Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01627

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/02139 дугаар шийдвэртэй,

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.М-, Б.М-, Ч.С-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 65,777,527.41 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Х- ХХК, Ч.М- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗБ/ВСС200115022-1-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч Ч.С-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Ч.С-, хариуцагч Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Ч.М-, Б.М- нар нь Х- ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/ВВСС20011522-1 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч Б.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлдүүлэгчтэй ЗБ/ВСС200115022-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцаааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7-р хороо, 4 дүгээр хороолол, 00-о байр 0 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Ч.М- нь зээлдүүлэгчтэй 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3Б/ВСС200115022-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо,00-р байр, 00 тоот хаягтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Хожим Ч.М-ын өмчлөлийн орон сууцны өмчлөгч нь Ч.С-болсон тул түүнийг хамтран хариуцагчаар татан оролцуулж байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Иймд бидний зүгээс зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг албан бичгээр мэдэгдэж мөн биечлэн уулзалт хийсэн. Гэвч үр дүнд хүрээгүй тул зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 47,608,950.57 төгрөг, зээлийн хүү 18,089,911.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,164.93 төгрөг, нийт 65,757,027.41 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардлын хамт, нийт 65,777,527.41 төгрөгийг гаргуулж Х- ХХК-д олгож, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.М-ын гаргасан хариу тайлбарын агуулга: Х- ХХК-тай байгуулсан 3Г/ВСС20011522 тоот зээлийн гэрээний дагуу зээлсэн 50,000,000 төгрөгөөр Хьюндай ХД-120 өргөгч автомашиныг худалдан авсан. Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.М-ын нэр дээр байдаг. Тэрээр 2020 оны 09 дүгээр сард гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаар дээрх автомашин Б.М-д олгогдож, Ч.М- тус автомашиныг ашиглаж, орлого олох боломжгүй болсон. Мөн Ковид-19 цар тахал эхэлж хатуу хөл хорио тогтоосны улмаас ажил хийж чадаагүй. Х- ХХК-ийн зүгээс зээлийн эргэн төлөлт зогсож гэрээний үүрэг ноцтойгоор зөрчигдсөн үеэс эхлэн хууль болон гэрээгээр олгогдсон эрхийн дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаас 47,608,950 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 18,089,911.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,164.93 төгрөг, нийт 18,148,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.М-ын хариу тайлбарын агуулга: Зээлийн гэрээний графикийн дагуу төлөлт хийх хуваарь алдагдаж, зээлийн гэрээний үүрэг ноцтойгоор зөрчигдсөн үеэс эхлэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ банкны зүгээс хэрэгжүүлээгүй. Үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2021/02427 дугаар шүүхийн шийдвэрээр Ч.М-ын төрсөн эгч Ч.С-ийг Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо, 15 байр, 54 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, уг орон сууцны өмчлөгчөөр Ч.С-ийг тогтоосон. Банкны зүгээс хүртэл барьцаа хөрөнгөний өмчлөгч Ч.М-ыг солигдоход татгалзал гаргаагүй болно. Иймд банкнаас шаардаж буй үндсэн зээлийн төлбөрийн тал хувийг Ч.С-хариуцах ёстой. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №3Б/ВСС200115022-1-2 тоот барьцааны гэрээний өмчлөгч өөрчлөгдсөн тул энэ нөхцөл байдлыг тодруулж маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

 

4. Хариуцагч Ч.С-ийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас Ч.С-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/02427 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1750 дугаартай магадлалаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22010028 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотхаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.С-намайг тогтоосон. Иймд Ч.С-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр Ч.М-, Б.М- нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

5. Хариуцагч Ч.С-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/02427 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1750 дугаартай магадлалаар эрхийн улсын бүртгэлийн Ү-220100248 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотхаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.С-ийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тул 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3Б/ВСС200115022-1-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно. Дээрх хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш нэхэмжлэгч Х- ХХК нь барьцаа, барьцаалбарын бүртгэлийг хүчингүй болгоогүй.

Иймд Х- ХХК ХХК болон Ч.М- нарын хооронд байгуулсан 3Б/ВСС200115022-1-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг Х- ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан талын хариу тайлбарын агуулга: Хариуцагч Ч.С-нь сөрөг нэхэмжлэл гаргахтай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 375,950 төгрөг төлсөн нь үндэслэлгүй байна. Ч.С-нь Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өмчлөгч эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулж мэдүүлэг гаргаж, Улсын бүртгэлд бүртгүүлж өөрийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг зохих ёсоор шилжүүлсэн талаар нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй. Иймээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ч.М- хэвээр байна. Ч.С-ийг өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгө нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4 дэх хэсэгт тус тус зааснаар өмчлөх эрх нь хэн алинд шилжсэнээс үл хамаарч Х- ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу Х- ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болох үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч Ч.С-ээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Б.М- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 184/ШШ2021/02427 дугаартай Шүүх хуралдааны тэмдэглэл-ийн 6 дах хуудаст Ч.С-ийн өмгөөлөгчийн тайлбарт "Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлж өгөх бус гол хүсэл зориг нь барьцаанд тавих байсан гэж, мөн тэмдэглэлийн 15 дахь хуудсанд Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М-ын өмгөөлөгч Ч.М- орон сууцыг Х-ны зээлийн барьцаанд тавих гэж байгааг хариуцагч танд хэлсэн үү гэх асуултад Ч.С-нь Хэлсэн гэх тайлбарыг өгдөг. Үүнээс үзвэл Ч.С-нь Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо, 15 байр, 54 тоот хаягт байрлалтай 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих талаар анхнаасаа мэдэж байсан.

Иймд Ч.С-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.М-, Б.М- нараас 62,018,853.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Х-" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,738,173.56 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч "Х-" ХХК-аас хариуцагч Ч.М-той байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 3Б/ВВСС200115022-1-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоотод байрлах 30 м.кв талбайтай Y-2201002484 дугаартай 2 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг нэхэмжлэгч "Х-" ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.М-, Б.М- нарыг зээлийн төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан Б.М-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 хариуцагч дүгээр байрны 43 тоотод байрлах 18 м.кв талбайтай Y-2205009452 дугаартай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, хариуцагч Ч.М-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,037.7 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М-, Ч.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 468,044.27 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Х- ХХК-д олгож, хариуцагч Ч.С-ийн сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х-" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 447,000 төгрөгийг гаргуулж Ч.С-т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

9. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3,738,173.56 төгрөгийг хасч шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам- ын 2.2 дугаар зүйлд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлдэгч банкинд цахимаар хүсэлт хүргүүлсэн, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан, зээлийн гэрээний хугацааг дээрх хугацаагаар сунгах зэрэг эрхийг эдлэх талаар заасан байдаг. Үүнтэй холбоотой Х- ХХК-д хариуцагч нар нь аливаа санал, хүсэлт хүргүүлсэн гэх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Хариуцагч Б.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Ч.С-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Ч.М-, Б.М- нар нь Х- ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ЗБ/ВCC200115022-1-1-н тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ-ний дагуу Б.М-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 00-о байр 0 тоот хаягтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мөн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗБ/ВСС200115022-1-2 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ"-ний дагуу Ч.М-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо,00-р байр, 00 тоот хаягтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнуудыг тус тус барьцаалж, зээл авсан байдаг.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2021/02427 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1750 дугаар магадлалаар Ч.М-ын өмчлөлийн орон сууцны өмчлөгчөөр Ч.С-ийг тогтоосон. Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг үндэслэж, талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцож байгаа нь үндэслэлгүй. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасны дагуу барьцааны эрх дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Барьцаа хөрөнгө бол барьцаалуулагчаа бус барьцаа хөрөнгөө дагаж явдаг. Барьцаа хөрөнгийн өмчлөгч солигдсон хэдий ч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт "Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно" гэж зохицуулсан байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Ч.М-, Б.М-, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрийн үлдэгдэл 47,608,950.57 төгрөг, зээлийн хүүд 18,089,911.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,164.93 төгрөг, нийт 65,757,027.41 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардлын хамт нийт 65,777,527.41 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.С-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

Хариуцагч Ч.М-, Б.М- нар дээрх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 47,608,950.57 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч Ч.Сувд-Эрдэнэ нь Х- ХХК болон Ч.М- нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

3.а.Х- ХХК, Ч.М-, Б.М- нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/ВВСС20011522-1 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай Ч.М-, Б.М- нарт зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ ний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

3.б. Зээлдүүлэгч Х- ХХК нь хариуцагч Ч.М-, Б.М- нарт 50,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Х- ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.М-, Б.М- нараас зээлийн үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Зээлийн гэрээний талууд зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг харилцан тохиролцож гэрээндээ заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 183 дугаар тогтоол, Улсын Их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай тогтоолыг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасан байх бөгөөд тогтоолын уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч талаас зээлдүүлэгчид хүсэлт гаргах учиртай.

Гэтэл хариуцагч Б.М-, Ч.М- нар нь дээрх журмын дагуу нэхэмжлэгч Х- ХХК-д зохих ёсоор хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Түүнчлэн, Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор ажил эрхлэх боломжгүй болсон буюу зээлийн төлбөр төлөхөд үүсч буй нөхцөл байдлын талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд дээрх журамд заасны дагуу холбогдох хүсэлтийг гаргаагүй учраас зээлийн гэрээний хугацаа хойшлуулахгүй бөгөөд зээлдэгч Б.М-, Ч.М- нарын зээлийн гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний хүү төлөх ёстой. Харин холбогдох хуультай холбоотойгоор гарсан эрхийн актын хүрээнд иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлдөг учраас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шаардсан 58,164.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг нь зөв болжээ.

Иймд хариуцагч Ч.М-, Б.М- нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 47,608,950.57 төгрөг, зээлийн хүү 18,089,911.91 төгрөг, нийт 65,698,863 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 58,164.93 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 20,500 төгрөг, нийт 78,664.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

4.а. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х- ХХК нь Б.М-тай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗБ/ВСС200115022-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 4 дүгээр хороолол, 00-о байр 0 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, мөн Ч.М-той 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3Б/ВСС200115022-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо,00-р байр, 00 тоот хаягтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/02427 дугаартай Шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1750 дугаартай Магадлалаар дээрх 3Б/ВСС200115022-1-2 тоот барьцааны гэрээний зүйл болох дээр дурдсан 54 тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.С-ийг тогтоожээ. Өмчлөгч солигдсон нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардах эрхээ барьцаалагч хэрэгжүүлэхэд саад болохгүй. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагч Б.М-ын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд уг бүртгэлд үндэслэгдэн байгуулсан барьцааны гэрээ хүчинтэй болно. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох уг 54 тоот орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4.б. Дээр дурдсанаар Ч.М-, Х- ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 3Б/ВСС200115022-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, бүртгэлийг өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагч Б.М-ын давж заалдах гомдлыг хангав.

Харин Ч.С-нь Ч.М-оос өмчлөх эрхтэй холбоотой хохирлоо шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/02139 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.М-, Б.М- нараас зээлийн гэрээний үүрэгт 65,698,863 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,664.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х- ХХК болон хариуцагч Ч.М- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗБ/ВСС200115022-1-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгүүлэхийг нэхэмжлэгч Х- ХХК-д даалгах тухай хариуцагч Ч.С-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,

3 дахь заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.М-, Б.М- нарыг зээлийн төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан Б.М-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 00 хариуцагч дүгээр байрны 00 тоотод байрлах 18 м.кв талбайтай Y-0000000 дугаартай 1 өрөө орон сууц, Ч.М-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 557,037.7 төгрөг, хариуцагч Ч.С-ийн 447,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М-, Ч.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 486,444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Х- ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 74,761 төгрөгийг, хариуцагч Б.М-ын төлсөн 447,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД