Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2018/0531/З |
Дугаар | 221/МА2019/0014 |
Огноо | 2019-01-03 |
Маргааны төрөл | Татвар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2019/0014
|
|
|
“М б м” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, Ч.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0663 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0663 дугаар шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.13, 38.3 дахь заалт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.11, 11.2, 11.2.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М б м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 7,386,609,320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 7,386,609,320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...“М б м” ХХК-ний нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох “...8,480,051,375.66 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус гаалийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасан шийдвэр гаргуулах...” тухай захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0663 дугаартай шийдвэр гаргасан.
Энэ шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл буюу “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа”-ны шаардлагыг зөрчиж гарсан шийдвэр болсон гэж үзэж байна.
Учир нь “М б м” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаанд Засгийн газартай байгуулсан 2015 оны 79/33/25 болон 2017 оны 89/106/103 дугаартай гурвалсан гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийг 636 гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж, Монгол Улсад оруулсан байдаг.
Энэ 636 гаалийн бүрдүүлэлт тус бүрт Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Гаалийн байгууллага бүрдүүлэлт хийж дуусган, тухай бүрт импортын гаалийн албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувиар тооцон татвар ногдуулж, ногдуулсан татварыг төлүүлэх шийдвэр, захиргааны акт гаргасан ба захиргааны шийдвэр гаргасныг баталгаажуулан тус бүрт нь 636 “Гаалийн мэдүүлэг”-ийг нэхэмжлэгч талд гардуулан өгсөн.
Одоо 636 гаалийн бүрдүүлэлт тус бүрээр гаалийн болон НӨАТ төлөх үүрэг хүлээснийг баталгаажуулсан импортын барааны 636 гаалийн мэдүүлгийн 1 хувь нь Гаалийн байгууллагад, нөгөө 1 хувь нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлдээ дээрх 636 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр орж ирсэн бараанд ногдуулсан гаалийн албан татварт 8,480,051,375.66 төгрөг гэж маргаж байсан бөгөөд Гаалийн байгууллагаас гаргаж өгсөн тооцооллын дагуу гаалийн албан татварт 7,386,609,332 төгрөг, НӨАТ 15,536,890,223 төгрөг, нийт 22,923,499,556 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрсөн /Гаалийн татварын дүн зөрүүтэй байгааг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг манай зүгээс гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул хуралдаан үргэлжлэн явагдсан билээ/.
Ийм ч учраас захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой “М б м” ХХК-ний 2014 оноос улсын хилээр оруулсан бараа болон түүний бүрдүүлэлтийн статистик мэдээлэл, бараа болгонд ногдуулсан гаалийн болон НӨАТ-ын дүн, мөн гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн татвар ногдуулсан огноо бүхий нотлох баримтыг гарган өгсөн.
Энэ нотлох баримттай шүүгч болон нэхэмжлэгч талууд танилцсан ба нотлох баримт шинжлэхдээ түүнд авагдсан татварын дүн болон гаалийн мэдүүлэг хүлээн авсан огноо зэрэгтэй холбоотой маргаан гараагүй юм.
Дээрх нотлох баримтад авагдсанаар “М б м” ХХК нь хамгийн эхний барааг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын хилээр оруулсан ба үүнд Гаалийн байгууллагаас гаалийн албан татвар ногдуулж, гаалийн мэдүүлэг гардуулан өгсөн.
Тус компани хамгийн сүүлийн 636 дахь барааг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын хилээр оруулсан ба үүнд мөн адил Гаалийн байгууллагаас гаалийн албан татвар ногдуулж, гаалийн мэдүүлэг гардуулан өгсөн.
Өөрөөр хэлбэл гаалийн байгууллага тус компанид гаалийн албан татвар ногдуулж, төлүүлэх шийдвэр буюу захиргааны акт гаргаснаас хойш бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа бүрэн дуусгавар болсныг тодорхой харуулж байна.
2. Гаалийн байгууллага нь Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн дэмжлэг олгох талаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг үндэслэн дангаар шийдвэрлэх боломжгүй.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-д заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасны дагуу Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 тогтоолууд гарсныг хэрэгжүүлэн татварыг хойшлуулж ирсэн болно.
Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 191 дүгээр тогтоолуудын хүрээнд “С с” ХХК /одоогийн нэр “М б м” ХХК/-тай Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам гурвалсан гэрээ байгуулж, татварыг хойшлуулж ирсэн бөгөөд хэрэгжүүлэгч агентлаг гаалийн байгууллагад хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн дэмжлэг үзүүлэх, татвараас чөлөөлөх талаар тодорхой чиглэл өгч байгаагүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгжүүлэгч агентлаг гаалийн байгууллагыг хууль хэрэгжүүлээгүй гэж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүх хурлаар тус нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны шаардлагыг баримтлаагүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0663 дугаартай шийдвэр, нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “М б м” ХХК нь “7.386.609.320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гаалийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасан шийдвэр гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын “Монцемент” төслийн хэрэгцээнд импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 189 дүгээр тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор “улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэж тус тус шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн 2014 оны 10 дугаар сараас хойш хугацаанд “Монцемент” төслийн хүрээнд барилгын материалын үйлдвэр байгуулах зорилгоор импортоор оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийн хугацааг Гаалийн ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр тогтоолын дагуу хойшлуулж ирсэн байна.
Харин “М б м” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.М нь “...Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу монцемент төслийн хүрээнд импортолсон тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг чөлөөлж өгнө үү” гэсэн агуулга бүхий 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3/302 дугаар албан бичгийг Гаалийн ерөнхий газрын даргад гаргажээ.
Уг албан бичгийн хариуд Гаалийн ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Я.Э 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03-1/2258 дугаар албан бичгээр “Танай компанид татварыг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгдээгүй байна. Иймээс гэрээнд заасан үүргээ биелүүлж хуваарийн дагуу холбогдох татварыг төлөхийг үүргээр мэдэгдэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч нь “...Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар барилгын материалын үйлдвэр барихаар импортлогдсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан. Монцемент үйлдвэрийн барилга угсралтын явцад импортлогдсон техник, тоног төхөөрөмжид ногдох гаалийн албан татвар болох 7,386,609,320 төгрөгийн татварыг төлөхөд хүрээд байгаа. Гаалийн ерөнхий газар нь манай компанийг татвараас чөлөөлөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.2.1, Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.4, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.13 дахь заалтаар тус тус баталгаажсан манай компанийн татвараас чөлөөлөгдөх эрх ноцтой зөрчигдөж байна” гэсэн үндэслэлээр шүүхэд маргажээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр татварын дэмжлэг үзүүлнэ”, 11.1.1-д “албан татвараас чөлөөлөх”, 11.1.2-т “албан татварын хөнгөлөлт үзүүлэх”, 11.1.3-д “албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчид татварын дэмжлэг үзүүлэх хэлбэрийг зохицуулж өгсөн байна.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно”, 11.2.1-д “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих”, 11.2.2-т “нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих”, 11.2.3-д “эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих” гэж заажээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хөрөнгө оруулагчийг гаалийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулахгүй байх шууд эрх олгосон зохицуулалт биш гэж ойлгохоор байна.
Учир нь хуульд “гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно” гэсэн утга нь тухайн хэм хэмжээг шууд биелүүлэхийг үүрэгжүүлсэн ойлголт биш бөгөөд биелүүлэх тохиолдолд тусгайлсан зохицуулалттайгаар хэрэглэгдэхийг илэрхийлсэн утга бүхий хуулийн заалт юм.
Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан байна.
Зүй нь, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасанчлан тусгайлсан хууль гаргасан тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу хөрөнгө оруулагчид татварын дэмжлэг үзүүлж болох юм.
Өөрөөр хэлбэл, “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих зорилгоор импортлон оруулж ирсэн “техник, тоног төхөөрөмж”-ийг гаалийн албан татвараас чөлөөлсөн, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулсан” тухай тусдаа татварын тухай хууль тогтоомж гаргасан тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг хэрэглэгдэхээр байна.
Гэтэл “Монцемент” төслийн хүрээнд барилгын материалын үйлдвэр байгуулах зорилгоор импортоор техник, тоног төхөөрөмж гаалиар оруулж ирэх хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөх /Хөрөнгө оруулагчийн импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсөн, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулах/ тухай Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль тогтоомж батлагдан гараагүй байна.
Жишээлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хууль нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлагдан гаргасан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгджээ.
Харин 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдан гарсан бөгөөд уг хуулиар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй” гэжээ.
Тодруулбал, дээрх Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн адил хөрөнгө оруулагчийг буюу “Монцемент” төслийн хэрэгцээнд импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгайлсан хууль тогтоомж батлагдаагүй тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж зааснаар Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулсан гэж үзэхээр байна.
Дээрх дүгнэлтээр “М б м” ХХК-ийг 7,386,609,320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М б м” ХХК-ийн “7,386,609,320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гаалийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасан шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР