| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 137/2015/01205/и |
| Дугаар | 001/ХТ2017/00606 |
| Огноо | 2016-05-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2017/00606
Т.Мэндсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06960 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 536 дугаар магадлалтай,
Т.Мэндсайханы нэхэмжлэлтэй,
“Сүрэг агт” ХХК-д холбогдох,
Байрны илүү авсан төлбөр, банкны хүү нийт 30.808.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, түүний өмгөөлөгч Д.Туяа нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Т.Мэндсайхан, С.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, өмгөөлөгч Д.Туяа нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Мэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Сүрэг агт” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр СО-13/030 тоот дугаартай байр худалдан авах гэрээ хийсэн. Энэхүү гэрээнд 1 м.кв-ын үнийг 2.350.000 төгрөг тооцон нийт 79.47 мкв талбай бүхий Баянзүрх дүүргийн 26-р хороо Сүмбэр орд хотхоны 603-р байрны 57 тоотын байрыг худалдан авсан юм. Гэвч бодит байрны хэмжээ нь 69,01 мкв буюу гэрээнд заасан хэмжээнээс 10,46 мкв дутуу байна. Байрыг худалдан авах гэрээний нөхцөл байрны талбайн хэмжээг Монгол Улсад мөрдөгдөж буй МNS 6058:2009 стандандартаар бус ханын зузааныг оруулан тооцож нийт талбай хэмжээнээс 10,46 мкв илүү тооцон байрны төлбөрөө биднээс илүү авсан байна. Бид энэ байрыг авахдаа Голомт банкнаас 8 хувийн зээлд хамрагдан авсан. Т.Мэндсайхан миний бие нь хариуцагч компаниас байрны илүү 10,46 мкв тооцож авсан 24.581.000 төгрөг, мөн илүү тооцон авсан м.кв байрны төлбөрт сар бүр банканд 8 хувийн зээлийн хүү болох 163.873 төгрөг ба энэ нь 38 сарын турш тушаасан нийт хүүний төлбөрт 6.227.186 төгрөг болж байгаа юм. Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй стандартын дагуу хариуцагч талаас байрны илүү авсан төлбөр, банкны хүү гээд нийт 30.808.86 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Зоригт шүүхэд гаргасан тайлбартаа: “Сүрэг агт “ ХХК нь БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт “ Сүмбэр орд” нэртэй орон сууцны барилга барьж иргэн Т.Мэндсайхан иь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжээг хүснэгтэд оруулан 4-р баганад МNS-6058:2009 хэмжээ, 5-р баганад захиалгат м.кв хэмжээ гэж тус тус 2 янзаар зааж, 6-р баганад байрны үнийг 186.754.500 төгрөг гэж тодорхойлсон байна. Үүнээс үзвэл орон сууцны талбай нь 2 хэмжилттэй болох нь, үүнд МNS-6058-2009 хэмжилтийг хэрэглэсэн байгаа нь, мөн дээрх талбайн 2 хэмжилт бүхий орон сууцны үнэ нэг адил болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл захиалагч ямар хэмжилтийг сонгохоос үл хамааран гэрээний төлбөр адил байгаа болно. Талууд гэрээний 1.4 дэх заалтаар захиалгат орон сууцны талбайн хэмжилт нь хананы ось тэнхлэгээр хэмжигдсэн болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулж, тусгайлан орон сууцны талбайн хэмжилт зураг бүхий хавсралтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнийг бид, гэрээг хуулийн хүрээгд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэж байна. Энэ гэрээ нь Монгол улсад үйлчилж буй хууль тогтоомж болон стандартыг зөрчөөгүй. Ийм учраас дээрх гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүйгээр захиалагч хүлээн авсан юм. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “Стандарт гэж гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг ойлгоно” гэж заасан байх ба МNS 6058-2009 стандартын 1 дүгээр зүйлийн 1.1 дахь заалтаар уг стандартын хамрах болон хэрэглэх хүрээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлоход хамаарна “ гэж тодорхойлжээ. Эндээс үзвэл орон сууцны барилгын доторх сууцны хэмжээг тооцоход ашиглагдахаас бус тухайн орон сууцны үнэ тодорхойлох хэрэгсэл болохгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын дүнг тооцож тодорхойлохдоо талбайн хэмжээг дээрх гэрээний захиалгат талбайн хэмжээгээр авсан атлаа зөрүүг “Цог-Зориг” ХХК-ийн МNS 6058-2009 стаyдартын дагуу хийгдсэн 69.01 м.кв гэсэн хэмжээгээр тооцсон байна. Ийнхүү захиалгат талбайн хэмжээ гэх 2 өөр хэмжилтийг өөр хооронд нь харьцуулж зөрүүг тооцсон явдал нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч нь гэрээнд худалдах орон сууцны талбайн хэмжээг 2 янзаар тусгасныг, ямар хэмжилтийг сонгосноос үл хамааран үнэ өөрчлөгдөхгүйг, мөн өөрөө орон сууцны талбайн хэмжээг хананы ось тэнхлэгээс хэмжигдсэн болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныхаа утга агуулгыг тодорхой ойлгож мэдэж байсан. Харин тэрээр орон сууцыг хүлээж авахаас өмнө, эсвэл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх бүрэн боломжтой байхад орон сууцыг хүлээж авсан бол шаардлага гаргах эрхээ алдана. Орон сууцны талбайг баримжаагаар бус бодитоор хэмжих бололцоотой тул орон сууцны талбайн хэмжээг эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой байсан. Иймд Т.Мэндсайханы орон сууцны талбайн үнийн зөрүү, банкны зээлийн хүү, дулааны үнэ илүү төлсөн гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06960 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Сүрэг агт ХХК-иас 30.808.186 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Мэндсайханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.991 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Сүрэг агт ХХК-иас 311.991 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Мэндсайханд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 536 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06960 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, 30.808.186 гэснийг 24.581.000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.227.186 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын Сүрэг агт ХХК-иас 311.991 гэснийг Сүрэг агт ХХК-иас 280.855 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сүрэг агт ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.991 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, түүний өмгөөлөгч Д.Туяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Т. Мэндсайхан болон Сүрэг агт ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн СО-13/030 дугаартай гэрээний 1.2-т гэрээний зүйлийн шинжийг тодорхойлсон. Гэрээний зүйлийг тодорхойлсноос үзэхэд, орон сууцны м.кв-г тодорхойлсон хэсэг болон энэ талаар баталгаажуулсан хэсэг нь гэрээгээр орон сууцны хэмжилтийг хийсэн хоёр нөхцөлийг санал болгосон, гэрээг “захиалгат м.кв" гэсэн нөхцөлөөр хийсэн байдаг нь тодорхой харагддаг юм. Орон сууцны талбайг хоёр өөрөөр хэмжиж байгаа нь хувийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд нэг м.кв талбайн үнэ тодорхойлох арга хэрэгсэл болж байгаа ба харин энэ нь орон сууцны нийт үнэ тодорхойлоход нөлөөлөхгүй байгаа. Гэрээнд хоёр өөрөөр хэмжилт хийсэн нөхцөл тусгагдсан нь агуулгын хувьд нийтлэг эрх ашгийг зөрчсөн буюу хуулиар хориглосон хэм хэмжээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй ба үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “сөрөг хандпага" бүхий гэж үзэхгүй байна. Талууд гэрээ байгуулахдаа хоёр өөр аргаар хэмжилт хийсэн нөхцөлийг аль алиныг тусгасан бөгөөд аль ч аргаар хэмжилт хийсэн орон сууцны үнэ өөрчлөгдөхгүй байхаар буюу 186.754.500 төгрөг байхаар тусгасан байгаа. Гэрээний “ось тэнхлэгээр” хэмжсэн гэсэн нөхцөлийн хувьд шүүх хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх “ось тэнхлэгээр" хэмжсэн тухайн нөхцөлд хамаарах хэсгийг хүчингүй болгосноор гэрээний үлдэх нөхцөлөөр /МNS6058- 2009/ талбайн хэмжээг тогтоох нь үнийн дүнг өөрчлөх үндэслэл болохгүй гэдгийг анхаараагүй. Мөн хоёр өөр аргаар хийгдсэн хэмжилтээс хамаарч гэрээний үнийн дүн өөрчлөгдөхгүй адил байгаа нь нэхэмжлэгч талын эрх ашгийг хөндөхгүй, нэхэмжлэгчид бодит хохирол учрахгүй байгаа энэхүү тодорхой нөхцөл байдлыг анхааран дүгнэлт хийгээгүй. Гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нь гэрээний тухайн “нөхцөлийн” хувьд хамаарах бөгөөд хоёр нөхцөлөөр зэрэгцүүлэн хийсэн гэрээний хувьд үлдэх нөхцөлөөр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Тус гэрээ нь гэрээ хүчин төгөлдөр бус байх бусад шинжүүдийн хувьд /хэлбэр, субъектив, субъектив шинж/ хууль зөрчөөгүй. худалдан авагчид үүсэх зохицуулалттай. Гэрээний дагуу худалдан авагч үнийг бүрэн төлсөн талаарх шаардах эрх худалдагч талд үүсдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ, “орон сууцыг шилжүүлэх ёстой талбайгаас дутуу талбайтайгаар шилжүүлсэн” гэж тайлбарладаг. Худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх хөрөнгө тоо, хэмжээ, чанарын хувьд шаардлага хангасан байх нь биет байдлын доголдолтой эсэх шинжид хамаарна. Гэрээгээр худалдаж байгаа орон сууцны хэмжээг хоёр хэмжээсээр хэмжсэн нөхцлийг тусгаад үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан хэмжээ буюу ось тэнхлэгээр хэмжсэн хэмжилтээр харилцан тохиролцсон үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй юм. Тухайн нөхцөлүүд нэгэн зэрэг гэрээгээр хэрэгжих боломжгүй бөгөөд аль нэг хэмжилтээр гэрээний нөхцөлийг тогтоох ёстой. Тухайн орон сууцны хэмжилтийг нэг л нөхцөлөөр хэмжихэд тухайн нөхцөлд тавигдах хэмжээний шаардлага хангаагүйг биет байдлын доголдолтой гэж үзнэ. Тодруулбал, МЫЗ 6058-2009 стандартаар 73.63 мкв гэсэн нөхцөл тусгасан боловч тухайн хэмжилтээр орон сууцны кв.м зөрүүтэй байгаа бол тухайн нөхцөлийн хувьд зөрчилтэй буюу доголдолтой гэж үзнэ. Үүний нэгэн адилаар “ось тэнхлэгээр" хэмжих хэмжээг 79 47 мкв гэсэн бөгөөд тухайн хэмжилтээр орон сууцыг хэмжихэд зөрүүтэй байгаа бол доголдлын хувьд шаардах эрх үүснэ. Ийнхүү нэг аргаар хэмжсэн хэмжилтийг нөгөө аргаар хэмжсэн хэмжилтээс хасч гэрээгээр тогтоосон хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул биет байдлын доголдолтой байсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “24.580.000 төгрөгийг олгож” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мэндсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Мэндсайхан нь хариуцагч “Сүрэг агт” ХХК-с 30.808.186 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээнд заасан хэмжээнээс 10.46 м.кв талбай бүхий орон сууцыг дутуу шилжүүлсэн тул илүү төлсөн төлбөр, хохирол гаргуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээлгэн өгсөн” гэжээ.
Зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 603 байрны 7 давхрын 57 тоот 79.47 м.кв талбай бүхий байрыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 186.754.500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар орон сууцны үнийг бүрэн төлсөн, энэ талаар маргаагүй байна /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/.
Гэрээний зүйл болох орон сууцны талбайн доголдлын талаар зохигчид маргажээ.
Шүүх, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд хамааруулан тайлбарлан хэрэглээгүй байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.
Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч орон сууцыг 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.
Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06960 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 536 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Сүрэг агт” ХХК-с 30.808.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Мэндсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 285.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ