Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 836

 

 

 

 

 

 

 

 

      2018         11          02                                     836

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Б.Отгоно нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Отгонот холбогдох эрүүгийн 1805 0463 50952 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 600 000-700 000 төгрөгийн орлоготой, ам бүл 8, эхнэр, 2-6 настай 3 хүүхэд, хадам ээж, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Отгоно.

 

Шүүгдэгч Б.Отгоно нь 2018 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “+25” баарны гадна иргэн Н.Мөнхын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Отгоно мэдүүлэхдээ:

Хохирогч Н.Мөнх нь манай эгчийн хуучин нөхөр нь юм. Тэр цагаан сараас хойш гэртээ ирэхгүй байгаа боловч манай эгчээс албан ёсоор салаагүй. Түүний том охин нь 2 дугаар ангид сурдаг ба цагаан сараас хойш манай гэрт байгаа тул би хүүхдийг нь тэжээн, тэтгэдэг юм. Н.Мөнх бидэнтэй ямар ч холбоогүй байж байгаад хэрэг гардаг тэр өдрийн өмнөх өдөр надтай уулзаад “ах нь охиныхоо өдөр өнжүүлэхийн төлбөрт 100 000 төгрөг өгье” гэж хэлсэн боловч охиндоо 50 000 төгрөг, чихэр өгөөд явсан байсан. Тэгээд маргааш нь тааралдаад  маргалдсан. Гэтэл Н.Мөнх өөрөө зодолдъё гээд намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Би тухайн үед эрүүл байсан. Харин хохирогч согтуу байсан. Н.Мөнх нь манай эгчийн машиныг ломбарданд тавиад, зээл авч зээлийн төлбөрт 2 300 000 төгрөг төлөх байсан. Би хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь үнэн тул түүний эмчилгэний зардалд мөнгө төлөх ёстойгоо ойлгож байна. Тэгээд түүний ломбардад төлөх 2 300 000 төгрөгийг би түүний өмнөөс төлөхөөр тохиролцсон юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би прокурорын сонсгосон ял болон оногдуулах эрүүгийн хариуцлага болох 500 000 төгрөгийн торгох ялыг өөрийн сайн дураар зөвшөөрч, ойрын хугацаанд төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Мөнх мэдүүлэхдээ:

Би 2018 оны 9 дүгээр сарын 05-ны шөнө найзуудтайгаа нийлж, “+25” бааранд 01 цагийн үед ороод сууж байтал үл таних нэг залуу намайг “гадаа хүн дуудаж байна” гээд дуудсан. Би гайхаад гараад хартал эхнэрийн дүү болох Отгоно байсан. Тэгээд намайг “Т.Приус-30” маркийн машинд суулгаад бид хоёр юм ярьж байгаад үл ойлголцон машинаас буугаад нэг гудамж руу орсон. Тэр гудамжинд юм ярьж байтал нэг мэдсэн тэр миний нүүр рүү цохиж, би газар унасан байсан. Удалгүй надтай хамт явж байсан хүмүүс намайг өргөж босгоод, бид цагдаагийн газар ирсэн. Отгоно миний нүүр рүү нэг удаа цохисон. Бид хоёр эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 8-9, 34 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10905 тоот дүгнэлтэд:

1. Н.Мөнхын биед хоншоор ясны цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы зөрөөтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 11 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Отгоно ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Отгоно нь 2018 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “+25” баарны гадна хохирогч Н.Мөнхтай хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хоншоор ясны цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы зөрөөтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Мөнхын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10905 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Б.Отгоноийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Н.Мөнх нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч Б.Отгоно түүний ломбардад төлөх ёстой 2 300 000 төгрөгийг төлөхөөр хоорондоо тохиролцсон, “бид хоёр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хохирогч мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Отгоноийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Отгоноийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Отгоно цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Мөнх хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Отгонот авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН