Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01672

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01241 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М-ХХК-д холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М-ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн www.dbm.mn албан ёсны вэб хуудас дээрээ М- банкнаас чанаргүй зээлийн мэдээллийг хүргэж байна гэсэн гарчигтай нийтлэл тавьсан. Энэхүү нийтлэлийн агуулгад М- банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна. Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нэр бүхий чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан болно гэж дурдаад хавсралтаар М- банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан чанаргүй зээл, активууд гэсэн гарчиг доор 25 зээлдэгчийн мэдээллийг оруулсан. Энэхүү мэдээллийн зээлдэгчийн нэр баганын 7 дугаар мөрт Н-ХХК-ийг тусгасан. Гэтэл Н-ХХК нь тус банкны зээлдэгч биш, бидний хооронд ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй, байгуулагдаж байгаагүй. Ийнхүү нэхэмжлэгчийг хариуцагч банкны зээлдэгч мэтээр олон нийтэд худал мэдээлэл тараасны улмаас Н-ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол учраад байна.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч М-ХХК-д нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгах, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: М-ХХК нь М- банкны тухай хуулийн 7 дугаар зүйл, Хөгжлийн банкны баримтлах зарчмын 7.1.4-т ил тод байх зарчмын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр www.dbm.mn албан ёсны веб хуудсандаа чанаргүй зээл, активын талаарх мэдээллийг оруулсан. Үүнд манай зээлдэгч ТОСК ТӨҮГ, төсөл хэрэгжүүлэгч Н-ХХК-ийн мэдээлэл багтсан. М-ХХК нь тус банкнаас зээл авч, зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон эргэн төлөлт хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, төслүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор өөрийн албан ёсны веб хуудсандаа шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нэр бүхий чанаргүй зээл, активын талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээллийг мэдээлсэн. Мэдээлэлд буй "чанаргүй зээл, активууд гэх нэр томьёололд зээл, санхүүжилт авсан хуулийн этгээд болон тухайн зээл, санхүүжилт, батлан даалтаар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хуулийн этгээдийн нэрс багтсан.

Талуудын хооронд өмнө зээлийн гэрээний төлбөр болон бусад байдлаар үүссэн маргаануудыг шүүхээр шийдвэрлүүлж байсан. Үүнд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/150 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1889 дугаартай магадлалаар хариуцагч "Н-ХХК-аас 61,182,991,441 төгрөг гаргуулж М-ХХК-д олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. Н-ХХК нь төслийг хэрэгжүүлэх зориулалтаар ТОСК ТӨҮГазраар дамжуулан М- банкнаас зээл авсан, зээлийн нөхцөлүүд болон барьцааны гэрээг хүчингүй болгуулах талаар Н-ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байсан. Төслийн зориулалтаар авсан зээл нь чанаргүй зээлийн ангилалтай болсон, зээлийн төлбөрийг төлүүлэх талаар М- банкнаас Н-ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Н-ХХК-аар зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхийн шийдвэрүүд гарсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Зээлдэгч биш ч гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н-ХХК-ний нэр төрийг сэргээж, уучлалт гуйх, тараасан хэлбэрээр залруулга хийхийг хариуцагч М-ХХК нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н-ХХК олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: М- банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т ил тод байх зарчмын дагуу үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр албан ёсны веб хуудсандаа чанаргүй зээл, активын талаарх мэдээллийг оруулсан. Мэдээлэлд тус банкнаас авсан зээл, активыг зориулалт бусаар ашигласан, эргэн төлөлт хийгээгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болон гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, төслүүдийн талаар үе шаттайгаар хэрэгжүүлсэн ажлын хүрээнд банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй шүүхээр хянан шийдвэрлүүлсэн, хянан шийдвэрлэх шатанд буй болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд чанаргүй зээл, активын мэдээллүүд багтсан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч энэхүү хэм хэмжээний аль хэлбэрээр нь гутаагдсан тухайд нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш бөгөөд нотлоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр төр гэсэн ойлголтуудыг ялгамжтай авч үзээгүй, өөрөөр хэлбэл, зах зээлийн харилцаанд оролцогч Н-ХХК нь бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүрэгтээ хэрхэн хандаж, түүнийгээ шударгаар биелүүлж байгаа эсэх асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй ба нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөл зохих шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Зээлдэгч биш, зээлийн гэрээ байхгүй гэж байгаа нь тухайн компани өөрсдөө нэр төрөө гутааж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий дүгнэсэн. М- банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар ил тод байх мэдээллийн хүрээнд уг мэдээллийг хүргэсэн гэсэн атлаа зээлдэгч гэж бичсэн үг, өгүүлбэрийн дор Н-ХХК байхгүй. Хэрэгт авагдсан бүх баримт материал болон зээлдэгч гэх нэр дор байхгүй. М-нь авсан зээлийн хөрөнгийг төсөлд зарцуулсан гэж үзэж зээлдэгчээр тооцсон. Гэвч талуудын хоорондох гэрээний харилцаанд төсөл хэрэгжүүлэгч гэх нэрийн дор явж байгаа боловч зээлдэгч гэж байхгүй. М-тайлбарлахдаа агуулгаар нь тайлбарласан гэж үзсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1889 дүгээр тогтоолоор талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа үүсээгүй. М-болон Төрийн орон сууц корпораци ТӨҮГ-ын хооронд үүссэн байна гэж үзсэн. Тухайн гэрээний харилцаанд зээлдэгч хэн байхыг дэлгэрэнгүй тайлбарласан. Гомдолдоо зөрчлийн улмаас гэм хор учирсан байх бодит учирсан хохирол байхгүй гэж үзсэн. Тухайн үйлдэл нь хийгдсэнээр дуусгавар болсон байхад заавал хохирлыг бодитоор гаргаж ирнэ. Гэвч М- банктай холбоотой Н-ХХК-ийг чанаргүй зээлдэгч гэж зарласантай холбоотойгоор тухайн компанийн үйл ажиллагаа борлуулалт, бүхэлдээ зогссон. Тухайн гэрээний харилцаа нь нэг нь зээлдэгчээр оролцоогүй, зээлдэгч гэж шүүхээс тогтоогоогүй гэрээний улмаас учирсан хохирлоор Н-ХХК үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч М-ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.М-ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн албан ёсны www.dbm.mn вэб хуудаст М- банкнаас чанаргүй зээлийн мэдээллийг хүргэж байна гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Мэдээлэлд Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлт хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна. Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нэр бүхий чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан болно гээд М- банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан чанаргүй зээл, активүүд гэсэн хүснэгтэн мэдээллийн Зээлдэгчийн нэр хэсгийн 7 дахь нүдэнд Н-ХХК бичигдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-157-163/

4.Талууд дээрх үйл баримтад маргаангүй, мэдээлэл үнэн зөв эсэх талаар маргасан байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ тус банктай зээлийн харилцаа үүсээгүй байхад зээлдэгч мэтээр худал мэдээ олон нийтэд тарааснаар хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан гэж, хариуцагч мэдээлэлд зээл, санхүүжилт авсан, ...төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй хуулийн этгээдүүдийн нэрс багтсан, ... талуудын хооронд өмнө зээлийн гэрээний төлбөр болон бусад байдлаар үүссэн маргаануудыг шүүхээр шийдвэрүүлж байсан гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлажээ. /хх 1-2, 14-15/

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар мэдээ тараасан этгээд түүнийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.

Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг /хх-46, 48, 51-65/ анхан шатны шүүх харьцуулан үзээд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад өөрийн вэб хуудсанд зээлдэгч Н-ХХК гэх агуулга бүхий мэдээллийг олон нийтэд цацсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1889 дугаартай магадлал хэрэгт авагдсан, уг шийдвэрээр Н-ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-аас зээл авсан боловч банкны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол М-ХХК учирсан гэж дүгнээд Н-ХХК-аас 61,182,991,441 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч байгууллагын вэб хуудсанд тавьсан мэдээлэлд дээрх агуулга тусгагдаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн асуудалд дүгнэлт хийгээгүй, тэгш байдлыг хангаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч М-ХХК нь өөрийн вэб хуудсанд тавьсан мэдээллийнхээ үнэн, зөвийг нотолж чадаагүй байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар мэдээг тараасан арга хэлбэрээр няцаах үүрэгтэй.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулиар зохицуулагдаагүй хамгаалалтын арга хэлбэрээр буюу уучлал гуйхыг даалгасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан дүгнэх боломжтой.

Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэх хэсэгт анхан шатны шүүх тусгасан зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг өөрчлөн найруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01241 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н-ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч М-ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. .

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД