Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 491

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810014690472 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т.М /РД: 000000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.М нь “Н Т” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд баригдаж байсан барилгын талбайгаас “Н Т” ХХК-аас өөрт итгэмжлэн хариуцуулсан гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, төмөр тасдагч 2 ширхэг зэрэг эд зүйлсийг завшиж бусдад 840,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Н Т” ХХК-д менежер албан тушаалтай ажиллаж байгаа. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх, Нүхтийн аманд амины орон сууцны цахилгааны ажлыг гүйцэтгэж байгаа. 2018 оны 4 сарын эхээр манай компанид урд ажиллаж байсан Т.М гэх залуу ирж уулзаад, “дахин ажиллаж болох уу” гэж асуусан. Т.М урьд ажиллаж байхдаа архи уугаад ажлаа таслаад байдаг байсан тул ажлаас халж байсан. Тухайн үед би Т.Мд “чи архи их хэрэглэдэг тул авах боломжгүй байна” гэхэд Т.М надад “би архи уухаа больсон одоо итгэлийг чинь алдахгүй” гэж гуйгаад байсан болохоор “бодож байгаад хариу хэлье” гэж хэлээд явуулсан. Тэгээд манай Нүхтийн ам дахь ажил 2018 оны 04 дүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд би Т.Мг дуудаад ажилд авсан. Т.Мг ажилдаа орох үед компаний эзэмшлийн олон тооны барилгын багажийг хүлээлгэн өгч хариуцуулж үлдээсэн. Ажил эхэлснээс хойш би баруун 4 замд байх оффис дээрээ бичиг цаасны ажилтай байсан учраас барилгын талбайг эргэж тойрч чадахгүй байсан ба энэ хугацаанд Т.Мтай өдөр бүр утсаар холбогдож хийж байгаа ажлыг нь шалгадаг байсан. Би Т.Мд “завгүй байна, чамд итгэж байгаа, битгий итгэл алдаарай” гэж удаа дараа хэлдэг байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би Т.Мг оффис дээрээ дуудаад 3 хүүхдэд нь бэлэг өгөөд явуулсан. Тэгээд 06 сарын 04-ний өдөр манай захирал Э барилгын талбай дээр өөрөө очиж шалгахад, Т.М гэртээ согтуу унтаж байсан. Тухайн үед барилгын цутгалт хийгдэх гэж байсан учраас цахилгааны ажил яаралтай хийх шаардлагатай байсан. Тэгээд Т.М захирлыг орж ирсэнийг мэдээд сэрсэн байсан ба “намайг уучлаарай, намайг алгадаад авчих” гэх зэргээр хэлж байсан гэсэн. Тэр үед гагнуурын аппарат гэрт байсан гэдгийг захирал харсан байсан. Захирал өөрөө талбай руу гараад цахилгааны ажлыг хийж байгаад орой 22 цагийн орчимд Т.Мгийн байрлаж байсан гэрт эргэж ирэхэд Т.М байхгүй, мөн гагнуурын аппарат байхгүй болсон байсан. Тэгээд маргааш нь барилгын харуултай уулзаж асуухад “Т.М гагнуурыг аппаратыг аваад барилга дээр ажиллаж байсан арматур, мужааны бригадын хүмүүсийн машинд хийгээд яваад явсан” гэж хэлсэн. Багажнуудаа шалгаад үзэхэд  Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг алга болсон байсан. Тэгээд Т.М руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би уг Асий загварын гагнуурын аппаратыг 2017 оны 8 дугаар сард 100 айл худалдааны төвөөс 580,000 төгрөгөөр авч байсан, ямар нэг эвдрэл гэмтэлгүй ажиллаж байсан, харин Кен загварын төмөр тасдагчийг 2017 оны 6 сард 100 айлаас 180,000 төгрөгөөр, Кен загварын цахилгааны өрмийг энэ өдрөө 150,000 төгрөгөөр авч байсан...” /хх-ийн 10-11/ гэсэн,

 

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай Н Т ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд 6 айлын хаусны цахилгаан монтажийг гүйцэтгэж байгаа бөгөөд манайд 2018 оны 04 дүгээр сарын 28-нд Т.М гэх 33 настай эрэгтэй цахилгааны мэргэжилтэй гэж ажилд авсан, тухайн үед би Нүхтийн ажлыг хариуцан ажиллаж байсан юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг орох болоод Т.М гэх залууг би хотын төвд байх ажлын байрандаа дуудан уулзаж ярилцахад Т.М нь “тухайн цахилгааны ажлыг ганцаараа хийчих байх, одоо ажил багасаж байна. Надад туслах ажилчин хэрэггүй гэж хэлээд өдрийн 60,000 төгрөгөөр бодоод цалин өгчихвөл надад хэрэгтэй байна” гэхээр нь би одоо ажил багасчихсан гээд зөвшөөрсөн юм. Тэгээд би ойрд “Нүхтийн ажил дээр очиж чадахгүй байх, чи наад ажлаа хариуцаад ажлаарай” гэж хэлэхэд Т.М би тэр асуудлыг сайн ойлгож байгаа гэж надад хэлсэн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай захирал Э Нүхтийн ажил дээр очиж шалгахад ажилчдын байрладаг гэр дотор Т.М нь согтуу унтаж байсан ба манай захирал 6 айлын хаус руу орж шалгахад хийсэн ажил байхгүй, маргааш нь цутгалт орох байсан болохоор Э захирал “согтуу хүнтэй юм яриад яахав” гээд шууд цахилгааны монтажны ажилдаа орсон хойгуур нь Т.М нь гэрт унтаж байгаад сэрээд гэрээс гагнуурын аппарат аваад гарсан байгаа юм. Мөн Т.Мд хариуцуулан үлдээсэн хоёр төрлийн тасдагч, цүндрүүк өрөм зэрэг багажнууд алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” /хх-ийн 12-14/ гэсэн,

 

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Н Т” ХХК-нд захирлаар ажилладаг. ...Т.М урд нь манай компанид ажиллаж байсан, хоёр ч удаа архи согтууруулах ундааны асуудлаас болж ажлаас халагдсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын эхээр Т.М манай эхнэртэй очиж уулзаад, дахин ажилд аваач гэж гуйсан ба “дахиж архи уухгүй итгэлийг чинь алдахгүй” гэж хэлээд ажилд орохоор болсон байсан. Мөн Т.М над руу утсаар залгаж дахин ажиллах хүсэлт гаргасан. Түүний гаргасан хүсэлтийн дагуу би Т.Мтай уулзаж үзэхэд “Би айлын хашаанд амьдарч байгаа, одоо өөрийн гэсэн хашаатай болмоор байна, амьдрал ахуй хэцүү байна, дахиж архи уухгүй итгэлийг чинь алдахгүй” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 20-ны хооронд манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Нүхтийн аманд амины орон сууцны цахилгааны ажлыг хийхээр болж, Т.Мг дуудан ажлуулж эхэлсэн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчим би өөрөө барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэсэн ба 22 цагийн орчим буцаж ажилчдын гэрт ирэхэд Т.М байхгүй, гэрт байсан гагнуурын аппарат алга болсон байсан....” /хх-ийн 17/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сараас эхлэн 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл “Н Т” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан. Манай компани нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Нүхтийн аманд хувийн орон сууцны барилгын ажлын цахилгааны ажлыг хийж гүйцэтгэж байсан, тухайн барилгын талбай дээр гэр бариад ажиллаж эхлэхдээ ...захирал Эаас хөдөлмөрийн багажнуудыг болон байрлаж байсан гэрийг хүлээж авсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байрлаж байсан гэртээ ганцаараа байсан, ажлаа хийх гэтэл арматур төмрийн бригадын хүмүүсийн багаж эвдэрсэн орой засаж дуусна гэхээр нь орой хүртэл хийх юмгүй юм чинь гэж бодоод ганцаараа 0,5 литр архи авч уусан. Тэгээд гэрт хэвтэж байхад орой 17 цагийн орчим захирал Э ирж намайг согтуу байгааг харчихаад уурлаж, чамайг ажлуулахгүй гээд гараад явсан, би одоо халагдана гэж бодоод мөн согтуу байсан учраас өөрийгөө бүрэн хянаж чадахгүй гэрт байсан гагнуурын аппарат, төмөр тасдагч, цахилгаан өрөм зэрэг багажийг аваад барилгаас бууж байсан танихгүй хэдэн ажилчдын машинд дайгдаад төв зам дээр буугаад явж байхад Яармагийн 2 дугаар буудлын зам дээр нэг хар өнгийн машинтай хүн ирээд барьж явсан багажнуудыг сонирхоод байхаар нь нийлүүлээд 100,000 төгрөгөөр зарчихсан юм...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 4-5/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-24/,

- “Н Т” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 27/,

- Шүүгдэгч Т.Мгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-49/,

- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 53-54/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Т.М нь “Н Т” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж байсан барилгын талбайгаас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, төмөр тасдагч 2 ширхэг зэрэг эд зүйлсийг завшиж, бусдад 840,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн Г.Баярмаагийн “...Т.Мг ажилдаа орох үед компаний эзэмшлийн олон тооны барилгын багажийг хүлээлгэн өгч хариуцуулж үлдээсэн. ...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр манай захирал Э барилгын талбай дээр өөрөө очиж шалгахад, Т.М гэртээ согтуу унтаж байсан. Тухайн үед барилгын цутгалт хийгдэх гэж байсан учраас цахилгааны ажил яаралтай хийх шаардлагатай байсан. ...Захирал өөрөө талбай руу гараад цахилгааны ажлыг хийж байгаад орой 22 цагийн орчимд Т.Мгийн байрлаж байсан гэрт эргэж ирэхэд Т.М байхгүй, мөн гагнуурын аппарат байхгүй болсон байсан. Тэгээд маргааш нь барилгын харуултай уулзаж асуухад “Т.М гагнуурыг аппаратыг аваад барилга дээр ажиллаж байсан арматурыг мужааны бригадын хүмүүсийн машинд хийгээд яваад явсан” гэж хэлсэн. Багажнуудаа шалгаад үзэхэд  Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг алга болсон байсан...” /хх-ийн 10-11/ гэсэн,

Гэрч Д.Эын “...Би “Н Т” ХХК-нд захирлаар ажилладаг. ...2018 оны 04 дүгээр сарын 18-наас 20-ны хооронд манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Нүхтийн аманд амины орон сууцны цахилгааны ажлыг хийхээр болж, Т.Мг дуудан ажлуулж эхэлсэн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчим би өөрөө барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэсэн ба 22 цагийн орчим буцаж ажилчдын гэрт ирэхэд Т.М байхгүй, гэрт байсан гагнуурын аппарат алга болсон байсан....” /хх-ийн 17/ гэсэн,

Шүүгдэгч Т.Мгийн “...Би 2018 оны 04 дүгээр сараас эхлэн 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл “Н Т” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан. ...Тухайн барилгын талбай дээр гэр бариад ажиллаж эхлэхдээ ...захирал Эаас хөдөлмөрийн багажнуудыг болон байрлаж байсан гэрийг хүлээж авсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 04-ний ...орой 17 цагийн орчим захирал Э ирж намайг согтуу байгааг харчихаад уурлаж, чамайг ажиллуулахгүй гээд гараад явсан, би ...гэрт байсан гагнуурын аппарат, төмөр тасдагч, цахилгаан өрөм зэрэг багажийг аваад барилгаас бууж байсан танихгүй ажилчдын машинд дайгдаж суугаад төв зам дээр буусан. ...Яармагийн 2 дугаар буудлын зам дээр нэг хар өнгийн машинтай хүн ирээд барьж явсан багажнуудыг сонирхоод байхаар нь нийлүүлээд 100,000 төгрөгөөр зарчихсан юм...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-24/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

“Н Т” ХХК-д Т.М нь цахилгаанчнаар ажиллаж, компанийн  багажнуудыг Т.Мд хариуцуулсан болох нь хохирогчийн төлөөлөгч Г.Баярмаа, гэрч Д.Э нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “Н Т” ХХК-ийн эд хөрөнгөд 840,000 төгрөгийг /хх-ийн 22/ хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй учир торгуулийн ял оногдуулах боломжгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг дүгнээд улсын яллагч шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв. Учир нь шүүгдэгч ажилд ордог боловч архи ууж, ажлаа хаяж алга болдог мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдлууд байна.

Иймп шүүгдэгч Т.Мгийн хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.М нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 31 /гучин нэг/ хоног цагдан хоригдсон байх тул /хх-ийн 35, 63, 71/ түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810014690472 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Т.М-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-гийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М /РД: 0000000000 0000000000000000000000000000000000 тоотод оршин суух хаягтай/-аас 840,000 /найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б/РД: 00000000000000 0000000000000000000000000000000 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

 

6. Эрүүгийн 1810014690472 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР