Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

 

 

 

     2018          11           05                                     847

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баттулга, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Т.Бат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батод холбогдох эрүүгийн 1805 0001 91020 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Бат.

 

Шүүгдэгч Т.Бат нь 2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд иргэн Л.Жаргалтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Л.Жаргалын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Бат мэдүүлэхдээ:

Хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө “Дурсамж” бааранд хамгаалагчийн ажлаа хийж байхдаа хүмүүст шаардлага тавихад эсэргүүцээд дийлдэхгүй байсан. Над руу дайрахаар нь намайг цохих гэж байна гэж бодоод би зөрүүлээд цохисон. Хохирогч эмнэлэгт оёдол тавиулахад нь би хамт явж, 200 000 төгрөг төлсөн. Прокурорын ялын саналыг би сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч цаашдаа хохирол нэхэмжлэвэл төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Жаргал мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын шинэ жил болсон юм. Ажлынхаа хэсэг хүмүүстэй баяр тараад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд орж үйлчлүүлсэн. Хүмүүс нэг хоёроороо цуварч явсаар байгаад хамгийн сүүлд Бямбасүрэн, Содбаатар, Зэв, Эрхэмбаяр, Үүрцайх бид нар үлдсэн байсан. Шөнийн 04 цагийн үед гэр рүүгээ харихаар Бямбасүрэн, Эрхэмбаяр, Үүрцайх бид 4 түрүүлж гараад Үүрцайхын машиныг халааж байхдаа гадаа нь тамхи татаад зогсож байтал баарны үүдэнд хүмүүс орилолдоод байхаар нь очтол Зэвийг хоёр хамгаалагч гарыг нь өчөөд зогсож байхаар нь “тавьчих, бид нар хүнээ аваад явлаа” гэтэл тоохгүй Зэвийг үүдний буйдан дээр дараад гарыг нь нурууных нь ард өчөөд байсан. Зэв ухаан алдаад унах шиг болоод газар хэвтчихсэн чинь Содбаатар уурлаад баарны хамгаалагч нар руу дайраад байхаар нь би очоод салгах гэтэл арай том биетэй хамгаалагч буюу Бат гэх залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход би хойшоо саваад газар унасан. Би босох гэтэл миний араас Бат гэх залуу өргөөд газар шидсэн. Зэв Содбаатар хоёр хамгаалагч нар руу дайраад байсан чинь тэр хоёрыг бас ийш, тийшээ авч шидээд байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тухайн үед миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.

Бат надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардлыг төлж барагдуулан бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 39-40 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 534 тоот дүгнэлтэд:

1. Л.Жаргалын биед хөмсөгт няцарсан шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Бат ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Бат нь 2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд хохирогч Л.Жаргалтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар түүний хөмсөгт няцарсан шарх, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Жаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 534 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Т.Батыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Л.Жаргал нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой зардлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй бөгөөд “бид хоёр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Т.Бат өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Батыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Батыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Бат цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Жаргал хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Батод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН