Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01673

 

2022.09.05 МАГАДЛАЛ №1673

/ТӨСӨЛ/

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01883 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б- ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Т- нь Б- ХХК-д /хуучнаар Б- ТӨХХК/ гэх/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар 10 жил, үйлдвэрт нийт 22 дахь жилдээ ажиллаж байна. Б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Т- 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б/41-1 тоот тушаалаар ...Б- ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Б.Т- нь улсын онц чухал объектын үйлдвэрийн вакцин үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, зогсоохыг завдсан, орон нутагт вакцин хүргэх түгээлтийн автомашиныг лацдаж, ажил компанийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, компанийн зарим ажилтнуудын биед халдан зодохоор завдаж, хэл амаар доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргасан, компанийн удирдлагыг хууль бус шийдвэр гаргахыг, хууль бус үйл ажиллагаа явуулахыг тулган шаардсан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон Б.Т-ыг ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Т- дээрх тушаалд заасан хууль бус үйлдлүүдийг огт гаргаагүй бөгөөд тус үйлдвэрт Инженер техникийн албаны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажил үүргийг хийж гүйцэтгэдэг. Ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэг нь инженер техникийн албанд харъяалагдах цех нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг. Үндсэн вакцины үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, хамаарал байхгүй. Тус үйлдвэр 21 аймагт өөрийн авто машин болох хөргүүртэй FOTON маркийн 00-00 УБМ улсын дугаартай хүнд даацтай тээврийн хэрэгслээр вакцины хүргэлтүүдийг хийдэг. Тус тээврийн хэрэгсэл нь бүрэн бус буюу зуны дугуйтай, дугуйн ашиглалтын нормт хугацаа дууссан, дугуйн хээ элэгдэж муудсан байсан бөгөөд өнгөрсөн онд техник комиссын акт, дүгнэлт гарч дугуй солиулах холбогдох албан тушаалтанд удаа дараа хэлсэн. 2022 оны 01 сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Т- авто үйлчилгээний цехийн эрхлэгчид Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгууд руу 850 хайрцаг вакцин хүргэлтийг 3 хоногийн дотор хийж дуусга гэсэн үүрэг өгсөн /тухай үед аймгуудад вакцин нийлүүлэлтийн гэрээ хийгдээгүй/ байсан нь жолооч, ачигч нарын амь нас эрүүл мэндэд болон өндөр үнэ бүхий эмзэг ачаанд шууд эрсдэл үүсэж болзошгүй гэж хөдөлмөрийн аюулгүй байдал талаас авч үзээд тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг ханган өвлийн шинэ дугуй авч тавьж замын хөдөлгөөнд оролцуулан ачаа тээврийг хүргэх шаардлагыг тавьсан. Орон нутагт вакцин нийлүүлэх гэрээ нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай хийгдсэн байна. Мөн хэн нэгэн ажилтныг зодохоор завдсан, хэл амаар доромжилсон зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч нь тус үйлдвэрт 20 гаруй жил ажиллахдаа КИП автоматикийн засварчин, хөргөгчийн засварчин, цахилгаанчин, диспетчер, ХАБЭА-н хариуцсан ажилтан зэрэг ажпын байруудад ажиллаж байсан.

Б.Т- нь ажил үүргийн хуваарьт заасан чиг үүрэг холбогдох хууль тогтоомж Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байснаас өөр чиг үүрэг бүхий ажил үүрэг огт хийгээгүй. Иймд Б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Т-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/41-1 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Б.Т- нь Б- ХХК -д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/41-1 тоот тушаалаар ажпаас чөлөөлсөн. Тушаалыг гаргахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжпэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах талаар мэдэгдэж, тайлбар өгөх эрхтэйг танилцуулсан боловч тэрээр тайлбар өгөхөөс татгалзсан болно. Б- ХХК нь стандарт, технологийн дагуу үйлдвэрлэл явуулж мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, дархлаажуулалтын ажилд шаардлагатай өндөр идэвхтэй биобэлдмэл, оношлуурыг үйлдвэрлэн, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах үндсэн үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын биотехнологийн гол цөм болсон, 100 хувь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компани. Энэ ч утгаараа манай компани Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай 281 дүгээр тогтоолын дагуу улсын онц чухал обьектод хамрагдаж, Дотоодын цэргийн хамгаалалтад байдаг.

Б.Т- нь дараах сахилгын зөрчлүүдийг гаргасан. Компанийн бусад ажилтнуудтай таарамжгүй зохисгүй харилцдаг бөгөөд энэ харилцааны улмаас бусдыг чадах зорилгоор шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлэн компанийн хамгийн гол үйл ажиллагаа болох вакцин үйлвэрлэлийг зогсоохоор бусдад үүрэг даалгавар өгсөн, харилцан хэлэлцэн тохирсон гэх мэт үйлдүүлийг хийсэн. Орон нутагт вакцин хүргэх түгээлтийн автомашиныг лацлаж, ажил компанийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, Албан түшаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч нь хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэн ажиллаагүй. Апбан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ цаг тухайд нь хэрэгжүүлэн ажиллаагүй хэрнээ автомашин, ажилчдын автобус ажилд гарахад шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр тээврийн хэрэгслүүдийг ажилд гаргахыг удаа дараа хориглосон. Хэрэв нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ цагтухайд нь хэрэгжүүлэн ажилласан бол тухайн тээврийн хэрэгслүүдийг ажилд гарахааас өмнө зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллах ёстой байсан. Гэвч яг ажилд гарах үед компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь ажлын төлөвлөгөө гаргадаггүй, шуурхай хуралдаанд оролцдоггүй тасалдаг, албан тушаалын тодорхойлолтод заасан бүрдүүлвэл зохих баримт бичгүүдийг огт хийж боловсруулдаггүй, ажлын тайлан гардаггүй болно. Нэхэмжлэгч нь компанийн бусад ажилтнуудтай дандаа үл ойлголцол үүсгэдэг, улмаар бусдыг хэл амаар доромжилдог, зодохоор завдаг үйлдлүүдийг байнга гаргадаг. Уг асуудлаар компанийн ажилтан Б.Ц- Төлөөлөн удирдах зөвлөлд өргөдөл, мөн ажилтан Б.М- нь компанийн захиралд эргөдөл тус тус гарсан болно. Нэхэмжлэгч нь компанийн захирлын өрөөнд зохих зөвшөөрөлгүйгээр ордог, зарим ажилтныг ажлаас халахыг, өөрийгөө эрхлэгч болгохыг тулган шаарддаг. Компанийн удирдлага уг тулган шаардалтыг хүлээн авах боломжгүйг хэлэхэд уурлаж өндөр дуу гаргаж уур бухимдлаа илэрхийлсэн ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргасан нь аудио бичлэг болон захирлын туслах М.Б-ийн тайлбараар нотлогдоно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ыг Б- ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б- ХХК-иас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговорт 2,919,926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Б- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б- ХХК-иас 131,869 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авто үйлчилгээний цехийн эрхлэгч Д.Б-, цахилгаанчин Н.Б- нарт "өөрийгөө компанийн Засвар, цахилгаан цехийн эрхлэгчээр томилуулна, томилогдсоны дараа зарим хүмүүсийг шахаж өөрөөр нь өргөдөл өгүүлж ажлаас нь гаргана. Хэрэв захирал намайг Засвар, цахилгаан цехийн эрхлэгчээр томилохгүй бол би үйлдвэрлэлийг нь зогсоох үе шаттай арга хэмжээ авна, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэхэд үйлдвэрийг зогсооно" гэж төлөвлөн ярилцаж байсан нь засвар, цахилгаан цехийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер М.А-ын тайлбараар нотлогдоно.

Мөн нэхэмжлэгч нь үйлдвэрийн лифтний ажиллагааг зогсоох гэж байсан нь тус компанийн захирал С.Т-ын өрөөнд болсон харилцан ярианы аудио бичлэгээр тогтоогдсон. Энэ баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй үнэлэх ач холбогдолтой баримт бөгөөд шүүх үнэлээгүй.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа тус компанид Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 01-07-020/120 дугаар Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр лифтийг зогсоох үндэслэл байхгүй байсан нь илэрхий байдаг.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэн ажиллагаагүй гэдгийг нотлож байна. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1, 5, 9, 11, 12-т заасан ажил үүрэг, 3 дугаар зорилтын 1, 2, 3-т заасан ажил үүргүүдийг огт биелүүлэн ажиллаагүй хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарна. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг дүгнээгүй. Нэхэмжлэгч нь компанийн зарим ажилтныг зодсон, удирдлагыг хууль бус шийдвэр гаргахыг тулган шаардсан зэрэг үйлдлүүдийг гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Тухайн лифтийг очиж зогсоох боломжгүй. Лифт хариуцсан лифтчин, лифтний инженер гэх 2 хүн лифтээ хариуцаж, засвар үйлчилгээ гэх бүх асуудлыг хариуцаж шийдвэрлэнэ. 2 ажилтантай ярьж засвар цехийн эрхлэгч болох боломжгүй. Хэн нэгний албан тушаалаас томилох , халах арга хэмжээ авахад хурлаар орж шийдвэрлэдэг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

  2.Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Б- ТӨХХК-д холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/41-1 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Б- ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б/41-1 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.3, 15.2.7, 15.3.23, 21.10.4, Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.3, 3.4.10-ь заасныг баримтлан улсын онц чухал обьектын үйлдвэрийн вакцин үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, зогсоохыг завдсан, орон нутагт вакцин хүргэх түгээлтийн автомашиныг лацдаж, ажил компанийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, компанийн зарим ажилтнуудын биед халдан зодохоор завдаж, хэл амаар доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргасан, компанийн удирдлагыг хууль бус шийдвэр гаргахыг, хууль бус ажиллагаа явуулахыг тулган шаардсан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллагаагүй гэх үндэслэлээр Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-5/ Уг тушаалыг эс зөвшөөрч Б.Т- нь Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 164 тоот албан бичгийг үндэслэн шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцжээ.

Дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар талууд маргасан байна.

5.Хариуцагч Б- ТӨХХК нь нэхэмжлэгч Б.Т-ын хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үйлдлийг лифтчин Н.О-тийн тодорхойлолт, Б.Ц-, Б.М- нарын Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан өргөдөл, гэрч М.А-ын мэдүүлэг, аудио бичлэг, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт зэргээр нотлогдоно гэж тайлбарлан нотолгооны эх сурвалжаа болгон заажээ. /хх-../

5а. Хэргийн 45-48 дахь талд Н.О- бичсэн гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал С.Т- нарын хооронд хийгдсэн харилцан ярианы аудио бичлэгт шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн байна. Уг үзлэгийн тэмдэглэл, мөн Б.Ц-йн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан өргөдөл, ХААМА ажилтан Б.М-ийн илтгэх хуудас, гэрч М.А-ын мэдүүлэг зэрэг баримтууд нь хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.3, 3.4.10-т заасан ноцтой зөрчил Б.Т- гаргасан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй байна. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгч Б.Т-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг зөв хэрэглэсэн байна. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Нийгмийн даатгалын тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөлчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Б- ТӨХХК-ийн үйл ажиллагаа болон барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, одоогийн төлөв байдалд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хяналт шалгалт хийж, Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01-07-020/120 дугаартай дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтийг цаг хугацааны өмнө гарсан буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалын үндэслэлд хамааруулан үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б- ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 131,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД