Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

 

 

   2018         11           15                                    878

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч: Г.Сүрэн, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүрэнд холбогдох эрүүгийн 1805 0156 00306 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн   Бугат суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, автомашин угаалгын газар угаагч ажилтай, сард 350 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, аав, ээж, эгч, ах нарын хамт оршин суух, 

2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүрэн.

 

Шүүгдэгч Г.Сүрэн нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13-309 тоот задгай хашаанд оршин суух иргэн Б.Нямын орон байранд нэвтэрч нөүтбүүк хулгайлан авч, бусдад 270 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Сүрэн мэдүүлэхдээ:

Би хохирогчийн нөүтбүүкийг гэрээс нь аваад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, 60 000 төгрөг зээлсэн. Уг мөнгөөр ПС тоглоомын газарт тоглоод дууссан. Хохирогчийн гэрээс өөр зүйл аваагүй. Нөүтбүүкийг нь буцааж өгсөн. Би одоо ээжтэйгээ хамт амьдарч байна. Б.Ням нь манай ээжийн төрсөн дүүгийн  хүүхэд юм. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Ням мэдүүлэхдээ:

Би өглөө 07 цаг 50 минутанд гэрээсээ гараад дараа нь 08 цаг 50 минут өнгөрч байхад манай эхнэр гэрээсээ гарсан. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожны цүүг мулт татаад гэрт хулгай орж, “Тошиба” маркийн хар өнгийн нөүтбүүк хулгайд алдагдсан тул цагдаад хандах болсон. Гэрт байсан бусад зүйлд гар хүрээгүй байсан бөгөөд гэрт орж ирээд ил байсан нөүтбүүкийг аваад гарсан байсан. Уг нөүтбүүк нь найз Баянмөнхийнх юм. Хоёр жилийн өмнө хуучин нөүтбүүк 380 000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан.

Эд зүйлээ эргээд олж авсан. Надад одоо гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 10, 55 дугаар хуудас)

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:

... гэрийн хаалганы гадна талын цоожны цүүг суурь хэсгээр нь мулталсан байдалтай хаалга нь онгорхой байх бөгөөд... гэжээ. (хэргийн 4-5 дугаар хуудас)

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд:

Г.Сүрэнгээс “Тошиба” i3 маркийн нөүтбүүк, цэнэглэгч хураан авсан гэжээ.

(хэргийн 31 дүгээр хуудас)

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

Б.Нямд хар өнгийн “Тошиба” маркийн эвдрэл гэмтэл, сэв зураасгүй, Core i3 нөүтбүүк хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

“Тошиба” маркийн нөүтбүүк 270 000 төгрөг гэжээ. (хэргийн 57-58 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Сүрэн нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Сүрэн нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13-309 тоот хашаанд оршин суух хохирогч Б.Нямын монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэлж, гэрт нь нэвтэрч, “Тошиба” маркийн нөүтбүүк хулгайлж, бусдад 270 000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Нямын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13-309 тоот задгай хашаанд байх хохирогч Б.Нямын гэр нь хүн байнга амьдрах зориулалттай, хаалгыг цоожилж бэхэлсэн байсан тул шүүгдэгч Г.Сүрэнг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч Г.Сүрэн нь хулгайлсан нөүтбүүкийг биет байдлаар нь хохирогчид буцааж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

         

Шүүгдэгч Г.Сүрэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хор арилсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй...” буюу 1 жилийн хори ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.   

 

Эд мөрийн баримтаар хураагдсан Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 13-309 тоотод хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Сүрэнг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Сүрэнг 1 жилийн /нэг жил/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүрэнд оногдуулсан 1 жил /нэг жил/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сүрэнд урьд авсан хувийн баталаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 13-309 тоотод хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

 

6. Шүүгдэгч Г.Сүрэн нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН