Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/0437

 

 “Х” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн

 Даланжаргалан сумын Засаг даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Г.Банзрагч,

                                                М.Батсуурь,

                                                Х.Батсүрэн,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага:Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, Ф ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22ы өдрийн 115/ШШ2020/0008 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 478 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, О.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.О, З.С, Б.Х нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22ы өдрийн 115/ШШ2020/0008 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, Ф ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 15/2019 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 478 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Х НҮББ-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0008 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 478 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон “Ф” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасныг дагуу “Ф” ХХК-аас хуульд заасан үүргээ биелүүлэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргатай 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байгаа ба өөрийн хөрөнгөөр орон нутагт цэцэрлэг барьж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн ба дэд бүтэц, сумын хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байраар ханган ажиллаж байгаа болно.

7. Шүүхийн шийдвэр магадлалд сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан захиргааны гэрээ хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд илт хууль бус гэж дүгнэжээ.

8. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан захиргааны гэрээ хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэг нь гэрээ өөрөө хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдол гэдэгт хамаарахгүй юм. Дээрх хуулийн агуулга нь гэрээ өөрөө хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх тохиолдлыг хуульчилсан байтал гэрээ байгуулагдахаас өмнө болсон ажиллагааг хуулийн 55.1.1-д хамааруулан тайлбарлаж, дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй байх нь захиргааны гэрээ нь хууль, захиргааны хэм хэмжээг актыг зөрчсөн гэсэн хуулийн үндэслэлд хамаарахгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 нь гадагшаа чиглэсэн эрх зүйн хамгаалалтын чиг үүрэг бүхий зохицуулалт бөгөөд тодорхой тохиолдолд буюу хязгаарлалтын хүрээнд үйлчлэх юм. Иймд гэрээ, гэрээний аль нэг зүйл хэсэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд л гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхээр байна. Харин энэ тохиолдолд сонсох ажиллагаа явуулаагүй нь өөрөө захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа бөгөөд үүнийг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасанд хамаарахгүй юм.

10. Түүнчлэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон “Ф” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” нь ямарваа нэгэн байдлаар холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зүйлгүй болно. Мөн хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоосноор тухайн гэрээний нөлөөлөлд өртөж буй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Учир нь байгаль орчинд сөргөөр нөлөө үзүүлэх үйл ажиллагааг гуравдагч этгээд компани хэрэгжүүлээгүй болох нь хэрэг цугларсан нотлох баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт зэргээр тодорхой нотлогдож байгаа болно.

11. Иймд Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0008 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 478 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

13. Маргаан бүхий 15/2019 дугаартай Хамтран ажиллах гэрээ”-г Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон тус сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ф ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 430, 2016 оны 179 дүгээр тогтоолууд, Дорноговь аймгийн хөгжлийн мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үндэслэн байгуулж, уг гэрээг тухайн аймгийн Засаг дарга баталсан байна.

14. Нэхэмжлэгч “Х” НҮТББ нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

15. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахыг, 52.5.5-д нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай ашиг сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахыг хуульчилсан.

17. Нэхэмжлэгч “Х” НҮТББ-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...гэрээ байгуулах талаар иргэдэд мэдээлээгүй, тэднээс тайлбар, санал авч сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6 дахь заалт, 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчсөн, мөн Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загварыг ашиглаагүй буюу хороог байгуулаагүйгээс уул уурхайн компанийн явуулж буй үйл ажиллагаа өөрсдийнх нь амьдарч буй орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдэх, мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж, алсдаа хүрээлэн буй орчны доройтолд хүргэх, улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй тул тухайн гэрээ Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн илт хууль бус үндэслэлд хамаарна гэж маргасан бол, хариуцагчаас ...захиргааны гэрээний хувьд хууль зөрчөөгүй, ...гэрээ байгуулах талаар байгаль хамгаалах иргэдийн бүлэгт мэдэгдэж, тус бүлгээр дамжуулж иргэдийн оролцоог хангаж ирсэн, ...нэхэмжлэгчийн эрх болон чадавхи хуулийн шаардлагад нийцэж буй эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь нийтийн ашиг сонирхолд хэрхэн холбогдож байгаа нь эргэлзээтэй... гэсэн тайлбар гарган маргажээ.

18. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна: 55.1.1. захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаар захиргааны гэрээ, эсхүл уг гэрээний аль нэг зүйл, заалтууд хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны гэрээ илт хууль бус болохоор байна.

19. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй дээрх үндэслэлүүдийг шалгаж буюу маргаан бүхий захиргааны гэрээ болох Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” нь ямар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс уг гэрээг илт хууль бус гэж үзэх хуульд заасан үндэслэл бүрдсэн, түүнчлэн уг захиргааны гэрээ байгуулагдсаны улмаас тухайн сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй ямар нөхцөл шалтгаан бий болох үндэслэлүүдийг шалган, холбогдох нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлэлгүй, зөвхөн ...хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлээгүй, ...Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загварыг ашиглаагүйгээс ...хороог байгуулаагүй, энэ нь иргэдийн тухайн шийдвэрийг гаргахад оролцох эрхийг хязгаарласангэсэн дүгнэлт хийн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг залруулаагүй нь буруу болжээ.

20. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь зөрчигдөж болзошгүй нийтийн ямар ашиг сонирхолтой уялдаж, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөнийг дүгнэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22ы өдрийн 115/ШШ2020/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11ий өдрийн 478 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Ч.ТУНГАЛАГ

                                                                    ШҮҮГЧ                                                                         Б.МӨНХТУЯА