглан шалгахад 2,22 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 18 дугаар хуудас/

Түргэн тусламжийн дуудлагын хуудас. /хэргийн 32 дугаар хуудас/

Хохирогч Ө.Мөнхбаярын “2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Авто прайм ХХК-ний нэр дээр байдаг Тоёота Приус маркийн 15-83 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодон ТЭЦ 4 цахилгаан станцын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал том оврын /шаланз/ автомашин урдаасаа хойш чиглэлтэй замын урд гарцнаас зам руу орж ирж байхаар нь би хурдаа сааруултал ард явж байсан автомашин араас ирж мөргөсөн бөгөөд тэрнээс хойш юу болоод байгааг сайн ухамсарлан ойлгоогүй. Тэгээд цагдаа  түргэн тусламжийн автомашин ирээд ГССҮТ-д хүргэгдсэн.  ... Ослын улмаас миний зүүн талын эгэмний яс хугарсан, 2 хөл зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн.  ... Томографикийн зураг авхуулсан. Эмчийн бичиж өгсөн эмнүүдийг авч өгсөн. Одоогоор өөр эмчилгээний зардалд өгсөн зүйл алга байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ч.Чимэдмөнхийн “... Тоёота Приус маркийн 15-83 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь уг нь бол миний автомашин байгаа юм. Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Турк улс руу явах болоод 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн өглөө Авто Прайм ББСБ-ын нэр дээр шилжүүлж зээл авсан юм. ... 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Вендо хөрөнгө үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн бөгөөд 3.484.500 төгрөгний хохирол учруулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/

Иргэний хариуцагч П.Баатархүүгийн “... Унах зөвшөөрөл өгсөн.  Уг автомашин нь миний нэр дээр байдаг боловч манай хүргэн дүү Б.Б- унаж ашигладаг юм. Жолоочийн хариуцлагын даатгал дээр Д.Б болон миний нэр бичээстэй байгаа. ... Би Mazda Bongo маркийн .......УБД улсын дугаартай автомашинд эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэхгүй. Хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9310 дугаартай:

“1. Ө.Мөнхбаярын биед зүүн эгэмт ясны далд хугарал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 56 дугаар хуудас/

Вендо Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 64-68 дугаар хуудас/

Замын Цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №564 дугаартай:

“1. Жолооч Дашмягмар овогтой Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно.

а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.11 “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Жолооч Өлзийбат овогтой Мөнхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2.  Зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 73-74 дүгээр хуудас/

Д.Бийн яллагдагчаар өгсөн “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож бусдад хохирол учруулсан нь үнэн. Би 10 дугаар хороололд 17 цагийн үед ганцаараа өөрийн машинаа унаж явж байгаад танил “Өвөө” гээд хочтой залуутай тааралдсан. Тэгээд хамтдаа караокед орж 0.33 граммын архи  хувааж, нэг хүний 2 шил 0.5 граммын пиво уусан. Тэгээд ганцаараа машинаа бариад гэр рүүгээ явж байгаад осол гаргасан. ... Би хохирлоо төлөөгүй байгаа. Хохирлоо төлнө. Яаж төлөхөө мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 79-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а “Жолооч нь согтууруулах ундааны зүйл ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийг хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Тоёота Приус маркийн 15-83 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж Ө.Мөнхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Түүнчлэн шүүгдэгч Д.Бийн замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг дутмаг, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын тээврийн хэрэгслийг  мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршиг нь түүний дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ө.Мөнхбаяраас “... Эмчилгээний зардлыг тухайн үед Д.Б төлж барагдуулсан ба ажилгүй байсан хугацааны цалин болох 300.000 төгрөгийг Б-оос хүлээн авлаа. ... Б-оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно” гэсэн хүсэлтийг, иргэний нэхэмжлэгч Ч.Чимэдмөнх “... би тээврийн хэрэгслийн хохирол болох 3.500.000 /гурван сая/ төгрөгийг Д.Боос хүлээн авсан болно. Д.Боос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно” гэсэн хүсэлтийг тус тус  шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Бийн жолоочийн 916872 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч  Д.Бийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 89 дүгээр хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл  түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлж барагдуулсан байдлыг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.  

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашмягмарын Б-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг  согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд Д.Бид согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Бийн жолоочийн 916872 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  А.АЛТАНХУЯГ